Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э*******т холбогдох эрүүгийн 2215000000289 дугаартай, 163/2023/0004/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******ын Э*******, Орхон аймгийн ******* суманд 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Орхон аймгийн ******* сумын ******* багийн 4 дүгээр байрны 45 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ил уурхайн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтанд багтсан Тул загасыг тээвэрлэж амьтны аймагт 211.000 төгрөгийн шууд хохирол, 422.000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000289 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутгаас ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтанд багтсан Тул загасыг Орхон аймгийн ******* сум руу тээвэрлэж байгаль экологид буюу амьтны аймагт 211.000 төгрөгийн шууд хохирол, 422.000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: Уг газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг тус сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийшээ 2 км яваад элсэн тохой гэх газар байх ба уг газрын албанд ашиглагдаж байгаа German маркийн GPS төхөөрөмжөөр уртраг, өргөрөгийг хэмжихэд N49022027,4; E102038052,3 гэж зааж байв. Тул загас байсан гэх газрыг Б.Э*******аар заалгуулахад уг цэгт байх хайлаас модыг зааж байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7 дахь тал/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн: Mejiestic S610ML-28 Shimano гэсэн бичигтэй, үйсэн бариултай, Iron man 300 гэсэн бичигтэй хар хөх өнгийн дамартай, уг дамар дотор цагаан өнгийн сатурк утас дүүрэн ороосон, улаан хар өнгийн загасны уурга байв. Уг уурганы урт нь 2.30 см. Уг уурганы үзүүр хэсэгт дэгээ хийхэд зориулагдсан гогцоо бүхий төмөрийг сатуркан утсанд холбож байрлуулсан байна. Legend Spin ML LIBAO, Carbon гэсэн бичигтэй үйсэн бариултай хар ногоон өнгийн загасны уурга байв. Уг уурга нь Trulinova гэсэн бичигтэй хар улаан өнгийн гамартай байх ба улаан өнгийн сатурк утастай байв. Уг уурганы урт нь 2.10 см урттай байна. Уурганы үзүүр хэсэгт дэгээ хийхэд зориулагдсан цагаан өнгийн төмөр гогцоотой байх ба уг гогцоонд улаан өнгийн сатуркан утсыг холбож байрлуулсан байна. 180 гэсэн бичигтэй хуучин хар өнгийн уутанд LQED CARBON FISHING ROD гэсэн бичигтэй хар улаан өнгийн уургыг голоор нь салгаж хийсэн байна. Уг уурганы урт нь 82 см, үзүүр хэсгийн урттай нийлээд 84 см байна. Ямар нэгэн содон шинж тэмдэггүй хуучин хар өнгийн 6 см радиустай, бөөрөнхий саванд хар өнгийн ямар нэгэн бичиггүй эвхэгддэг уурга байв.

Гадна талдаа Dell гэсэн бичигтэй, хуучин гадна тал нь бохирлогдсон, дээд талдаа бариултай, нийт 3 ширхэг цахилгаантай буюу тасалгаатай хар өнгийн гар цүнх байна. Уг цүнхний эхний цахилгааныг нээж харахад 3.20 см урттай цагаан өнгийн уяа байв. Хоёр дахь онгорхой цахилгаанд бариул хэсэг дээрээ ZERO error гэсэн бичигтэй, хар өнгийн хуйтай хутга, саарал өнгийн жижиг хуванцар саванд загас барихад зориулагдсан өгөөш халбагууд, хоёр талаасаа онгойдог 29 см урттай, 19 см өргөнтэй цагаан өнгийн хуванцар таглаатай шар өнгийн загасны өгөөш хийх зориулалттай савны нэг талд нь загас барихад зориулагдсан жижиг загасны дүрс бүхий өгөөш нийт 4 ширхэг байв. Уг савыг эргүүлэн нөгөө талын таглааг онгойлгоход жижиг загасны дүрс бүхий 4 ширхэг загасны өгөөш байв. Цагаан энгийн жижиг саарал савыг онгойлгоход дотроо 6 тасалгаатай байх ба 11 ширхэг хүндрүүлэгч тугалга, 7 ширхэг жижиг дэгээ байх ба мөн 3 ширхэг жижиг цагаан өнгийн савыг гарган харахад жижиг хэмжээтэй дэгээнүүд, бөөрөнхий хүндрүүлэгч тугалга, дөрвөлжин хүрэн өнгийн саванд шавьжны дүрс бүхий 9 ширхэг жижиг өгөөшүүд, саарал өнгийн дамар нэг ширхэг, шар өнгийн цаасны хутга, улаан цагаан өнгийн хөвүүр 3 ширхэг зэрэг эд зүйлс байв. Ногоон өнгийн мяндсан шуудай байх ба уг шуудайн доторх зүйлсийг гарган харахад 2 ширхэг сатуркан загасны тор байв. Уг торыг орооцолдуулан бөөгнүүлэн шуудайнд чихэж хийсэн байх ба орооцолдоог тайлан дэлгэж хэмжихэд. Ирмэг хэсгээр нь тойруулан хар өнгийн хаймер гүйлгэсэн торны урт нь 13 метр байх ба уг торны ирмэгээс шар өнгийн нарийн уяа залгаж уясан байв. Уг шар өнгийн уяаны урт нь 28 метр байв. Цэнхэр өнгийн хөөсөн хөвүүрүүд хийсэн загас агнахад зориулагдсан цагаан өнгийн сатуркан загасны торнй урт нь 16 метр байна. Уг шуудайн дотор доод хэсгээрэй бохирлогдсон ногоон өнгийн шуудай нэг ширхэг байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

3. Загасанд үзлэг хийсэн: Уг загас гэх зүйл нь цагаан болон хар өнгийн гялгар уутанд давхарлаж хийсэн байх ба уутыг нээж харахад хөлдсөн байв. Урт нь 42 см, өргөн нь 13 см, толгойноос заламгай хүртэлх хэмжээ нь 15 см, жин нь 4.254 кг нуруун дээрх сэрвээний ар хэсгээр огтолж хуваасан загас байв. Уг загас нь хар өнгийн цэгэн толбонуудтай байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 19-28 дахь талы/,

5. Иргэний нэхэмжлэгч Ж.Агийн өгсөн: Хэн нэгэн буруутай этгээдээс байгаль экологид болон амьтны аймагт учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийн дагуу төлбөрийг барагдуулан авмаар байна. Өөр гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

6. Гэрч Д.Нгийн өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зоон давааны хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 15 цагийн үед Зоон давааны хяналтын постоор дамжин өнгөрөх гэж байсан ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэлийг зогсоон шалгахад багааж хэсэгт нь нэг ногоон өнгийн шуудай байсан. Тухайн шуудайг жолооч Э******* гэх залуугаар онгойлгуулан үзэхэд нэг ширхэг тал загас гарч ирсэн. Тухайн загасны хэлбэр хэмжээ нь их том харагдсан учраас цагдаагийн газарт авчирч шалгуулахаар авч ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

7. Гэрч Б.Эгийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед эхнэр Б.Н, найз Э******* нарын хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу явсан. Тэгээд бид гурав явсаар байгаад шөнө цагийн сайн санахгүй байна. Хутаг-Өндөр сум руу ороод Сэлэнгэ гол дээр очоод Э******* бид хоёр уурганд халбага хийгээд загас барихаар гол руу шидсэн чинь загас баригдахгүй байсан. Тэгээд бид нар голын дэргэд машин дотроо унтаж амарсан. Хэдэн цагт унтаж амарсанаа сайн мэдэхгүй байна. ...Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө босоод цай хоол хийж идчихээд 12 цагийн үед байх Орхон аймаг руу гэрлүүгээ харих гэж яваад аймгийн төвийн ард байдаг замын цагдаагийн постны хажуугаар гарах гэсэн чинь замын цагдаа бид нарыг зогсоож шалгаад цагдаагийн газар дээр авчирсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

8. Гэрч Б.Нын өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүтэн сайн өдөр би Орхон аймгаас таксинд суугаад өдрийн 13 цагийн үед Булган аймаг орж ирээд эмнэлэгээр явж үзүүлсэн юм. Тэгээд үдээс хойш 15 цаг өнгөрч байхад үзэх эмч нь ирэхгүй, таныг үзэх боломжгүй байна гэхээр нь буцаад гэрлүүгээ явах гээд нөхөр Э рүү залгасан нөхөр маань найз Э*******тай хамт Хутаг- Өндөр сум орчихоод буцаад Булган аймаг орж ирж байна гэхээр нь түр хүлээж байгаад уулзаад бид гурав хамт Орхон аймаг руу явж байхад постон дээр цагдаа зогсоон шалгаад зөрчилтэй байна гээд Булган аймгийн цагдаагийн газар руу авч ирсэн. Ийм л асуудал болсон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

9. Шинжээч Г.Б*******ын гаргасан: Шинжилгээнд ирүүлсэн загас нь Хулд овгийн тул загас мөн байна. Уг загасыг дэгээ ашиглан агнасан байна. Уг амьтны зүүн дээд завжинд дэгээ орсон шарх байна. Уг загасыг 2022 оны 09 дүгээр сараас хойш агнасан байх боломжтой. Уг загас нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Монгол улсын улаан номонд орсон. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу 1 ширхэг тул загас 211.000 төгрөгийн үнэлгээтэй, 2 дахин өсгөн тооцоход 422.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/,

10. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 222041 дугаартай: ******* улсын дугаартай, сувдан цагаан өнгийн ******* загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6.869.304 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-75 дахь тал/,

11. Яллагдагч Б.Э*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой өөрийн ******* улсын дугаартай ******* загварын машинаа унаад өөрийн найз Б.Эг аваад орой 21 цаг өнгөрч байхад Орхон аймгаас гарч шууд Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу амрахаар явсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад Хутаг-Өндөр сумын хойд засмал замаар явж байгаад засмал замаас салж Сэлэнгэ голын эрэг дээр очсон. Тэгээд гадаа цас ороод хүйтэн байсан учраас машин дотроо найзтайгаа хоносон. Тухайн үед манай найз Э ганцаараа архи уугаад байсан. Харин бид хоёр хэсэг байж байгаад унтаж амарсан. Өглөө 10 цагийн үед босоод цай унд хийж ууж амарч байгаад голын эргээр бид хоёр алхсан. Тухайн үед манай найз гол руу загас барихаар дэгээ шидэхээр алхаж байсан. Э биедээ нэг шил архитай явсан. Тэр архинаасаа бие муу байна гээд ганцаараа уугаад явсан. Тэгээд нилээд хамт явж байгаад найз Э загас баригдахгүй байна гээд буцаад машин руугаа ганцаараа алхаад яваад өгсөн. Би цааш ганцаараа хэсэг явж байхад бургасны ёроолд нэг шуудайтай зүйл байсныг олж харсан. Тэгээд дотор нь юу байгааг харахаар ганцаараа очсон. Би уг шуудайны амыг нээж онгойлгож харахад загасны тор, тал загас байсан. Би тухайн шуудайтай зүйлийг байсан газар нь хөдөлгөөгүй орхисон ба цааш алхаад хэсэг дэгээ шидэж явсан. Тэгтэл ямарч загас баригдаагүй, загас байгаа гэхээр зүйл мэдэгдэхгүй байхаар нь буцаж алхаад явж байхад нөгөө шуудайтай зүйл хэвэндээ байхаар нь ойрхон хүн амьтан орхиж яваагүй юм байхдаа гэж бодоод тухайн шуудайтай юмыг аваад өөрийн машин дээр очсон. Тэр үед манай найз Э машин дотроо ахиад нэг шил архи задлаад ууж байгаад унтаад өгсөн байсан. Тэгэхээр нь тухайн шуудайтай зүйлээ машиныхаа тэвшинд хийгээд хэсэг амарч байгаад оройн хоолоо идээд унтаж амарсан. Тухайн үед манай найз унтаад л байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед босоод амарч байгаад 12 цагийн үед гэрлүүгээ буцаад явсан. Тэр үед манай найз архи олон хоног уусан болохоор бие өвдөөд байна, дотор муу байна гэхээр нь шар тайлж өгөх гээд нэг архи задлаад өгсөн. Тэр архинаас ганцаараа 3 хундагыг уугаад эргээд согтоод унтаад өгсөн. Тэгээд Эрдэнэт рүү явж байгаад Булган аймгийн Зоон давааны замын цагдаагийн хяналтын постон дээр ирэхэд цагдаа зогсоож шалгаад зөрчилтэй байна гээд цагдаагийн газарт авч ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

40 см урттай тал хуваасан тул загас 1 ширхэг, хар улаан өнгийн 1 ширхэг загасны уурга 1 ширхэг, хар ногоон өнгийн загасны уурга 1 ширхэг, хар өнгийн бөөрөнхий савтай 2 ширхэг загасны уурга, 29 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн шуудайтай 2 ширхэг загасны тор, шар өнгийн 28 метрийн урттай уяа, 2 ширхэг шуудай, загасны өгөөш хийх шар цагаан өнгийн дотроо нэг талдаа 10 ширхэг тасалгаатай нийт 8 ширхэг загасны өгөөш бүхий хуванцар сав зэргийг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Ж.А, гэрч Д.Н, Б.Н нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ болон нөхөн төлбөр тооцсон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт, тээврийн хэрэгсэлд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай тал хуваасан тул загас 1 ширхэг, хар улаан өнгийн 1 ширхэг загасны уурга 1 ширхэг, хар ногоон өнгийн загасны уурга 1 ширхэг, хар өнгийн бөөрөнхий савтай 2 ширхэг загасны уурга, 29 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн шуудайтай 2 ширхэг загасны тор, шар өнгийн 28 метрийн урттай уяа, 2 ширхэг шуудай, загасны өгөөш хийх шар цагаан өнгийн дотроо нэг талдаа 10 ширхэг тасалгаатай нийт 8 ширхэг загасны өгөөш бүхий хуванцар сав зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтанд багтсан тул загасыг тээвэрлэж амьтны аймагт 211.000 төгрөгийн шууд хохирол, 422.000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Э*******ын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31ий өдрийн гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.Э*******ын тээвэрлэж явсан дээрх эд зүйл нь ховор амьтны жагсаалтад багтсан Тул загас болох нь тогтоогдсон.

Монгол улсын Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4 дахь заалтад ховор амьтан гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад Тул загас /Hucho taimen/ багтаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Э*******ын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 211.000 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 62 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 422.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Б.Э******* нь дээрх хохирол, нөхөн төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 422.000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амтныг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Б.Э******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр  сууринаас тус тус оролцож санал дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгч Б.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 88-93 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн ******* сумын ******* баг, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 45 тоотод амьдардаг, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Ил уурхайн инженер ажилтай, нэр дээр тээврийн хэрэгсэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний нэг хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай цагаан өнгийн ******* загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Э*******ын эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 91 дэх талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон тул, ******* улсын дугаартай цагаан өнгийн ******* загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар улаан өнгийн 1 ширхэг загасны уурга 1 ширхэг, хар ногоон өнгийн загасны уурга 1 ширхэг, хар өнгийн бөөрөнхий савтай 2 ширхэг загасны уурга, 29 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн шуудайтай 2 ширхэг загасны тор, шар өнгийн 28 метрийн урттай уяа, 2 ширхэг шуудай, загасны өгөөш хийх шар цагаан өнгийн дотроо нэг талдаа 10 ширхэг тасалгаатай нийт 8 ширхэг загасны өгөөш бүхий хуванцар сав нь Б.Эгийн эзэмшлийнх бөгөөд шүүгдэгч Б.Э******* нь дээрх эд зүйлийг ашиглан ховор амтныг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарахгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Б.Эд буцаан олгож, 40 см урттай тал хуваасан Тул загасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Б.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амтныг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 эг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Э*******т зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Э*******т хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э******* нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ж.А нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.869.304 /зургаан сая найман зуун жаран есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар улаан өнгийн 1 ширхэг загасны уурга 1 ширхэг, хар ногоон өнгийн загасны уурга 1 ширхэг, хар өнгийн бөөрөнхий савтай 2 ширхэг загасны уурга, 29 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн шуудайтай 2 ширхэг загасны тор, шар өнгийн 28 метрийн урттай уяа, 2 ширхэг шуудай, загасны өгөөш хийх шар цагаан өнгийн дотроо нэг талдаа 10 ширхэг тасалгаатай нийт 8 ширхэг загасны өгөөш бүхий хуванцар сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Б.Эд буцаан олгож, 40 см урттай тал хуваасан Тул загасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ