| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2018/0458/И |
| Дугаар | 224 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 224
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах, Хөх бүрдний чулууд ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой 209 994 168 төгрөгийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч Хөх бүрдний чулууд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай Хөх бүрдний чулууд ХХК нь 2008 онд байгуулагдсан. Сүүлийн 7 жилд барилга угсралт барилгын засвар, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тусгай зөвшөөрлийн хувьд 5 хүртэлх давхар барилгын Барилга угсралт өргөтгөл шинэчлэл, барилгын дотоод халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, засвар үйлчилгээ, засал чимэглэл, орчны тохижилт, зэрэг ажлуудыг хийх барилгын тусгай зөвшөөрөлтэй, инженер техникийн 4 ажилтан барилгын мэргэжлийн 12 ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж юм.
Тус компани нь 2016 оны 8-р сард Заг сумын Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөлийн ажлын тендерт оролцож тус ажлыг гүйцэтгэхээр Сумын Засаг даргатай 9-р сард гэрээ байгуулж 10-р сард ажлыг эхэлж 14 хоног дээврийн буулгалт хийсэн. Хүйтний улирал эхэлж байсан боловч сумын удирдлагуудын зүгээс цас орхоос өмнө дээвэртэй болгох шаардлага тавигдаж яаралтайгаар хүн хүч, техникийн нэмэлт хүч гарган ажиллаж дотор гадар заслаас бусад ажлуудыг 12-р сар гэхэд хийж гүйцэтгэлийн 68% хувьд хүргэсэн боловч тус барилгын ажил хүйтний улирал эхэлсэнээс шалтгаалан түр зогссон. Энэ шахуу барилгын ажлын гүйцэтгэлийг хийхэд инженер техникийн 2 ажилтан, Тусгай мэргэжлийн ажилчин 4, Мужаан 2, Заг сумаас туслах ажилтан 14 хүн, тогооч 1 нярав 1, жолооч 2 гэсэн 26 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж богино хугацаанд гүйцэтгэлийг хийсэн юм. Машин техникийн хувьд барилгын өдөр тутмын талбайн ажилд 5 тн ачааны тэрэг 1, Баянхонгор аймгаас ханын хүрмэн гулдмайн тээвэрлэлтэнд 100 тн -н ачааны Норд будаа, Улаанбаатар хотоос, Архангай аймгаас дээврийн банзны тээвэрлэлтэнд, 20 тн-н Хено 1, 5 тн Пусо 1, Баянхонгор аймгийн төвөөс Ханын дулаалганы хөөс 5тн -н тэргээр 2 удаа, цемент замаск 5 тн-н тэргээр 2 удаа тус тус тээвэрлэж, өдөр тутамд суудлын машин 1 ажилласан зэрэг машин техник, цахилгаан багаж хэрэгсэлийн нэмэгдүүлсэн хүчээр ажиллаж богино хугацаанд хүйтний улиралд шахагдан амжилттай хийсэн хэдий ч төлөвлөгдөөгүй зардлууд их хэмжээгээр гарч ажилчдын цалингийн хэтрэлт тээврийн зардлын хэтрэлт, материалын үнийн өсөлт, төсвийн буруу тооцоололт зэргээс шалтгаалан одоо энэ барилгын ажил цаашид явахад хүндрэлтэй болсон юм.
Яагаад ажлыг хэвийн хийсэн боловч төсөв хэтэрч, манай байгууллагын бусад газруудад хийсэн барилгын ажлын ашиг болон, барилгын материалуудыг зээлж авсан боловч өдөр тутмын урсгал зардлууд гараад байгаа талаар судалгаа хийж үзэхэд дараах шалтгаануудтай байсан. 1.Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газар, түүнийг төлөөлж Засаг дарга нар нь Барилгын ажлын төсөв хийлгэж тендер зарлахдаа тухайн барилгын зураг төсвийг үндэслэлгүй бага тарифаар төсвийн тооцоолол хийлгэж, улмаар тухайн үндэслэлгүй бага төсөвтөө багтаан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан тендер зарлуулж тухайн тендерийн үнийн дүнд багтаан манай байгууллага төсөв хийж орсноос их хэмжээний алдангид ороод байгаа нь Захилагч тал Ажил гүйцэтгэх гэрээний зураг төсөв зохиолгох үүргээ хангалттай чанар стандартын дагуу биелүүлээгүйгээс шууд шалтгаантайЭнэ төсвийн зарим зөрүүг жишээ болгон барилга хөгжлийн төвийн зураг төслийн хянан магадлагааны дагуу гаргасан магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу гаргасан мэргэшсэн төсөвчингийн хийсэн төсөв, захиалагч байгууллагын зарласан үнэ, төсөв зэрэг нь зөрүүтэй байдаг. Тус төсөвт ажлын нормативт хөлсийг доод хэмжээгээр 2371 төгрөгөөр бодсон байгаа боловч төсөвт багтаахын тулд ажлын нэгж хүн цагийн үнэлгээг үндэслэлгүйгээр багасгасан байгаа юм. /Хууль зөрчсөн/ Шинэ хуучин 2 төсвийн харьцааг харна уу. Энэ бол 2 ажил дээр хийсэн жишээ юм. Энэ мэтчилэнгээр олон зардлууд, материалууд дутуу төлөвлөгдсөн нь илэрхий байгаа нь энэ зураг төсвийн ажлыг хариуцсан олон төрийн ажилтан хяналтын инженерүүдийн хаагуур нь яваад батлагдаад өдий хүрэв ээ гэдэг нь ойлгомжгүй байсан юм.
Барилгын ажил төсвийн хүндрэлээс шалтгаалан баригдаж чадахгүй байгаа учир шалтгааныг тайлбарлан компанийн зүгээс Аймгийн ГХБХБ-ын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар зэрэг холбогдол бүхий төрийн байгууллагуудад хандаж үүсэн нөхцөл байдлыг тайлбарлан хэрхэн шийдвэрлэх гарц байгааг хэлэлцэж өгнө үү гэсэн хүсэлтийг албан бичгээр өгсөн. Үүний дагуу дээрх эрх бүхий газрууд хуралдан мэргэжлийн газраар тус барилгын зураг төсөвд Магадлан /эксперт/ хийлгэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Үүний дагуу хөрөнгө оруулагч, захиалагч болох Заг сумын ЗДТГ-аас Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төвд тус барилгын Зураг төсөвд магадлан хийлгэх хүсэлтийг гаргасан юм. Экспертийн магадлалаар тус барилгын төсвийн үнийн дүн 344,246,709 төгрөг байхаар магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Гэтэл захиалагч байгуулагаас дээрх үнийн дүнгийн илэрхий зөрүү байсаар байхад зориудаар төсвийн тооцооллыг багасган тооцож, улмаар Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийг 129 791 740 төгрөгөөр тооцон тендер зарласан гэдэг нь сүүлд мэдэгдэж манай байгууллагад их хэмжээний хохирол учирлаа. Энэ хохирлоос болж манай байгууллага их хэмжээний өрийн сүлжээнд өртөж улмаар цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Улмаар манай тусгай зөвшөөрлийг төрийн байгуулагаас түдгэлзүүлсэн нь цаашид ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна.
Захиалагч тал нь анх тендер зарлахдаа барилгын зураг төсвөө барилгын хөгжлийн төвийн хянан магадлагаагаар оруулаагүй, зураг төсөв гаргахдаа зориудаар үнийн дүнг бууруулж тендер зарлан улмаар манай байгууллагатай гэрээ байгуулсан нь захиалагч бодит байдлыг илтэд бууруулсан буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул захиалагч талаас гэрээ байгуулахад шаардагдах зураг, төсвийг буруу хийлгэсний улмаас байгууллагад 209994168 төгрөгний хохирол учраад байна. Манай байгууллага нь Заг сумын Засаг даргын тамгын газрын барилгын өргөтгөлийн ажлыг 68 хувийг гүйцэтгэж одоогийн байдлаар 170-180 сая орчим төгрөгийг тус барилгад оруулчихаад байна. Энэ хохирлыг манай байгуулага нь захиалагч талыг гэрээ байгуулахдаа мэдэгдэх боломжтой мэдээллийг илтэд бууруулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгаа бөгөөд мөн захиалагч тал өөрт заагдсан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Иймд Барилгын ажлын хохирол болох төсвийн үлдэгдэл үнэ 209994168 хоёр зуун есөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран найман төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Тендер зарлагдаж уг тендерт бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед цахим хэлбэрээр тендер зарладаг болоод удаагүй байсан юм. Тухайн тендер зарлагдах үед би Баян-Говь суманд ажлаар явж байсан. Тэр үед манай компанийн нягтлан тендерт бичиг баримтаа бүрдүүлж үнийн саналаа өгсөн байдаг. 2016 оны 08 дугаар сард тендерт манай компани шалгарсан байсан. Уг тендерт шалгараад хэнтэй гэрээ хийгдэх нь мэдэгдэхгүй байсаар 2016 оны 09 дүгээр сарын 05-нд Заг сумын Засаг даргатай очиж гэрээ байгуулсан. Тээврийн зардал нь бага төсөвлөгдсөн байсан болохоор манай компани орон нутгаас блок авъя гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл орон нутгийн блок чанар муутай. Баянхонгор аймгаас блок татуулна гэдэг санал тавьсан. Тэгээд Баянхонгор аймагт манай компани 2016 оны 10 дугаар сарын 04 ний өдөр хүртэл өөрсдөө блокныхоо 50 хувийг бэлдсэн. Гэтэл бэлдсэн блок маань хатаагүй байсан учраас өөр газраас блок авъя гээд өөр газраас ханын материалаа аваад. 70-80 тооны ачааг Заг суманд хүргүүлсэн. Манай компани 2016 оны 10 дугаар сарын 04 ний өдөр барилгын ажиллаа эхэлсэн. Намар анх ажил хийхэд манайд 98,000,000 төгрөг өгсөн ханын угсралт, төмөр дээвэр, цонх, гадна талын хаалга гээд иймэрхүү ажлуудыг хийсэн. 2016 онд нийтдээ 136,970,000 төгрөгний зардал орсон. Үүнээс материалын зардал 84,447,000 төгрөгийн зардал орсон. Ажлын хөлсөнд 26,000,000 төгрөгийн ажлын хөлс гарсан байсан. Төсөв дээрээ материал нь 81,000,000 төгрөг гээд ажлын хөлс нь 11,000,000 төгрөг гэсэн байдаг. Ингээд ерөнхийдөө зөрүү гараад эхэлсэн. 2017 оны 04 сард ажлаа эхлэхдээ Засаг дарга болон хурлын даргатай нь уулзаж тайлбар хийсэн. Энэ тайлбар мэдэгдэлдээ барилгын ажлын зардал энэ шатандаа явж байхад иймэрхүү зардал орчихлоо одоо ийм зардал гарж байж ажлаа хийх боломжтой байна. Манайх өр тавиад ажиллаж байна гэдэг талаар хэлсэн. Гэтэл ажиллаад явж байх хооронд газрын албанд барилгын тендер зарлагдсан, зураг төсөл нь яаж хийгдсэн талаар мэдсэн хүн байгаагүй. Манайхыг үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага тавьсан. Танай байгууллага хөрсний судалгаа хийгдээгүй газар барилгын ажил явууллаа, энэ барилга дээр давхарлаж барилга барьж болох юм уу үгүй юм уу энэ талаар судалгаа хийгдээгүй ажлаа зогсоо гэдэг байдлаар хандсан. Би 2 өдөр ажлаа зогсоосон. Сумын засаг даргаас асуутал Баянхонгор аймгийн засаг даргатай ярьсан ажлаа явуулж болно гэсэн. 2017 онд Заг сумаас 17,000,000 төгрөгний санхүүжилт өгсөн. Бусад материал зүйлсийн өр тавиад явуулсан. Би 2017 онд нийт 44,511,000 төгрөгний ажлууд хийсэн. Гадна фасадны ажил 70 хувьтай хийгдсэн. Дотор ханын өрлөг хийгдсэн. Заслын ажил хийгдсэн байгаа, тогны монтажны ажил хийгдсэн, шал, шат гээд ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Хийж гүйцэтгээд манай компани нь өрийн хуримтлалтай болсон байдаг. 2017 оны 07 сард ажлаа зогсоосон. Тухайн үед орон нутгийн өмчийн газраас над руу утсаар яриад ирж уулз гэсэн. Би очиж уулзсан. Манай компанийн нэр дээр батлагдсан 51,000,000 төгрөг улсын төсвөөс батлагдсан байсан. Үүнийгээ манайд өгсөн нэрээр гаргасан байсан. Дахин санхүүжилт хийхгүй дээрээс нь 50,000,000 төгрөг нэмүүлж авчихаад одоо дахин санхүүжилт дутлаа гэдэг байдлаар хандлаа гэсэн. Би санхүүжилт аваагүй талаараа мэдэгдсэн нотлох баримт өгсөн. Тухайн үед би Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналт. Хөгжлийн бодлогын хэлтэс гээд холбогдох байгууллагуудад хүсэлт өгсөн байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтүүдээ өгсөн. Хууль зүйн хэлтэс дээр 5 газрын нийлсэн хурал болсон. Тухайн хурал дээр Г дарга, Дуламсүрэн даргатай ярьсан байдаг. Тухайн хурал дээр энэ хэдэн төгрөгөнд баригдахаар барилга, зураг төсөл нь үнэн байна уу худлаа байна уу 124,000,000 төгрөгөнд багтахаар байна уу гэдэг талаар хүсэлт явуулахаар болж, Г даргын хүсэлтээр хүсэлт явуулж уг дүгнэлтийн хариу ирсэн. Тэр дүгнэлтийг хүсэлттэй хавсарган Заг сумын Засаг даргад хүсэлт явуулсан. Миний явуулсан хүсэлтээс татгалзсан хариуг хэлсэн. Түүнээс хойш холбогдох бүх хүнтэй уулзахад зөвшилцөлд хүрч чадахгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах зүйл алга энэ ажлын асуудлаас болж манай компани үйл ажиллагаа зогссон байгаа. Үүнийг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
Заг сумын Засаг даргын тамгын газрын өргөтгөлийн ажлыг сонгон шалгаруулах тендер нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан.Үнэлгээний хорооны 2016 оны 08 сарын 29-ны өдрийн 78 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2016 оны 09 сарын 05-ны өдрөөс Сумын засаг даргын тамгын газар гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж эхэлсэн.2016, 2017 онд дулааны улиралд ажлыг гүйцэтгэж байгаад 2017 оны 7 сарын 05-с ажил зогссон.Дээрх хугацаанд нийт санхүүжилт 124252541 төгрөг байснаас 12060000төгрөгийг авсан, үлдэгдэл 3652541 төгрөг байна.
Зураг төсөв тооцооллын хувьд санаатай илүү тооцсон зүйл байхгүй. Хөх бүрдний чулууд ХХК тендерт орохдоо өөрсдөө тооцооллоо нарийн хийж орох ёстой, хийж чадна гэж орж ажил авчихаад гүйцэтгэлгүй 2 жил гаруй манай байгууллагыг хохироож байна. Ажил гүйцэтгүүлэх талаар манай байгууллага Шүүхэд хандан албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг 2018 оны 06 сарын 11-нд гаргуулсан.Тендерт шалгарч гэрээ байгуулсан тул 2018 оны 8 сард багтаан ажпаа гүйцэтгүүлэх шаардлагатай байна. Манай байгууллага өгөх ёстой мөнгөө өгсөн , нэмж төсөв мөнгө өгөх боломжгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Заг сумын Засаг даргын тамгын газар нь ахмадын өрөөний өргөтгөл хийлгэхээр зураг төслийг хийлгэсэн. Энэ зураг төслийг Баянхонгор аймагт байдаг Цэсда гэдэг компаниар хийлгэсэн. Үүний дагуу Заг сумын тамгын газрын засвар, ахмадын өргөөний өргөтгөлийг бүрэн хийлгэх талаар Баянхонгор аймгаас мөнгийг нь шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт тавьж байсан. Зураг төслийг үндэслээд Баянхонгор аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас энэ мөнгө нь гарч, шийдэгдсэн төсөв нь 129,000,000 төгрөг байсан. Үүний дагуу тендер зарлагдаад Хөх бүрдний чулууд ХХК-д орж манай дээр уг үнэлгээний хорооны зөвлөмж нь 2016 оны 08 дугаар сарын 29 ний өдөр ирсэн. Энэ зөвлөмжид энэ ажлыг хийхээр нэг компани үнийн санал оруулж ирсэн, зөвшөөрсөн зөвлөмж ирсний дагуу Заг сумын Засаг дарга гэрээг баталж, Д.Г миний бие гэрээг хийсэн байгаа. Уг компани нь 2016 оны 09 дүгээр сарын 05 ны өдөр гэрээ байгуулж. Түүнээс хойш ажиллаа хийж гүйцэтгэж байгаад 2007 оны 07 дугаар сарын 04 нд ажил зогссон. Уг компани нь тендерт орохдоо үнийн саналаа 5,000,000 төгрөгөөр бууруулж орж байсан. Уг компани нь 124,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж гэрээнд зааснаар ажлын гүйцэтгэлээс хамаарч 65 , 25 хувиар тооцож олгоно. Ажил гүйцэтгэсний дараагаар 10 хувийг олгоно гэж заасан байдаг. Гэтэл манайх ажлын гүйцэтгэл 65 хувьтай байхад нь төсвийн 90 хувийг олгосон байсан. Энэ нь санхүүгийн гүйцэтгэлийн газраас зөрчил болж яригддаг танай компани ажлаа гүйцэтгүүлээгүй байж мөнгийг илүү олгосон гэдэг асуудал яригддаг. Ажлаа хиймээр байна гээд шалтаг шалтгаан тоочоод байхаар нь мөнгийг нь цувраагаад өгөөд байсан. Манайхыг мөнгө өгөхөд нэхэмжлэгч тал ажлаа хийдэг. Дараа нь мөнгө дууссан гээд ажлаа зогсоодог. Ажлаа гүйцэтгэхгүй байхаар нь манай талаас шүүхэд хандаж, шүүхээс албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж өгсөн. Зураг төслийг хийж гүйцэтгэж байхад бага төсвөөр хийж өгөөч гэж манайхаас нөлөөлөөгүй. Ахмадын өргөөтэй болмоор байна үүний зураг төслийг хийж өгөөч гэж барилгын зураг төслийг өгсөн. Санаатайгаар ийм зүйл хийгээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Төсвийн тооцооллын нэгтгэлийг гаргаж өгсөн, задгай төсөв нь мөн байна. Тендерт оролцдог гол зарчим нь аж ахуйн нэгж энэ ажлыг ямар зардлаар хийж гүйцэтгэх боломж байгаа талаар тооцооллоо бүрэн гаргаж өөрсдийнхөө тооцоололтой үнийн санал гардаг. Энэ компани өөрсдөө тооцооллоо гаргаж хүлээн зөвшөөрч энэ ажлыг хийж чадна гэсэн. Дараагаар нь мөнгө дутлаа гээд манайхаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Манай талаас мөнгө гаргаж өгөх боломжгүй. Орон нутгийн хөгжлийн сангаас манайд 124,000,000 сая төгрөг өгсөн. Манай байгууллагаас 209,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэтэл манай тамгын газрын жилийн төсөв 200,000,000 гардаг төгрөг байдаг. Өөр орон нутгийн хөгжлийн сан ямар нэгэн сан байдаггүй. Уг компаниас манай төлсөн мөнгөнөөс илүү зардал мөнгө гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхаас мөнгө авсан үедээ бараа татаж ажлаа хийж байгаад мөнгө чинь дууссан гээд ажиллаа зогсоодог учраас илүү зардал мөнгөөр хийж гүйцэтгэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зураг төсвийн асуудлыг зураг төсөл хийсэн компани мэдэж байгаа байх манайхаас нөлөөлсөн зүйл байхгүй. Мөн энэ ахмадын өргөөний ажил цагтаа хийгдээгүй байгаа нь манайд хохиролтой байгаа. Ахмадын тухай хуульд заасан заалтууд байдаг. Ахмадуудыгаа дэмжих, талаар маш олон зүйлийг тусгасан байдаг. Тэдгээрийг хэрэгжүүлэх байсан одоо болтол энэ ажил хийгдээгүй. Ахмадын хуульд бүх шатны Засаг дарга нарын хүлээх үүрэг байдаг. Хийгдээгүй байгаа нь хүндрэл гарч байна. Мөн тамгын газрын байр нь маш хүрэлцээгүй байдаг. Энэ өргөтгөл нь хийгдсэн байсан бол ажилтнуудын ажиллах нөхцөл сайжрах байсан. Өнөөдрийн байдлаа Заг сумын тамгын газарт нэг өрөөнд 6-7 хүн сууж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд цагт тухайд нь хүртээмжтэй хүргэх ажил маань 3 жилээр хохирч хүндрэл учирч байна. Сумын засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмадуудын өргөөг барьж ахмад нарынхаа эрүүл аюулгүй байдлыг хангана гэж заасан байдаг. Иймд манай үйл ажиллагаа болон бусад төрийн үйл ажиллагаанд саад учирч байна. Гэрээнд заахдаа 124,000,000 төгрөгөөр энэ барилгын ажлыг бүрэн гүйцэд хийжөгч 2017 оны 07 дугаар сарын 01 ний өдөр гэхэд гүйцээж өгнө гэсэн энэ үүргээ биелүүлээгүй. Энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК нь хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой 209 994 168 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ахмадын өргөөний өргөтгөл засварын гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч Хөх бүрдний чулууд ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын конторын нэг давхар барилгыг давхарлаж хоёр давхар болгож өргөтгөх/хоёр давхарыг ахмадын өргөөний зориулалтаар ашиглах/, засварлах ажлыг нийт 124 252 541 төгрөгөөр гүйцэтгэж дуусгах, захиалагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар нь санхүүжилт хийж хөлсийг төлөхөөр тус тус тохиролцжээ./1-р хх-ийн 14-17-р тал/
Ажил гүйцэтгэх явцад уг гүйцэтгэж буй ажилтай холбоотойгоор талууд тохиролцон 2 удаа нэмэлт гэрээ байгуулсан талаар зохигч маргаангүй, уг нэмэлт гэрээнүүд хэрэгт авагдаагүй байна.
Уг нэмэлт гэрээгээр 2016 оны 10 дугаар сард уг барилгын гадна талд хөөсөн фасат дулаалга хийх ажлыг 5 000 000 төгрөгийн хөлсөөр, 2017 оны 04 дүгээр сард өрөө тусгаарлах, өөрчлөх ажлыг 5 000 000 төгрөгийн хөлсөөр тус тус хийхээр тохиролцож, уг нэмэлт ажлын хөлс 8 500 000 төгрөгийг захиалагч төлж, үлдэгдэл 1 500 000 төгрөг болохыг зохигч тайлбарлаж, энэхүү нэмэлт гэрээний талаар маргахгүй байна./шүүх хуралдааны тэмдэглэл, 2-р хх-ийн 49-52-р тал/
Харин гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэх ажлын төсөв илт зөрүүтэй нэмэгдсэн шалтгаанаар гүйцэтгэгч талын ажил зогссон, хийж гүйцэтгэсэн ажлын бодит зардал нийт төсвөөс хэтэрсэн, цаашид хийж гүйцэтгэх ажилд хүрэлцэхгүй болсон, энэ нь барилгын ажлын зураг төсвийг буруу гаргасан, зураг төсөлд магадлал хийлгэх үүргээ захиалагч биелүүлээгүйгээс үүдэлтэй талаар тайлбарлаж, хариуцагч тал тендер шалгаруулахад хийж гүйцэтгэх боломжтой гэж үзэж үнийн саналаа ирүүлсэн учир нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төсөвт багтаан ажлыг гүйцэтгэх үүрэгтэй хэмээн мэтгэлцэж байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан учир зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Захиалагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар нь уг барилгын ажлын зураг төсөл болон зураг төсвийг ЦЭСДА ЗБН байгууллагаар гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан барилгын ажлын зураг, барилгын ажлын зураг төсөв, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх зарчмыг баримтална гэж заасан бөгөөд уг гэрээний зүйл болох барилгын өргөтгөл, засварын ажлын зураг төслийг захиалагч тал ЦЭСДА ЗБН байгууллагаар гүйцэтгүүлжээ./1-р хх-ийн 101-144-р тал/
Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт магадлал хийлгэнэ, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.10 дахь хэсэгт заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах зэрэг захиалагчийн хүлээх хуульд заасан үүргийг биелүүлээгүй нь шинжээчийн дүгнэлт, гэрүүдийн мэдүүлэг, бусад хэрэгт авагдсан баримт, тайлбаруудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 222-225, 238-240, 244-247-р тал, 2-р хх-ийн 37-41-р тал/
Захиалагч талын хуульд заасан хүлээх үүрэг болох барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүйгээс, гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдсэн нөхцлийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний талууд болох гүйцэтгэгч, захиалагч нар нь уг гэрээнээс татгалзсан, цуцлах санал гаргасан зүйлгүй, харин гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлэхэд нэмэгдсэн хөлсийг гаргуулах харилцаанд үл ойлголцжээ.
Захиалагчийн бусдаар гүйцэтгүүлсэн өргөтгөлийн ажлын барилгын зургийн нийт төсөвт өртөг 129 791 740 төгрөг боловч гүйцэтгэгчийн тендерт оролцохдоо гаргасан үнийн санал 124 252 541 төгрөгийн өртөгт багтаан гэрээг байгуулсан, хожим гэрээ байгуулсны дараа захиалагчийн хуульд заасан үүргийн дагуу хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлтээр дахин зураг төсвийг гүйцэтгүүлэхэд нийт өртөг 344 246 709 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1-р хх-ийн 73-79, 148-182-р тал, 2-р хх-ийн 139-140-р тал/
Гүйцэтгэгч нь барилгын ажлын зураг төсөв буруу тооцоологдсон, хууль зөрчсөн, зураг төсөл баталгаажаагүй шалтгаанаар хөлс, санхүүжилтээ нэмүүлэх талаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус сумын Засаг дарга, гэрээний нөгөө талтай уулзаж мэдэгдсэн гэх бөгөөд талууд 2017 онд уулзаж ярилцан Барилга хот байгуулалтын яаманд хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтож, улмаар захиалагч талын хүсэлтээр Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 975/2017 дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан дүгнэлт, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 203, Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн албан бичгүүд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна./1-р хх-ийн 18-33-р тал,37-38-р тал/
Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын Тамгын газрын Баянхонгор аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар албан бичигт...гэрээ байгуулж ажил эхэлсэн. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай, төсвийн тооцооллоос шалтгаалан, санхүүжилт нь хүрэхгүй ажил зогсоод байна. Иймд энэхүү барилгын төсөвт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж өгнө үү, Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн албан бичигт Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрын ахмадын өргөөний өргөтгөлийн ажилд төсвийн зөрүү гарч байгаа тул төсвийн магадлал хийж өгнө үү гэснээс харахад төсөв нэмэгдсэн нөхцөл байдлыг захиалагч тал мэдсэн атал гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, холбогдох байгууллагад төсвийн тооцоолол хийлгэх хүсэлт хүргүүлж дүгнэлт гаргуулсан зэрэг нь уг төсөв нэмэгдсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 975/2017 дүгнэлтэд нийт төсөвт өртгийг 344 246 709 төгрөг гэж дүгнэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамж гарч шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоог томилж, шинжилгээний дүгнэлт гаргуулсан байна.
Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр анхны төсөвт тусгагдсанаар 124 252 541 төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөгдсөн ажлын нийт төсөв 337 635 282 төгрөг болох нь тогтоогдсон байна./2-р хх-ийн 35-95-р тал/
Шинжээчийн дүгнэлтэд уг ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 337 635 282 төгрөгийн төсөв шаардлагатай, хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг 196 249 994 төгрөг, хийж гүйцэтгэж дуусгахад шаардагдах нийт төсөв 141 385 288 төгрөг, захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.10-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх, заалтыг зөрчиж магадлал хийлгээгүй зураг төслөөр барилгыг эхлүүлсэн, Барилга эхэлснээс хойш 1 жил гаруй хугацааны дараа дүгнэлт гаргуулсан зэргээр Барилгын тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, захиалагч тал үүргээ биелүүлээгүй байна...гэж дүгнэжээ.
Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр гарсан нийт төсвийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын зардалтай холбоотойгоор тээврийн зардал, барилгын материал худалдан авсны зардал, ажилчдын цалингийн баримтуудыг гарган өгөхдөө дээрхи зардлуудын хэсгээс гаргаж өгсөн гэж тайлбарлаж, тооцооллыг нарийн тооцож гаргаагүй учир шүүх уг баримтуудад дүгнэлт хийх боломжгүй юм./2-р хх-ийн 110-138-р тал/
Хариуцагч, захиалагч тал нийтдээ 125 190 000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн гэж тайлбарлаж, үүнийг нэхэмжлэгч, гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч, маргаангүй байна. /хэрэгт 30 000 000 төгрөг, 3 500 000 төгрөгийн гүйлгээний баримт авагдсан, 1-р хх-ний 72-р тал/
Иймд шүүх ахмадын өргөөний өргөтгөл, засварын ажлыг хийж гүйцэтгэх нийт төсөв 337 635 282 төгрөг гэж үзэж, үүнээс захиалагчийн гүйцэтгэгч талд шилжүүлсэн 125 190 000 төгрөгийг хасч зөрүү 212 445 282 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх боловч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 209 994 168 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК-д холбогдуулан тус шүүхэд Барилгын засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШЗ2017/00864 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг захирамжид үндэслэн албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх баримт бичиг бичигдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 70-71, 92-94-р тал/
Дээрхи эвлэрлийн гэрээгээр ...2017 ондоо багтаан засварын зарим ажлыг, 2018 оны 3 сараас бусад ажлыг/дулааны улиралд/гүйцэтгүүлэхээр/...тус тус эвлэрэн хэлэлцсэн байх боловч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох хянан хэлэлцэж байгаа маргаан, барилгын ажлын хөлсний талаар эвлэрээгүй, шийдвэрлээгүй байна гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 208 000 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1 208 000 төгрөг, шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 2 860 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК-д олгох нь зүйтэй./2-р хх-ийн 29-35-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас Ажил гүйцэтгэх гэрээний дагуу, гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой 209 994 168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 208 000 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1 208 000 төгрөг, шүүхийн зардал/шинжээчийн ажлын хөлс/2 860 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөх бүрдний чулууд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА