Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

улсын яллагч А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С ургийн овогт Мн Ат холбогдох 2313000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар багт оршин суух хаягтай, С ургийн овгийн Мн А, регистрийн дугаар БК80110172,  

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь хохирогч Б.Хгийн алдуул хар зүсмийн сарлагийн бухыг өөрийнх биш, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.Оад худалдаж, завшсаны улмаас 610000 төгрөгийн хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Үхрийг буцаагаад өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2313000000009 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Хгаас гаргасан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Миний эвэргүй, хар зүсмийн, зөв талын чихэнд шоргоолжин, буруу талын чихэнд ганзага имтэй гунан сарлагийн бухыг тус багийн иргэн Манайн А /Санка гэх хочтой/ гэгч залуу үхэр худалдан авч байсан С.Оад худалдсан байна...” гэсэн гомдлыг хүлээж авсан талаарх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Иргэн М.Аийн худалдсан гэх сарлагт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

2.3. Хохирогч Б.Хгийн үхэр сүргийн им тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг,  (хавтаст хэргийн 06-12 дахь тал),

 

2.4. Иргэн М.Аийн үхэр сүргийн им тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 13-18 дахь тал),

 

2.5. Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сард үхрийг тоолж үзэхэд эвэргүй хар зүсмийн зөв талын чихинд шоргоолжин, буруу талын чихинд ганзага имтэй, гунан сарлаг бух /3-4 насны/ байхгүй байсан тул очиж болох газруудаар явж эрж хайж явж байгаад “Буруу урссан” салаа гэх газраас олж авч тэнд оршин суудаг Ж.Б гэгч хүнд үзүүлж захиж явсан юм. Тэрнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн үед нөгөө үхрийг тууж ирэхээр дахин хайж явах үед тус багийн иргэн М.А гэгч /Санка хочтой/ залуугийн үхэр дотор миний үхэр байсан тул өвөлжөөнд нүүж ирсэн хойноо авахаар бодож явсан. Уг үхрийг М.Аийн хонь хариулж явсан хүүд хэлж хэд хоногийн дараа авна гэж захиж хэлсэн юм.

...Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.О гэгч үхэр худалдаж авч байна гэхээр нь манайх хашаандаа 13 тооны үхэр хашиж байгаад С.Оыг дуудаж үхрийг үзүүлж худалдсан юм. Уг үхрийг дүү болох Б.Бт, К.Т гэх айлд хүргэлцэж тууж ирсэн юм. Б.Б ирсэн хойноо надад “таны М.Аийн үхэр дотор байгаа гэх гунан бухыг хэн нэгэн худалдсан байна, С.Оын худалдаж авсан үхэр дотор явж байна” гэсэн. Тэгээд би хүүхдээ дагуулж мотоциклээ унаж үхэр тууж байсан хүмүүсийн араас очиход С.Он худалдаж авсан үхрийг М.А болон миний дүү болох Б.Оь тууж байсан. Би очиж хар зүсмийн гунан бухыг үзэж “энийг хэн худалдсан вэ, миний бух шүү, чи худалдсан уу” гэж М.Ат хандаж хэлсэн үед М.А юу ч хэлээгүй дуугүй байсан ба миний хар зүсмийн бухыг М.А үхэр дотроос гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дэх тал),

2.6. Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай гэрээс 10 гаруй км зайтай “Бороо бургас” гэх нэртэй газарт М.А болон Оь нар С.Оын айлуудаас худалдаж авсан нэлээд олон тооны үхрийг туугаад явж байхад зогсоогоод үхэр сүрэг дотроос өөрийнхөө бухыг Аээс гаргуулж авсан. Маргааш нь М.А манайд ирээд надаас уучлалт гуйгаад тохирох талаар хэлэхдээ миний гунан бухыг 600,000 төгрөгөөр үнэлж, өөрийнхөө сарлаг үхрүүдийн хамт С.Оад өгсөн талаараа хэлсэн. Миний бие сарлагийн гунан бухаа буцааж авсан тул өөр илүү, дутуу юм нэхэмжилмээргүй байна. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, миний зүгээс одоо гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 29-30 дахь тал),

2.7. Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.....М.Аийнд хонож маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өглөө М.Аийн худалдахаар бэлтгэсэн 16 тооны, Ахигаас 7 тооны үхрийг худалдаж авсан юм. М.Аийн 16 тооны үхрийн гаднах биеийн байдлаас мөн таргалалтаас шалтгаалж авсан юм. 4 тооны үхрийг тус бүрийг нь 400,000 төгрөгөөр, 8 тооны үхрийг тус бүрийг нь 600,000 төгрөгөөр, 4 тооны үхрийг тус бүрийг нь 500,000 төгрөгөөр тооцоо хийхээр тохиролцож худалдаж авсан юм..., ...М.А надад хэлэхдээ бүгд өөрийн үхэр гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

2.8. Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өглөө манай гэрт М.А ирсэн юм. Тэр манай гэрт ирэх болсон шалтгаан нь гэвэл өмнөх өдөр нь манай хар зүсмийн бухыг үхэр худалдан авч байсан С.Оад худалдсан байсныг сонсож нөхөр Б.Х уг үхрийг тууж явж байгаа газраас нь очиж авч

ирсэн ба тухайн үед болсон асуудлыг цагдаад мэдэгдсэн юм. М.А болохоор  өөрсдөө хоорондоо ярилцаж учраа ольё, та нар цагдаад битгий мэдэгдээрэй гэж хэлэхээр ирсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

           

2.9.Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүх үхрийг нийлүүлж туухаар болж М.А бид хоёр уг үхрүүдийг “Бороо бургастын ам” хүртэл буюу тэнд байгаа үхэрт хүргэж өгөхөөр нийт жар гаруй үхрийг тууж явсан. Үхрийг тууж явах замд үхэр дотроос миний ах болох Б.Хгийн хар зүсмийн 3-4 насны бух явж байсан тул М.Аээс энэ үхэр ямар учиртай явж байгааг тодруулах гэсэн боловч өөр юм ярьж хэлээгүй орхисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

2.10. Гэрч Б.Бахжанатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Аийн худалдахаар хашсан гэх арав гаруй үхэр харагдсан ба түүний дотор миний ах болох Б.Хгийн бух байсан юм. Би гэрт ирж ах Б.Хд “таны бух С.Оын худалдаж авсан үхэр дотор явж байна, та худалдсан уу” гэхэд “үгүй” гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

2.11. Үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0362 дугаартай “..Соёолон сарлагийн бух 610,000 төгрөг байх боломжтой..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-61 дэх тал),

2.12. Яллагдагч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний үхэр сүрэгт 2022 оны 11 дүгээр сарын үеэр өөр сүргийн хар зүсмийн гунан бух ирж нийлсэн. Эхэндээ эзэн нь ирж авах байх гээд хэсэг хүлээсэн. Тэгээд манай үхэр сүрэг дотор хар зүсмийн эвэргүй, сарлаг бухыг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.О нь үхэр худалдаад авч явж байхаар нь өөрийнхөө үхээрүүдийн хамт 16 тооны үхрийг 400000-600000 төгрөгийн хооронд худалдсан. Өөрөөр хэлбэл манай үхэр сүрэг дотор байсан дээрх хар зүсмийн сарлагийн бухыг 600000 төгрөгөөр үнэлж Оад худалдсан. Гэхдээ яг тэр үед Оаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Би Оад 16 тооны үхэр худалдсаны дараа түүнд тус болохоор үхрүүдийг тууж “Бороо бургас” гэх газарт явж байтал Х мотоциклтой ирээд хэрүүл маргаан болоод дээрх хар зүсмийн сарлагийг минийх гээд аваад явсан. Тэр сарлагийн бух манай үхэр сүрэг дотор бараг сар гаруй хугацаанд явсан бөгөөд эзэн нь ирэхгүй болохоор Оад худалдахаар өгчихсөн. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75, 79 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

1. Иргэн М.Аийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагаа,  гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 85-88 дахь тал),

2. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал)

3.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.14. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Б.Х, гэрч С.О, Ж.А, Б.О, Б.Б, яллагдагч М.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 3-5, 25-26, 29-30, 32-33, 37-39, 42-43, 47-49, 58-61, 75, 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  өвөлжиж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үхэр сүрэгт нь нийлсэн байсан хохирогч Б.Хгийн өмчлөлийн хар зүсмийн сарлагийн бухыг иргэн С.Оад худалдсан үйл баримт тогтоогдож байна. 

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд  шүүгдэгч М.А нь өөрийн хөрөнгө биш, бусдын мал гэдгийг мэдсээр байж алдуул малын талаар цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр хохирогч Б.Хгийн өмчлөлийн хар зүсмийн сарлагийн бухыг худалдаж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан  байна.

4.2. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр  хохирогч Б.Хгийн өмчлөлийн хар зүсмийн сарлагийн бухын зах зээлийн үнэлгээг 610000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 610000 төгрөгийн хохирол учирсан гэж  үзлээ. (хавтаст хэргийн 58-61 дэх тал),

4.3. Шүүгдэгч М.Аийн бусдад худалдсан сарлагийн бух нь алдуул малд хамаарч байх тул түүнийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж алдуул малыг захиран зарцуулж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 610000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

4.4. Шүүгдэгч М.Аийн  үйлдсэн гэмт хэрэг нь алдуул мал завших шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Шүүгдэгч  дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын алдуул малыг захиран зарцуулж хохирогчид хохирол учруулсан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Шүүгдэгч М.Аийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид  үхрийг нь буцааж өгсөн, бусад төлөх хохирол, төлбөргүй, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

4.8.Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ. 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хд  610,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр үхрээ буцааж авч “...надаас уучлалт гуйж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч М.Аийг шүүхээс “алдуул мал завших гэмт” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч М.А урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй  болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 82 дахь тал)

2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүгдэгч М.Аийн эрхэлсэн ажилгүй, малчин гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2.Шүүгдэгч нь  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сургийн овогт Мн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч М.Аэд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Аэд сануулсугай.  

5. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2313000000009 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б