Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1172

 

  

 

 

 

 

 

 

 

2022          12          14                                        2022/ШЦТ/1172

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

иргэдийн төлөөлөгч Б.З,

улсын яллагч Л.Мажигсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б,

шинжээч Б.Баасанжав /онлайн/,

гэрч Т.Т, О.Б, С.М, Ц.О, Г.Л,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарыг оролцуулан эрүүгийн... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,... настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай,

урьд ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлд 2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар ял хойшлуулж байсан, Б.У/регистрийн дугаар /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... гудамжинд байрлах “У”-ийн гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж”, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцогдон авсан СиДи 2 ширхэгт бичигдсэн камерын бичлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар зэргээр шүүгдэгч Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байрлах “У”-ийн гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж”, хүнийг санаатай алсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Уын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... гудамжинд байрлах “У”-ийн гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж”, хүнийг санаатай алсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлсэн: “...Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би гэрээсээ 12 цаг 40 минутад гарсан. Хамт ажилладаг байсан М гэх хүний гэрт нь очих замдаа телевиз засварын хажуу зам дээр 13 цагийн үед Т.Ттай таарсан. Т.Ттай хамт зогсож байхад замын эсрэг талаас амь хохирогч, Б, Б, С, П нар зам хөндлөн гарч ирсэн. Мэндлээд “Юу хийж яваа юм бэ” гэж асуухад “архи авах гэсэн чинь мөнгө дутаад зовхины тос 1 ширхгийг 1000 төгрөгөөр зарж байна” гээд явж байсан. Амь хохирогч, Б, Б гурав “хамт явж хэдэн ширхэг тос зараад ганц юм авч ууя” гэхээр нь Т.Т бид хоёр яваагүй юм. Гэтэл амь хохирогч, Б, Б гурав “За та хоёр тэгвэл Лгийнд очоод байж бай. Бид нар хэдэн ширхэг тос зарчхаад юм аваад араас чинь яваад очно” гэсэн. Тэгэхээр нь Т.Т бид хоёр Д.Лгийн гэрт очсон бөгөөд тухайн үед Д.Л гэртээ ганцаараа байсан. Араас Т орж ирээд бид гурав юм ярьж 30 минут орчим суусны дараа амь хохирогч, Б,  С, П нар 2 шил архитай орж ирсэн. Эхний архийг уугаад байж байхад Т.Тын эхнэр М хүүхдээ тэврээд ороод ирсэн. Араас нь З, Ж, Ж дүү гурав орж ирсэн. Бид нар нийлээд хоёр дахь шил архийг уусан. 2 дахь шил архи дуусах үед Ж “Дахиад 1 шил архи аваад ууя” гээд бид нараас мөнгө асуусан. Бид нарт мөнгө байхгүй байсан учраас Ж өөрийнхөө гар утсыг ломбардад тавиад дахиж 1 шил архи авсан. 1 шил архиа дөнгөж задлаад сууж байтал Б, Ч хоёр орж ирсэн. Б, Ч орж ирээд бид нар тэр архийг тойруулж сууж байгаад надад суух ч газар олдохгүй болохоор нь “За би явж ажлаа бодлоо” гээд тэр архинаас нь ганц хундагыг уучхаад гараад явсан. Намайг гарахад 15 цаг 30 минут болж байсан. Би Д.Л гэрээс гараад шууд гэртээ харьсан. Гэртээ байж байгаад 17 цагийн үед ус, нүүрсэнд явсан. Хүнсний дэлгүүр орчхоод буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр хоол хийж байсан. Би хүүтэйгээ тоглож сууж байгаад хоол идчихээд 21 цагийн үед “ойрхон гарчхаад ирье” гэж хэлээд гарсан. Д.Л гэрт очиход хүн байгаагүй болохоор нь би буцаад гэртээ ирсэн. Эргэж гараагүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би бичиг үсэг мэднэ. Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгч авч байж өгнө надад өөр ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-н 9-10/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б мэдүүлсэн: “...Би тэр үед ээжтэй байгаагүй. Ээжийг манай талийгаач дүү асарч байсан юм. Маргааш нь ээж надад “дүү чинь болохоо болилоо” гээд залгахаар нь очсон. Ээжээс юу болсон талаар асуухад “Хүү нь ирлээ” гэж хэлээд байхгүй болсон байсан. Ээждээ тухайн үеийн талаар ярихаар сэтгэл нь хямраад байна. Баримтаар гаргаж өгсөн хохиролт өлбөр нэхэмжилж байна. 3.500.000 төгрөг нь “Буян” компанид гаргаж өгсөн хайрцгийн мөнгө юм. Бусад нь буяны ажилд зориулсан мөнгө...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний дүү М нь 1981 онд айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн дээрээ гурван ах дөрвөн эгчтэй айлын бага хүүхэд, бага насаа сургууль цэцэрлэгээр хүмүүжиж 21 дүгээр сургуулийг наймдугаар ангиа төгсөлгүй сургуулиас гарсан, гэрээр ээжид хань болоод гэртээ байдаг байсан, Тогооч мэргэжилтэй энэ тэнд тогоочоор ажилдаг байсан, 2016 онд шоронгоос гарсан хэзээ яаж орсныг мэдэхгүй байна. Миний дүү зан аашны хувьд олон ах эгчтэй өссөн болохоор жоохон эрх талдаа айхтар муу санаа байхгүй, хэлье гэснээ хэлчихдэг хүүхэд байсан, хаяа нэг зуу татдаг байсан юм шиг байна, би ойрхон байгаагүй. Манай ээжтэй цуг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны булгийн 9- 168/г тоотод ээж тэр хоёр амьдардаг байсан, хүмүүстэй ямар харилцаатайг мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 67-69/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Таас мэдүүлсэн: “...Д.Л ахын цаг зогсчихсон байсан учраас Д.Л ахын гэрт хэдэн цагт очсоноо сайн санахгүй байна. Т ахынд би байж байгаад тамхигүй болоод Д.Л ахын гэрт орсон. Намайг ороход Д.Л ах хэвтчихсэн, Э.У ах суучихсан, талийгаач ах газар архиа хажуудаа тавиад суучихсан байсан. Хажуу талынх нь орон дээр Б ах эхнэртэйгээ байсан. Хажуу талынх нь орон дээр Б ах эхнэртэйгээ унтаж байсан. Тэдний гэрт ороход архи байгаагүй. Би тэдний гэрт архи уугаагүй. Талийгаач намайг “Миний анд гал түлээд өгөөч” гэхэд Э.У уурлаад “Чи өөрөө энэ гэрт хонох гэж байж өөрөө галаа түлээч” гэсэн. М зовхины тос зарсан 100.000 төгрөгтэй явж байгаа гэж ярьж байсан. Тэгээд Э.У, М хоёр хэрэлдээд гарсан. Би галыг нь түлээд цонхоор хараад сууж байтал удалгүй Э.У М үүрэх маягтай үйлдэл хийсэн. М их согтолттой байсан болохоор 3 удаа зүгээр унаад байсан. Удалгүй тэр хоёр юу ч болоогүй мэт инээлдээд орж ирсэн. Тэгээд би “Гал асчихсан шүү. Би явлаа” гэсэн. Д ах “Би гэртээ ийм олон хүн оруулмааргүй байна. Баяраа эхнэртэйгээ, тэрний найз нь гэх хамт ажилладаг эмэгтэй бид хэд цөөхүүлээ байя” гээд тэд нарыг бөөнөөр нь оруулахгүй гээд байсан. Тэгээд би буцаад Д ахын гэрт орсон. 18 цагийн үед тэндээс гараад гүүрэн дээр автобусны мөнгө хайж Б хамт зогсож байтал манай Зулаа гэдэг найз маань таараад надад автобусны мөнгө гээд 2000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би Зунжин гэдэг чиглэлийн автобусанд суугаад 120 дээр буусан. 120 дээр Өлзийтийн автобус ирдэг юм. Өлзийт рүү явдаг 2 л автобус байдаг бөгөөд 1 автобус нь дөнгөж айдсын даваа руу орж байсан. Тэр автобусыг хүлээж зогссон. Манай эхнэр аппликэйшнээр харж өгсөн юм. Тэгээд “тэр автобус нь аппликэйшн дээр харагдахаа больчихлоо. Автобусгүй болчихлоо, чи одоо яах юм” гэхээр нь “за тэгвэл би хойшоо 17 орж хонолоо” гээд 22 цагийн үед Д ахынд очсон. Намайг ороход Б, Ж хоёр газар унтаж байсан. Д ах орон дээр унтаж байсан. Тэгээд би хажуугаар нь ороод унтсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…би Р.М, Ж.Т, Б.У нарыг танина, найз нөхдийн харилцаатай. У бид 2 бага наснаасаа эхлэн найзалж нөхөрлөж эхэлсэн. Т ах бид нарыг бага байхаас эхлэн бие биеэ таньдаг, хуурай ах дүү 2-ын харилцаатай. М-тай танилцаж найзлаад 4 жил болж байна. Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ...... тоотод байрлах гэрээсээ ганцаараа гараад автобусанд суугаад 17-н автобусны буудал дээр буугаад Л ахын амьдардаг “И” гэх нэртэй нийтийн байранд байрлах гэрт 10-11 цагийн орчимд ирсэн. Тухайн үед Л ах гэртээ ганцаараа эрүүл зурагт үзээд хэвтэж байсан. Л ахын чих нь хатуу учраас зурагтаа чанга дээр нь тавиад үзэж байсан. Намайг Л ахын гэрт ороод удаагүй байхад ойролцоогоор 5 минутын дараа байхаа миний араас У ганцаараа орж ирсэн. У гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглээд халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд 12-13 цагийн орчимд М Л ахын гэрт орж ирэхдээ 0.75 грамм хэмжээтэй “Хийморь” гэсэн нэртэй архи 2 ширхэг аваад ганцаараа орж ирсэн. ....Тэгээд М авч ирсэн 2 шил архийг Л ах, У, М бид 4 хувааж уугаад дуусгахад 17-18 цаг болж байсан байх. ...Дөнгөж архиа уугаад дуусах үед М, У 2 маргалдаж эхэлсэн.гэтэл У нь М “чи надад 10 цаас өгчих” гэж хэлэхэд М “би чамд яахаараа мөнгө өгдөг юм бэ” гэж хэлээд Улуу салаавч гаргаад муудалцаад байсан. Энэ үед Л нь “та нар гэрт муудалцахгүй шүү гараад явцгаа” гэж хэлэхэд М нь У “алив 2-лаа гараад уулзаадахъя” гэж хэлээд дагуулаад гарсан. Л ахын амьдардаг нийтийн байр нь нэг давхар урт байшин учраас тэр 2 гадаа их хурдан гарсан. Намайг цонхоор харж байхад У, М 2 хоорондоо юм ярьж байгаа бололтой, бие биеийнхээ хувцаснаас заамдаж аваад зогсож байсан. Би тэр 2-ыг муудалцаад гарсан учраас юу болж байна гээд араас нь цонхоор харахад У нь М баруун талаараа үүрээд газар унагахдаа дээр нь мөр хэсгээрээ цээж хэвлий хэсэг дээр дарж унасан. Тэр үед М У хөлийг нь хамж тэврээд газраас босоод ирсэн чинь У дахин М энгэрээс заамдаж байгаад баруун талаараа дахин үүрч авч шидэхдээ дээр нь баруун талын мөр хэсгээрээ цээж хэвлий хэсэг дээр дарж унасан. Тэгсэн чинь У дахин М хувцаснаас заамдаж аваад баруун талаараа дахин үүрч авч шидэхдээ дээрээс нь мөрөөр хэсгээрээ дахин цээж хэвлий хэсэг дээр нь хүчтэй дарж унаад байсан. Учиргүй хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй, У М 3 удаа үүрч авч шидэж байхыг харсан. Тэгээд тэр 2 газраас босоод ороод ирсэн.М, У 2 нэлээн согтуу байсан. Л ахын гэрт цаг байдаггүй учраас яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан гэгээ тасраад бүрэнхий болж байсан гэхээр 18-19 цаг болж байсан байх..Уаас өөр хүнтэй М нь муудалцаагүй, У л 3 удаа үүрч авч шидээд байсан. М биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. М, У 2 нэлээн согтуу, биеэ авч явах чадвартай байх шиг байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 93-95/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Бээс мэдүүлсэн: “...Манай гэр Д.Л гэрээс хол зайтай байдаг бөгөөд тухайн өдөр 15 цаг өнгөрөөж гэрээс гараад 16 цагийн үед Д.Лгэрт очсон. Д.Л гэрт очих замдаа Д.Л гэрийн  наана байдаг айлын үүдэнд Э.У, М хоёртой 16 цагийн үед таарсан. М- газар суучихсан байсан. Э.У урдаас нь хараад наана нь хол зайтай зогсож байсан. Талийгаач манай нөхрөөс тамхи асуусан. Тэгээд манай нөхөр татаж байсан тамхиа өгчхөөд хажуугаар нь гараад явсан. М- их согтолттой байсан бөгөөд газар суучихсан байсан. Д.Л гэрт ороход амь хохирогч бид хоёрын араас орж ирсэн. Хувцас нь ар талаараа их хэмжээний шороо болчихсон байсан. Д.Л гэрт орох үед Б, С, Д.Л, Б нар дотор нь байсан. Тэндээс удалгүй харих гээд орой гарахдаа “Отгонтэнгэр” гээд дэлгүүрийн урд дахиж Мө таарсан. Тэгээд “Хариагүй байгаа юм уу” гэж асуухад “Одоо харих гэж байна” гээд дэлгүүрийн урд талд бид хоёроос салаад явсан. Ард явж байсан улаан куртиктэй хүнийг би огт танихгүй. Бид нартай хамт архи уусан хүмүүс дотор тэр улаан куртиктэй хүн байгаагүй. Э.У, Мө хоёр тухайн өдөр муудалцсан байдалтай байгаагүй, амь хохирогчийн биеийн ил хэсэг буюу гар, нүүрэн тус газарт нь шарх, сорви байгаагүй. Э.УД.Лгийн гэрт ирэх замдаа таарснаас хойш тэр өдөр дахиж таараагүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Лх гэрт ороход З, Б, Ж, Л, Б,Т, Д нар нь гарч ороод байсан. ...Т цагдаа нар ирж авахад нь Т нь “У, Мүүрч шидэж байсан гэж хэлэхийг нь сонссон” Тэрнээс би өөрөө нүдээрээ хараагүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 105-106/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Оаас мэдүүлсэн: “...Тэр өдөр өглөө бид нар 10 цаг гэж босоод тамхи авчхаад нүүрснийхээ тооцоог хийчхээд худаг орж ус авах гэтэл худаг 15 цагаас онгойно гэсэн. Тэгээд би гэртээ ороод нөхөртөө “Худаг 15 цагаас онгойно гэж байна. Нүүрс дуусчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд манай хүн “Мөнхөө ахтай уулзаад ажил хэзээ эхлэхийг асуугаад, ажлын хувцас аваад ирье. Өнөө, маргаашгүй ажилтай байх” гэсэн. Тэгээд би “За тэг тэг, худаг хаахаас өмнө ирээрэй, алга болов! Хүйтэнд хаяад явчхав даа!” гэж хэлээд явуулсан. Би байгаа усаараа угаалга хийгээд байж байтал 16 цагийн үед манай нөхөр гаднаас орж ирсэн. Ирээд ус, нүүрсэнд явчхаад ирэхдээ хүүхдэдээ чихэр, өөртөө 5 ширхэг тамхи, будаа зэрэг зүйлсийг мухлагт бичүүлээд аваад ирсэн байсан. Би зээлж авсныг нь мэдээгүй. Дараа нь мухлагийн хүн “Танай хүн чинь манай дэлгүүрээс 8000 орчим төгрөгийн юм аваад явсан шүү. Зээлээ өгөөрэй” гэж хэлээд явахад мэдсэн. Би юмаа угааж дуусаад хоолоо хийгээд кино үзээд хэвтэж байгаад ядраад хэсэг хугацаанд нүдний хор гаргачихсан байсан. Гарсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байгаа. Гараагүй гэж надад санагдаад байгаа юм. Хэрэв гарсан бол намайг сэрэхээс өмнө ороод ирсэн байсан байх...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…11 цагийн орчим гэрээсээ гараад явсан байсан бөгөөд 17 цаг орчим өнгөрч байсан байх гэртээ орж ирээд нүүрсэнд яваад удалгүй ирээд хоолоо идээд яасан талаар сайн санахгүй байна. Сүүлийн 3 өдөр дараалаад орж гараад байсан болохоор хооронд нь ялгахгүй байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 124-125/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Мээс мэдүүлсэн: “...Ахлагч Г.Лгийн хамт “Согтуу хэвтэж байна” гэсэн дуудлагын дагуу очиход тэнд дуудлага өгсөн хоёр иргэн байсан. Тухайн хүн газар хэвтэж байсан бөгөөд тэр хүний овог, нэр, биеийн байдлыг нь асуух гэхэд ярьж хэлэх ямар ч чадваргүй байсан. Архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан бөгөөд биеэ авч явах чадваргүй байсан. Хамраас нь бага зэргийн цус гарсан байсан бөгөөд тэр цус нь хатсан байдалтай хэвтэж байсан. Гадуур хувцас нь их шороо, шавар болсон байсан. Хувцас нь урагдсан зүйл байгаагүй. Тухайн үед харанхуй болсон байсан бөгөөд тэр хэсэгт гудамжны гэрэл тусаагүй байсан. 103-ын эмч ирээд М-аас юм асуухад агсам тавьж орилоод юу ч хариулахгүй байсан. 103-ын эмч тухайн хүнийг эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсний дараа бид хоёр М-ыг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ажил дээрээ ирж ахлагч Г.Лгийн хамт ... чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 2022.02.12-ны шөнө 01 цаг 45 минутад Сүхбаатар дүүргийн ...гудамжинд согтуу хүн хөлдлөө гээд орилоод байна хамар амнаас нь цус гарсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн дуудлагын дагуу 01 цаг 56 минутад тухайн дуудлага өгсөн газар очиход ... тоот хашааны урд 40 орчим насны эрэгтэй элгээ тэврээд баруун талаараа хойд зүгийг харсан хэвтэж байсан. хажууд нь дуудлага өгсөн эрэгтэй харсан зогсож байсан. газар хэвтэж байсан 40 орчим насны эрэгтэй юм дугарч чадахгүй байсан цагдаагийн ахлагч Г.Л өөрийн гар утсаараа 103 дуудсан. 103 удаж байж ирээд 103 эмч Оюунгэрэл нь үзээд эрүүлжүүлж болон гээд нарийн хуудас бичиж өгсөн. тэрний дагуу цагдаагийн ахлагч Г.Лгийн хамт газар хэвтэж байсан 40 орчим настай эрэгтэй хүнийг машиндаа суулган ...д байх эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Эрүүлжүүлэх байранд шөнийн 02 цаг 40 минутын үед аваачсан эрүүлжүүлэх байрны эмчид 40 орчим настай газар хэвтэж байсан М-ыг үзүүлээд хүлээлгэж өгөөд явсан.Цагдаагийн ахлагч Г.Лгийн хамт дуудлагаар очиход бид хоёрт юм хэлээгүй 103 эмч ирж үзэж байх үед нэр болон насаа хэлсэн. тэрнээс эрүүлжүүлэх байранд аваачиж хийх хүртэл юм яриагүй чанга орилоод байсан,очиход хамраас нь цус гарсан уруул орчим нь цус болцон байсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Биднийг очиход газар хэвтэж байсан 40 орчим насны эрэгтэй М-ын ойр орчимд нь ямар нэгэн эд зүйл байгаагүй.Машинд суусны дараа хэсэг унтаад 5-6 минутын дараа сэрээд юм хэлэхгүй ааа гээд орилоод байсан. Дуудлагаар очиход М-ын хажууд дуудлага өгсөн эрэгтэй хүн байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 89-90/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Лгээс мэдүүлсэн: “...103-ын эмч ирэхэд амь хохирогчийг машиндаа суулгачихсан байсан. Тухайн үед амь хохирогч үг хэлэх ямар ч чадваргүй байсан. 103-ын эмч даралт, пүлсийг нь үзээд, ерөнхийдөө согтолтын байдлыг нь үзээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсөн. Ар гэрийнхэнтэй нь холбогдох гээд холбогдож чадаагүй. Гадна талдаа ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй. Эрүүлжүүлэхийн байранд бид хоёр өргөж оруулж өгсөн. Эрүүлжүүлэхийн эмч хувцсыг нь тайлаад биед нь үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Тэгээд эрүүлжүүлэх байр хүлээж авсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…би 2022 оны 02 дугаар сарын 11 -ны өглөө 08 цаг 30 минутаас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд үүрэг гүйцэтгэхдээ “Б” чиглэлийн тээврийн хэрэгсэлтэй цагдаагийн дэслэгч С.Мийн хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан.Үүрэг гүйцэтгэх хугацаанд 11-ээс 12-нд шилжих шөнө ... дугаарын утсаар согтуу хүн хөлдлөө орилоод байна хамраас нь цус гарсан байна гэх дуудлага мэдээллийг дагуу очиход Сүхбаатар дүүргийн ... дугаар гудамжны эхний хашааны урд Р.М/ / нь биеэ авч явах чадваргүй ухаангүй шахуу бүтэн биеэрээ атиралдаад хунирсан байдалтай нүүрнийх нь уруул болон хамар хэсэгт цус мэт улаан хүрэн өнгөөр бохирлогдсон өмсөж яваа хувцас нь нэлэнхийдээ шороо болсон байсан юм. Тэгээд 103 дуудаад 20 минутын дараа ирээд үзээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгөөд явсан юм.Тэгээд бид хоёр уг хүнийг аваад ар гэрт нь хүлээлгэж өгөх гээд холбогдох гээд нэлээд хугацаа болсон бөгөөд тухайн хүн хариу өгөхгүй байсан юм.Тэгээд Гүнт-20 луу эрүүлжүүлэхээр аваачиж өгч Гүнт-20 эмч давхар үзээд уг хүнийг эрүүлжүүлсэн юм.Тэгээд бид хоёр эргүүл тойруул хийгээд өглөө ээлжээсээ буугаад явсан юм. ...Тэр хүн овог нэрээ сулхан хэлээд дахин юм хэлээгүй.Юм асуухад ойлгогдохгүй амандаа юм хэлээд байсан юм.Хажууд нь дуудлага мэдээлэл өгсөн хүн байсан ахиад нэг залуу байсан өөр хэн нэгэн байгаагүй амнаас нь юм уу хамраас нь гарсан ч юм шиг байсан бөгөөд цус нь ерөнхийдөө хатсан байдалтай байсан юм.Машинд суулгах гэхэд босож чадахгүй би офицертойгоо хамтарч өргөж оруулсан юм. Ерөөсөө юм яриагүй. Элгээ тэврээд эвхэрсэн атиралдсан байдалтай байсан юм..." гэсэн мэдүүлэг /1хх-н 87-88/,

 

Гэрч Л.Ч: “…би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд гэрээсээ эхнэр Б хамт гараад алхсаар байгаад Л гэх хүний гэрт орох гээд явж байхад Л амьдардаг нийтийн байрны гудамжинд Мх, У хоёртой тааралдсан. М нэлээн согтсон байдалтай газар 2 хөлөө завилаад суучихсан, хамаг хувцас нь шороо болчихсон байсан. Харин У нь М урд зогсчихсон, дунд зэргийн согтолтой зогсож байсан. М *ахаа тамхинаасаа* гэж над руу баруун гараа сунгахдаа босож чадахгүй, зүүн гараараа цээж гэдсээ дарчихсан байдалтай, нэлээн зовуурьтай байхаар нь би өөрийнхөө татаж байсан тамхийг өгсөн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 100-101, 111, 121-122/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Б мэдүүлсэн: “...Тухайн гэмтлийг авсан хүний хөдлөх хөдөлгөөнд хязгаарлалт орохгүй. Дэлүү, элэг, нойр булчирхайн битүү гэмтэл учраас хэвлийгээр хүчтэй өвдөлт өгнө. Архи, согтууруулах ундаа уусан бол согтолтын зэргээс хамаарч өвдөлтийн хэмжээ, давталт бага байж болно. Эрүүлжих үед нь өвдөлт өөрт нь мэдрэгдэж эхэлнэ. Тогтоогдсон гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарч байгаа. Нойр булчирхайн няцрал, хэвлийн урагдал зэрэг гэмтэл авсан тохиолдолд амьд гарах боломж бага байдаг. Бодит үзлэг, эхо шинжилгээ, компьютер томограф зэрэг шинжилгээнүүдийг эхний ээлжид хийгээд өөрчлөлт илэрсэн тохиолдолд хагалгаанд оруулдаг. Гэмтэл аваад тэр даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдол  амь нас нь аврагдахыг үгүйсгэхгүй. Бүтэн 50 цаг эмчийн тусламж үйлчилгээ аваагүй учраас боломжтой гэж үзэж байна. Гол хэвлийн хөндийн үрэвсэл үүсээд, үжил явагдаад байгаа юм. Эрхтний дутагдал явагдаж байгаа нь  няцралынхаа улмаас нойр булчирхайн шүүрэл нь гадагш хэвлийн хөндий рүү цацагдаж хэвлийн хөндийд үжил явагдаад байгаа юм. Мөн тухайн цус хуралт, зулгарал гэмтэл үүсгэгдсэн газруудад бүгдэд нь механик хүч үйлчилсэн гэж ойлгож болно. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзээлгүй 50 цагийн хугацаа алдсан гэхээр урт хугацаа алдсан байна. Гэвч талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн хувьд 2, 3 нийлмэл гэмтэл учраас эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амийг нь аврах боломж багатай гэж үзэж байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Уг гэмтлийг авсны дараагаар хэвлийн хэвлийгээр хүчтэй өвдөх, гэдэс дүүрэх цэрийх зэрэгт эмнэл зүйн шинж тэмдэг зовуурь илрэх бөгөөд харин тухайн үеийн согтолтоос хамаарч өвдөлт зовуурь харилцан адилгүй бага байж болно. Хэвлийн битүү гэмтлээс үүдэн өвдөх өвдөлт маш их байх бөгөөд өвдөлтийн шоконд орох хүртэл эхлэн явах боломжтой..." гэсэн мэдүүлэг /1хх-н 178-179/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №.. тоот актын “…Талийгаач Р.М цогцост дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэврийн хөндий дэх цус хуралдалт, нойр булчирхайн няцрал, хэвлий цээж, зүүн дээд зовхи, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, ташаа, өвдөг, шилбэнд цус хуралт, эрүү, хамрын угалз, зүүн хацар, бугалга, өлмийд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Талийгаач нь бөөрний тэвшинцэрийн архаг өрөвсөл, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байжээ уг өвчин нь үхэлд хүргээгүй байна. ...Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. ...Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...Талийгаачийн нь цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна. ...Талийгаач цогцос нь 168.0 см урттай байна. ...Талийгаач цогцост хийсэн 2022.02.14-ний 02:15 цагт нас баржээ...“ гэх дүгнэлт /1хх-н 161-167/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 16-21/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 40-62/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 25-28/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Уыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... дугаар гудамжинд байрлах “У”-ийн гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж”, хүнийг санаатай алсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн тус шүух хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.З “шүүгдэгч Б.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 5.565.500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Б.Уаас 5.565.500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгтээ нийт 302 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ут оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Уын цагдан хоригдсон 304 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас нийт 5.565.500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б (РД:)-д олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Б.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                               

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ