Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2018/00252

 

                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Бт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн нийт 11.382.128 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гантулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* банк” ХХК нь иргэн Ж.Бтэй 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2031000318 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14.800.000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянхонгор сум, 1-р баг Титэм дэлгүүрийн баруун талд байрлах 90 м2 талбайтай, ******* дугаар бүхий 1 давхар ажлын байрны зориулалттай байр, эзэмших эрхтэй хэвлэлийн үйлдвэрийн зориулалттай 368 м2 талбайтай /гд: 0111341 дугаар бүхий/ газрыг тус тус барьцаалсан байдаг.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 сарын 15-ны өдөр дуусгавар болсон боловч иргэн Ж.Б нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөөгүй ба ******* банк ХХК иргэн Ж.Б нарын хооронд байгуулсан 2031000318 зээлийн гэрээний 8.3.2, 8.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчин банкинд хүндрэл учруулаад байна. Иймд үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.110.593.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557.992.,82 төгрөг, нийт 11.382.128 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 01 сарын 15-ны өдөр ******* банкнаас 36 сарын хугацаатай, 14.800.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2016 оны 12 сарын 25-ны өдөр ******* банкны эдийн засагч Ц.А нь зээлийн хугацаа хэтэрсэн байна, зээлийн үлдэгдлийг бүрэн төлж дуусгахыг удаа дараа шаардаж 3.800.000 төгрөгийг бэлнээр авч явсан. ...Гэтэл 2016 оны 12 сарын 31-ний өдөр зээл төлөгдөөгүй болохыг мэдээд очиж уулзтал “манай найз банкнаас зээл авах гэж байгаа тул түр хаагаад зээл нь гарахаар хийнэ” гэсэн. Ц.Аг дуудаж баримттай болохын тулд зээлийн гэрээ хийсэн. Иймд ******* банкнаас нэхэмжилсэн 6.713.542 төгрөгөөс 3.800.000 төгрөгийг төлөхгүй, мөн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, тухайн үед эдийн засагч нь надаас мөнгийг авч явсан учир уг ажилтан нь хариуцан төлөх ёстой. Бид 2.913.542 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцан төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл болон зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь хариуцагч Ж.Бээс үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.110.593.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557.992,82 төгрөг, нийт 11.382.128 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нь “******* банкны эдийн засагч Ц.А нь надаас 3.800.000 төгрөгийг бэлнээр авч явсан. .. Иймд ******* банкнаас нэхэмжилсэн үндсэн зээл 6.713.542 төгрөгийн 3.800.000 төгрөгийг төлөхгүй, мөн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, тухайн үед эдийн засагч нь надаас мөнгийг авч явсан учир уг ажилтан нь хариуцан төлөх ёстой” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж.Б нь 2015 оны 01 сарын 15-ны өдөр ******* банкнаас 14.800.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-р баг, Титэм дэлгүүрийн баруун талд байрлах, 90 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгө /*******/, тус хаягт байрлах 368 м.кв эзэмшлийн газар /№0111341/-ыг барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* банкны Баянхонгор аймаг дахь салбарын №2031000318 тоот зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, түүнд хавсаргасан газрын болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Тус Зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.4, 4.2.5, 5.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь 14.800.000 төгрөгийг, сарын 2.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг зээл төлөх хуваарьт заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрээний болон Зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн хуулбараар нотлогдож байна.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бт 14.800.000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар зохигчдын дунд маргаангүй байна.

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-т “... зээл олгох гэрээгээр .. мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, .. хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 Зохигчдын байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, .. нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 1-т “.. банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 24-р зүйлийн 1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.” гэж заасан.

 Нэхэмжлэгч “******* банк” ХХК болон хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан хэдий ч гэрээний 8.1-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээ дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 2015 оны 02 сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 сарын 15-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 8.086.457 төгрөгийг, хүүнд 5.698.501 төгрөгийг, нийт 13.784.958 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, одоо үндсэн зээлд 6.713.542.48 төгрөг, зээлийн хүүнд 4.001.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 384.581 төгрөг, нийт 11.099.320 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн хуулбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн зээлд 6.713.542.48 төгрөг, зээлийн хүүнд 4.001.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 384.581 төгрөг, нийт 11.099.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282.808 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зээлийн хүүг тооцохдоо үндсэн зээлийн үлдэгдэл 6.713.542.48 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүнд үржүүлж, жилийн хүү 1.772.375.21 төгрөг гарсныг жилийн 365 хоногт хуваан нэг өдрийн хүү 4.855.82 төгрөг гарсныг 2016 оны 12 сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 824 хоногт үржүүлж, төлөх ёстой зээлийн хүү 4.001.197 төгрөг гэж тооцов.

Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн гэрээний 4.2.5-д заасны дагуу үндсэн хүү буюу 2016 оны 12 сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх гэрээний үлдсэн хугацаа 396 хоногийн хүү 1.922.905.71 төгрөгийг 20 хувьд үржүүлж, нэмэгдүүлсэн хүү 384.581 төгрөг гэж тооцсон болно.

Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-р баг, Титэм дэлгүүрийн баруун талд байрлах, 90 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгө /*******/, тус хаягт байрлах 368 м.кв эзэмшлийн газар /№0111341/-ыг барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* банкны Баянхонгор аймаг дахь салбарын №2031000318 тоот зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

Зохигчдын байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзэв.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй .. тохиолдолд .. үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь Гэрээний болон Зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн хуулбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-р баг, Титэм дэлгүүрийн баруун талд байрлах, 90 м2 талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгө /*******/, тус хаягт байрлах 368 м2 эзэмшлийн газар /№0111341/-ыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 11.099.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282.808 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б нь энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-р баг, Титэм дэлгүүрийн баруун талд байрлах, 90 м2 талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгө /*******/, тус хаягт байрлах 368 м2 эзэмшлийн газар /№0111341/-ыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бээс үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.001.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384.581 төгрөг, нийт 11.099.320 төгрөгийг гаргуулж “******* банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282.808 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б нь энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-р баг, Титэм дэлгүүрийн баруун талд байрлах, 90 м2 талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгө /*******/, тус хаягт байрлах 368 м2 эзэмшлийн газар /№0111341/-ыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 192.539 төгрөгийг гаргуулж, “******* банк” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч,тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН