Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0781

 

 

 

 

 

 

 

 

        

 

 

 

“ХР” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

            Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

            Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

            Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

             Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалаар СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0678 дугаар

            Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

            Хэргийн индекс: 128/2024/0425/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “ХР” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалаар СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0678 дугаар шийдвэрээр:

            Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 20.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХР ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            3.1."ХР" ХХК нь "Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалаар СП/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын С111/6602 дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хэсэгт нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зорчсон гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн мөртлөө 9 дүгээр хэсэгт "Гэвч шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сэргэхээргүй байна гэж үзлээ" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

            Хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн "2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаал гаргаж СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн" гэх дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол эрх ашиг сэргэхээргүй байна гэж дүгнэсэн дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

            3.1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь төрийн байгууллагын явуулж буй аливаа худалдах, худалдан авах ажиллагаа шударга, бүх оролцогчдын эрхийг хангасан, хэн нэгэн эрх бүхий этгээдийн нөлөөнөөс хараат бусаар шийдвэр гаргахад чиглэсэн байх хуулийн зорилгыг хэрэгжүүлж буй хэлбэр билээ. Энэ хүрээнд СП/6602 сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуй нэгжүүд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр өөрсдийн үнийн саналыг илгээж, санхүүгийн саналын оноогоо үнэлүүлсэн. Уг санхүүгийн саналын оноонд "ХР" ХХК нь хамгийн ондор буюу 70 оноог авсан бөгөөд 17,000,000,000 төгрөгийн үнэлгээг санал болгосон. Уг сонгон шалгаруулалтад оролцож санхүүгийн саналын оноогоо үнэлүүлж 2-т шалгарсан компани 65.89, 3-т шалгарсан компани 65.88, 4-т шалгарсан компани 49.41 оноо тус тус авсан ба энэ нь "ХР" ХХК бусад компаниас 4.11-20.59 оноо илүү авсан болохыг харуулж байна. /ХХ-11-р тал/ Шүүхийн үзэж байгаачлан СШ/6602 дугаартай талбайд дахин сонгон шалгаруулалт зарлахад оролцох эрх манай компанид нээлттэй хэвээр байгаа хэдий ч дахин 17,000,000,000 төгрөгийг үнийн саналаар дээрх үр дүн гарах боломжгүй болох ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "... өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг баримтална" гэж, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/48 тушаалын хавсралт "Сонгон шалгаруулалтын журам"-ын 1.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл олгох сонгом шалгаруулалтын үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор ил тод, нээлттэй, шударга өрсөлдөх боломжоор хангах зарчмыг баримтлан зохион байгуулна" гэж заасныг тус тус зорчиж, хуулийн зорилго, сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

            3.1.2. Шүүхийн шийдвэрийн 12 дахь хэсэгт ".. хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хуульд заасан үе шат, цаг хугацааны шаардлага тавигдсан байх бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуульд заасан хугацааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байна" гэжээ. Гэвч С1/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг нээснээс 2 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий А/39 дугаартай захиргааны акт гарсан. Өөрөөр хэлбэл, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон учраас хуульд заасан хугацаанд техникийн саналыг оноог үнэлэх зэрэг хууль, журамд заасан ажиллагааг хийж, хүчингүй болгосон тушаалаас давсан шийдвэр гаргах эрх комисст хуулиар олгогдоогүй. Нэгэнт СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалт хүчингүй болсон учраас комисс дараа дараагийн ажиллагааг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй. Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд холбогдох ажиллагаа хийх нь төрийн байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд ашигт малтмал газрын тосны газар өөрөө уг ажиллагааг явуулаагүй, мөн СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалт хүчингүй болгох А/39 дугаартай тушаал гарснаар дээрх хуульд заасан хугацаа зогссон гэж үзэх үндэслэлтэй тул А/39 дугаартай тушаалыг хууль бус болохыг нь тогтоож, хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сонгон шалгаруулалтын хуульд заасан хугацааг үргэлжлүүлэн тоолох боломжтой болно.

            Иймд, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/1ШШШ2024/0678 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Нэхэмжлэгчээс гаргасан "Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын СШ/6602 дугаар сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            4.2. Баянхонгор аймгийн БӨ сумын нутагт орших ХБ нэртэй 1860.94 га талбайд Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/20 дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч "ХР" ХХК-аас оролцож саналаа хүргүүлсэн. Улмаар санхүүгийн саналаар хамгийн өндөр буюу 70.00 оноог авсан байсан.

            Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар СШ/6602 дугаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон

            4.3. Ингэхдээ Улсын Их Хурлын гишүүн А.А-н 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн УИХ-03/1840 дугаартай "Тодруулга, тайлбар авах тухай" албан бичгийг үндэслэсэн агуулгатай тайлбарыг гаргасан. Гэтэл энэхүү албан бичигт "...иймд тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон дээр дурдсан газруудын талаар албан ёсны тайлбар тодруулгыг яаралтай гаргаж ирүүлнэ үү" гэсэн, өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын тухай тайлбар гаргуулах тухай байгаа тул түүний хүрээнд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны акт бодит байдалд нийцсэн, хуульд үндэслэсэн байх шаардлагыг зөрчсөн.

            Үүнээс гадна, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох Ашигт малтмалын тухай хууль болон Сонгон шалгаруулалтын журамд заасан үндэслэлүүдэд хамаарахааргүй байна.

            4.4. Анхан шатны шүүхээс "6. ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө тухайн талбай нь хууль журамд нийцэж буй эсэхийг шалгаж, танилцаж сонгон шалгаруулалт зарлах үүргийг Ашигт малтмал газрын тосны газарт өгсөн... Гэтэл ашигт малтмал, газрын тосны газар дээрх хууль, журамд заасан үүргээ сонгон шалгаруулалт зарлахаас өмнө хийхээр байхад ...зарлагдсан сонгон шалгаруулалтыг үнэлэх үе шатанд маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалыг гаргасан нь сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна" гэж хариуцагчийн шийдвэр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээгээгүй.

            4.5. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журамд үнийн саналын дараа техникийн саналыг үнэлж, тэдгээр оноог нэгтгэн, тусгай зөвшөөрөл олгох тухай дүгнэлтийг гаргахаар заасан. Гэтэл шүүхээс "13. сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахад оролцох эрх нээлттэй, хохирол учраагүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн үйл ажиллагааны улмаас "ХР" ХХК-ийн хамгийн өндөр үнийн санал илгээж үүссэн хууль ёсны ашиг сонирхол үгүйсгэгдэж, зөрчигдөж байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй байна.           

            4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан заасан "1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж заасан.

            4.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн "9. Маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сэргэхээргүй байна" гэж дүгнээд түүний үндэслэлээ "9. Сонгон шалгаруулалтын журамд заасан үнийн саналыг нээснээс хойш хийгдэх үе шат бүхий ажиллагаануудын хоногоор заасан хугацаанууд өнгөрсөн, түүнийг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй" гэжээ.

            4.8. Дээрх заалтын дагуу захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэхээр заасан байхад зөрчигдсөн эрх сэргэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь тус хуулийн зорилгод нийцээгүй шийдвэр болжээ.

            4.9. Түүнчлэн, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чиг үүргээ процессын дагуу хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд хууль бус шийдвэрийнх нь улмаас тухайн процесс зөрчигдсөн, журамд заасан хугацаа өнгөрсөн гэдгээр нэхэмжлэгчийг буруутгасан, эрх ашгийг хохироосон шийдвэр гаргах үндэслэлгүй.

            4.10. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдэд тайлбар, баримтуудыг гаргах боломжоор хангаагүй. Хариуцагчаас "мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тохиолдолд хамаарна гэж тайлбарлаж байгаа ч хуулийн уг зохицуулалт нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байгаа үед хугацаа алдахаас сэргийлсэн, шийдвэрийг түргэн гаргах агуулгатай бөгөөд энэ тохиолдолд сонгон шалгаруулалтын ажиллагаа нь нийтийг хохироох, зайлшгүй түргэн шийдвэр гаргахад хамааралгүй гэж үзэж байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “ХР” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалаар СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын СШ/6602 дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.           

3.1. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/20 дугаар тушаалаар[1] “СШ-66” Сонгон шалгаруулалт зарлах 25 талбайг хавсралтаар баталж, олон нийтэд зарлан мэдээлж, сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулахыг Сонгон шалгаруулалтын комисст үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгчээс тус тушаалын нэгдүгээр хавсралтаар[2] заасан СШ6602 дугаартай Баянхонгор аймгийн БӨ сумын ХБ гэх нэртэй, 1860.94 гектар талбай бүхийд зарлагдсан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноог авсан байна.

3.2. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар[3] Монгол улсын Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан СШ6602, СШ6605, СШ6615, СШ6616, СШ6625 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон байна.

            3.3. Нэхэмжлэгч “ХР” ХХК-аас “... санхүүгийн саналын оноогоор хамгийн өндөр онооны санал авсан манай ХР ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах байтал, үнийн санал нээснээс хойш хоёр хоногийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны А/39 дугаар тушаал гарч сонгон шалгаруулалт зарласан тушаалыг хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн ...” гэж маргасан байна.

            3.4. Харин хариуцагчаас “ ... Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны А/39 дүгээр тушаалаар уг сонгон шалгаруулалтын талбай хууль тогтоомжид нийцсэн эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулж нийтэд мэдээлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түр хойшлуулсан нь бүрэн эрхийн хүрээнд гарсан” гэж тайлбарлан маргаж байна.

            3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-д “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.5-д “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж тус тус заасан.

            3.6. Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан.

            3.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улсын Их Хурлын гишүүн А.А-с 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн УИХ-03/1840 дүгээр албан бичгээр[4] “... Баянхонгор аймгийн БӨ сумын нутаг дэвсгэрт С худаг, Х, ХБ зэрэг нэр бүхий гурван газрыг дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч, нутгийн иргэдээс санал, гомдол олноор ирэх боллоо. Иймд тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон дээр дурдсан газруудын талаар албан ёсны тайлбар тодруулгыг ... яаралтай гаргаж ирүүлнэ үү” гэж Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

            3.8. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар[5], 2023 оны 268[6], 447 дугаар[7] тогтоолоор газрын солбилцолд өөрчлөлт орсон газарт нэхэмжлэгчийн маргаж буй СШ6602 дугаартай Баянхонгор аймгийн БӨ сумын ХБ гэх нэртэй, 1860.94 гектар талбай хамаарахгүй боловч тус тогтоолуудаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад үүрэг болгож, хуулиар ашигт малтмалын хайгуулын талбайд сонгон шалгаруулалт зарлах эрх хэмжээг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон ба хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө тухайн талбай нь хууль журамд нийцэж буй эсэхийг шалгаж, танилцаж сонгон шалгаруулалт зарлах үүргийг Ашигт малтмал газрын тосны газарт өгсөн байна.

            3.9. Хуулийн дээрх зохицуулалт, Засгийн газрын тогтоолоос үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлахдаа хариуцагч нь Усны тухай хуульд заасны дагуу тус сав газрын захиргаанд мэдэгдээгүй, санал авсан талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг дахин шалгах зорилгоор зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

3.10. Хариуцагчийн тус шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... бүрэн эрхийн хүрээнд гаргасан” гэх тайлбар үндэслэлтэй байна.

            3.11. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.2-т “сонгон шалгаруулалтын журам батлах” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар[8] “Тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг баталсан байна.

            Дээрх журмын хоёрдугаар зүйлийн 2.2-т “Сонгон шалгаруулалтын үнийг саналын үнэлгээг дараах журмаар хийнэ”, 2.3-д “Сонгон шалгаруулалтын оролцогчийн техникийн саналыг үнэлэхэд дараах журмыг баримтална”, 2.4-т “Үнийн болон техникийн саналын оноог нэгтгэж шалгаруулахад дараах журмыг баримтална” гэж заасан.

            3.12. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлэхэд дараах зарчмыг баримтална”, 20.2.1-д “сонгон шалгаруулалтын комисс үнийн саналыг нээснээс хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу техникийн саналыг үнэлэх”, 20.2.3-д “сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор оролцогчдод мэдэгдэж, нэгтгэсэн дүнг нээлттэй мэдээлэх”, 20.3-д “Үнийн болон техникийн саналын оноог нэгтгэж шалгаруулахад дараах зарчмыг баримтална”, 20.3.1-д “сонгон шалгаруулалтын комисс оролцогчдоос ирүүлсэн үнийн болон техникийн саналын үнэлгээний оноог нэгтгэж, хуралдааны тэмдэглэл үйлдэн, дүгнэлт гаргах;”, 20.5-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дараах зарчмыг баримтална”, 20.5.1-д “сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэх”, 20.5.2-т “геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан холбогдох шийдвэрийг гаргах” гэж тус тус заажээ.

            3.13. Анхан шатны шүүхээс “... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хуульд заасан үе шат, цаг хугацааны шаардлага тавигдсан байх бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуульд заасан цаг хугацааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            3.14. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/20 дугаар тушаалаар зарлагдсан “СШ-6602” дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт дуусаагүй буюу Сонгон шалгаруулалтын комиссоос ялагчаар шалгаруулсан тухай дүгнэлт гаргаагүй, сонгон шалгаруулалтын бусад үе шатны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, захиргааны байгууллагаас хуульд заасан ажиллагааг хийсний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой энэ тохиолдолд маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгч “ХР” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 21 дэх тал

[2] Хэргийн 68 дахь тал

[3] Хэргийн 20 дахь тал

[4] Хэргийн 100 дахь тал

[5] Хэргийн 126 дахь тал

[6] Хэргийн 129 дэх тал

[7] Хэргийн 132 дахь тал

[8] Хэргийн 113 дахь тал