Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/1045/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1094 |
Огноо | 2022-11-18 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1094
2022 11 18 2022/ШЦТ/1094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: ...
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
хохирогч Т.Т,
шүүгдэгч Г.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн .. дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, ... оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, тусгай дунд боловсролтой, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг, 21-р хороо, ....тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Г.А /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... орчим иргэн Т.Т-тай “хүнд үйлчилж байж аятайхан харьцаач” гэж маргалдан, нүүрэн тус газар нь цохиж зууралдан газар унагааж эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед таксигаар үйлчлүүлээд явж байсан бөгөөд хохирогч буюу жолоочийг “та хүнд үйлчилж байж аятайхан харьцаач” хэмээн хэлээд бид маргалдаж байтал тэрээр намайг цохисон бөгөөд би буцаагаад цохиход тэр газар унасан. Хохирогч газар унасны улмаас хөлдөө гэмтэл авсан. Хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн. Би хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэв.
Хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 02-ноос эхлэн хувиараа такси үйлчилгээнд явж эхэлсэн. Энэхүү хэрэг гардаг өдрийн орой 4 хүн замын хажууд гараа өргөөд зогсож байсан бөгөөд тухайн хүмүүсийг автал “хөдлөхгүй байж байгаарай, дахиад хүн байгаа, чихээд суучихья” гэхэд нь миний бие “энэ ямар ачааны машин байгаа биш дээ, үгүй ээ” хэмээн хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүс М баар орно гэхээр нь хөдлөөд явж байтал, тээврийн хэрэгслийн багаж нээгдсэн. Би замын хажуу руу зогсоод багажаа хааж байтал, шүүгдэгч залуу намайг “ямар зэвүүн п**** вэ?” хэмээн хэлээд нүүрэн тус газарт цохисон. Би өөрийн эрүүл мэндийг хамгаалж шүүгдэгчийг нэг удаа цохисон. Энэхүү гэмт хэргийн улмаас би хөлдөө гэмтэл авч 2 гаруй сарын хугацаанд гэртээ хэвтэрийн дэглэмтэй байсан. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг. Шүүгдэгчид өөрийн ажил үйлчилгээ, орлого зарлагын талаар хэлж хохирол төлбөрт 10.000.000 төгрөг өгсөн тохиолдолд ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Тэрээр хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч эхний ээлжинд 1.500.000 төгрөг өгөөд, эргээд холбогдьё гэсэн хэрнээ эргээд ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Би ажилгүй байсан хугацааны орлогыг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг дүгнэлтэд миний биед зүүн хөлийн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтлийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн А баруун талд таксинд явж байх үед үүссэн гэмтэл юм...нэг залуу нь машины багаж онгойлгоод суух гээд байхаар нь буугаад багажны хаалгаа гүйцээж хаагаад буцаад хартал тэр дунд байсан өндөр биетэй залуу нь "сэхүүн зантай пизда вэ" гэж хэлээд нүүр лүү цохиод тэгээд бид хоёр ноцолдоод хамт унасан. Тэгээд намайг газар байх үед нэг нь зүүн хөл рүү өшиглөсөн. Би яг хэн өшиглөснийг мэдэхгүй байна. Тухайн үед анх би өндөр залуутай маргалдсан. Тухайн залуу өшиглөсөн гэж бодож байна6 ...Надтай анх маргалдсан өндөр биетэй залуу нь Г.А мөн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А бууж ирээд "хүнд үйлчилж байж хараагаад байх юм" гэх мэт зүйл хэлээд таксины жолоочтой маргалдсан. ...Г.А таксины жолоочтой маргалдаж бусад нь салгаж байсан. Тэр хоёр ноцолдоод газар унаад босож ирсэн... “Присс 41” маркийн таксины жолооч намайг тэвэрч аваад хөлөө боочихсон, намайг нэг хүн тэвэрч аваад чи хүний хөл хугалсан байна гэж хэлээд, тэгээд удалгүй цагдаа ирсэн... сүүлд М дээр ирэхдээ баруун хөлөө боочихсон байсан...Г.А-тай маргалдаж байхаар нь найзуудын хамт салгасан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)
Гэрч Э.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А "хүнд үйлчилж байж аятайхан харьцаач" гэж хэлээд Г.А нь гарын гадар хэсгээр гараараа нүүрэнд нь цохиход жолооч нь зөрүүлээд баруун нэг удаа Г.Агийн нүүр хэсэгт нэг удаа цохиход Г.А унахдаа жолоочтой зууралдаж хамт газар унаж, жолооч нь Г.Агийн дээр нь дараад унасан...Г.Агаас өөр хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)
Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12095 дугаартай: “...Т.Т-ын биед зүүн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
Г.А-н яллагдагчаар өгсөн: “...Би тухайн таксины жолоочийн биед гэмтэл учруулсан гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Манай найзууд тухайн хүний биед огт халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед таксины жолооч зөвхөн надтай маргалдаж, бид хоёр харилцан ноцолдож гэмтэл учруулсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2022.09.01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн А орчим хохирогч Т.Т-г таксигаар хүнд үйлчилж байж аятайхан харьцаарай гэж үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан зориудаар үүсгэн улмаар түүнийг унагаан өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн хөлний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.А-н хувьд үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, үүссэн асуудлыг хүчирхийлэл, уур бухимдлаар шийдвэрлэх гэсэн тэвчээргүй, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Т.Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “надад 1.500.000 төгрөгийг өгсөн. Би ажилгүй 2 сарын хугацаанд гэртээ хэвтсэн. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэсэн бөгөөд хавтаст хэргийн 32-33 дахь талд 85.111 төгрөгийн эмчилгээний баримт хавсаргасан, мөн суга таяг 60.000, хөл гипсдүүлсэн 20.000, боолт солиулсан 30.000 төгрөг гээд нийт 195.111 төгрөгийг хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа илэрхийлсэн /хх-30/ байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн /хх-51/ байх тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Т.Т нь ажилгүй байсан хугацааны цалин, орлого болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч Т.Т-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.А-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.А-д 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь “би ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх боломжгүй учир надад торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.А-н үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нь урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу энэ төрлийн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж байсан түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын дагуу түүнд хүмүүжих, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж ухаарч ойлгох боломжийг олгож Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд үүссэн замын цас, мөс арилгах, зам цэвэрлэх ажил хийлгүүлэхээр 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил / Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд үүссэн замын цас, мөс арилгах, зам цэвэрлэх/ хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Т.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.А-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР