Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

2022           12           27                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А*******од холбогдох эрүүгийн 2215000000311 дугаартай, 163/2023/0005/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн А*******, Булган аймгийн ******* суманд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл ашиглаж Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* гэх газраас 3 ширхэг босоо  мод буюу 1.4127 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 113.458 төгрөгийн шууд хохирол, 340.374 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000311 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.А******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглаж Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* гэх газрын ойгоос 3 ширхэг босоо мод буюу 1.4127 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 113.458 төгрөгийн шууд хохирол, 340.374 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Иргэний нэхэмжлэгч Б.гийн өгсөн: Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
  2. Хялганат тосгоны сум дундын ойн ангийн шинжээч Ш.Ариунхишигийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай: Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн Шинэс хуурай түлээний мод болно. Шинэс хуурай 1.40-1.56 м, 25 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.4127 м3 буюу 113.458 төгрөг болж байна гэх дүгнэлт / хавтаст хэргийн 48 дахь тал/,
  3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З*******ын өгсөн: ...экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 113.458 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу учруулсан хохирол болох 113.458 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 340.374 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх хохирлын үнэлгээ тооцсон акт /хавтаст хэргийн 50 дахь тал/,
  4. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 222576 дугаартай: Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн моторт хөрөөний зах зээлийн үнэлгээ 86.000 төгрөг, ******* улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4.534.031 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-63 дахь тал/,
  1. Гэрч Д.ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.А******* бид хоёр ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газраас мод авахаар хоёр машинтай уул руу гарсан юм. Тэгээд би тухайн газарт унасан байсан унианги модыг хөрөөдөж ачсан ба тухайн үед А******* нь миний хөрөөгөөр өөрийнхөө модыг хөрөөдөж бэлтгэсэн юм. Бид хоёр тус тусдаа модоо хөрөөдөж бэлтгэсэн юм. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
  2. Яллагдагч Б.А*******ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* гэх газраас өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй уул руу гараад 1 портер модыг манай аавын дүүгийн хүүхэд болох тай гараад уулнаас хамт бэлтгэж бууж ирсэн юм. Тухайн үед би ын хөрөөгөөр өөрийнхөө модыг бэлтгэсэн ба босоо 3 ширхэг мод унагаасан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 73-75 дахь тал/,
  3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 3-12 дахь тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн моторт хөрөө зэрэг эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.гийн өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Б.А******* нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газрын ойгоос 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.4127 метр куб хуурай шинэс төрлийн түлээний мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А*******ыг Булган аймаг ******* сумын 4 дүгээр багийн ******* гэх газрын ойгоос 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.4127 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж байгаль экологид 113.458 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 340.374 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Б.А*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 113.458 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 340.374 төгрөгийн /хавтаст хэргийн 50 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг Б.А******* нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А*******ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлбөрийг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 83-94 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын бүртгэл, зөрчлийн хайлтын системийн мэдээлэл хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 151 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.А*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ гэрч Д.ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн асаах хэсгийн таг нь ногоон өнгөтэй, цагаан өнгийн моторт хөрөө, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 21, 81-82 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан асаах хэсгийн таг нь ногоон өнгөтэй, цагаан өнгийн моторт хөрөөг эзэмшигч Д. нь авахгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Б.А*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.534.031 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai porterзагварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 86.000 төгрөгийн үнэлгээ бүхий асаах хэсгийн таг нь ногоон өнгөтэй, цагаан өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 25 ширхэг 1.4127 метр куб түлээний хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.А*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 1.4127 метр куб хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 25 ширхэг шинэс төрлийн хуурай түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.534.031 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий асаах хэсгийн таг нь ногоон өнгөтэй, цагаан өнгийн моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Б.А******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Б. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЭНЭРЭЛ