Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1107

 

2022         11           23                                     2022/ШЦТ/1107     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: ....

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .. оны 07 дугаар сарын 30-ны өдөр .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... хороо .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

... дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хулгайлах гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

.. дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Дээрэмдэх гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

... дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарны 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хулгайлах гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

... дүүргийн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн...дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хулгайлах гэмт хэрэгт  4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Д.М /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 00 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн ...-р хороо “Т.П” шатахуун түгээх станцын орчим хохирогч  Г.Д-д хүч хэрэглэхээр заналхийлж өнгийн савхин куртикийг нь авч 168.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тогтсон ажилд ороод сайхан амьдарна гэж бодож явж байгаад алдаа гаргасандаа харамсаж байна. Манай хүүхдүүд хоёр ихэр нь 2 настай, дараагийн хүүхэд 8 настай, хамгийн том хүүхэд 11 настай. Хохирогчийн куртикийг нь буцааж өгөөд хохиролгүй болсон. Миний буруу.үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 00 цаг 30 минутын үед ажлаасаа тараад алхаад гэр рүүгээ харих гээд Сүхбаатар дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Т.П ШТС-ын ойролцоох газарт зам дагуу алхаад явж байтал миний араас нэг хүн гарч ирээд намайг эргүүлж харуулаад, боож заамдаад газар унагаасан. Унагаачихаад тэр хүн гадуур хувцсаа өг, би даараад байна, өгөхгүй бол ална шүү гэсэн.Тэгэхээр нь би намайг газраас босгочих, босоод учраа ольё гэж 2-3 удаа хэлсэн. ...би гадуур өмсөж байсан савхиа тайлж өгсөн. ...намайг дээрэмдсэн хүн 35-40 орчим настай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг боож заамдаж газар унагаачихаад гараа далайгаад цохих гэж байгаа юм шиг айлгаад байсан. Намайг дээрэмдсэн хүнийг би танихгүй, миний харснаар дээгүүрээ уранхай хар өнгийн цамцтай, доогуураа хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. Би сая дуудлагаар ирсэн цагдаагаас өөрийн бор өнгийн савхийг буцаагаад авчихлаа. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал)

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн: “...СБ2-22-1111 дугаартай бор өнгийн савхи 168.000 төгрөг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.М-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2022.08.28-наас 29-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэр “Т.П” шатахуун түгээх станцын орчим хохирогч Г.Д-д хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 168.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн өнгийн савхин куртикийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.М-н бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдан довтолж, шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэн тонож авах гэсэн балмад түрэмгий, гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д-д 168.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд дээрэмдүүлсэн эд зүйлээ буцаан авч, гомдол саналгүй болсон талаар /хх-18, 20, 47/ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.М-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Д.М-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.М нь прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах  ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н урьдчилан цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Д.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР