Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч С.У*******,

шүүгдэгч Х.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б*******д холбогдох эрүүгийн 2215003410012 дугаартай 163/2022/0015/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1967 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Мараат гэх газарт оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 56 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 01-02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт бэр эгч С.У*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003410012 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед мөнгө авах зорилгоор өөрийн төрсөн ах Х.М*******гийн гэрт очиход ах Х.М******* түүний эхнэр С.У*******, Б*******, Х******* гэх нутгийн хүмүүстэй хамт байсан бөгөөд тэдний ууж байсан архинаас Х.Б******* нь 3 хундагыг уугаад, ах М******* нь мөнгийг маргааш тэтгэвэр буухаар өгөхөөр тохиролцож гэрээс гарч явсан байна. Хэсэг хугацааны дараа буюу шөнийн 01-02 цагийн орчимд дахин Х.М*******гийн гэрт очиж, хохирогч С.У*******ыг хэн бэ гээд гэрэл асаах агшинд түүнийг хөлөөрөө өшиглөж түүний биед цээж, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б*******гийн өгсөн: Манай хүү М******* ахынд өвсийг нь хадаж өгсөн юм. Тэгээд 300.000 төгрөг авах ёстой байсан. Хүү маань намайг очоод аваад өг гэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би хүүгийнхээ мөнгийг авах гээд ахынд очиход ах, бэр эгч, манай хамаатан ах, эгч нар архи ууж байсан. Надад 2-3 удаа архи хийж өгсөн. Би тэр архийг нь уучихаад гараад явсан. Явахад намайг хүүгийнхээ дансыг өгөөрэй гэхээр нь би орой өгье гээд гараад явсан. Тэгээд орой нь дансаа өгөх гээд яваад очсон чинь бэр эгч маань согтуу урдаас тонил зайл гээд муухай эвгүй үгнүүд хэлж хөөсөн. Тэгээд хэсэг хэрэлдэж байгаад хажуу талын хашаанд нь байдаг ахындаа орж хоносон. Тэгээд өглөө нь орж уучлалт гуйх санаатай орох гэтэл бас согтуу архи ууцгааж байсан. Тэгэхээр нь би үүдэн дээрээс нь хөдөө гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У*******ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Манай хүүхэд Б*******гийн хүүхэд хоёр өвсний наймаа хийсэн. Бид нарын асуудал биш юм. Би ачийгаа хараад 10 гаруй жил Улаанбаатар хотод байсан. Ах, эгч хоёрыг ирэхээр нь би хоол цай хийж өгч, нэг шил архи гаргаж уугаад сууж байсан. Тэгтэл Б******* согтуу орж ирээд сууж байгаад гарсан. Х.Б******* нь бид нарыг айлгаж ичээж явдаг архины хамааралтай хүн. Манайд ирэхээр нь би байнга хөөж гаргадаг. Орой нь Б*******г орж ирэхээр нь буцаагаад гаргасан. Шөнө 1-2 цагийн хооронд Б******* согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь босоод гэрлээ асаах гээд боссон чинь урдаас цохиод авсан. Тэгэхээр нь би хөл нүцгэн мөлхөж гараад өвөлжөө рүү гарч гүйгээд хүү рүүгээ ярьсан. Тэгсэн Б******* гадуур янхан, банзал авгай ална шудна гээд хашгираад явсан. Б*******г явахаар нь гэртээ орж хоноод өглөө босоод ирэхэд хавирга өвдөөд байхаар нь эмнэлэг дуудсан чинь түргэн ирээд таны хавирга хугарч, нуруу бөөр хөхөрч няцарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Би эмнэлэгт 4-5 хоносон. Манай том хүүгийн эхнэр намайг сахиж 2-3 хоносон. Би 600,000 төгрөгийг хохиролд авсан. Миний эмчилгээний зардалд хүрэхгүй байна. Замын зардал нааш цаашаа явж Эрдэнэт, Булган, ******* сум руу явахаар бензин, замын зардалд хамаг мөнгө зарцуулагдсан. Х.Б******* нь архины хамааралтай. Сумын төвд архи уугаад байж байдаг, сумын төвийн айл өрх Б*******гээс айж байна гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч С.У*******ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт Б*******, Х******* хоёр орж ирээд хөгшин бид хоёр цай хоол хийж өгөөд ганц шил архи задлаад хуваагаад уугаад сууж байсан чинь гаднаас Х.Б******* орж ирсэн. Тэгээд манайд сууж байгаад манай өвгөнөөс нөгөө хүүд маань өгөх өвс хураасны мөнгө 300,000 төгрөгөө авах гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгсэн манай хөгшин маргааш тэтгэвэр бууна, би банкнаас мөнгө аваад өгье чи дансаа өгчих гэж хэлсэн. Тэгсэн Х.Б******* би дансыг нь мэдэхгүй гээд нөгөө бид нарын ууж байсан архинаас 3 татчихаад гараад явсан. Тэгээд манайд хоёр ч удаа орж ирээд орой болж явсан. Хөгшин бид хоёр амраад хэвтэж байсан чинь шөнө одоо цагийг нь сайн санахгүй байна, 00 цаг өнгөрч байсан байх. Хаалга онгойгоод хүн ороод ирсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод хэн бэ гээд гэрэл асаах гээд дөхсөн чинь намайг хөлөөрөө өшиглөсөн. Би ширээний хажуу руу унасан. Тэгсэн тэр хүн Х.Баасансүрэн байсан. Намайг хэл амаар доромжилсон. Би айгаад гараад гүйсэн. Тэрнээс хойш дахин тэр хүн манайд ирээгүй. Тэгээд би эмнэлэгт үзүүлсэн. Одоо би эмчилгээ хийлгэж байгаа. Баруун талын бөөр хавирга хэсэгт нэлээн хөндүүртэй байгаа. Хавирга хугарсан байж магадгүй гэж эмч хэлсэн. Нарийн шинжилгээ аймаг руу явж үзүүлнэ. Би гомдолтой байна. Миний биеийн байдал маш хүнд байна. Би нөхөр М*******гээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тэтгэврийн зээл 3,000,000 төгрөгийг авахуулж хүнд өгөх байсан 300,000 төгрөгийг өгч, үлдсэн мөнгөөр нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, нааш цааш явсан шатахууны зардалд 630,000 төгрөг гарсан. Х.Б******* надад 630,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

2. Гэрч Х.М*******гийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед гэртээ байж байтал манай сумын иргэн Х*******, Б******* хоёр манай гэрт ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр цай хоол хийж өгөөд ганц шил архи гаргаад нөгөөхөө хуваагаад ууж байтал миний төрсөн дүү болох Х.Б******* нь гаднаас орж ирсэн. Тэгээд гэрт орж ирчихээд та манай хүүгээс өвс авсан. Тэрнийхээ мөнгө болох 300,000 мянган төгрөгөө авах гэсэн юм. Би банкны мөнгө төлөх гэсэн мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би Х.Б*******д би маргааш тэтгэвэр буухаар банкнаас мөнгөө авна, тэгээд өгье гэж хэлээд явуулсан. Тэгээд манайд ирсэн хүмүүс бид хэд сууж байгаад тарцгаасан. Би орой үхрээ оруулчихаад унтаад өгсөн. Гэтэл шөнө манай дүү Х.Б******* манай гэрт ирсэн байсан. Манай эхнэрийн хэлж байгаагаар 01-02 цагийн үед орж ирсэн. Тэгээд манай хөгшнийг өшиглөж унагаасан. Тэр үед манай хөгшин гэрээс гарч зугтаасан гэж өглөө нь надад хэлсэн. Тухайн үед манай хөгшний бие зүгээр байж байгаад 2 хоногийн дараагаас гэнэт бие нь муудаад сумын эмнэлгийг дуудаж үзүүлээд тэр шөнө эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмч нарын ярьж байгаагаар баруун талын хавирга хугарсан байх. Яаралтай рентген зураг авахуулах шаардлагатай шүү гэж хэлсэн байсан. Тэр үед биеийн байдал нь жаахан хүнд байсан. Би өөрөө хашаандаа хэдэн үхэртэй болохоор түүнийгээ хараад үлдсэн. Тухайн үед архи уусан байсан гэсэн. Тэгээд зодсон байх гэж бодож байна. Уг нь ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Архи уусан үедээ гаргасан асуудал байх. Тэр үед манай хөгшин бид хоёроос өөр хэн нэгэн хүн байгаагүй. Тухайн үед би нам унтсан байсан. Шөнө согтуу байсан гэж эхнэр хэлсэн. Манай гэрээр хаяа орж гардаг. Яахав сайндах муудах асуудал байдаг. Архи уусан үедээ жаахан аархуу зантай гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

3. Гэрч Ё.Б*******ийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед манай хөгшин бид хоёр айлаас будаа авчихаад гарах гэж байсан чинь С.У******* нь хашааныхаа гадаа зогсож байхад манай хөгшин Х******* хоёулаа ороод гаръя гээд тэднийд орсон. Тэгээд тэндээ цай хоол идэж байгаад нэг шил архи хувааж уугаад тэднийхээс явсан. Тэгээд дахин очоогүй. Тэдний гэрт тэр хоёр хоёулаа байсан. Харин тэднийд сууж байсан чинь гаднаас Х.Б******* орж ирсэн. Тэгээд тэр Х.М*******гээс 300,000 төгрөг авна гэсэн чинь Х.М******* нь маргааш тэтгэвэр буухаар өгье гэсэн чинь гараад явсан. Х.Б******* тэр үед архи уусан байсан. Надад тэгж харагдсан. Маргааш нь би С.У*******тай тааралдсан чинь урд шөнө Х.Б******* намайг зодоод гэж надад хэлсэн. Тэр үед Х.М*******гийн хүү М.Н ирчихсэн байсан. Би тэндээс яваад өгсөн. Өөр зүйлийн талаар мэдэхгүй. Надад С.У******* нь хэлэхдээ баруун талын бөөр рүү өшиглөсөн гэж хэлсэн. Намайг их доромжилсон гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

4. Гэрч М.Нгийн өгсөн: С.У******* нь миний төрсөн ээж юм. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө манай ээжийг гэртээ амарч байхад нь манай аавын төрсөн дүү болох Х.Б******* гэгч нь орж ирээд хэл амаар доромжилж баруун талын бөөр болон хавирган тус газарт нь өшиглөж унагаасан байсан. Энэ талаар би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ээж маань над руу гар утсаараа мессеж бичсэн байсан. Уг мессежийг шөнө 02 цагийн үед бичсэн байсан. Мессежиндээ ээж нь өвөлжөөн дотроо байна. Х.Б******* ах чинь согтуу ирээд агсан тавиад би айгаад хашааныхаа өвөлжөөн дотор нуугдаад зогсож байна гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Тэр мессежийг нь би өглөө хараад шууд гэрт нь яваад очсон чинь ээж надад нөгөө өшиглүүлсэн гэх газраа харуулсан. Тэр газарт нь хөхөрч эхэлсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа гэнэт бие нь муудаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэгдсэн. Одоо биеийн байдал нь тийм сайн биш байгаа. Х.Б******* манай аавын төрсөн дүү нь юм. Х.Б******* ах ээж хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн маргааны асуудал байхгүй. Согтуу байсан гэсэн. Х.Б*******гийн хувийн зан байдал нь архи уудаг. Би боломжтой үедээ архи авч өгдөг байсан. Хувь хүнийхээ хувьд тийм ч муу хүн биш. Сэлэнгэ голын урд эхнэрийнхээ хамт амьдардаг. Ээжийг маань хэл амаар доромжилж айлгасан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

5. Гэрч Х.Ггийн өгсөн: Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой намайг гэртээ байж байхад Б******* гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд М*******гээс өвсний мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Тэр үед би Б*******д чи одоо наад архиа болимоор юм гэж уурласан. Тэгсэн гараад явсан. Тэгээд шөнө буцаад орж ирсэн. Би яг цагийг нь мэдэхгүй байна. Тэр үед орж ирэхдээ С.У******* эгчид хэдэн үг хэлчихээд ирлээ. М******* ах унтаж байгаа бололтой босож ирэхгүй байна гэхээр нь би бас уурласан. Тэр унтаад өгсөн. Тэгээд хэзээ явсан бүү мэд өглөө босоход байхгүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай: С.У*******ын биед цээж, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-нд үүсгэгдсэн байх боломжтой. Цээж, нуруунд үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Цээжний баруун талын арван нэгдүгээр хавирга оношлогдсон нь хуучин гэмтэл ба хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

7. Яллагдагч Х.Б*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед бэр эгч С.У*******тай маргалдсан зүйл байгаа. Гэрт нь шөнө яваад ороход харанхуйд гэрлээ асаагаагүй цаад өрөөнөөсөө хэрүүл хийгээд гараад ирэхээр нь цааш хөлөөрөө жийгээд унагасан юм. Тэгээд гэмтсэн байх. Би буцаад гэрээс нь гараад явсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.У*******ын өгсөн мэдүүлэг, гэрч Х.М*******, Ё.Б*******, Х.Г нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Х.Б*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Х.Б******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед мөнгө авах зорилгоор өөрийн төрсөн ах Х.М*******гийн гэрт очиход ах Х.М*******, түүний эхнэр С.У*******, Б*******, Х******* гэх нутгийн хүмүүстэй хамт байсан бөгөөд тэдний ууж байсан архинаас Х.Б******* нь 3 хундагыг уугаад, ах М******* нь мөнгийг маргааш тэтгэвэр буухаар өгөхөөр тохиролцож гэрээс гарч явсан байна. Хэсэг хугацааны дараа буюу шөнийн 01-02 цагийн орчимд дахин Х.М*******гийн гэрт очиж, хохирогч С.У*******ыг хэн бэ гээд гэрэл асаах агшинд түүнийг хөлөөрөө өшиглөж түүний биед цээж, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б*******гийн гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч С.У*******ын эрүүл мэндэд учирсан цээж, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Хохирогч С.У******* нь Х.Б*******гийн үйлдлийн улмаас хавирга хугарсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ нь хохирогч С.У*******ын эрүүл мэндэд цээж, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.У*******ын цээжний баруун талын арван нэгдүгээр хавирга оношлогдсон нь хуучин гэмтэл ба хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй гэх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Х.Б*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Х.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал болон архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Х.Б*******гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.У******* нь мөрдөн шалгах ажиллагаанд нийт 2,623,188 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан хавтаст хэргийн 10-11 дэх талд 621,478 төгрөгийн шатахуун авсан E баримтыг гарган өгчээ. Харин эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Х.Б******* нь нотлох баримтын хэмжээнд 630,000 төгрөгийн хохирлыг хохирогч С.У*******д төлж барагдуулсан байна.

Хохирогч С.У******* нь би 10 тооны үнээ сааж, цагаан идээ боловсруулж түүнийг зарж амьжиргаагаа залгуулдаг. Х.Б*******гийн гэмт үйлдлийн улмаас үнээгээ саах боломжгүй болж, орлогогүй болсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч түүний сард хэдэн төгрөгийн орлого олдог талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй болно.

Иймд шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч С.У******* нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдлүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Х.Б*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 79-84 дэх талд авагдсан жолоочийн мэдээллийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, зөрчлийн талаарх цагдаагийн газрын цахим системийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Б******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Мараат гэх газарт мал маллан амьдардаг, нэр дээр дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, гэр бүлийн хэрэгцээний газартай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Б*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Х.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Х.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******г оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Х.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч С.У******* нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ