Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар ШЦТ0059

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Батцог  

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхбаяр  

Шүүгдэгч: М.Баянмөнх

Хохирогч: Г.Жаргалсайхан

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Мэргэний Баянмөнхөд холбогдох эрүүгийн 201615010151 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хотонт сум, 3 дугаар баг, “Хар балгас” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Мэргэний Баянмөнх. /РД: АМ86070111/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Баянмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Нарийн хүр” багийн нутагт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Жаргалсайханыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баянмөнх мэдүүлэхдээ:

2016 оны 07 дугаар сарын 18-ны орой 22-23 цагийн үед Г.Жаргалсайхан ах Батзаяатай хамт манайд ирсэн. Жаргалсайхан ах согтуу байсан. Манай эхнэртэй маргалдаад та нар муу худалч новшнууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ гэтэл надтай барилцаад авсан. Би дээлнээс зуураад байхаар хойш нь хүчтэй түлхээд унагаасан тэгэхэд л биед нь гэмтэл учирсан байна лээ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Жаргалсайхан мэдүүлэхдээ: Нэг өдөр М.Баянмөнхийн ах болох Баярбат манайд ирээд манай бухийг харчаад аваад явъя би таньд өөрийнхөө бухыг өгнө гээд манай бухыг аваад явсан. Нэг сар гаран болчихсон байхад бүүр таг болсон. Би тухайн үед ус үертэй байсан болохоор гол гарч чадахгүй байсан. Тэгээд морьтой гол гараад саахалтын айлд ороод мотоцикль гуйж аваад Баянмөнхийнд очиж адуу, үхэрээ асууя гээд ортол М.Баянмөнх байхгүй байсан. Би замаараа хоёр, гурван айлаар ороод жоохон айраг уусан байсан. Баянмөнхийн эхнэр нь гэртээ байсан. Би Баянмөнх хайчихсан юм гэж асуухад малдаа явсан гэсэн. Баянмөнхийн эхнэр худал мэдүүлэг өгсөн байсан. Би явах гээд гэрээс гараад явж байтал М.Баянмөнх ирж явсан. Тэгээд би уулзаад танай ах чинь яагаад худлаа ярьж байгаа юм бэ гэхэд М.Баянмөнх намайг заамдаж барьж аваад хавирсан. Би хөл хугарчихлаа гэж орилсон. М.Баянмөнх хурдан хугацаанд эмч дуудаж үзүүлсэн. Эмч үзээд хот явахаар байна гэсэн. Маргааш нь би автобусаар хот явсан. Хотод эмчлүүлж байгаад гэртээ ирсэн. Миний хөл нэг л сайн эдгэрч өгөхгүй байсан. Би М.Баянмөнхийг ирээд туслах юм болов уу гэж их харсан, утасаар хүртэл хүрээд ир ахынх нь мал хуй тараад хэцүү байна. Малчин авсан чинь явчихлаа гэж хүртэл ярьж байсан боловч манайд ирээгүй. Би өчигдөр М.Баянмөнхөөс 2.000.000 төгрөг бэлнээр авсан. Би энэ хүнийг шоронд явуулъя гэж бодоогүй өвдөж шаналж байхад минь эргэж ирээгүйд маш их гомдоод байгаа. Эртхэн эмнэлэгт хэвтсэн бол би өдийд эрүүл болсон байсан байх. Одоо цаашдаа гарах хохирол болох 2.940.000 төгрөг нэхэмжилнэ гэж бодож байгаа. Тэрийг барагдуулчихвал гомдол саналгүй гэв.

Хохирогч Г.Жаргалсайханы 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19-20 цагийн үед малын эрлээр явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн Намгын хаялагт нутагладаг. Мэргэн овогтой Баянмөнхийн гэрт буусан юм. Учир нь М.Баянмөнхийн ах Баярбат манай бухыг 2 хоног авч яваад авчираад өгнө гэж хэлээд аваад явсан. Тэгээд 1 cap болсон тул Баянмөнхөөс ах чинь бух авч явсан авчирч өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргалдсан гэтэл Баянмөнх намайг заамдан боож хөлрүү хавсарч өшиглөсөн. Би газар унасан.  Гэтэл буруун хөлний шагай мултарч хугарсан. Би хөл хугарчихлаа гэж хэлсэн.   Баянмөнх намайг Архангай аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Архангай аймгийн эмнэлэг Улаанбаатар хот явах шаардлагатай гэж хэлсэн тул Улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Би нэг нутагт амьдардаг болохоор миний хохирлыг төлж барагдуулах байх гэж бодоод цагдаагийн байгуулагаар хэлээгүй юм. Гэтэл М.Баянмөнх миний хохирлыг барагдуулж өгөөгүй. М.Баянмөнх намайг хөлруү хавсарч, өшиглөж гэмтэл учруулах үед Баянмөнхийн эхнэр байсан. Баянмөнх бид хоёрын дунд хувийн өс хонзон байхгүй. Архангай аймгийн Хотонт сумын харъяат эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би гомдолтой эмчилгээний зардал 5.000.000 төгрөг нэхэмжлинэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

“....Надад одоо хохиролын баримт байхгүй байна. Прокурорын шатанд нэхэмжилнэ. Надад 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Үүнийг нэхэмжилнэ. Би айраг уусан байсан. Харин архи уусан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №319 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын “...Г.Жаргалсайханы биед баруун хөлийн шилбэний хавчаар ясны далд хугарал түүний мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Б.Батболдын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...2016 оны 07 дугаар сарын 18-ны шөнө би гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр Баямөнх гадаа мал дээр байсан гэтэл манай гадаа мотоцикль ирсэн намайг гарахад Жаргалсайхан. Батзаяа хоёр байсан. Жаргалсайхан ах Баянмөнх байгаа юу гэж асуусан. Би байгаа гэж хэлээд жижиг гэрээс айраг авах гээд орсон. Жаргалсайхан ах манай гэрт ороод буцаад гарч ирээд Баянмөнх байхгүй байна гэж хэлээд та нар битгий сагаад байгаарай гэж хэлээд орилоод байсан. Жаргалсайхан ах согтуу байсан. Энэ үед Баянмөнх ирээд хэн сагаад байгаа гэж хэлсэн. Гэтэл Жаргалсайхан ах Баянмөнхийн хувцаснаас бариад байсан. Баянмөнх зөрүүлж Жаргалсайхан ахын хувцаснаас бариад хүчтэй дугтарсан. Гэтэл Жаргалсайхан хойшоо өөрөө очсон. Жаргалсайхан ах босоод ирсэн. Тэгээд Жаргалсайхан ах Баянмөнх, Батзаяа нар гэрт орж айраг уусан Удаагүй Батзаяа гэрлүүгээ явсан. Манайд Жаргалсайхан унтсан. Шөнө дунд Жаргалсайхан ах биеэ засах гэсэн юм гэж хэлсэн. Баянмөнх босоод Жаргалсайхан ахыг биеэ засуулсан. Баянмөнх орж ирээд Жаргалсайхан ахын баруун хөл хавдсан байна гэж хэлсэн. Архангай аймгийн эмнэлэг орж үзүүлэх гээд Баянмөнх, Жаргалсайхан ах хоёр явсан. М.Баямөнх, Жаргалсайхан хоёрын дунд хувийн өс хонзон байхгүй гэж бодож байна. Г.Жаргалсайхан ахын эмчилгээнд 150.000 төгрөг 1 хонины мах өгсөн. Баянмөнх бид хоёр 2010 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй төлөв даруу зантай хүн. Урьд нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Ж.Батзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Баярбатын гэрт 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг “Намгийн хаялаг” гэх газар байдаг Баярбатын гэрт очсон. Баярбат байхгүй байсан тул Баярбатын айл болох Баянмөнхийн гэрт орох гээд явсан. Г.Жаргалсайхан ах Баянмөнхийн эхнэртэй уулзаад байсан. Би 20-30 метр зайд зогсож байсан. Г.Жаргалсайхан, Баянмөнхийн эхнэр хоёр хоорондоо маргалдсан. Энэ үед Баянмөнх ирээд М.Баянмөнх, Г.Жаргалсайхан 2 нэг нэгнийгээ хувцаснаас барьж аваад маргалдаад байсан. Г.Жаргалсайхан ах хөл гээд орилсон. Намайг харахад Г.Жаргалсайхан ах газар суучихсан байсан. Би очоод юу болсон гэтэл Г.Жаргалсайхан хөл гээд байсан. Би Г.Жаргалсайхан ахыг зүүн гарнаас өргөж Баянмөнхийн гэрт оруулж өгчихөөд мотоцикльтойгоо яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/Архангай аймгийн Хотонт сумын 3 дугаар багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 261 дугаартай шүүгдэгч М.Баянмөнхийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Баянмөнхийн Цагдаагийн Ерөнхий Газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар  хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Баянмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Нарийн хүр” багийн нутагт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Жаргалсайханыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын “...Г.Жаргалсайханы биед баруун хөлийн шилбэний хавчаар ясны далд хугарал түүний мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Ж.Батзаяагийн ... Баянмөнх, Жаргалсайхан хоёр нэг нэгнийхээ хувцаснаас барьж маргалдаад байсан. ... Г.Жаргалсайхан ах хөл гээд орилсон. Жаргалсайхан ах газар суусан байсан ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Баянмөнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.Баянмөнхөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Баянмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Хохирогч эмчилгээний зардалд 4904000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан “Тавин ус” ХХК-ны 2016.08.03-ны 850000 төгрөгийн зарлагын падаан, 2016.07.22-ны өдрийн 639700 төгрөгийн зарлагын падаан нэхэмжилснийг хангаж шийдвэрлэлээ.

Харин бусад баримт болох 2016.08.20-ны өдрийн 249000 төгрөгийн зарлагын падаан тамга тэмдэггүй, 2016.07.25-ны өдрийн зарлагын баримтанд эмч Г.Алтаннаран тэмдэг дарсан, зарцуулсан бензиний баримтууд хавсаргасан байх ба эдгээр нь хаанаас ямар эмчилгээ хийлгэхэд явсан зардал болох нь тодорхойгүй, өвсний үнэ 300000 төгрөг, 3 сар малаа маллуулсаны хөлс 1200000 төгрөгийн зардал нь нотлох баримтгүй тул 4904000 төгрөгнөөс 3154300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч хохирогчид хохиролд 2000000 төгрөг, 150000 төгрөг, 1 хонь өгсөн /100000 төгрөгөөр үнэлж/ нийт 2250000 төгрөг төлсөн тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, хорих ял оногдуулж уг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.       

Шүүгдэгч М.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 75-61 УНБ улсын дугаартай Mitsubishi Strada маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдаж ирсэн №00633214 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Мэргэний Баянмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Мэргэний Баянмөнхөд 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчоос нэхэмжилсэн хохирол 3514300 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хохиролд 2250000 төгрөгний хохирол төлснийг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 75-61 УНБ улсын дугаартай Mitsubishi Strada маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №00633214 дугаартай тээврийн    хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Баянмөнхөд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалагсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА