Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар   2023/ШЦТ/117

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

насанд хүрээгүй хохирогч Х.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч: Д.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-нд холбогдох эрүүгийн 0000000 тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Д-ын М /РД:000000/,

Монгол Улсын иргэн, *************-ны өдөр *********** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Гурвалжин барилгын материалын төвд ачаа зөөгч хийдэг, ам бүл 6, хамтран амьдрагч 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ********** сум 0-р баг ****гудамж 0-0 тоод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо ********* хороолол 0-0 дугаар байрны *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ************** тоотод байрлах гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн дагавар хүү 15 настай Х.А-ыг “зурагтын удирдлага газар унагалаа” гэх шалтгаанаар түүний баруун гуя руу хөлөөрөө өшиглөж, шанаан тус газар нь гараараа цохиж буйдан дээр түлхэж унаган дээрээс нь гараараа хоолойг нь шахаж хамран тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цаг 40 минутын орчим **************** тоотод байрлах гэртээ өөрийн дагавар хүү 15 настай Х.А-ыг “зурагтын удирдлага газар унагалаа” гэх шалтгаанаар түүний баруун гуя руу хөлөөрөө өшиглөж, шанаан тус газар нь гараараа цохиж буйдан дээр түлхэж унаган дээрээс нь гараараа хоолойг нь шахаж хамран тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас / хавтаст хэргийн 02-р хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ************дугаар байрны ******* тоот гэртээ том өрөөндөө зурагт үзээд сууж байхад манай хойд аав М унтлагын өрөөнөөс орж ирээд зурагтаа унтраа гээд ширүүн хэлээд 00-н өрөө руу орсон тэр хооронд би зурагтаа унтраах гэж байгаад зурагтын удирдлагаа шалан дээр санамсаргүй унагаасан. Гэтэл манай хойд аав М 00-н өрөөнөөс гарч ирээд яагаад удирдлага шидээд байгаа юм бэ, гээд миний баруун гуя руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би өшиглөх үед нь орон дээр хэвтэж байсан. Тэгээд босоод ирэхэд чи яах нуу гээд баруун шанаа руу зүүн гараараа цохиж, буйдан дээр түлхэж унагаад дээрээс гараараа хоолой шахаад байхаар нь би ноцолдож байгаад босоход миний хамар руу 1 удаа цохисон. Тэгээд байж байхад ээж унтлагын өрөөнөөс гарч ирээд салгасан. Манай дүү А өөрийнхөө утсаар 108 руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 08-09-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчимд гэртээ том өрөөндөө ах А-лын хамт зурагт үзээд сууж хэвтэж байхад манай хойд аав М унтлагын өрөөнөөс том өрөөнд орж ирээд “зурагтаа унтраагаад унтацгаа” гэхэд манай ах А удирдлагаа орон дээрээс шалан дээр унагаахад хойд аав М “яагаад удирдлага шидээд байгаа юм уурлаад байна уу чи” гээд манай ах А-ыг орон дээр хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд ах А, хойд аав М хоёр заамдалцаад А-ыг орон дээр унагаагаад ноцолдохоор нь би өрөөндөө ороод өөрийнхөө 95541703 дугаарын гар утсаар 108 руу залгаад манай хойд аав, ахыг зодоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  16-17-р хуудас/,

-Аюулгүй зэргийн үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 73- 74-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай:

“...1. Х.А-ын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүгдэгч Д.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ************ тоот гэртээ унтлагын өрөөндөө эхнэр Байгалмаагийн хамт унтах гээд байж байхад манай хүүхдүүд зурагт үзээд унтахгүй болохоор нь босож очоод зурагтаа унтраагаад унт гэж хэлээд өрөө рүүгээ явахад манай дагавар том хүү А нь шал руу зурагтын удирдлага шидэхээр нь чи яаж байгаа юм, удирдлага шидээд гэж хэлээд А-ыг орон дээр хэвтэж байхад нь баруун хөлөөрөө шилбэ рүү нь өшиглөсөн аль хөлийн шилбэ рүү нь өшиглөснөө санахгүй байна, гэтэл А босож ирээд намайг түлхсэн тэгэхээр нь өмсөж байсан цамцнаас нь заамдаад орон дээр дарж унагаагаад баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа, мөн баруун гараараа хамар руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд: 2014.04.09-ний өдөр төрсөн Х.А, 2018.10.31-ний өдөр төрсөн М.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 44-45-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа / хавтаст хэргийн  46-р хуудас/ иргэний үнэмлэхний хуулбар / хавтаст хэргийн 48-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст хэргийн 50-р хуудас/, жолоочийн эрхийн лавлагаа / хавтаст хэргийн 51-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт / хавтаст хэргийн 52-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 53-54-р хуудас/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 55-66-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...одоо гомдол санал байхгүй...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 16231 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Х.А-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй хохирогч Х.А-ын эрүүл мэндэд халдаж гуя руу нь хөлөөрөө өшиглөж, шанаан тус газар нь гараараа цохиж, гараараа хоолойг нь шахаж хамран тус газар нь гараараа цохиж байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий дагавар хүүхдийнхээ эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Иймд Д.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.М-нг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.М-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.М-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

   Шүүгдэгч Д.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялыг түүний ажил хөдөлмөр /хувиараа барилгын ажил хийдэг/, ам бүл /эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг/-ийг харгалзан үзэж багасгаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.М-нд оногдууласан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Хогт Д-ын М-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-нг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.М-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА