| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
2023 01 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.*******т холбогдох эрүүгийн 2225006540001 дугаартай 163/2023/0010/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт Ч*******ын *******, Орхон аймгийн ******* суманд 1994 оны 12 дугаар сарын 18-ны төрсөн, Орхон аймгийн ******* сумын ******* багийн 35 дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ******* ХХК-д механик засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Бүрэнбүстийн голын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.М*******той барилдаж, унасны дараа хохирогчийн дээрээс дарж хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2225006540001 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Бүрэнбүстийн голын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.М*******той барилдаж, барилдаан дууссаны дараа хохирогчийн араас очиж мөрөн дээр дарж унагаасны улмаас түүний биед баруун хөлийн тахим хэсгийн мэдрэлийн ширхэгийн эмгэг бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч П.М*******ийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Оросын булаг гэх газарт тоглолтоор ирсэн хамтлаг дуучдыг манай Приус клубын хамт олон машинаар хүргэж өгсөн. Тэндээ хэсэг байж байгаад 02 цаг өнгөрч байхад найз болох ******* над руу найз Дөлгөөний 95343047 дугаараас залгаад чиний төрсөн өдөр болж байгаа юм байна ш дээ хүрээд ирээч гэхээр нь би Орхон аймгийн ******* сумын Уртбулаг багийн нутагт байх цэцэрлэгийн баруун талын сааданд очсон. Намайг очих үед *******, Дөлгөөн, Тэнгис нар байсан. Мөн тэд нар 2,5 литрийн савалгаатай 2 ширхэг пиво ууцгааж байсан. Бид нар тэнд байсан 2 ширхэг пивийг ууж дуусгаад Дөлгөөнийг гэрт нь хүргэж өгөхөөр түүний гэр болох Хүрэнбулаг багийн 4-6 тоот байранд байх орцных нь гадаа хүргэж өгсөн. Ч.******* тухайн үед нилээн согтчихсон байхаар нь Тэнгис бид гурав Бүрэнбүстийн голын ойролцоо байх модны хажууд очоод машиндаа унтсан. Өглөө 7-8 цагийн үед сэрээд бид гурав ******* сумын Дэнж баг ороод тэндээ Тэнгисийг буулгасан. ******* бид хоёр цаашаа яваад Быг Дэнж багийн Баруун дэнжид байх гэрээс нь очиж авсан. Бид гурав Дэнжийн эцэст байх дэлгүүрээс Б 0,75 литрийн Arkhi гэх бичиглэлтэй архийг худалдаж авсан. Харин ******* бид хоёр мөнгөө нийлүүлээд 1 шил балентайс, 1 шил Arkhi гэх нэртэй 0,75 литрийн архийг худалдаж аваад ёс заншлын өргөөнөөс цааш яваад Бүрэнбүстийн гол гэх газар очоод авсан. Архиа бид гурав хувааж уугаад байж байхад өдөр 12 цагийн орчимд Дөлгөөн ирсэн. Түүний дараа манай эхнэр найз нарын хамтаар бид нар дээр ирээд буцаад явсан. Тэгээд удалгүй бид нар байж байгаад ******* бид хоёр хоорондоо барилдсан юм. Барилдаж байхад миний дотоож болон шоорт урагдчихаар нь за одоо болъё гээд би машин руу явж байхад миний араас ******* гүйж ирээд мөрөн дээр дарж намайг унагасан. Тухайн үед би унахдаа баруун хөл урагшаа зүүн хөл арагшаагаа доош суух байдалтай унасан. Уначихсан байх үед ******* дахин миний дээрээс хүчтэй дарах үед маш хүчтэй өвдөлт мэдэрч хэсэг хугацаанд ухаан балартсан. Намайг унах үед *******, Тэнгис хоёр намайг босгоогүй. Тэгэхээр нь би машинд сууж байсан Дөлгөөнийг дуудахад машинаас бууж ирээд намайг босгосон. Тэндээсээ бид нар Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт ирж үзүүлэхэд эмч нь ясны хугарал алга байна гээд өвчин намдаах эм уучих гэсэн зөвлөгөөг өгөөд явуулсан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шинэ Эрин Мед эмнэлэгт үзүүлэхэд чиний авсан гэмтэл гайгүй юм байна, шарлага хийлгээд өвчин намдаах эм уучих гэсэн. Би тухайн үзүүлсэн эмнэлэгтээ 7 хоног эмчилгээнд явж байхад Наадмын амралт гээд амарчихсан. Тэгэхээр нь Экстра мед гэх эмнэлэгт очиж Энхбат эмчид үзүүлэхэд мэдрэл гэмтсэн байх магадлалтай юм байна. Манайх дээр мэдрэл сэргээх эмчилгээ хийлгэчих гээд мэдрэл сэргээх тариаг 10 хоног хийлгэсэн. Эмчилгээний дараа дахин Энхбат эмчид үзүүлэхэд мэдрэлийн эмчид үзүүлчих гэхээр нь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн мэдрэлийн эмчид үзүүлэхээр очиход мэдрэлийн эмч нь амарчихсан байгаа гээд үзүүлж чадаагүй. Дэнж багт байх Нерон гэх эмнэлэгт очиж мэдрэлийн эмчид үзүүлэхэд чи маш хүнд гэмтсэн байна. Улаанбаатар хотод байх Рефлекс гэх эмнэлэг байгаа, тэнд очоод үзүүлчих, манай эмнэлэг чиний авсан гэмтлийг оношлох боломжгүй гэхээр нь би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод очоод Рефлекс эмнэлэгт үзүүлэхэд чиний хөлийн мэдрэлийн ширхэгүүд нь гэмтчихсэн байна. Ямартай ч 2 сар эмчилгээ хийлгээд буцаад хүрээд ир гэсэн. Би тэгээд буцаад Орхон аймагт ирээд Нерон гэх эмнэлэгт 1 сар гаруй эмчилгээ хийлгээд дахин Рефлекс эмнэлэгт очиж үзүүлэхэд мэдрэлийн ширхэгүүд сэргээгүй хөлийн булчин үхжиж эхэлсэн байна. Яаралтай 4 сар эмчилгээ хийлгээд дахиж ирж үзүүлээрэй. Хэрвээ мэдрэлийн ширхэгүүд сэргэсэн байвал эмчилгээ цааш үргэлжилнэ. Харин сэргэхгүй бол хөл чинь цаашид гишгэх боломжгүй болно гэсэн. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
2. Хохирогч П.М*******ийн дахин өгсөн: Би Ч.*******аас эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгөөч гэж хүсч байна. Яг одоогоор миний биеийн байдал гайгүй байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
3. Гэрч З.Бын өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Дэнж багийн Баруун дэнжийн 26-23 тоот гэртээ байсан. Энэ үед П.М*******, Ч.******* нар нь манай гэрт ирээд П.М******* нь миний төрсөн өдөр болж байна, хамт салхинд гарчихаад ирэх үү гэж асуухаар нь би тэгье гэж хэлээд хамт явсан. Ингээд бид нар манай гэрээс гараад урд зүг рүү Бүрэнбүстийн голын эрэг дээр очиж 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи уусан. Уг архийг ууж байх үед М*******ийн найз Дөлгөөн таксигаар ирсэн. П.М*******, Ч.******* нар хоорондоо барилдахаар болоод босож хоорондоо 2 удаа барилдсан. Энэ үед П.М******* нь 2 удаа давсан юм. Ингээд бид нар явахаар болоод М******* нь машин руугаа явж байтал Ч.******* нь М*******ийн араас очиж түүний гуя хэсгээс гараараа татаж дээрээс нь дарж хоёулаа унасан. М******* нь унах үедээ хөл эвгүй болчихлоо гээд босож чадахгүй байсан. Энэ үед Дөлгөөнөө М*******ийн эхнэр рүү залгаж дуудсан. Удалгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 804 дугаартай: П.М*******ийн биед баруун хөлийн /common peroneal nerve/ тахим хэсгийн мэдрэлийн ширхэгийн эмгэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой тухайн үедээ шинэ гэмтэл байжээ. Баруун хөлийн /common peroneal nerve/ тахим хэсгийн мэдрэлийн ширхэгийн эмгэг нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үрд үнгээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
5. Шүүгдэгч Ч.*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр найз М*******ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Бүрэнбүстийн голын эрэг дээр найз Тэнгис, М******* нарын хамт очиж хоёр шил архи хувааж ууж сууж байгаад М*******той барилдаж байгаад бие биенээ нэг нэг давчихаад хайнаагаа салгая гэхэд М******* барилдахгүй гээд цааш хараад алхахаар нь би ганц барилдъя гэж хэлээд араас нь гүйж очоод дарж унагаахад М*******ийн хөл эвгүй болсон. Тэгээд эмнэлэгт хүргэж өгчихөөд харьсан юм. Би П.М*******ийн эмчилгээний зардал, энэ хэрэгтэй холбоотой бусад зардалд 4.400.000 төгрөгийг төлсөн. Миний хэлсэн бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.М*******ийн өгсөн мэдүүлэг, гэрч З.Бын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 804 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Ч.******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Бүрэнбүстийн голын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.М*******той барилдаж, унасны дараа босож хохирогчийн мөрөн дээрээс дарж унагааж түүний биед баруун хөлийн тахим хэсгийн мэдрэлийн ширхэгийн эмгэг бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч П.М*******ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.*******ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн бусдад гэмтэл учруулахгүй гэсэн хайхрамжгүй, болгоомжгүй зан байдал, үйлдлийн улмаас шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч П.М*******ид хүндэвтэр хохирол учирсан бөгөөд энэхүү гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч П.М******* нь замын зардал болон эмчилгээний зардалд нийт тодорхой мөнгөн дүнгээр мөнгө нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээж хохирогчид 4.400.000 төгрөгийг бэлнээр болон бусад хэлбэрээр төлсөн. Үүнээс эмчилгээний зардалд 2.380.000 төгрөгийг өгсөн талаар хохирогч, шүүгдэгч хоёрын хэн аль нь мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч П.М******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ч.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалтад тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 60, 63, 65, 69, 71 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, байнга оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан тухай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн ******* сумын ******* багийн 35 дугаар гудамжны ******* тоотод амьдардаг, ******* ХХК-д механик засварчин ажилтай, 28 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирол төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч П.М******* нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ч*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.******* нь хохирогч П.Мямардоржид 2.380.000 /хоёр сая гурван зуун наян мянга/ төгрөгийг бэлнээр төлсөн байх тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч П.М******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ