Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            01           13                                      2023/ШЦТ/46                               

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт************** холбогдох эрүүгийн 22100 0739 1271 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дэлгэрмөнх /Чингэлтэй/, хохирогч В.Оюунчимэг, шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр******* аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* аймаг Сайхан сум, 9 дүгээр байрны 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-******* аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосныг биеэр эдлээд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдлээд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдлээд 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт************** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 23 цагийн орчим дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зуслангийн задгай тоотод оршин суух Б.Мөнхпүрэвийн эзэмшлийн зуслангийн байшингийн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг төмрөөр цохиж онгойлгон нэвтэрч, 526.000 төгрөгийн үнэ бүхийн барилгын кен загварын түрдэг хөрөө, дрилл, молдак, таслагч багажууд, уртасгагч, хар цүнх зэргийг хулгайлан авсан,

- мөн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байрны өргөтгөлд засварын ажил хийж байхдаа барилгын материал авхуулахаар өгсөн иргэн В.Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5085хххх77 дансны картыг “Уран ган” дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 6.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль буусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Надад хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй.

Би хохирогч В.Оюунчимэгийн хохирлыг төлөөгүй, ажил хийж хохирлыг нь барагдуулна. Хохирогч В.Мөнхпүрэвийн хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн. Архины мунхагаас болж ийм хэрэг хийлээ. Би 4 дэх удаагаа ял шийтгүүлэх гэж байна. Одоо 31 нас хүрсэн. Надад эцэг, эх, ах дүү хамаатан садан байхгүй болсон. Одоо тогтсон амьдралтай, сайхан амьдраад явж байх ёстой байтал архины, ухааны мунхагаас болж хүний эд зүйлийг хулгайлж авсандаа гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч В.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би жижиг дунд бизнес эрхэлдэг. Барилгын засварын ажил хийх хэрэгтэй болоод фейсбүүкийн зарын дагуу шүүгдэгчтэй холбогдсон. Анх надад “бригадаараа очно” гэж хэлсэн. Тэгээд ирэхдээ ганцаараа ирсэн ба ямар ч багаж байхгүй ирсэн. Би анх шүүгдэгчийг хараад өрөвдсөн. Би багадаа хэцүү амьдрал туулсан учир итгэл хүлээлгэж ажил хийлгэхээр болсон. Тухайн үед хөөгөөд явуулчихмаар байсан боловч таньдаг хүмүүсээсээ туслалцаа авч, багаж авч тусалсан. Шүүгдэгч орон гэргүй, автобусны мөнгөгүй юм шиг байхаар нь  ажлын байран дээрээ хонуулж байсан. Би маш их гомдолтой байна. Хохирлоо түргэн барагдуулмаар байна. Миний данснаас 6.000.000 төгрөг авсан. Энэ нь хүнээс зээлсэн мөнгө байсан, одоо би зээлсэн мөнгөний хүүг нь төлөөд хохироод явж байна.

Тухайн үед намайг ажилтай байхад “цагаан замаск авах хэрэгтэй байна” гэхээр нь би картаа өгөөд, “барилгын материалын дэлгүүрээс яваад ир” гэж хэлээд явуулсан. Хажуугийн байранд барилгын материалын дэлгүүр байдаг боловч өөр газар руу явж картаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа мөнгө авсан байсан.

Шүүгдэгч “3-4 удаа ял шийтгүүлэх гэж байна” гэж ярьж байна. Хүн 1, 2 алдаж болно. 3-4 алдана гэдэг санаатай үйлдэл гэж бодож байна. 6.000.000 төгрөгийг 2 сар ажиллаад олчих боломжтой байхад ийм гутамшигт амьдралаар амьдарч байгаа шүүгдэгч засрал хүмүүжил олоогүй гэж бодож байна. Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулах хэрэгтэй. Өөр бас хүний итгэлийг алдаж, хохироох болно.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 0739 1271 дугаартай хэргээс:

 

1. Хулгай орсон гэх дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслан дахь иргэн Б.Мөнхпүрэвийн байшинд үзлэг хийсэн тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 21-25 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхпүрэвийн хохирогчоор өгсөн:

“…Би 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 19 цаг өнгөрч байхад би зуслангийн хашаандаа байшин барьж байсан хүмүүсийн хамт гэртээ харихаар явцгаасан юм. Тэгэхэд маргааш өглөө нь над руу залгаад “танай зуслангийн байшингийн цонхийг хагалсан байдалтай байна, хаалга онгорхой байхаар нь би дотогш ороход цахилгааны багаж хулгайд алдагдсан юм шиг байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.

Тэгээд хашаанд байсан хяналтын камерыг шалгаад үзэхэд 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний хооронд зарын дагуу манайд ажилласан туслах ажилтан******* гэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 23 цаг 22 минутын үед малгайтай хар өнгийн куртик, хүрэн өнгийн жижиг цүнх, цагаан өнгийн пүүзтэй харагдсан. Тэгээд бид байшингийн гадна талыг гутлын мөрийг харахад түүний байнга өмсдөг гутлынх нь мөр байсан.

Миний зуслангийн байшингийн цонхыг хагалж ороод хананд өлгөөтэй байсан түлхүүрээр хаалга онгойлгож гарсан байсан. Цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг, цэнхэр өнгийн 10 метрийн урттай улаан өнгийн цахилгаан молдак 1 ширхэг, цахилгаан дундын таслагч 1 ширхэг, цахилгаан бетоны цохилттой дрилл 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Оюунчимэгийн хохирогчоор өгсөн:

“…Би дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байрны 04 тоот өргөтгөлд хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өргөтгөлийн байрандаа засвар хийлгэхээр******* гэдэг хүнтэй тохиролцож ажиллуулсан. Өнөөдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 19-ний 11 цагийн үед намайг өөр өрөөнд байж байхад******* надад “цагаан замаск авмаар байна, хурдал” гээд байн байн хэлээд байхаар нь би өөрийн Хаан банкны картыг өгөөд, “21 дүгээр байрны барилгын материалаас цагаан замаск аваад ир” гэж хэлээд явуулсан.

Тэгээд удалгүй 11 цаг 19 минутын үед миний данснаас 3.000.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирэхээр нь би шууд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Хаан банкны салбарт очиж картаа хаалгасан. Ингээд******* лүү залгахад аль хэдийн утсаа унтраачихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 133-134 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Золбаярын гэрчээр өгсөн:

“…Би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны 09 цагт дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслан дээр байх ажлын байрандаа буюу баригдаж байгаа амины орон сууцанд аав Мөнхпүрэв, туслах ажилтан Мөнхөө нарын хамт очиж байхад туслах ажилтан утсаар яриад “баригдаж байгаа байшингийн хажуу талд байдаг модон байшингийн цонх хагарчихсан, хаалга нь онгорхой байна, ороод харахад цахилгаан багаж байхгүй хулгайд алдагдсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд ирээд хашаанд байдаг хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манайд туслах ажилтнаар 3 хоног ажиллаж байсан******* нь хулгай хийж байсан дүрс бичлэг байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ариунбаатарын гэрчээр өгсөн:

“…Би 2022 оны 4 дүгээр сард хүнээс кен загварын түрдэг хөрөө, дрилл, молдак, таслагч, уртасгагч, хар цүнх зэрэг зүйлс худалдаж авсан. Тухайн үед Нарантуул захад архи уугаад яваад байдаг 30 орчим насны залуу надад “олсон юм аа, авчих” гээд гуйгаад байхаар нь эд зүйлсийг нь 30.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд өөр хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан. Надад эд зүйлсийг зарсан залууг харвал танина, зурган дээр байгаа залуу мөн байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-40 дэх тал),

 

6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЧД2-22-476 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 526.000 /таван зуун хорин зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Мөнхпүрэвийн байшингаас алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

 

7. Эрүүгийн 22100 0000 1076 дугаартай хэрэгт эрүүгийн 22110 0739 1271 дугаартай хэргийг нэгтгэсэн тухай Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаартай тогтоол (хэргийн 115-116 дахь тал),

 

8. Хохирогч В.Оюунчимэгийн Хаан банкин дахь 5085хххх77 дугаартай Депозит дансны хуулга (хэргийн 128 дахь тал),

 

9. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 4 дүгээр сард фейсбүүкээс ажлын зар хараад Мөнхпүрэв гэдэг хүнтэй утсаар холбогдож ажил хийхээр болсон. Тэгээд дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгай тоотод очоод байрлан ажиллахаар болсон. Би 5 хоног ажиллаад, цалингаа аваад дахиж очоогүй. дүүргийн 7 буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд өмнө нь байрлан ажиллаж байсан барилга дээрээ очиж байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгон орж, барилгын эд зүйл болох түрдэг хөрөө, молдак, тасдагч, дрилл, цүнх зэргийг хулгайлсан. Гарахдаа байшингийн хаалгаар гарсан ба тухайн эд зүйл Нарантуул зах дээр 30.000 төгрөгөөр хүнд зараад, энэ мөнгөөр архи авч уусан. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгай тоотоос эд зүйл авах үед би ганцаараа байсан, хэн нэгэнтэй хамт байгаагүй. Надад оршин  суух тодорхой хаяг байхгүй, Багшийн дээдийн орчимд гадуур хоног төөрүүлдэг.

Мөн би 2022 оны 08 сарын 19-ний өдөр иргэн******* гэх эмэгтэй дүүргийн 2 дугаар хорооны 10 дугаар байрны 04 тоотод хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба уг байрны өргөтгөлд засвар хийлгэхээр тохиролцсон. Тэгээд ажлын хөлсийг 2.0 сая төгрөгөөр тохиролцоод урьдчилгаа 1.0 сая төгрөгийг цалин болгож авсан. дүүргийн нутаг дэвсгэрт өргөтгөлийн ажил хийж байхдаа******* гэх хүний картаас 6.000.000 төгрөгийг Уран ган нэртэй барилгын материалын дэлгүүрийн бэлэн мөнгөний машинаас 3.0 сая төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр бэлнээр авсан. Тухайн эмэгтэй барилгын материал авахдаа надад картаа өгч явуулдаг байсан тул би нууц үгийг нь мэддэг байсан. Тухайн үед дансны үлдэгдлийг нь шалгахад 82.0 сая төгрөг байхаар нь 6.0 сая төгрөгийг нь аваад Хаан банкны картыг нь хаяад дахиж уулзаагүй. 6.0 сая төгрөгийг нь ойр зуур хэрэглээд, архи согтууруулах ундаа авч уугаад үрж дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 72-73, 77, 141-142 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 79 дэх тал), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 88 дахь тал),******* аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоол, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримт (хэргийн 90-91, 92, 93-95, 96, 96-97, 98 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь:

- 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 23 цагийн орчим дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зуслангийн задгай тоотод оршин суух Б.Мөнхпүрэвийн эзэмшлийн зуслангийн байшингийн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг төмрөөр цохиж онгойлгон нэвтэрч, 526.000 төгрөгийн үнэ бүхийн барилгын кен загварын түрдэг хөрөө, дрилл, молдак, таслагч багажууд, уртасгагч, хар цүнх зэргийг хулгайлан авч, бусдад худалдаж мөнгийг нь авч ашигласан, 

- мөн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байрны өргөтгөлд засварын ажил хийж байхдаа барилгын материал авхуулахаар өгсөн иргэн В.Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5085хххх77 дансны картыг “Уран ган” дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 6.000.000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Тухайн хэрэгт хохирогч Б.Мөнхпүрэвийн зуслангийн байшингаас алдагдсан эд зүйлсийн үнийг хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хараат бус мэргэшсэн үнэлгээчин зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлж, үнэлгээг нийт “526.000 төгрөг” гэж тогтоосон, мөн хохирогч В.Оюунчимэгийн Хаан банкны картаас 2 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг уншуулан авсан, нийт 6.526.000 төгрөгийн дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоон, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хохирлын хэмжээг тодорхойлсныг шүүх үндэслэл бүхий гэж үнэлсэн ба энэ нь гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад заасан “бага хэмжээний хохирол”-оос их, мөн зүйлийн 4.2 заалтад заасан “үлэмж хэмжээний хохирол”-оос бага хэмжээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн шууд санаатай, шунахай зорилгоор, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 23 цагийн орчим дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зуслангийн задгай тоотод оршин суух Б.Мөнхпүрэвийн эзэмшлийн зуслангийн байшингийн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг төмрөөр цохиж онгойлгон нэвтэрч, 526.000 төгрөгийн үнэ бүхийн барилгын кен загварын түрдэг хөрөө, дрилл, молдак, таслагч багажууд, уртасгагч, хар цүнх зэргийг хулгайлан авч, бусдад борлуулан мөнгийг нь авч ашигласан,

- мөн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байрны өргөтгөлд засварын ажил хийж байхдаа барилгын материал авхуулахаар өгсөн иргэн В.Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5085хххх77 дансны картыг “Уран ган” дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 6.000.000 төгрөгийг авч, өөрийн хувийн хэрэгцээгээ ханган захиран зарцуулж, нэр бүхий 2 хохирогч иргэнд нийт 6.526.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.    

 

Иймд шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхпүрэвийн зуслангийн байшингаас алдагдсан эд зүйлсийг нийт дүнгээр 526.000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал) хэрэгт авагдсан ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй бөгөөд улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч П.Мөнхпүрэвт учирсан эд хөрөнгийн хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн” гэх тайлбар гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хэдий ч хохирогчид эд хөрөнгө буюу мөнгийг хүлээлгэсэн өгсөн нь тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй байна.

 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч В.Оюунчимэгт учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх ба хохирогч нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн мэдүүлэг тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Иймд хохирогч В.Оюунчимэг, П.Мөнхпүрэв нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Есөн-Эрдэнээр тус тус нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь урьд:

-******* аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосныг биеэр эдлээд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдлээд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдлээд 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,талаар шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хэргийн 90-91, 92, 93-95, 96, 96-97, 98 дахь тал) баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин түүний “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа  үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүх, шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200-1 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл тус тус яллагдагч, шүүгдэгчээр нийт 104 /нэг зуун дөрөв/ хоног цагдан хоригдсоныг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй (хэргийн 13-15, 17-19, 149-150 дахь тал).

 

Энэ хэрэгт Б.Есөн-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Мөнхпүрэв нь “гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт******* Есөн-Эрдэнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Есөн-Эрдэнэд 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Есөн-Эрдэнэд оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Есөн-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Есөн-Эрдэнээс 6.526.000 /зургаан сая таван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж,

- 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хохирогч дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайван хотхоны 46а байрны 401 тоотод оршин суух хаягтай, /РД:********/, овогт*******т,

- 526.000 /таван зуун хорин зургаан мянга/  төгрөгийг хохирогч Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөл 2-14 тоот хаягт оршин суух, /РД:********/ дугаарын овгийн тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт Б.Есөн-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Есөн-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Есөн-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД