Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0678

 

2021             10           19                                      128/ШШ2021/0678       

     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Иргэн Р.Н

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч П.Н, Улсын байцаагч Э.Э

Гомдлын шаардлага: 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Р.Н  шүүхэд гаргасан гомдолдоо: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нар нь Замын-Үүд боомтын Улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2021 оны 05 сарын 07-ны өдөр 2102....  дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хууль бус орлого 30,000,000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан. “... улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсэж, үнийн хөөргөдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон ...” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэрэг материалд гол нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь “Өрсөлдөөний хууль зөрчих”. 4 дэх хэсэг. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэжээ. Энэхүү хуулийн заалт нь аж ахуйн нэгжид хамааралтай байна. Мөн “Өрсөлдөөний тухай” хуулийн 12 дугаар зүйлийн Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагааг явуулахыг хориглоно. 12.1.10-т Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийн хууль бусаар хохироосон худалдааны арга гэжээ. Гэтэл жолооч нар нь аж ахуй эрхлэгч мөн үү. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Аж ахуй эрхлэгчид хамааралтай байна.

Жолооч Р.Н  нь ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд Замын-Үүд боомтоор 2021 оны 04 сарын 17-ны өдөр орж ирсэн бөгөөд иргэн С  гэгчийн ачааг 2 удаагийн тээвэр хийж 12,000,000 төгрөг, 18,000,000 төгрөг буюу 30,000,000 төгрөг иргэн С  гэгчээс шилжин ирсэн байдаг. Энэ нь хувь хүмүүс ачааны зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж Шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Мөн тухайн тээврийн хэрэгслээр ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэдгээр арга хэмжээ авсан нь хууль бус. Эрээн хотоос 1 тонн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй, хэдэн төгрөгөөр ачдаг зах зээлийн судалгаа хийж тээврийн зардлыг хэн өсгөсөн болох талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр Монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг суманд нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт аль эсвэл гомдол санал ирсэн талаар баримт байхгүй.

Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй цөөхөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон.

Мөн тээврийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай. Нэг машин нь хэдэн жин, тонн ачаа тээвэрлэсэн тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон үүнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болов гэдгийг шалган тогтоогоогүй ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 сарын 29-ний өдрийн 09 дугаар “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”-д ... Бүгд Найрамдах Хятад Ард Улс талаас Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаа хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа. 1. Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд ... 4 шат дамжлагыг дамждаг. 2. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг. 3. Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын-овоонд 15 хоног тусгаарлалтад байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2,900,000 төгрөг зарцуулж байна. 4. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100 хувь жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулга таа 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гарсан.

Иймд жолооч Р.Н миний бие нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь “Өрсөлдөөний тухай хууль зөрчих”. 4 дэх хэсэг 4.7-д заасан зөрчил гаргаагүй, мөн үнэ өсгөх асуудал нь надаас шалтгаалаагүй надад огт хамааралгүй байгаа тул Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н, Э.Э нар нь Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд хяналт хийгээд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2102....  дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо \нарийн ногоо\, жимс жимсгэнийг Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20.000.000-30.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 2021 оны 06 сарын 29-ны өдөр 0005...  дугаартай шийтгэлийн хуудсаар ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан жолооч Р.Н -д зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хууль бус орлого 30.000.000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тус шийтгэл нь хуульд болон бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт өгч шийтгэлийн хуудас бичсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн хэрэг нээхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Талаас \Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй\ 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан. Улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсэж, үнийн хөөргөдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэсэн үндэслэлээр зөрчлийг хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэрэг материалд гол нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хууль зөрчих, 4 дэх хэсэг. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэжээ. Энэхүү хуулийн заалт нь аж ахуйн нэгжид хамааралтай байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно. 12.1.10 -т Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга гэжээ.

Гэтэл жолооч нар нь Аж ахуй эрхлэгч мөн үү. Мөн зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Аж ахуй эрхлэгчид хамааралтай байна.

Иймд жолооч Р.Н  нь ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд Замын-Үүд боомтоор 2021 оны 04 сарын 17-ны өдөр орж ирсэн бөгөөд иргэн С  гэгчийн ачааг 2 удаагийн тээвэр хийж 12.000.000 төгрөг, 18.000.000 төгрөг буюу 30.000.000 төгрөг иргэн С  гэгчээс шилжин ирсэн байдаг. Энэ нь хувь хүмүүс ачааны \тээврийн\ зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэдэг байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж Шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Мөн тухайн тээврийн хэрэгслээр ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэдгээр арга хэмжээ авсан нь хууль бус Эрээн хотоос 1 тонн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй, хэдэн төгрөгөөр ачдаг зэх зээлийн судалгаа хийж тээврийн зардлыг хэн өсгөсөн болох талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр Монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг суманд нарийн ногооны хангалт муудаж , үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт аль эсвэл гомдол санал ирсэн талаар баримт байхгүй.

Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй цөөхөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон.

Мөн тээврийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай.

Мөн 1 машин нь хэдэн жин, тонн ачаа тээвэрлэсэн тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон үүнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болов гэдгийг шалган тогтоогоогүй ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шударга өрсөлдөөн , хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 сарын 29-ний өдрийн 09 дүгээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгад ... Бүгд Найрамдах Хятад Ард Улс талаас Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын-овооноос Замын Үүд, Замын-Үүдээс хилийн 0 цэг, Хилийн 0 цэгээс гаалийн хашаа, Гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.

Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунжаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.

Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын-овоонд 15 хоног тусгаарлалтад байрлах байр, хоолны зардал, Хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2.900.000 төгрөг зарцуулж байна.

Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100% жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гаргасан.

Иймд жолооч Р.Н  миний бие нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хууль зөрчих . 4 дэх хэсэг 4.7 -д заасан зөрчил гаргаагүй , мөн үнэ өсгөх асуудал нь надаас шалтгаалгаагүй надад огт хамааралгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын 2021 оны 06 сарын 29-ны өдрийн 0005...  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 04 сарын 14-ний өдрөөс 05 сарын 06-ны өдрүүдэд Хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл хяналт шалгалт хийж, Хяналт шалгалтаар тогтоогдсон “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 04 сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 04 сарын 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсгэсэн” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нэмэлт нотлох баримт бүрдүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2021 оны 05 сарын 07-ны өдрийн 2102....  дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Р овогтой Н нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн болон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон тул хууль бусаар олсон орлого болох 30,000,000 төгрөгийг хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 4 дүгээр сараас эхлээд Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үнийн хөөрөгдөлд орж байна гэсэн өргөдөл, гомдол ирүүлсэн. Нийт хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу агентлагийн даргаар баталсан 0123 тоот удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байгаа. Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод нарийн ногоо импортолдог иргэд, аж ахуй нэгж эрхлэгчдээс холбогдох мэдээ, баримт судалгааг гаргуулж авсан. Ингэхдээ Барс худалдааны төвд нарийн ногоо худалдан борлуулж байгаа том зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд хяналт шалгалтад хамрагдсан. Жишээ нь Н худалдааны төвд түрээсээр нарийн ногоо худалдаалдаг С.Ф ХХК, И-март гэх мэт сүлжээ дэлгүүрүүдэд нарийн ногоо нийлүүлдэг Б.Б ХХК-иуд холбогдох мэдээллүүдээ гаргаж явсан. Мөн Барс худалдааны төвд нарийн ногоо, жимсний худалдаа эрхэлдэг иргэн н.Б, н.С нараас нарийн ногооны импортын тээвэр гүйцэтгэсэн тээврийн талаарх мэдээллийг гаргаж авсан. Ингэхэд 4 дүгээр сарын 18-ны өдөр ... ДГС улсын дугаартай тэвээрийн хэрэгслээр нийт 30 сая төгрөг төлж тээвэр гүйцэтгүүлсэн гэх мэдээллийг холбогдох баримтыг гаргаж өгсөн. 5 дугаар сарын 07-ний өдөр хяналт шалгалтын танилцуулгад үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2102....  дугаартай зөрчлийн хэргийг нээн шалгасан. Ингэхдээ Р.Н д холбогдуулаагүй нийт 10 тээврийн хэрэгслийн жолоочийг холбогдогчоор татсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хил хамгаалах ерөнхий газраас улсын хилээр нэвтэрсэн тухай тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаагаар шүүлгэж лавлагааг гаргуулж авсан. Энэ лавлагаагаар ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр гарч маргааш нь буюу 18-ны өдөр орж ирсэн гэсэн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн. Мөн дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг тогтоолгохоор Авто тээврийн үндэсний төвөөс лавлагааг авахад … ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Р.Н  болох нь тогтоогдсон. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 28 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор холбогдогч Р.Н-ны ... ДГС улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Мөн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан. Холбогдогчийн эрх үүргийг танилцуулж гарсан үсэг зурж баталгаажуулсан. Мэдүүлэхдээ нэг дор тээвэр хийж бараа зөөгөөгүй гэхдээ өндөр үнээр тээвэр хийснээ хүлээн зөвшөөрсөн. Холбогдох баримтаар өгөх зүйл байхгүй, нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн. Х.Б ХХК-аас авсан холбогдогч Р.Н-ны дансны мэдээллээр 4 дүгээр сарын 18-ны өдөр хоёр удаагийн орлогын гүйлгээгээр 18,000.000, 12,000.000 сая төгрөг нийт 30 сая төгрөгийн орлого орж ирсэн. Энэ нь иргэн н.Б , н.С нарын гаргаж өгсөн дансны мэдээлэлтэй данснууд нь таарч байгаа. Иймд холбогдогч Р.Н д Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт зааснаар хууль ёсны ашиг сонирхолд харшлах хууль бус худалдааны арга хэрэглэж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэдэг нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 6 дугаар сарын 29-ний өдөр 0005... тоот шийтгэлийн хуудсаар хууль бусаар олсон 30,000.000 сая төгрөгийг хурааж 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 32 сая төгрөгийн шийтгэл оногдуулахаар шийтгэлийн хуудас бичсэн.” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... ДГС гэсэн дугаартай машины эзэмшигч нь Р.Н  гэдэг нь тогтоогдож байна. Тэр нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар Р.Н аас холбогдогчоос мэдүүлэг авсан. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэсний дагуу холбогдогчоор татаж мэдүүлэг авсан. Холбогдогчоор мэдүүлэг авахдаа холбогдогчийн эрх үүргийг тайлбарласан. Холбогдогч хуульд заасан эрхээ эдлэх боломж байсан. Р.Н  аж ахуй эрхлэгч мөн гэж үзэж байгаа. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт аж ахуй эрхлэгч гэж Монгол улсад бүртгэлтэй аж ахуй эрхэлж байгаа ашгийн болон ашгийн төлөө бус иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хувь хүнийг хэлнэ гэж заасан. Р.Н  нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн учир аж ахуй эрхлэгчид орно. Аж ахуй эрхлэгчид орохоор Өрсөлдөөний тухай хуульд заасан субъект мөн гэж үзэж болно. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа гэж заасан. Мөн хуулийн 12.1.10 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэж заасан байхад Р.Н  дээрх зөрчлийг үйлдсэн. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн учир Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж байгаа. Яагаад энгийн үедээ 2,200.000 төгрөг байсан тээврийн хөлс 20-30 сая төгрөг болсон гэсэн асуудал гарч байгаа. Үүний дагуу бид Замын-Үүд орж үзэхэд Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл 700 орчим км байдаг. Энэ километр илүү болоогүй мөн бензиний үнэ нэмэгдээгүй. Тэгэхээр замын зардал өсөх үндэслэл байхгүй. Улаанбаатараас Шаргын овоо, Шаргын овооноос Зам-Үүд хилийн 0 цэг хүртэл 4 шат дамжлагатай болсон учир зардал өссөн гэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа олсон 18 сая төгрөгийг хуваадаг гэж гомдол гаргагч хэлсэн гэсэн. Гэхдээ жолооч болгон дээр харилцан адилгүй. Миний машин Шаргын овоо ороод түүнээс цааш миний машиныг Зам-Үүд хүртэл явуулаад, Замын-Үүдээс цааш Гааль руу ирээд тусгаарлагдаж байгаа Монгол жолооч нарыг оруулдаг. Өнөөдрийн энэ хэрэгт Р.Н  энэ 4 шат бүрдээд ямар жолоочид хэдэн төгрөг өгснөө гэх мэт өөрийн зардлыг дэлгэрэнгүй өгөөгүй. Иймд 2,200.000 төгрөгөөр хийдэг байсан зардлаа 18 сая хүртэл өсгөх үндэслэл тогтоогдохгүй байсан учир хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэж байна. 12 сая, 18 сая төгрөг авсан нь хоёр удаагийн тээвэр байгаа гэдгийг мэдүүлсэн. Гэхдээ анх хяналт шалгалт хийхдээ шалгалтын хүрээг 12 сая, 18 сая төгрөгөөр тээвэр хийж байсан хүмүүс дээр зөрчлийн хэрэг нээгээгүй, хяналт шалгалт хийгээгүй. Зөвхөн 20-30 сая төгрөгийн хооронд тээвэр хийсэн жолооч нар дээр нээсэн. Ингэхдээ Барс худалдааны төвийн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг худалдаалдаг н.С , н.Б  нараас 2 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тээвэр хийсэн гэсэн мэдэгдлүүдийг өгсөн. Үүнд дотор Р.Н ы материал байсан. 3 дугаар сард тээвэр хийгээд мөнгөө аваагүй байсан хүн яагаад сарын дараа тээврийн хэрэгслийн мөнгийг авна гэхээр боломжгүй. Тухайн өдөр тээврийн зардлыг хоёр хувааж төлсөн нь тогтоогдож байгаа. Цааш нь нэмж тодруулах шаардлагагүй гэж үзсэн. Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн буюу хэрэглэгчид хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн үндэслэл нь үндэслэлгүйгээр үнийг хэт бага тогтоох, хэт өндөр тогтоох гэсэн хоёр зүйл дээр өрсөлдөөнийг хязгаарлах асуудал яригдана. Өндөр үнэ тогтоовол нөгөө хүмүүст нь илүү өрсөлдөөнд амар байх талаар ярьж байна. Тухайн үеийн нөхцөл байдал буюу хилээр өдөрт 20-30 машин ордог асуудал дээр зардлаа өндөр тавьснаар өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа. Үүнийг нотлох үндэслэл нь хилийн лавлагаа юм. Иймд хэт өндөр үнэ тогтоосон яагаад өндөр үнэ тавьснаа нотлоогүй учир Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан. Яагаад хэрэглэгчийн хууль бусаар хохироосон гэж байгаа ч цаана нь хэрэглэгчийн эрх яригдаж байдаг. Бид анх хэрэглэгчийн гомдлоор шалгалт хийсэн. 2021 оны 4 сард нарийн ногоо маш өндөр үнэтэй болсон. Энэ тээврийн зардал өссөнтэй холбоотой байна гэдэг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Р.Н аас хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н, Э.Э нарт холбогдуулан гаргасан  “2021 оны 06 сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”[1] тухай шаардлага бүхий гомдлыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 Гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч
П.Н, Э.Э нар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үнэ өссөн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдол мэдээллийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/23 тоот Хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ[3].

Тус хяналт шалгалтад үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Гомдол гаргагч Р.Н-ыг импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, жимс жимсгэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэж, бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэсэн” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт зааснаар Р.Н ыг хууль бус орлого болох 30,000,000 /гучин сая/ төгрөгийг хурааж, 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ[4].

Гомдол гаргагч Р.Н  нь шийтгэлийн хуудсын үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 4.7 дах хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэж аж ахуй эрхлэгчид хамааралтай заалтаар аж ахуй эрхлэгч биш иргэн Р.Н-д шийтгэл оногдуулсан, ... тээврийн зардал өссөнөөр Монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг суманд нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт аль эсвэл гомдол санал ирсэн талаар баримт байхгүй гэж маргажээ.

            Өрсөлдөөний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3-т “аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг” ойлгоно гэж заажээ.

Гомдол гаргагч Р.Н  нь өөрийн эзэмшлийн ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тогтмол төлбөртэйгөөр ачаа тээвэрлэдэг болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 05 сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2-4 в/2137 албан бичиг[5], Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоос авсан тайлбар[6] зэргээр тогтоогдож байх тул гомдол гаргагч Р.Н  нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан аж ахуй эрхлэгч мөн болох нь тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 09 дүгээр танилцуулгад Замын-Үүд боомтын ачаа тээврийн үнийн хөөргөдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22,2 хувиар өссөн[7] талаар тэмдэглэсэн байна. Мөн ачаа тээврийн үнэ өссөн талаар иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан гомдол[8] хавтаст хэрэгт авагджээ.

Дээрхээс үзвэл, гомдол гаргагчийн тээврийн зардал өссөнөөр нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай, мөн хэрэглэгчийг хууль бусаар хохироосон тухай баримт байхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагч нь “... иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж Шийтгэл оногдуулсан нь хууль бус. ... хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон” гэж шүүхэд маргажээ.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Бүгд найрамдах хятад ард улсаас орж ирдэг хүнсний нарийн ногооны тээврийн зардал 2020 оны 11-12 сард 2,200,000-2,500,000 төгрөгийн ханштай байсан тээврийн зардал 2021 оны 04 дүгээр сараас огцом өсөж, 20,000,000-30,000,000 төгрөгт хүрсэн болох нь иргэд аж ахуй нэгжүүдээс гаргасан гомдол, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага тул эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 24.1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь гомдол гаргагчаар ачаагаа тээвэрлүүлсэн гэх Барс худалдааны төвд нарийн ногооны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг Т.Б, Б. Ю.С нарын “... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2021 оны 4 сарын 18-ны өдөр 30 сая төгрөгөөр ачаагаа ачуулсан, мөн өдрөө Б.С 12, Т.Б 18 сая төгрөгүүдийг гомдол гаргагч Р.Н ы 537... тоот дансанд шилжүүлсэн” [9] гэх гар бичмэл, тус гүйлгээнүүдтэй холбоотой банкны баримт, Хил хамгаалах ерөнхий газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2-4в/2137 дугаар албан бичгийн хавсралтын “... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн боомтоор гараад 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр орж ирсэн”[10] гэх лавлагаа зэргээр гомдол гаргагч Р.Н  нь өөрийн эзэмшлийн ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос МУ-ын Улаанбаатар хот хүртэл хүнсний нарийн ногоог 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагчийн “... Нэг дор 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр бараа зөөгөөгүй. Нэг хүний барааг 2 удаа зөөсөн. Тэр хүн 2 удаагийн тээвэр хийлгэсэн мөнгөө нэг өдөр бөөн шилжүүлсэн.” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд харин гомдол гаргагчийн дээрх үйлдлийг хүнсний нарийн ногооны хангамж, нийлүүлэлт, багасаж, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэсэн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэвэл, гомдол гаргагчийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагч нарын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Р.Н аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н , Улсын байцаагч Э.Э  нарт холбогдуулан гаргасан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ГАНБАТ

 


[1] Хавтаст хэргийн 1-24 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 89-103 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 42-55 дугаар хуудас   

[9] Хавтаст хэргийн 47-50, 88 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас