Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1182

 

 

 

 

 

 

  

2022           12          19                                           2022/ШЦТ/1182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч Б.Д, А.Э, А.Э, Ч.Т,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан эрүүгийн 2209000000656 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Т.Н, /регистрийн дугаар /, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр .... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  эцэг, эх 3 дүүгийн хамт амьдардаг, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Т.Н нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “1 өрөө, тавилгатай байр 650.000 төгрөг” гэсэн зарыг байршуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн А.Эг байр түрээслэх ашиг сонирхлыг нь далимдуулан “...орой 21 цагийн үед байраа үзүүлээд түлхүүрийг нь өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй төв дотроос “Хаан” банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ......... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн зарын нэгдсэн сайтад “нэг өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, А.Эы байр түрээслэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан түрээслэх байргүй байж байртай мэтээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, “урьдчилгаа төлсөн хүнд түрээслүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, А.Эыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн зарын нэгдсэн сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар” гэсэн хуурамч зар байршуулан тавьж, Б.Дгийн байр түрээслэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан түрээслэх байргүй байж байртай мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “урьдчилгаа төлсөн хүнд түрээслүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Дг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүний ......... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан,

мөн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ч.Тд түүний нөхөр Ч.Н "...Хаан банкны ......... дугаартай Н гэх эзэмшигчтэй данс руу 70.000 төгрөг шилжүүлчих...” гэж хэлсний дагуу  тус өдөр Ч.Т нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 295-41 тоотод гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ................. дугаарын данснаас түүний эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай данс руу 70.000 төгрөгийн гүйлгээ хийх гэж байгаад андуурч улмаар 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшиж хохирогч Ч.Тд 6.930.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.Э, А.Э, Ч.Т, Б.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Нын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.Н нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “1 өрөө, тавилгатай байр 650.000 төгрөг” гэсэн зарыг байршуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн А.Эг байр түрээслэх ашиг сонирхлыг нь далимдуулан “...орой 21 цагийн үед байраа үзүүлээд түлхүүрийг нь өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй төв дотроос “Хаан” банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ......... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн зарын нэгдсэн сайтад “нэг өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, А.Эы байр түрээслэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан түрээслэх байргүй байж байртай мэтээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, “урьдчилгаа төлсөн хүнд түрээслүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, А.Эыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн зарын нэгдсэн сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар” гэсэн хуурамч зар байршуулан тавьж, Б.Дгийн байр түрээслэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан түрээслэх байргүй байж байртай мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “урьдчилгаа төлсөн хүнд түрээслүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Дг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүний ......... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан,

мөн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ч.Тд түүний нөхөр Ч.Н"...Хаан банкны ......... дугаартай Н гэх эзэмшигчтэй данс руу 70.000 төгрөг шилжүүлчих...” гэж хэлсний дагуу  тус өдөр Ч.Т нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 295-41 тоотод гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ................. дугаарын данснаас түүний эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай данс руу 70.000 төгрөгийн гүйлгээ хийх гэж байгаад андуурч улмаар 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшиж хохирогч Ч.Тд 6.930.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Нын дээрх хохирогч А.Э, А.Э, Б.Д нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан, мөн хохирогч Ч.Тгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлсэн: “...Тухайн үед хамгийн анх үнэгүй зар тавигдах үед 3 сар дөнгөж эхэлж байсан. Насанд хүрээд хагас жил хүрээгүй байсан. Биеэ даах зорилгоор би ажил хийгээд явдаг байсан. 3 дахь өдөр уулзсанаасаа хойш миний найз охин болсон шүү гэж байснаа Ананд гэх хүнтэй намайг танилцуулсан. Тэр хүнийг өөрийнхөө эхнэр гэсэн. Ийм зүйл болсон маш их харамсалтай байна. Тухайн үед миний юманд бодлогогүй ханддаг зангаас болж ийм зүйл болсон. Тухайн үйл явдал болоод 7 хоногийн турш би тэр хүмүүстэй хамт явсан. Би мэдүүлгээ өгөхдөө ...бусад газруудынх нь камерын бичлэгийг үзвэл 2 талаас нь харж болно, юу болсон талаар тодорхойлж болох байхаа гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд манай гэрийнхэн  мэдчихсэн. Тэр гэр дотор надаас болоод маш их хэрүүл маргаан гардаг учраас... би ийм хэрэг гараагүй гэдгийг би ээждээ тайлбарлаж хэлсэн. Манай ээж цагдаатай очиж уулзсан. Манай хамаатнууд бүгд энэ талаар мэдсэн учраас би маш их дарамтад ороод амиа хорлох үйлдэл хийсэн. Би гэр рүүгээ зүгээр харих боломжгүй байсан гэдгээ хэлсэн. Гэтэл Оргил мөрдөгч “Тэгвэл одоо тэрийгээ олоод ир л дээ” гэсэн. Тэгээ би “За за би ганцаараа ингээд хэрэгтэн болчхож байгаа юм байна” гэж бодсон. Яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгснийхөө дараа энэ хэрэг надтай холбоотой хэрэг биш гээд орхичихсон байгаа. Гэрийнхнийхээ санааг зовоохгүй гэсэндээ тэгж хэлээд өнгөрсөн. 8 дугаар сарын 11-ний өдөр миний дансанд 7.000.000 төгрөг орсон байсан. Хуучин намайг 10 жилд байхад студи таньдаг хүмүүстэйгээ хамт түрээсэлдэг байсан. Тэрний эзэн Даваа гэж хүн байдаг байсан. Бүгд нэг нэгэнтэйгээ холбоотой байж байдаг. Тухайн үед намайг уулзъя гээд гэрээс гаргаж ирсэн. Намайг дүүтэйгээ танилцуулъя гэж байсан. Карго ажиллуулбал хичээлээс гадна орлоготой болчих юм байна гээд тэр хүнтэй ярьж байсан. Тэр Даваа гэдэг хүн намайг Мандах гэдэг дүүтэйгээ танилцуулсан. Нэг өдөр Даваа гэдэг хүнтэй хамт Мандах гэдэг залуугийн гэрт орсон. Маргааш өдөр 16 цагийн үед тэр Мандах гэдэг “Чиний хийх гэж байгаа юмны талаар тодорхой заавар гаргаад өгье” гээд инстаграммаар дуудахаар нь би яваад очсон. Очиход надад хоол хийж өгөөд тэр ажлын талаар ярилцсан. Нар бууж эхлэх үед буюу 21 цагийн үед тэдний гэрээс гарах гэтэл намайг гаргаагүй бөгөөд хаалгаа цоожилчихсон. Тухайн үед тэр хүнийг би эсэргүүцэж дийлээгүй. Эсэргүүцэж дийлээгүй хүчирхийлүүлсэн байдалтай үлдсэн хүн нь би юм. Тийм байдалд орсон хүн яаж сайн сэтгэл зүйтэй байх вэ? Насанд хүрсэн байсан ч тийм байдалд орсон бол хохирогч мөн биз дээ? “Би чамд зүгээр хохирлын мөнгийг нь барагдуулаад өгье” гэж намайг тайвшруулах гэж юм ярьсан. Миний дансны дугаарыг аваад үлдсэн. Маргааш нь би найз залуутайгаа хамт хөдөө байж байгаад сумын төв рүү ороод миний утсанд сүлжээ ороход миний данс руу хүний мөнгө орсон байсан. Хүмүүс над руу залгаад ийм зүйл болчихлоо гээд хэлэхэд нь би тэр өдөр өнжөөд маргааш нь хот руу гарсан. Би тухайн мөнгийг орсон гэдгийг би мэдээгүй. Манай ээж рүү  дахиад цагдаагаас залгасан байсан. Би мэдүүлэг өгөхдөө юу болсон талаар ярьсан. Дахиад намайг цагдаагаас дуудахад нь яваад очиход Оргил гэдэг мөрдөгчид тэр хэрэг ирчихсэн байсан. Тэр мөрдөгч намайг “Чиний хэрэг чинь нэгтгэгдэж шалгагдана” гэж хэлсэн. Намайг бусад холбогдогч нарын мэдүүлэгтэй танилцуулсан. Хамгийн  анх надаас гэрчийн мэдүүлэг авч байсан цагдаа нь тухайн үед ойлгосон юм шиг байсан хэр нь цааш дамжихдаа намайг хэрэгтэн болгочихсон байсан. Тэгээд дахиж яллагдагчаар татагдаад Оргил мөрдөгч надаас дахиж мэдүүлэг авсан. Би болсон үйл явдлын талаар дахиад ярьсан. Би зүгээр тэнд биеэ үнэлэгч болоод үлчихсэн байсан. Манай гэрийнхэн надтай зүгээр нэг тайчигч шиг харьцаг болсон байсан. Тэгээд арай гайгүй болоод байж байтал араас нь дахиад биеэ үнэлэгч гэсэн асуудал гараад ирсэн. Би тухайн үед тэр мөнгийг нь надад өгч байгаа хохирлын мөнгө гэж ойлгосон...” гэв.

шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би мэдүүлгээ хэргээ нэгтгэж дууссаны дараа мэдүүлэг өгмөөр байна. Гэхдээ энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Гэрт нь намайг байхад дансаа өгчих гэж байсан тэгээд над руу мөнгө шилжүүлсэн байхаа яагаад мөнгө шилжүүлсэн талаар бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 290-130, 203-204/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э мэдүүлсэн: “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би ажилтайгаа ойр түрээслэх байр хайж байсан. Зар дээр 100 айлын хажууд 72 дугаар байрыг түрээслүүлнэ гэсэн байсан бөгөөд тэр байр нь миний хувьд маш боломжийн санагдсан учраас өглөө утсаар ярихад “650.000 төгрөг гэж байгаа. 1 сарын барьцаа мөнгөтэй хамт авна. Та урьдчилгаагаа одоо явуулчихвал орой 21 цагийн үед ажил тарахаар байраа үзүүлээд түлхүүрээ өгье” гэхээр нь би гэрийнхнээсээ мөнгө зээлээд, өөрт байсан мөнгөө бүгдийг нь шавхаад 1.300.000 төгрөг өгсөн. 18 цагийн үед ажлаа тараад 21 цаг хүртэл 100 айлын хажууд эргэлдэж, залгаад утас нь холбогдохгүй байсан. Би тухайн дөр 22 цагийн үед гэртээ харьсан. Хохирол төлбөр 1.300.000 төгрөгөөс ганц ч төгрөг эргүүлж аваагүй. Утасны цаанаас нэг эмэгтэй хүнтэй ярьсан. Би ямар хүнтэй ярьснаа сайн мэдэхгүй байна...” гэв.

хохирогч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадруун төв” зөгийний үүр гэх газарт манай ажил байрладаг тэнд байж байхдаа 08:50 цагийн үед үнэгүй.мн зарын сайтаар 1 өрөө тавилгатай байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 98982123 гэсэн дугаартай холбогдоход эмэгтэй хүн байсан тэгээд утсаар яриад байрны урьдчилгааг Т.Н гэх хүний ......... тоот данс руу 1.300.000 төгрөг хийгээрэй тэгээд орой 21 цагийн үед байраа үзүүлээд түлхүүрийг өгнө гэсэн тэгээд орой болоод очиж үзэх болоод дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй хариу өгсөн. Тэгээд одоо болтол утсаа асаахгүй байна. Тэгээд залилуулсан гэж бодоод цагдаад хандаж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 115-116/,

хохирогч А.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвд явж байгаад Unegui.mn нэгдсэн зарын сайтад “Улсын циркийн зүүн урд талд байрлалтай нэг өрөө байр түрээслүүлнэ гэж .................” байршуулсан зарын дагуу өөрийн 80501833 дугаараас ................. дугаар руу залгаж холбогдоход хоолой нь 30-35 орчим насны эмэгтэй хүн өнөөдөр 20.00 цагаас өмнө байр үзүүлэх боломжгүй, орой ажлын цаг дууссаны дараа уулзаж байр үзүүлэх боломжтой гэж хэлсэн. Олон хүмүүс зарын дагуу холбогдож байна түрүүлж урьдчилгаа шилжүүлсэн хүнд түрээслүүлнэ, нөхцөл нь 3 сарын төлбөр дээр нэмж нэг сарын барьцаа мөнгө авна. Нэг сарын түрээс нь 750.000 төгрөг гэж хэлсэн. Надад яаралтай байр хэрэгтэй байсан тул нөгөө эмэгтэйд байр түрээслэх шаардлагатай байгаа талаар хэлэхэд нөгөө эмэгтэй данс явуулна урьдчилгаа 1.500.000 төгрөг шилжүүлчих тэгээд орой 20:00 цаг гээд уулзаад байр үзүүлнэ гэж хэлсэн. Би тэр даруйд нь өөрийн хаан банкны ................. гэсэн тоот данснаас хаан банкны ......... тоот данс руу 1.500.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвд байхдаа шилжүүлсэн юм..., ...тэгээд 22 цагийн орчимд залгахад утас нь холбогдохгүй боломжгүй болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 67/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлсэн: “...3 дугаар сарын 18-ны өдөр би түрээслэх байр хайж байсан. Тухайн үед “циркийн зүүн талд 1 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” гэх зарын дагуу утсаар нь холбогдоод асуусан. Анх ярихад “Хүн бараг орох гэж байгаа. Мөнгөө өгсөн” гэж надад хэлсэн. Тэгээд таслах үед буцаагаад өөрөө залгасан. Тэгээд “Энэ хүмүүс нь арай мөнгөө хийгээгүй байна. Түрүүлээд урьдчилгаа 1 сарын түрээсийн мөнгө, 1 сарын барьцааны мөнгөө шилжүүлсэн тохиолдолд та нарыг оруулъя” гэсэн бөгөөд хэлснийх нь дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Орой 9 цагийн үед цирк дээр очиход утас нь холбогдоогүй. Нийт 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд хохирол төлбөр барагдуулж аваагүй байгаа...” гэв.

хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Үнэгүй.мн зарын сайт дээрээс байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу ................. гэсэн дугаар луу залгасан. Тэгээд байрыг нь очиж үзэх түрээслэх талаар ярьсан, тэгсэн чинь тэр хүний ажил нь орой 21 цагаас тарна тэгээд 21 цагаас хойш үзүүлэх боломжтой тэгээд давхар өөр хүмүүс орох гээд урьдчилгаа мөнгө өгөх гээд яриад байгаа түрүүлээд шилжүүлэх юм бол та нарыг оруулж болно гэсэн. Тэгээд нэг сарын түрээсийн мөнгө болон нэг сарын түрээсийн мөнгө болох 1.500.000 төгрөгийг хаан банкны ......... дугаарын данснаас тухайн хүний ......... дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд орой 21 цагаас ажил тарахаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн тэнд уулзахаар болсон. Тэгээд би орой 21 цаг өнгөрөөгөөд Цирк дээр очоод утас нь холбогдох боломжгүй болсон...., ...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 31 дүгээр сургуулийн замын эсрэг талд нэг өрөө байр түрээслэн гэсэн байсан..., ...дансны нэр нь Түмэнцацрал Н гэж байсан..., Би 1.500.000 төгрөгөө авмаар байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 10-11/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Т мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 70.000 төгрөг явуулах гэж байгаад андуураад 7.000.000 төгрөг явуулсан. Маргааш нь баасан гараг байсан бөгөөд Хаан банк дээр очоод залгуулсан боловч утас нь холбогдоогүй. Адилхан хүн юм чинь гэж бодоод 7 хоног хүлээсэн. Таньдаг хүнээр нь яриулсан боловч огт холбогдоогүй. Эргүүлж мөнгө өгөөгүй. Манай охин 1 настай байсан бөгөөд тухайн үед өвчтэй байсан. Нийт 6.930.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

хохирогч Ч.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 40 минутын орчим манай нөхөр рестораны хүнсний эд зүйлс авах гээд гарсан. Тэгээд нөхөр залгаад ......... дугаартай Н гэх эзэмшигчтэй хаан банкны данс руу 70.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ................. дугаартай данснаас андуурч 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 12-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутад хаан банканд өргөдөл өгөхөд тухайн дансны эзэмшигч Нын гар утас холбогдох боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 186/,

гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Н гэдэг охиныг танина. 2022 оны 3 сарын эхнээс эхлээд танилцаад үерхэж байгаа..., ... Би ийм данс ашиглаж зар оруулсан зүйл байхгүй. Тэр талаар мэдэх зүйл байхгүй..., ...2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уулзаад хамт байж байгаад явсан, тэгээд орой нь над руу залгаад ирээд аваач би уучихсан байна гэсэн, тэгээд би Анандтай хамт явж байгаад очоод авсан, тэгтэл халамцуу ажлынхан гээд эмэгтэйчүүдтэй гарч ирсэн, тэгээд уулзаад мөнгөгүй талаараа хэлэхэд надад мөнгө байгаа гээд хамт буудал орсон, тэрнээс хойш бид хэд 2 хоног хамт байсан бөгөөд буудлын мөнгийг Н өгөөд байсан бөгөөд мөнгөтэй байгаад байсан, тэгээд надад гутал захиалсан талаараа хэлсэн, мөн нэг пальто өмссөн байсан бөгөөд надад зохиж байна уу хайраа гээд асуугаад байсан. тэгээд гоё байгаа талаар хэлсэн, тэгээд хамт байгаад яваад өгсөн байсан, тэгээд би чаат бичээд ирээгүй хариу өгөөгүй алга болчихсон..., ...Ананд бид хоёр бол зар оруулж мөнгө авсан зүйл байхгүй, харин Жаргал гээд охин хамт байх үедээ утсаар яриад алга болоод байсан бөгөөд өөрийнхөө гар утаснаас гадна нэг цэнхэр өнгөтэй утас байсан мөн хажууд юнителийн дугаар, жи мобайлын нэг дугаар харагдаж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 21-22/,

гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Н гэдэг охиныг танина 2022 оны 03 дугаар сарын дундуур манай найз Д уулзах үед хамт явж байсан, тэгээд надтай танилцъя гээд танилцаж байсан…, ...тэр үеэр надаас Д та хоёр яагаад салсан талаар асуусан, тэгэхээр нь би хэрэг хийсэн шалгагдаж байгаа удахгүй тасраад яваад өгнө тэгэхээр удаан хамт баймааргүй байна гэдгээ хэлсэн тэгтэл надаас чи ямар хэрэг хийдэг байсан юм гээд асуусан тэгэхээр нь би үнэгүй зараар залилан хийсэн талаар хэлсэн тэгтэл яаж хийдэг юм гээд асуусан тэгэхээр нь үнэгүй зар дээр байр түрээслүүлнэ гээд зар оруулаад утсаар яриад мөнгөө эхлээд шилжүүлээд авдаг гээд маазраад хэлсэн тэгээд би хэд салаад явсан тэгээд маргааш нь Д бие өвдөөд байна гэхээр нь заалгаад яваад очсон тэгтэл ганцаараа тоглоод сууж байсан тэгээд уулзаад байж байтал Ж гээд охин ирсэн тэгээд утсаараа оролдоод сууж байгаад гараад юм аваад ирье гээд яваад өгсөн  тэгээд бид хоёр хамт байж байтал орой Д руу залгаад уучихсан согтуу байна очих газаргүй байна гээд тэгсэн тэгээд бид хоёр орох гэтэл намайг оруулахгүй байсан тэгээд Д орох гэтэл урдаас нь хэдэн эмэгтэйн хамт гараад ирсэн бөгөөд өөр хувцас өмссөн байсан тэгээд бид хоёрыг хараад өнөөдөр бөөндөө хамт уунгаа ярилцъя гэсэн тэгээд бид хоёр мөнгөгүй байна гэтэл надад мөнгө байгаа та хоёр зүгээр хамт байчих гэсэн тэгээд бид хэд хамтдаа тэнгисийн хойд талын “Хуйцаа” гээд буудал орсон тэгээд хамт уугаад сууж байтал Дорлиг явлаа гэтэл үгүй байж бай гээд байсан тэгэхээр нь би явлаа гэтэл үгүй чи байж бай чи явчихвал Д яваад өгнө гээд байсан тэгээд бид хоёр хамт сууж байтал манай хойд аав намайг зоддог ээжийнхээ утсыг хар тамхинаас болоод барьцаанд тавиад алдсан би ажлын эгчийн гэртээ байгаа та хамт байгаач гэсэн тэгээд хэд хоног хамт явсан бөгөөд хэрэг хийсэн талаар бол мэдээгүй утсаар яриад  гараад явдаг байсан бөгөөд мөнгөтэй болоод ирдэг байсан тухайн үедээ надад тайчигч хийдэг гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 24-25/,

гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай найз Алтан-Үндэс нь над руу “вичат” дахь МТ_760 хаягаараа чат бичээд завтай болохоороо ......... дугаартай Хаан банкны дансыг явуулаад энэ данс руу 70,000 төгрөг шилжүүлээдэх гэж хэлсэн ба тухайн үед миний интернэт банкны нууц код байгаагүй ба Далай гэх найзаараа байнга мөнгө солиулдаг учир Далайн “вичат” руу чи энэ данс руу 70.000 төгрөг завтай болохоороо шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд хариу байхгүй болохоор нь би Далайгаас юаниар хэд болох вэ гэхэд удаж удаж байгаад юаниар ойролцоогоор 15.000 юань болж байна гээд 7.000.000 төгрөг шилжүүлсэн баримтаа явуулсан. Тэгээд 70.000 төгрөг ш дээ чи яагаад 7.000.000 төгрөг шилжүүлсэн юм бэ гэж хэлэхэд яарч байгаад андуураад шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Алтан-Үндэс рүү яриад нөгөө данс руу чинь илүү мөнгө хийсэн байна гялс нөгөө хүнтэйгээ холбогдоод буцаагаад хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхэд за гэж хэлсэн ба утас нь холбогдохоо больчихлоо гэж хэлж байсан. Тэгээд дараа нь надад энэ мөнгийг дараа нь би төлөөд өгье гэж хэлсэн. Далайд энэ тухай хэлэхэд за гэж байгаад 7 хоногийн дараа над руу залгаад энэ мөнгийг олоод өгөхгүй бол цагдаад өглөө гэж хэлсэн..., ............ дугаартай дансны эзэмшигчийг танихгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 192/,

Хаан банкны дансны хуулга /1хх-н 38-43, 138-142, 205-216/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 6-7, 104-110/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 219-220/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Нын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “1 өрөө, тавилгатай байр 650.000 төгрөг” гэсэн зарыг байршуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн А.Эг байр түрээслэх ашиг сонирхлыг нь далимдуулан “...орой 21 цагийн үед байраа үзүүлээд түлхүүрийг нь өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй төв дотроос “Хаан” банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн 1.300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ......... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн зарын нэгдсэн сайтад “нэг өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, А.Эы байр түрээслэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан түрээслэх байргүй байж байртай мэтээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, “урьдчилгаа төлсөн хүнд түрээслүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, А.Эыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн эзэмшлийн ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн зарын нэгдсэн сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар” гэсэн хуурамч зар байршуулан тавьж, Б.Дгийн байр түрээслэх гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан түрээслэх байргүй байж байртай мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “урьдчилгаа төлсөн хүнд түрээслүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Дг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүний ......... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн ......... дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ч.Тд түүний нөхөр Ч.Н"...Хаан банкны ......... дугаартай Н гэх эзэмшигчтэй данс руу 70.000 төгрөг шилжүүлчих...” гэж хэлсний дагуу  тус өдөр Ч.Т нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 295-41 тоотод гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ................. дугаарын данснаас түүний эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай данс руу 70.000 төгрөгийн гүйлгээ хийх гэж байгаад андуурч улмаар 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшиж хохирогч Ч.Тд 6.930.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Ныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Т.Наас нийт 11.230.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд 1.500.000 төгрөг, А.Эд 1.500.000 төгрөг, А.Эд 1.300.000, хохирогч Ч.Тд 6.930.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Т.Наас нийт 11.230.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд 1.500.000 төгрөг, А.Эд 1.500.000 төгрөг, А.Эд 1.300.000, хохирогч Ч.Тд 6.930.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР