Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1091

 

 2022        11          17                                      2022/ШЦТ/1091    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0999/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч А.Оргилбаяр,

насанд хүрээгүй гэрч Д.Б,

хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Р.Баярхүү,

шүүгдэгч Ж.М, Ж.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.М, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 2209016661384 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ... ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, .... тоотод оршин суух хаягтай, Тэргүүний барилгачин цол тэмдэгтэй, урьд ял шийтгэлгүй, Ж.М,

Монгол улсын иргэн 1978 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ..... ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ............ тоотод оршин суух хаягтай, Тэргүүний барилгачин цол тэмдэгтэй, урьд ял шийтгэлгүй, Ж.Э,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Э, Ж.М нар нь бүлэглэж 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн задгай тоотод иргэн Ж.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, гараараа хоолойг нь боож өвдгөөрөө тус тус цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн суга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүүнд цус хуралт зүүн шуунд зулгаралт, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Ж.Б нь миний талийгаач дүүгийн эхнэр юм. Дүү минь 2 жилийн өмнө өөрийн тээврийн хэрэгсэл дотроо амиа хорлосон байдалтай олдсон. Үүнээс болж манай гэр бүл Ж.Б-тэй харилцаа муутай байдаг. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би хотод байрлах байраа хүмүүст түрээслээд зусландаа гарсан. 2005 онд Ж.Э болон талийгаач дүү бид 3 нийлж зуслангийн газар авсан. Зуслангийн газар маань зэргэлдээ оршиж, дундаа нэг цахилгааны эх үүсвэртэй. Манайх Улаанбаатар цахилгаан түгээх станцтай гэрээгээ түрүүлж байгуулсан учир 3 айлын тогны мөнгө манайд нэгтгэгдэж гардаг. Би Ж.Б-д “цахилгааны гэрээгээ тусдаа байгуулаарай, мөн өөрийн хашаандаа 00 бариарай” хэмээн хэлж байсан. Учир нь тэрээр зуслангийн байшингаа хүмүүст түрээсэлсэн байсан бөгөөд айлын хэрэглэсэн тогны мөнгө манайхтай нэгтгэгдэж гарах, байшинг нь түрээсэлсэн хүмүүс нь манай ариун цэврийн өрөө буюу 00-г хэрэглэх зэрэг зохимжгүй үйлдлүүдийг гаргадаг. Ж.Б нь олон хүмүүстэй ирж, төрсөн өдөр тэмдэглэх зэргээр бидний амгалан тайван байдалд халддаг учир миний бие 1-2 удаа түүний байшингийн тогийг салгаж байсан. Учир нь тэрээр өөрийн хэрэглэсэн тогны мөнгийг манайхтай нэгтгэж гаргуулах, манай ариун цэврийн өрөө буюу 00-г хэрэглэж бидэнд тавгүй байдал үүсгэдэг байсан. Энэхүү хэрэг гардаг өдөр Ж.Б нь цахилгаанчны хамт тогоо салгуулахаар ирсэн байсан. Намайг цахилгаанчинтай ярилцаж байтал Ж.Э, Ж.Б нар ярилцаж байгаад гэнэт зодолдсон. Би тэдний зодооныг салгах гэтэл дийлээгүй. Тухайн үед Ж.Б газар хэвтчихсэн, Ж.Э түүний дээр сууж байсан бөгөөд би Ж.Э-г цамцнаас нь татсан. Ямар нэгэн байдлаар хохирогчийн эрүүл мэндэд халдсан зүйлгүй. Энэхүү хэрэг гарсны дараа миний бие хөдөө орон нутаг руу томилолтоор явсан бөгөөд зодооны улмаас өөрийн биед авсан шарх, сорив байгаагүй. Миний бие олон жилийн хугацаанд барилга дээр ажилласан, зам тээврийн осолд орж байсан, 100 гаруй килограмм жинтэй, нуруу бөөрний өвчтэй хүн тул тонгойх, мөн зодоонд ямар нэгэн байдлаар оролцох боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Улаанбаатар цахилгаан түгээх станцын ажилтан Б.О нь хашаанд Ж.Э, Ж.М нарын зодооныг хараад зогсож байсан. Тэдний зодооныг хүүхдүүд нь салгасан. Зодооны улмаас Ж.Э хүртэл хохирсон бөгөөд тэрээр “цагдаагийн байгууллагад гомдол гаргана” гэхэд нь би “хэрэггүй ээ” гэж хэлсэн. Энэхүү хэрэг гарснаас хойш 14-15 хоногийн дараа цагдаагийн газраас “иргэн Ж.Б-ын гомдлын дагуу холбогдож байна” хэмээн хэлсэн. Хэрвээ хэрэг гарсны дараа шууд над руу холбогдсон бол би өөрийн биед үзлэг хийлгэж, зодоонд оролцоогүй, миний биед ямар нэгэн шарх сорви байхгүй байгаагаа харуулах байсан юм. Би Ж.Б, Ж.Э нарын зодоонд ямар нэгэн байдлаар оролцоогүй, зодооны улмаас Ж.Б, Ж.Э нар адилхан гэмтсэн. Гэхдээ Ж.Э сар гарны дараа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн тул түүнд ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.” гэв.

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний бие эгчийн хамт ажлаа тараад гэртээ иртэл Ж.Б цахилгаанчны хамт “тогоо салгах гэж байна” гээд явж байсан. Ж.Б-ын дагуулж ирсэн цахилгаанчин цахилгааны утсыг хашаан дээр ил гаргаж, залгаад байсан тул би “ингэж хийж болохгүй талаар” хэлсэн. Учир нь миний бие өөрөө цахилгааны инженер мэргэжилтэй, цахилгааны утсыг ил гаргах нь бусдын эрүүл мэнд, амь насанд аюултайг сануулсан. Үүнээс болж Ж.Б бид хоёр маргалдсан. Гэнэт Ж.Б нь хүүхдээрээ миний зургийг авахуулсан бөгөөд би түүний утсыг авч зургаа устгах гэтэл тэрээр намайг маажсан. Ж.Б нь намайг маажсан тул би түүний толгой руу цохитол тэрээр миний хөлнөөс зуураад авсан. Ж.Б нь миний хөлнөөс зуураад тавихгүй байсан тул би үснээс нь зулгаасан. Эгч бидний зодооныг хараад хүүхдүүдийг дуудаж, Ж.Б бид хоёрыг салгасан. Дээрх зодооны улмаас миний биед ч гэсэн гэмтэл учирсан би цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэтэл эгч “хэрэггүй” гэж зөвлөсөн учир гомдол гаргаагүй. Хэрвээ би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бол адилхан хохирогчоор тогтоогдсон байгаа. Ж.Б нь намайг хазсан, түүний хазсан шархыг би уламжлалт эмчилгээгээр эмчилсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар хазсан сорвийг хараад “маажсан сорви” хэмээн дүгнэсэн.” гэв.

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний эрүүл мэндэд манай талийгаач нөхрийн эгч дүү нар болох Ж.Э, Ж.М нар нийлж халдсан. Хэрэг гардаг өдөр би Ж.Э-тэй үл ялих зүйлээс болоод маргалдаж байтал тэрээр миний үснээс зулгаасан. Би өөрийгөө хамгаалж Ж.Э-г маажсан. Ж.М нь биднийг зодолдож байх үед зодооныг салгах нэртэйгээр миний ам, завьж орчмоос татсан тул би түүний хурууг нь хазсан. Гэтэл тэрээр миний хоолойг боомилсон. Миний хүү үүнийг хараад намайг хамгаалахаар ойртох гэтэл шүүгдэгч нар “чиний ээж алуурчин, чи манай цусан төрлийн хүн” хэмээн хэлж түүнийг ойртуулалгүй, цааш нь түлхсэн. Би хүүдээ “ээждээ туслаарай” хэмээн хэлсэн. Миний бие өмнө шүүгдэгч нартай ямар нэгэн байдлаар маргаж байгаагүй. Миний нөхөр өөрийн тээврийн хэрэгсэлд амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд тэд үүнд намайг буруутгадаг. Дээрх хэргийг цагдаа, шүүхийн байгууллагаар шалгасан бөгөөд би ямар нэгэн байдлаар холбоогүй гэдэг нь нотлогдсон. Миний бие шүүгдэгч нар надаас уучлалт гуйсан тохиолдолд эвлэрэх хүсэлтэй байсан, гэтэл тэд өмнөх хуралдаан хойшилсны дараа өөрсдийн өмгөөлөгчийн хамт над руу дайрч, зүй бус аашилсан. Тэдний зүй бус үйлдлийг нарийн бичгийн дарга охин харсан. Би хурлын зааланд шүүгдэгч нарт гомдож уйлсан бөгөөд надаас уучлалт гуйсан тохиолдолд уучилж, эвлэрэхэд бэлэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрч Д.Б нь ээж, эгч нарынхаа нөлөөллөөр худал мэдүүлэг өгсөн байсан. Шүүгдэгч нар миний эрүүл мэндэд хэрхэн халдаж, надтай хэрхэн зүй бусаар харьцаж байсныг зуслангийн хөршүүд харсан. Миний бие өөрийн эрүүл мэндэд учирсан зардлыг шүүгдэгч нараас нэхэмжлэх гэтэл гэр бүлийнхэн минь “хэрэггүй” гэж зөвлөсөн. Өнөөдрийн хуралдаанд шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримтад дурдагдсан компьютер, томографын зурагны төлбөр 130.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Мөн шүүгдэгч нар нь манай нөхөр Ж.З-н нас барсан асуудалд намайг буруутган миний нэр төрд халдсаны улмаас би ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон. Иймд нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна.” гэв.

Насанд хүрээгүй гэрч Д.Б мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ээж Ж.Э, Ж.Б эгч хоёр зодолдож байсан. Тэдний зодооныг З.Т /Ж.Б эгчийн хүүхэд/ бид хоёр салгасан. Би ээж Ж.Э, Ж.Б эгч хоёрын зодолдож байгааг хартал Ж.М эгч З.Т бид хоёрыг дуудаад зодооныг салгуулсан. Ж.М эгч зодоонд оролцоогүй. З.Т зодооныг харж байсан тул өөрөө санаачилгаараа ирсэн ч байж магадгүй.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хадам талын хүмүүс манай зуслангийн газрыг булаацалдаад би зуслангийн байшингаа хүнд түрээсэлсэн чинь тогийг нь таслаад би дахин тог тавиулах гэсэн чинь тогны утас татуулахгүй гэж маргаад түүний улмаас миний биед халдаж зодсон юм, тиймээс би цагдаад хандсан юм. Манай нөхөр одоогоос 2 жилийн өмнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд намайг зодож цохиод байхаар нь би цагдаа дуудсан чинь нөхөр маань цагдаатай явахгүй гээд машин дотроо орж цоожлоод хаалгаа онгойлгож өгөхгүй байсан болохоор цагдаа нар авч явж чадаагүй. Харин үлдэх юм бол таныг зодох байх тиймээс та бид нартай хамт яв гээд намайг аваад явсан юм. Ингээд би цагдаа дээр очоод байж байгаад буцаж ирээд гэртээ ороод хоёр хүүхдийн хамт унтсан юм гэтэл нөхөр маань гадаа машиныхаа татлагаар өөрийгөө боогоод нас барчихсан. Гэтэл манай нөхрийн нас барсан асуудалд намайг буруутгаад чи нөхрөө алсан алуурчин гээд байдаг юм уг асуудал нь шалгагдаад шийдэгдсэн юм гэтэл намайг түүнээс хойш буруутгаад байдаг болсон юм уг зуслангийн байшинг нөхөр бид хоёр хамт барьсан байшин юм. Үндсэн мөнгө нь ерөнхийдөө миний мөнгө илүү орсон, нарийн ярих юм бол ингээд зуслангийн байшингийн хажууд хадам талын хүмүүс нэг байшин барьж авсан ингээд бид нар хөрш зэргэлдээ байдаг юм. Би зусландаа очих гэхээр намайг элдэв бусаар хэлээд байгаа учир би очиж чадахгүй хүнд түрээсэлсэн чинь тогийг нь салгаад уг хүмүүсийг хөөж туугаад асуудал үүсгээд байгаа юм     . Эзэмшлийн гэрчилгээ маань нөхрийн нэр дээр байж байгаад одоо би материал бүрдүүлж өгөөд өв залгамжлагчаар шилжүүлж авахаар өгсөн байгаа юм... ...манай хадам эгч Жаргалын Ж.М миний хоолойг боогоод завжнаас зулгаасан энэ үед манай хадам Дүү Ж.Э миний үснээс зулгаагаад хойш гэдийлгээд татсан. Тэгэхээр нь би арай хийж салаад хадам дүүтэй эргээд ноцолдсон чинь эргээд намайг үсдээд доош унагаагаад чирсэн. Тэгэхээр нь би хоёр гараараа нүүрээ хамгаалаад дарсан чинь миний зүүн шанаа руу өвдгөөрөө цохисон, толгой руу гараараа цохисон нуруун дээр өвдгөөрөө дарчихсан байсан болохоор би хөдөлж чадахгүй байсан... ... одоо миний толгой өвдөж байна үс нэлээд унасан нуруу өвдөөд байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 7-9 дэх тал)

 

Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ж.Э миний толгойн ар дагз хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон, тухайн үед би газрын уруу унах шахсан, тонгойсон, тэр үед Ж.Э миний үснээс 2 гараараа зулгаагаад доошоо дарсан, миний зүүн талд гараад баруун өрөөсөн хөлөөрөө өвдөглөөд дарчихаад үснээс хойшоо татаж байгаад нүүр рүү өшиглөх гээд байсан, би нүүрээ хамгаалаад хүүгээ дуудаад орилсон. Тэтгэл Ж.Э-н Б ирсэн, Б ээжээ болиоч гээд байх шиг байсан. Өвдгөөрөө миний шанаа руу нударч цохисон, манай хүү болон Ж.Э-н хүү Б хоёр салгасан. Тэр үед салгасны дараа би босоод зодуулсан уур бухимдалтай байсан учраас Ж.М-тэй хэрэлдсэн, Ж.Э-тэй дахиад ноцолдох гээд, байж байтал миний араас хадам эгч Ж.М баруун гараараа чихтэй хамт завжнаас татаад хагас эргэсэн, тэр үед миний ам руу гараа хийчихсэн байсан учраас би түүний гартай нь зууралдсан, гараа тавиад миний хоолойноос боосон, боож байхдаа Ж.М чамайг бид нар шороонд булчхаад санаа амарна гэж хэлсэн, би тэр үед ухаан балартаад доошоо унах шиг болох үед Ж.Э дахиад үсдэж дарсан, тэгээд доороос манай тогийг залгах гэж байсан хүмүүс холоос болиоч гээд орилоод байх шиг байсан, хажууд хүн ирэхэд Ж.Э надаас холдсон..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 11 дэх тал)

Насанд хүрээгүй гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүургийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа дүү нараа хараад байж байтал гадаа эгч Ж.М намайг дуудсан, дуудахаар нь би гараад гүйгээд очтол урд байх Ж.Б эгчийн байшингиин тэнд манай ээж Ж.Э эгч Ж.Б хоёр ноцолдоод байж байсан, ээж Ж.Э эгч Ж.Б-г үсдчихсэн, эгч ээжийн гуя билүү шилбэ хэсгээс нь хазчихсан байдалтай байхаар нь очоод салгасан, тэр үед Ж.Б эгчийн хүү З.Төгөлдөр байсан, З.Төгөлдөр бас салгаж байсан, тэр үед Ж.М эгч бас салгах гээд байж байсан, намайг очихын өмнө очсон байсан юм. Тэгээд хоёр тийшээ салгаад холдуулсан, салгахаас өмнө хоорондоо хэрэлдээд байж байсан. Салгачихаад ээж Ж.Э-г харахад үс нь сэгсийчихсэн, амнаас нь хөөс гарчихсан, дараа нь хөлийг нь харахад хөлнийх нь шилбэ хэсгээс нь цус гарч байсан юм. Ж.Б эгчийг харахад үс нь сэгсийчихсэн, амнаас нь хөөс гарчихсан. аль аль нь нэлээн уур бухимдалтай байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Насанд хүрээгүй гэрч З.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүлийнхэн зуслан дээрээ гарахгүй 2 жил болсон, манай аав 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нас барсан юм. Манай ээж маань найзыгаа зуслан дээрээ гаргах гэхэд манай аавын талын хүмүүс хэл ам хийгээд байлгахгүй байгаад байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хотоос ээж Ж.Б-ын хамтаар зуслангийн байшин дээрээ тог тавиулах гээд тогны утсаа татуулж байсан, тэр үед манай аавын талын хүмүүс буюу авга эгч нар манай зуслангийн газрыг булаацалдаад байсан, өмнө нь манай гэрийнхний хэрэглэж байсан эд зүйлсийг авчхаад тэр өдөр хогоо ав гээд гаргаж хаяад, бид нарыг ав гээд байсан, зуслангийн хашаан дотор хадам талын эгч нар машинаа манай зуслангийн байшинтай тулгаад тавьчихсан байхаар нь манай ээж Ж.Б намайг тэр зургийг дарах гээд утсаа барьж байтал авга эгч Ж.Э орилж ирээд миний гар утсыг булааж авах гээд ирж байсан, тэгэхээр нь ээж миний гар утсыг гэр лүү оруулчихсан. Ж.Э эгч ирээд яагаад бичлэг хийгээд байгаа юм гэж байснаа ээжийн толгой руу нь гараараа 3 удаа цохисон, эгч манай ээжийг үсдээд газар унагаасан, унагаачихаад Ж.Э эгч ээжийн нуруун дээр өвдөглөөд суугаад байсан юм, тэр үед манай ээж өөрийнхөө биеэ хамгаалаад эгч Ж.Э-г түлхсэн, түлхэх үед авга эгч Ж.М ээжийн хоолойг боосон, түүнээс өмнө Ж.М эгч тэр хоёрыг хараад зогсож байсан, тэгээд 2 талаас нь Д.Б бид хоёр салгах гэхэд авга эгч Ж.Э ойртуулахгүй түлхээд холдуулаад байсан. Тэгээд манай ээжийн найз болох тог залгах гэж байсан эрэгтэй хүн доороос хүн тосох гээд явчихсан байж байгаад ирээд хашааны гаднаас орилоод салгасан. Миний харснаар ээж Ж.Бын толгой руу эгч Ж.Э гурван удаа цохисон, үснээс нь зулгааж байгаад газар хэвтүүлээд өөрөө дээр нь өвдгөөрөө дараад суусан, тэр үед нь би салгаад ээжийгээ босгосон, тэгээд ээж рүү Ж.Э дахиад дайртал ээж өөрөөсөө холдуулаад түлхсэн, тэр үед Ж.М нь ээжийн хоолойг нь боогоод доошоо нь унагаасан, Ж.Э эгч ээжийг дахиад унагаачхаад өвдгөөрөө нуруун дээр нь өвдөглөөд суусан, Ж.Э эгч ээжийг өшиглөх гэж байтал хүмүүс орилоод салгасан. Үүний дараа ээжийгээ харахад уйлсан байдалтай, үс нь туг тугаараа уначихсан, толгойгоо барьчихсан уйлж байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8968 дугаартай: “...Ж.Б-н биед дух, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн суга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүүнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна..., ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт  (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр үдээс хойш /цагийг нь санахгүи байна/ манай найз Ж.Б намайг залгаж дуудсан. Дуудахаар нь би түүний зуслангийн байшин дээр цахилгаан тавьж өгөх зорилгоор очсон, тэгээд манай нэг монтёр ирж шонгийн модон дээр дөрөөтэйгөө гарч цахилгааны утас татах байсан юм, миний араас өөрийн машинтай ирж байсан, тэгээд би түүнийг тосож авахаар автобусны буудал руу яваад тосож аваад эргээд иртэл, Ж.Б-н байшингийн үүдний хэсэгт 2 махлаг өндөр эмэгтэй, Ж.Б нар хоорондоо маргалдаад чанга чанга орилоод байсан, гэнэт барьцалдаж аваад, нэг хартал намхан бүдүүн нь Ж.Б-г үсдээд доошоо дарчихсан байсныг нь холоос би болиоч гэж орилж гүйж очоод салгасан юм. Намайг анх харахад Ж.Бын нуруун дээр арай настай эгч нь дараад, нөгөөх нь үсдээд байсан юм Би тэр хоёр эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй, танихгүй. Ж.Б надад тог тавиулахын өмнөх өдөр манай нөхрийн талын эгч нар зуслан дээр байшингийн тогийг салгачхаад байна гэж хэлж байсан юм...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ж.Э, Ж.М нарыг бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн задгай тоотод иргэн Ж.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, гараараа хоолойг нь боож өвдгөөрөө тус тус цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалсан боловч шүүгдэгч Жаргалын Ж.М нь өөрийн төрсөн дүү Ж.Э-тэй бүлэглэн хохирогч Ж.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд хохирогч Ж.Б-н өгсөн “Ж.Э миний толгойн ар дагз хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон, ...миний үснээс 2 гараараа зулгаагаад доошоо дарсан, миний зүүн талд гараад баруун өрөөсөн хөлөөрөө өвдөглөөд дарчихаад үснээс хойшоо татаж байгаад нүүр рүү өшиглөх гээд байсан, би нүүрээ хамгаалаад хүүгээ дуудаад орилсон. ...Өвдгөөрөө миний шанаа руу нударч цохисон, манай хүү болон Ж.Э-н хүү Б хоёр салгасан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Билгүүний өгсөн “...зуслангийн байшиндаа дүү нараа хараад байж байтал гадаа эгч Ж.М намайг дуудсан, дуудахаар нь би гараад гүйгээд очтол урд байх Ж.Б эгчийн байшингиин тэнд манай ээж Ж.Э эгч Ж.Б хоёр ноцолдоод байж байсан, ээж Ж.Э эгч Ж.Б-г үсдчихсэн, эгч ээжийн гуя билүү шилбэ хэсгээс нь хазчихсан байдалтай байхаар нь очоод салгасан, тэр үед Ж.Б эгчийн хүү З.Т байсан, З.Т бас салгаж байсан, тэр үед Ж.М эгч бас салгах гээд байж байсан, намайг очихын өмнө очсон байсан юм… Ж.М эгч зодоонд оролцоогүй. Төгөлдөр зодооныг харж байсан тул өөрөө санаачилгаараа ирсэн ч байж магадгүй.” гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонбаярын өгсөн “Ж.Б-ын байшингийн үүдний хэсэгт 2 махлаг өндөр эмэгтэй, Ж.Б нар хоорондоо маргалдаад чанга чанга орилоод байсан, гэнэт барьцалдаж аваад, нэг хартал намхан бүдүүн нь Ж.Б-г үсдээд доошоо дарчихсан байсныг нь холоос би болиоч гэж орилж гүйж очоод салгасан юм...” гэх мэдүүлэг зэргээр Ж.М нь уг зодоонд шууд биечлэн оролцож хохирогч Ж.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хийгээгүй харин шүүгдэгч            Ж.Э болон хохирогч Ж.Б нарын хооронд өрнөсөн хурц маргаан, харилцан зодооныг салгах, хориглох зорилготой үйлдэл хийж мөн бусад хүмүүсээс уг зодооныг салгаж болиулахаар тусламж хүсч дуудсан, зодооныг зогсоосон нөхцөл байдал тодорхойлогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүдэгч Ж.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Ж.Э нь Ж.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн зүйлчлэх нь шаардлагатай байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Э нь 2022.06.21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шарга морьтын зуслангийн задгай тоотод өөрийн талийгаач ах Ж. Зоригтбаатарын эхнэр болох хохирогч Ж.Б-тэй зуслангийн газрын эзэмшил болон бусад хувийн шинжтэй асуудлаар хурц маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн суга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүүнд цус хуралт зүүн шуунд зулгаралт, зүүн болон баруун шилбэнд цус хуралт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Э-н хувьд талийгаач ахынхаа эхнэрийг дорд үзэж зүй бус харьцаж дээрэлхэж байгаа ухамсаргүй, соёлгүй зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ж.Б нь шүүх хуралдааны үеэр “Өнөөдрийн хуралдаанд шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримтад дурдагдсан компьютер, томографын зурагны төлбөр 130.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Мөн шүүгдэгч нар нь миний нэр төрд халдсаны улмаас би ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон. Нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Ж.Э-с 130.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Б-д олгох үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ж.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын болон өөрийн нэр төрийг сэргээлгэх тухай асуудлаар цаашид шүүгдэгч Ж.Эгээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид уг зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Э-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Э-д ял оногдуулахдаа түүний гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-с 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгосугай.

8. Хохирогч Ж.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон нэр төрөө сэргээлгэх асуудлаар цаашид шүүгдэгч Ж.Э-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч                           Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР