Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2018/00002

 

 

 

 

 

 

 

                                     Д.Азжаргалын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/01172 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Азжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Наранмандах, Н.Хаянхярваа нарт холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 20 140 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Азжаргал, түүний өмгөөлөгч Х.Доржпалам, хариуцагч Н.Хаянхярваа, Д.Наранмандах, тэдгээрийн өмгөөлөгч П.Ганбаатар, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч  Д.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Хаянхярваа эхнэр Д.Наранмандахын хамт 2014 онд надтай уулзахдаа Япон улсаас миний дөнгөж оруулж ирээд байсан Прадо 120 маркийн жип машиныг 45,000,000 төгрөгөөр зээлээр өгчих, мөнгийг нь хагас жилийн хугацаанд төлж барагдуулна гээд гуйгаад байхаар нь мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг бэлнээр авч эхнэр Наранмандахынх нь нэр дээр шилжүүлэн өгсөн юм. Энэ гэр бүлийн эхнэр, нөхөр 2 өмнө нь надтай нэг бус машины наймаа хийж, сайн танилууд болж, надаас зээлээр машин аваад мөнгөө өгчихдөг болохоор нь нэр дээр нь шилжүүлж өгсөн. Гэтэл тэд үлдэгдэл мөнгөө өгөхгүй элдэв шалтаг хэлсээр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүргэж, мөн өдөр төлөөгүй үлдсэн 15,000,000 төгрөгөнд сарын 3 хувийн хүү тооцохоор тохирч Д.Наранмандах өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш тэдний Гурвалжингийн барилгын зах дээр борлуулдаг цементнээс нь авч суутгасаар үлдсэн 11,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусах амлалт өгч энэ тухай Н.Хаянхярваа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн гараар бичиж өгсөн. Хэрэв энэ амласан хугацаанд эс төлсөн нөхцөлд хүүг хэвээр үргэлжлүүлэн тооцохоор тохиролцсон. Иймд миний итгэлийг хөсөрдүүлэн бүлэглэн луйвардах оролдлого хийж буй нэг гэр бүлийн Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас 15,000,000 төгрөгөөс сар бүрийн 3 хувиар тооцоход 10 сарын хугацааны 4,500,000 төгрөг, 11,500,000 төгрөгөөс сар бүр мөн хувиар тооцоход 12 сарын хугацааны 4,140,000 төгрөг нийт 11,500,000+4,500,000+4,140,000=20,140,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ: Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 05 сарын 29-ний өдрөөс  2016 оны 4 сарын 29 хүртэлх 11 сарын хүүг 8 сая төгрөгөөс 3 хувиар бодож 4 сая 950,000 төгрөг дээр машины үнээс дутуу төлсөн 8,000,000 төгрөгийг нэмж, бүгд 12,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах хүсэлтэй байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Наранмандах, Н.Хаянхярваа нар 2014 оны 10-р сарын 1-ний өдөр Д.Азжаргалаас 45 000 000 төгрөгөөр Прадо 120 маркийн автомашиныг зээлээр авсан. Эхлээд 10 000 000 төгрөг өгсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Д.Азжаргал надад нийтдээ 25 000 000 төгрөг нь төлөгдсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь 25 000 000 төгрөгийг бөөнд нь өгсөн байна гэж ойлгосон. 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн нь яаж нотлогдож байна вэ гэхээр өгсөн авсан тооцоогоо 2015 оны 5-р сарын 29-ний өдөр хийгээд 15 000 000 төгрөг үлдлээ гэсэн. Мөнгөө өгөхгүй болохоор нь би хамт явж байсан. Худалдан авах үүрэг байсныг нь би өөрчилж зээлийн гэрээний үүрэг болгосон. Мөн мөнгөө өгөхгүй байх гэж хаширлаад алданги тооцно гэж үүргийн гүйцэтгэл хэрэглэх арга хэрэглэсэн. Н.Хаянхярваа гэж хүнтэй эвлэрэх гэж хэлж үзэж байсан. Та надаас 100 тонн цемент авсан гэж хэлдэг. Тэгэхээр нь 100 тонн цемент өгсөн гэж гүтгэсэн баримт зохиож гаргаж магадгүй гэж бодоод цемент авч байсан тооцоогоо гаргаж өгсөн. 2015 оны 5-р сарын 29-нд Н.Хаянхярваа өөрийн гарын үсгээр бичиж өгсөн, мөнгөө өгөхгүй бол 3 хувийн хүү тооцно гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд П.Ганбаатар өмгөөлөгч 25 000 000 төгрөг дээр тоглож 25 000 000 төгрөгийг бэлнээр авсан байна гэж хэлсэн. Үнэхээр 25 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан бол 15 000 000 төгрөгийг өгөх ёстой гэж нийт 50 000 000 төгрөгийн баримт хийж 5 000 000 төгрөг илүү өгч байгаа гэсэн үг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо маш сайн бичиж өгсөн байгаа. 25 000 000 төгрөг өгөөгүй гэдэг нь өөрсдийнх нь гарын үсэгтээ баримтаар нотлогддог. 2015 оны 5-р сарын 29-ний өдөр Д.Наранмандах бичиж өгсөн. Үүн дээр өгсөн, авсан машины гэмтэл, үхэр гээд бүгд хасагдаад 15 000 000 төгрөг үлдлээ гэж бичиж өгсөн. 2016 оны 4-р сарын 29-ний өдөр 11 500 000 төгрөг үлдлээ гэж Н.Хаянхярваа гарын үсэгтэй баримт бичиж өгсөн. Үүн дээр дахиад 3 хувийн хүү үргэлжилнэ гэж бичүүлээгүй. Ингээд 2016 оны 4-р сарын 29-ний өдрөөс хойш ахиад цемент авсан. Дараа нь 8 000 000 төгрөг үлдлээ гэсэн баримтыг би бичиж Д.Наранмандах гарын үсэг зурсан, 2016 оны 8-р сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийн үлдэгдэл байна. Энэ бол Д.Азжаргалд төлөөгүй байгаа машины бодит хохирол. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүгчийг би та Д.Наранмандахын 2 гарын үсгийг харьцуулаад хараад үзээрэй гэхэд би шинжээч биш гээд хараагүй. Одоо та нэг хараад үзээрэй. Шүүх нотлох баримтыг өөрөө үнэлэх ёстой. Шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл шинжээч томилох эрхтэй. Өнөөдрийг хүртэл Д.Наранмандахыг шинжээч томилуулах хүсэлт гаргахыг нь хүлээсэн боловч гаргаагүй. 25 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй гэдэг нь бол 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй боллоо гэдгээр нотлогдож байна. Үлдсэн 8 000 000 төгрөгийн 50 хувиас нь хэтрэхгүйгээр гаргуулах ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Анх би их хэмжээний мөнгө нэхэмжилбэл үндсэн мөнгөө өгөх байх гэж бодож нэхэмжлэлээ гаргасан. Үлгэр зохиогоод 8 000 000 төгрөг нэхэмжлээд явж байхгүй. Анх эвдэрхий машин авсан гэж ярьдаг. Хэрвээ эвдэрхий машин авсан бол буцаагаад өгөх боломжтой байсан. Анх машин нь жаахан сэвтэй байсан, үүний мөнгийг хасч бодсон. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж өгнө үү. гэжээ.

 

            Хариуцагч Д.Наранмандах, Н.Хаянхярваа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Азжаргалаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Прадо-120 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлнээр 25,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг бэлнээр, дансаар, Д.Азжаргалын аав, төрсөн дүүгээр дамжуулан мөнгө, цементээр төлж байсан. Тухайн үед гааль дээрээс шууд авсан учир машины эвдрэл мэдээгүй номер авч унах гэтэл эвдрэлтэй байхаар нь засуулж ч чадахгүй буцаагаад 23,000,000 төгрөгөөр зарсан. Энэ машины тооцоо дууссан байсан, гэтэл 2017 оны хавар цагдаагийн газраас дуудаж гэнэт 5,000,000 төгрөг нэхэж эхэлсэн. Өнөөдөр 20,140,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Д.Азжаргалын аав гэх хүн надаар өр төлбөрийн талаар баримт бичүүлж авч байсан боловч автомашины төлбөр төлнө гэсэн болохоос бус хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Нөхрөөр минь бас 2016 оны 04 дүгээр сард баримт бичүүлсэн нь ямарч үндэслэлгүй мөнгө зээлсэн гэж бичүүлсэн байсан, иймд эдгээр баримтыг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнд өгөх өр төлбөр байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар 10 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан нь тогтоогддог боловч талууд 45 000 000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах тухай тохиролцсон гэж тайлбар гаргадаг. 25 000 000 төгрөг бэлнээр өгч авалцсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Д.Азжаргалын Хаан банкны дансны хуулгаас үзэхэд хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 700 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогддог.

Мөн хариуцагч талаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 45 шуудай цементийг нэхэмжлэгч Д.Азжаргалын дүүд хүлээлгэн өгсөн байдаг. Нийтдээ 14 тонн 750 кг буюу 2 286 050 төгрөгийн үнэ бүхий цементийг автомашины төлбөрт өгсөн байдаг. 2 тооны хязаалан насны үхрийг 2 жил дараалан төлбөртөө өгч 1 үхрийг 1 500 000 төгрөгөөр тооцоход 3 000 000 төгрөг болж байна. Иргэн Д.Ариунзаяа 2 000 000 төгрөгийг бэлнээр Д.Азжаргалд өгсөн байдаг. Үүнийг Д.Азжаргал хариу тайлбартаа 1 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Нийт төлбөрөө барагдуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нараас үндсэн зээл 8,000,000 төгрөг хүү 4,950,000 төгрөг нийт 12,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Азжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нараас 222,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч Д.Наранмандах, Н.Хаянхярваа нар  давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №151/01172 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна

Иргэн Д Азжаргалын нэхэмжлэлтэй, иргэн Н.Хаянхярваа, Д.Наранмандах нарт холбогдох "Худалдах-худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 11.500.000 төгрөг, түүний хүүнд 8.640.000 төгрөг, нийт 20.140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №730 тоот шийдвэрээрээ хариуцагч нараас 2.013.750 төгрөгийг гаргуулахаар шийдсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч Д.Азжаргал түүний өмгөөлөгч буюу аав Х.Доржпалам нарын зүгээс эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №0023 тоот шийдвэрээр шийдэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №1172 тоот шийдвэрээр анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Д.Наранмандах, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Жавзандолгор нарыг оролцуулан, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатарыг эзгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, нөгөө талаараа талууд зарим нэг гарын үсэг бүхий бичгийн баримтуудынхаа гарын үсгийг мөн, биш гэж маргаж байгааг үл тоон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Түүгээр ч барахгүй анх шийдсэн шийдвэрээ байн байн өөрчилж, ул суурьгүй шийдвэрийг гаргаж байгаад нь иргэн Н.Хаянхярваа миний бие болон миний эхнэр Д.Наранмандах нарын зүгээс харамсаж байна. Хуулийн дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх ёстой байтал хэн нэгний нөлөөнд автсан мэт хэргийг анх шийдсэнээсээ шал өөрөөр шийдэж байдлыг орвонгоор нь эргүүлсэн явдалд нь гайхаж байна.

 

Иргэн Д.Азжаргал, түүний аав Х.Доржпалам нарын зүгээс намайг болон манай эхнэрийг тэp ч байтугай мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа манай өмгөөлөгчийг хүртэл элдвээр дайрч, доромжилж, эрээ цээргүй аашилж байгаад нь шүүхээс огт анхаарддагтүй. анхаарахыг ч хүсдэггүй. Магадгүй их сургуулийн багш хүн болохоор нь шүүгч нар нь айдаг байх гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрдөг. Биднийг гүтгэн, элдвээр доромжлоод байгаа энэхүү асуудлыг миний бие зүгээр хараад байж яасан ч чадахгүй эрүүгийн журмаар эдгээр хүмүүсийг шалгуулахаар гомдлоо өгнө.

Энэ хэргийн маргааны гол асуудал нь талууд тодорхой нөхцөлтэй, Худалдан худалдан авах гэрээ байгуулсаар байтал зээлийн гэрээ байгуулсан мэтээр шүүх хэргийг шийдэж хүү тооцсон нь хуулийн үндэслэл байхгүй гэж бид үзэж байна.

Миний бие үр хүүхдээ алдаад удаагүй ажилтай явж байх хойгуур иргэн Д.Азжаргал. түүний өмгөөлөгч гэх аав Х.Доржпалам нар хууль бус шийдвэр гаргуулан, биднийг элдвээр хэлж доромжилж байгаад нь би эцсээ хүртэл заргалдахаа үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсад шударга ёс, хууль, шүүх гэж үнэхээр л байдаг юм бол ийм ойлгомжтой. тодорхой хэргийг хуулийнх нь дагуу хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдчихмээр юм.

Иймд хариуцагч нарын зүгээс энэхүү давж заалдах гомдлыг гарган шүүх хуралдаанд өөрсдийн урд нь авсан өмгөөлөгч П.Ганбаатарын хамтаар биечлэн оролцохоо үүгээр илэрхийлж байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №151/01172 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн,  нэхэмжлэлийн зарим шаардлага, түүний агуулга, үндэслэлийн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэл муутай болсон, хэргийн оролцогчоос гаргаж шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг зөв хэрэгжүүлж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний болон нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй алдааг өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн зөвтгөн залруулах боломжтой тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Д.Наранмандахтай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулсан “Прадо” маркийн автомашин худалдах-худалдан авах гэрээг үндэслэн машины үнийн үлдэгдэл төлбөр 11 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 29-ний байдлаар төлөөгүй 15 000 000 төгрөгнөөс 10 сарын хугацаагаар сар бүр 3 хувиар тооцож, 4 500 000 төгрөгийн хүү, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар төлөөгүй 11 500 000 төгрөгнөөс 12 сарын хугацаагаар сар бүр мөн 3 хувиар хүү тооцож, 4 140 000 төгрөг, нийт 20 140 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ: Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 05 сарын 29-ний өдрөөс  2016 оны 4 сарын 29 хүртэлх 11 сарын хүүг 8 сая төгрөгөөс 3 хувиар бодож 4 сая 950,000 төгрөг дээр машины үнээс дутуу төлсөн 8,000,000 төгрөгийг нэмж, бүгд 12,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах хүсэлтэй байна. гэжээ.

Хариуцагч Д.Наранмандах нь  машин худалдаж авсан нь үнэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Хаянхярваа нь эхнэрийнхээ өмнөөс мөнгийг өгч байсан, худалдах-худалдан авах гэрээг огт хийгээгүй гэж тус тус тайлбар гаргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Азжаргал, Д.Наранмандах нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Автомашин худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдаж, “Prado” маркийн машиныг 10 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, худалдсан төлбөрийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцжээ. /хх-ийн 5-р тал/

Худалдах-худалдан авах гэрээнд заагдсан машины  үнэ 10 000 000 төгрөг гэрээний бодитой үнэ биш, харин талууд гэрээний үнийг 45 000 000 төгрөгөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна. Зохигчдын хоорондох маргааны зүйл нь машины өмчлөх эрх шилжүүлэх тухай дээрх гэрээний дагуу худалдан авагч тал эд хөрөнгийн үнэ төлөх үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх үйл баримт байна.

Нэхэмжлэгч нь худалдсан машиныг болон эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Наранмандахад шилжүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Д.Наранмандах нь машиныг хүлээн авч, бусдад 23 000 000 төгрөгөөр худалдсан тухайгаа тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... машиныг 45 000 000 төгрөгөөр зээлээр өгчих, мөнгийг нь хагас жилийн хугацаанд төлж барагдуулна гээд гуйгаад байхаар нь мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөг бэлнээр авч, эхнэр Нармандахынх нь нэр дээр шилжүүлэн өгсөн юм ... гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 25 000 000 төгрөг нь бэлнээр авсан мөнгө биш, дансаар 10 000 000 төгрөг орж ирсэн, үлдсэн 15 000 000 төгрөгийг бэлнээр цувуулж өгсөн байдаг гэж тайлбарласан байна. Хариуцагч Д.Наранмандах нь анх гэрээ хийхдээ 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч, түүнээс хойш дансаар 10 000 000 төгрөг, эд зүйлээр бусад төлбөрийг төлж, одоо 2 сая гаруй төгрөгийн л тооцоотой гэж тайлбарлаж маргажээ.

Хариуцагч  Д.Наранмандах нь 2014 оны 11 дүгээр сарын 04, 12 дугаар сарын 11, 26, 2015 оны 05 дугаар сарын 01, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр ХААН банкнаас /2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1 800 000 төгрөгийг  Н.Хаянхярваагийн нэрээр төлсөн/ Д.Азжаргалын дансанд шилжүүлсэн болох нь банкны гүйлгээний баримтаар нотлогдсон байх боловч гэрээ хийх үедээ 25 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарласан нь бодит үнэнд нийцээгүй, хэрэв анх 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь банкаар 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн бол  2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийн үлдэгдэл үүрэгтэй байх, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. /хх-ийн 6, 163-р тал/

Д.Азжаргал, Д.Наранмандах нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн болох нь тэдний хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бичгээр хийсэн гэрээ болон зохигчдын тайлбар, бусад баримтаар нотлогдсон бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар болон худалдсан машины үнийг бэлэн мөнгөөр, цемент,  идэшний үхэр зэрэг эд хөрөнгөөр төлсөн тухайд маргаагүй байна.

 Хамгийн сүүлд буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д.Наранмандах нь Д.Азжаргалтай тооцоо нийлж машины үнээс 8 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч үйлдсэн баримт дээр гарын үсгийг зурсан ба хариуцагч өөрийн  гарын үсгийг  маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа Д.Азжаргал, Д.Наранмандах нарын хооронд үүссэн байх тул худалдагч Д.Азжаргал нь гэрээний нөгөө тал буюу худалдан авагч Д.Наранмандахад холбогдуулан  гэрээний үүргийн гүйцэтгэлтэй  холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч Н.Хаянхярваа нь дээрх гэрээний оролцогч биш, худалдагчийн өмнө хууль буюу гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээх этгээд биш тул түүний эсрэг гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм. /хх-ийн 5-р тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Д.Наранмандах нарын гарын үсэг бүхий 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн 15 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн тухай баримтыг үнэлэхдээ талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсгийн заалтад нийцээгүй,  уг баримтыг хэргийн бусад баримттай тал бүрээс нь бодитойгоор   харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх хүүгийн талаар тайлбарлахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, алданги тохирсон гэж тайлбарласан, сүүлд үйлдсэн тооцооны баримт болох 8 000 000 төгрөгийн баримт дээр ямар нэг хүү, алдангийн талаар тэмдэглэгдээгүй байгааг  анхаараагүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд  нэхэмжлэгч Д.Азжаргал нь хариуцагч Д.Наранмандахаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах, нэхэмжлэлийн шаардлагаас 4 950 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Н.Хаянхярваад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 21-ний  өдрийн 151/ШШ201701172 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Наранмандахаас 8 000 000 төгрөг /найман сая төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 950 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Хаянхярваад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт оруулж,  шийдвэрийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар... хариуцагч Д.Наранмандах, Н.Хаянхярваа нараас 222,150 төгрөг...” гэснийг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар... хариуцагч Д.Наранмандахаас 142,950 төгрөг...” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг 3, 4 дүгээр заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Д.Наранмандахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж, хариуцагч Д.Наранмандахад буцаан олгохыг дурдсугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ЭНХМАА                     

                                          ШҮҮГЧИД                                       Г.БОЛОРМАА

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР