| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/01100/И |
| Дугаар | 183/ШШ2019/01077 |
| Огноо | 2019-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2019/01077
| 2019 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2019/01077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С... тоот хаягт оршин суух С овогт Б Г /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Б Я /РД:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Анхбаяр, хариуцагч Б.Я , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Я нь Б.Г 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 30 000 000 төгрөгийг хүү төлж, 36 000 000 төгрөг болгон өгнө гэж хэлэн зээлж, өөрийн нэр дээрх Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан. Гэтэл уг зээлээсээ 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг төлөөд дахин төлөлт хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст энэ асуудлаар хэрэг үүсгэгдэж, хариуцагч Б.Я г 23 500 000 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй гэж тооцсон хэдий ч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй. Харин дансны гүйлгээний баримтаар 300 000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь харагдана. Б.Г нь бичгээр гэрээ хийгээгүй учраас хүү авах эрхээ алдаж байна гэж үзэж байх тул эргэн төлөлт хийгдсэн 300 000 төгрөгийг хасаж, хариуцагч Б.Я гаас зээлийн төлбөрт 29 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Г анх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны ******* дансаар 20 000 000 төгрөг авч, 1 хоногийн дараа 20 500 000 төгрөг болгон буцаан өгсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 30 000 000 төгрөгийг авч, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг болон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 26 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг болгон өгсөн. Сүүлд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөг зээлсэн боловч мөнгөө төлж чадахгүйд хүрсэн тул Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж, Б.Г болон миний дансанд шинжилгээ хийн тооцож, нийт 80 000 000 төгрөгөөс 56 500 000 төгрөгийг буцаан төлж, 23 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тогтоосон байдаг хэдий ч би 2018 оны 06 сарын 05-ны өдөр 300 000 төгрөг л төлсөн. Б.Г нь өнөөдрийг хүртэл надад хүлээцтэй тайван хандсан бөгөөд миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 29 700 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Одоогийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй тул мөнгийг нэг дор өгч чадахгүй учраас 5 жилийн хугацаанд бага багаар төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Б.Я д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй ч эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Дээрх гэрээний дагуу 2017 оны 10 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Я гийн Хаан банкны ******* дансанд 2 удаа буюу 19 000 000 төгрөг, 11 000 000 төгрөгөөр нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох, мөн уг мөнгөнөөс хариуцагч нь 300 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зохигчид дээрх асуудлаар маргаангүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Я нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хугацаа зааж бүхэлд нь төлөхөөр зөвшөөрсөн тайлбарыг гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх хугацааг зөвшөөрөхгүй, шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Я гаас 29 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Я гаас улсын тэмдэгтийн хураамжид 306 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ