Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 21

 

Б.Ж нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 333 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай, 9 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Болорзаяа, прокурор Б.Баярмагнай нар оролцов.  

1. Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Цогт барс” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух, Ц овогт Б-ийн Ж.

2. Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага арга зүйч, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын .. оршин суух, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны одон зэргээр шагнагдаж байсан, Ц овогт Д-ийн Ц.

3. Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуульд нягтлан бодогч ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, О овогт П-гийн А.

4. Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн,41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтэн ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух, 8, И овогт Б-гын Э.

5. Монгол улсын иргэн, 1954 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой,сантехникийн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух, Алтангадас одон, ойн медалиудаар шагнагдаж байсан, Б овогт Ч-гийн П.

6. Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой,барилгын инженер мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техник хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант ...тоотод оршин суух,  М овогт Д-гийн Б.

7. Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Цаст алтайн хөгжил ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ...тоотод оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх, Б- овогт Н-ийн Б.

Шүүгдэгч Б.Ж, Н.Б нар нь “Сумын төвийн шинэчлэл “Төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.00.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.Ц, П.А, Ч.П, Д.Б, Б.Э нар нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний буюу 279.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ийн Ж, овогт Д-ийн Ц, О овогт П-гийн А, Э овогт Б-гын Э, Б Ч-гийн П, М овогт Д-гийн Б, Б овогт Н-гийн Б нарт холбогдох 201621000256 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 333 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Анхан шүүхээс Б.Ж нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

1.Анхан шатны шүүх прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Яллах дүгнэлт үйлдэхдээ 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар уг хууль хүчингүй болсон. Яллах дүгнэлт үйлдэхдээ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5/52 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн ба энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу уг яллах дүгнэлтийг үйлдсэн байна.

Иймд шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан яллагдагч нарт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

 

2.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-д “Хөрөнгө оруулагч” гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамраах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг хэлнэ гэж заасны дагуу Улсын төсвөөс хөрөнгө оруулалт болгож Ховд аймгийн Засаг даргын төсвийн багцад баталж өгсөн төсөвт 297.000.000 төгрөг багтаж байна.

Иймээс 297.000.000 төгрөгийг Ховд аймгийн Засаг дарга түүний ажлын алба болох Засаг даргын Тамгын газраас захиран зацуулах эрхтэй гэж үзэх бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар буюу хуулийн этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудад нийцнэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч мөн боловч Ховд аймгийн Засаг дарга нь өөрийн эдлэх эрх хэмжээг буюу улсын төсөвт учирсан хохирлыг нэхэмжлэх, хэрэгт хохирогчоор оролцох эрхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбатад бичгээр зөвшөөрөл олгосон ба үүний дагуу мөрдөн байцаагч Б.Мөнхбатыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9:5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “ ...Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан байх ба уг заалтаас дүгнэхэд шүүхэд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох эрхийг хуулиар олгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

3.Эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасныг бүхэлд нь зөрчсөн байдал тогтоогдож байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь адил шатны шүүх буюу Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эрүүгийн 201721000100 дугаартай хэргийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад хэргийг дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, биелүүлнэ” гэх заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 333 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт Б.Ж нарт холбогдох 201621000256 дугаартай эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүхийн санаачлагаар явуулав гэсэн байх ба эрүүгийн 201721000100 дугаартай хэрэг байгаа, харин эрүүгийн 201621000256 дугаартай хэрэг гэж байхгүй, гэтэл байхгүй хэргийн дугаараар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биеүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/333 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, дахь хэсэгт заасан үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив“ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Баярмагнай миний бие томилолтоор оролцож, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 5/08 дугаар прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. ­Анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/333 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Д.Ц, П.А, Б.Э, Ч.П, Д.Б, Н.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв. 

Ховд аймгийн прокурорын газраас Б.Ж, Н.Б нарыг “Сумын төвийн шинэчлэл “Төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.00.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар, Б.Жавзандамбыг бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Д.Ц, П.А, Ч.П, Д.Б, Б.Э нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний буюу 279.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ/ 6 дугаар хавтаст хэргийн 28-37 дугаар тал/.

Б.Ж нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Ингэхдээ давж заалдах шатны шүүх магадлалдаа: “Хэргийг өмнө нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлэхийг дурдсан” байх тул тус хэргийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр харъяалал тогтоон ирүүлснийг хүлээн авч 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 333 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.       

Прокурорын газраас Б.Жд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.3, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “...эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу  шүүгдэгч Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх атал шүүх хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэхээр шүүх хуралдаан даргалагчийг томилж, дээрхи хуулийг ноцтой зөрчжээ.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул энэ удаа прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн /6 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал/, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаасан магадлал хүчинтэй байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хууль зүйн үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан lшийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар зүйлийн 16-ны өдрийн 333 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ц, П.А, Б.Э, Ч.П, Д.Б, Н.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Ц, П.А, Б.Э, Ч.П, Д.Б, Н.Б, Б.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

               ШҮҮГЧИД                                        Л.АЛТАН

       Н.МӨНХЖАРГАЛ