| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч А.Д******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Д*******д холбогдох эрүүгийн 2215000000318 дугаартай, 163/2023/0007/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт А******* Д*******, Булган аймгийн ******* суманд 1968 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 83.677 төгрөгийн шууд, 251.031 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д*******ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000318 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Д******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай түлээний мод бэлтгэж байгаль экологид 83.677 төгрөгийн шууд, 251.031 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д*******ийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгаль орчны байцаагч Атай ярихад хотод явна гэсэн. Тэгээд 80 гарсан ээж маань галгүй болчих гээд байхаар нь ******* гэх газар руу модонд яваад 1 унасан хожуул, гишүү тайрч ачаад сумын төв рүү ээжийнх рүүгээ явж байгаад Өлийн гарман дээр цагдаатай таараад модоо хураалгасан гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газар байх ба сумын төвөөс 40 километрийн зайд хойд зүгт байрлах ба жижиг овоотой давааны баруун талын өндөр уулын зүүн хойш харсан уулын орой хэсэгт хэргийн оролцогч А.Доржцэмбэл нь уулнаас бэлтгэсэн гэх модны хожуулын хэсгийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хэргийн оролцогч А.Д******* нь уулнаас бэлтгэсэн гэх модны хожуулыг ялгаж өөрөөр нь заалгаж хөрөөдөж унагаасан гэх хожуулыг 1-3 дугаараар дугаарлан өндөр болон диаметрийг хэмжив гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,
2. Уг хөрөө нь цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг шар өнгөтэй, ажлын хэсэг нь хар өнгөтэй, хөрөөний банкин дээр бичиг нь арилсан байдалтай унших боломжгүй, бариул хэсэг нь хар өнгөтэй моторт хөрөөнд үзлэг хийв гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
3. Цагаан өнгийн ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгсэл байх ба 6 дугуй хэвийн, өнгө үзэмж сайн, урд цонхны гол дээд хэсэгт “Junction Produce” гэх бичиглэлтэй байв. Тээврийн хэрэгслийн тэвш хэсэгт модны холтос үүрмэг их хэмжээгээр байв. Машины дотор талд үзлэг хийхэд эвдэрсэн эд анги, эд зүйлс байхгүй гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,
4. Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Цагдаагийн хэсгийн хашаанд байрлах модонд 1-29 хүртэл дугаарлан хэмжилт хийв. Нийт 29 ширхэг мод байсан ба модны өргөн нь 11-39 см, модны урт нь 120-148 см- байв гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,
5. Иргэний нэхэмжлэгч Б.Алтантуяагийн өгсөн: Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш мод бэлтгэх эрхийн бичиг бичээгүй. Улаанбаатар хотод ажилтай явж байгаад ирсэн юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
6. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2909 дугаартай: цагаан өнгөтэй, ******* БУН улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг Булган аймгийн ******* сумын цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжилсэн гэх эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 21 дэх тал/,
7. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн: А.Д*******ийн бэлтгэсэн 29 ширхэг модыг Булган аймгийн ******* сумын цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжилсэн тогтоол /хавтаст хэргийн 28 дахь тал/,
8. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 222804 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан Хятад хөрөөний зах зээлийн үнэлгээ 86000 төгрөг, цагаан өнгөтэй, ******* БУН улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5,089,031 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-54 дэх тал/,
9. Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженерийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай: Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн шинэс хуурай түлээний мод болно. Шинэс төрлийн 1,20 м-1,53 м, 29 ширхэг мод экологи эдийн засгийн үнэлгээ 1,0419 м3 буюу 83.677 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/,
10. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 83.677 төгрөг болох нь тогтоогдсон байна. 21 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол 83.677 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 251.031 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/,
11. Яллагдагч А.Д*******ийн өгсөн: Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газраас малаа хариулж байхдаа нэг портер мод бэлтгэсэн юм. Уг бэлтгэсэн модоо ******* БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг буюу сумын төвд байдаг 82 настай Долгор гэдэг хөгшин ээж дээрээ оруулж өгөхөөр сумын төвийн наах нь байх Өлийн гарамны тэнд явж байтал сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёртой таараад гоожингүй мод бэлтгэсэн байна гээд сумын төв рүү дагуулж ороод унаж явсан машиныг маань саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг шар өнгөтэй, ажлын хэсэг нь хар өнгөтэй цахилгаан хөрөөг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Агийн өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч А.Д******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газрын ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй шинэс төрлийн хуурай түлээний мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Д*******ийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч А.Д******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газрын ойгоос түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн 29 ширхэг буюу 1.0419 м3 мод хууль бусаар бэлтгэж, Булган аймгийн ******* сумын төв рүү Hyundai porter загварын ******* БУН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч А.Д*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 83.677 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 251.031 төгрөгийн /хавтаст хэргийн 62 дахь тал/ хохирол учирсан байна.
Уг хохирол, нөхөн төлбөрийг А.Д******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Д*******ийг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Д*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан байгаль экологид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 75-82 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй талаарх Булган аймаг дахь Улсын бүртгэлиын хэлтсийн даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д******* нь ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч А.Д*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, ******* БУН улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан / хавтаст хэргийн 20 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч А.Д*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.089.031 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai porter” загварын ******* БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 86.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг шар өнгөтэй, ажлын хэсэг нь хар өнгөтэй, хөрөөний банкин дээр бичиг нь арилсан байдалтай унших боломжгүй, бариул хэсэг нь хар өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 29 ширхэг 1.0419 метр куб түлээний хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч А.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт А******* Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч А.Д******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 29 ширхэг буюу 1.0419 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.089.031 /таван сая наян есөн мянга гучин нэг/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн ******* БУН улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг шар өнгөтэй, ажлын хэсэг нь хар өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч А.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Б.А нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ