Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1103

 

 2022        11          22                                      2022/ШЦТ/1103   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: .....

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Н.Энхбуян,

шүүгдэгч Ч.Н /өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ... оны 6 дугаар сарын 28-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн .. сум, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... хороо, .... тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ч.Н /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... караокед хохирогч Ш.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газарт цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн зүүн урд хэсэг, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх,, хамрын зүүн тал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, өвчүүний дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.”

Хавтаст хэргээс:

Хохирогч Ш.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 29-ний орой шөнийн 02:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ...-р хороо ..... караокед шинэ бармен авсан бөгөөд зааланд сууж байсан. Заалны 2-р ширээнд 4 хүн сууж байсан бөгөөд 1 эмэгтэй 3 эрэгтэй хүн байсан. Тэгсэн чинь 1 залуу нь дуулж байгаад диско ая тавьж өг  гэхээр нь манайх караоке гэж хэлсэн чинь элдвээр хэлээд микроцон шидсэн байсан юм. Тэгээд би яваад очсон чинь эвдрээгүй л байна шүү дээ чи муу юу вэ гээд надтай хэрэлдээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж аваад муудалцсан чинь нэг залуу нь намайг салгах гэж байхад нөгөө залуу нь миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон юм. Тэгсэн чинь хамт сууж байсан эрүүл нэг залуу нь салгаад аваад явсан юм. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй анх удаа харсан. Хамт байсан хүмүүс нь намайг зодож цохиогүй, тэр залуу л зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11946 дугаартай “...Ш.Г-н биед зулайн зүүн урд хэсэг, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх, хамрын зүүн тал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, өвчүүний дээд хэсэгт зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Яллагдагч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 29-ний шөнө М, О, Б нарын хамт Сүхбаатар дүүргийн ..-р хороо .... бааранд ороод 1 шил архи худалдаж аваад ууж байгаад текэн дээр байгаа эмэгтэйд хандаж ая тавиад өг бүжиглэе гэсэн чинь манайх караоке гэж хэлээд маргасан. Тэгтэл цаад талын өрөөнөөс 4 хүн гарч ирээд Г гэх хүнтэй би муудалцаад заамдалцаад хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд салсан, цагдаа ирээд эрүүлжүүлэхэд орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь  тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Ны хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ч.Н нь согтуугаар 2022.08.28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... нэртэй караокед бүжгийн ая тавьж өг гэж зүй бусаар шахаж шаардан караокены микрофоныг шидэж танхайран энэ үед түүнийг соёлтой боловсон үйлчлүүлэхийг сануулж шаардлага тавьсан караокены эзэн хохирогч Ш.Г-н эрх чөлөөнд халдаж түүнийг зодож цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн зүүн урд хэсэг, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх,, хамрын зүүн тал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ч.Н нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ч.Н-н хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, өөрийн явцуу эрх ашгийг тулган хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний танхайрсан үйлдлийг зогсоох шаардлага тавьсан хүнийг зодож цохиж зүй бус ааш авир гаргаж, асуудлыг хүч бяраар шийдвэрлэж байгаа балмад түрэмгий гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ш.Г нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” /хх-44/ гэсэн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь цаашид шүүгдэгч Ч.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг хохирол төлбөрийн асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Н-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Ш.Г нь шүүгдэгч Ч.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын болон бусад асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР