| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1914000910306 |
| Дугаар | 2019/ДШМ/069 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2019/ДШМ/069
А.Ут холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЗ/766 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2019 оны 33 дугаар эсэргүүцлээр А.Ут холбогдох эрүүгийн 1914000910306 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, А.У, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,
А.У нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 16 дугаар гудамжинд Б.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч А.Ут холбогдох хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...тэгсэн өнөөдөр Б.Бтэй 2 дугаар 10 жилийн урд төв зам дээр тааралдсан. Саарал өнгийн Приус маркийн 37-23 дугаарын автомашинтай явж байсан. Би уулзаад мөнгө төгрөг, нөгөө эдлэлүүдээ нэхсэн чинь би чамд өгнө за юу өгөхгүй гээгүй гээд шууд машинд суу гэсэн. Тэгэхээр нь би машинд суугаад явсан чинь Түйн гол дээр аваачаад чи муу надаас юугаа олж долоох юм гээд зодсон, миний үснээс зулгаагаад үсдээд зодсон тэгэхээр нь гарыг нь тавиулах гээд ноцолдсон чинь гараараа миний гарын шуу руу цохисон, тэгээд би цүнхээрээ цохисон чинь миний цүнхийг татаад бариул нь урагдаад “цүнхний хажуу хэсгээр урагдсан. Тэгээд би ганцаараа зугтаах гэсэн чинь араас гүйцэж ирээд машиндаа суулгаад дахин аваад явсан. Тэгснээ нэг хашааны үүдэнд авчраад өөрөө буугаад нэг байшин руу ороод нэг хүүхэн гарч ирсэнээ энэ муу миний амьдралаар их тоглоод гэр бүл үймүүлээд байгаа гичий байгаа юм, хоёр гурван жил миний амьдралаар тоглож байгаа гээд миний малгайнаас зулгаагаад үснээс зулгаагаад зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,
мөн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд Б.Б зогсохоор нь би машинд нь арын суудалд суугаад өмнөх өрөө нэхсэн, Б.Б бид 2 буруу ойлголцоод Б.Б машин жолоодоод явж байхдаа хойшоо нэг гараа явуулаад үснээс зулгаагаад дунд хайрцгийг мөргүүлээд байсан. Миний үснээс их зулгаасан, ...тэгээд хашааны гадаа очоод зогссоноо Б.Б хашаа руугаа явж ороод удалгүй авгайгаа дагуулаад гарч ирсэн. Би машин дотор нь арын суудал дээр куртикний малгайгаа өмссөн доошоо хараад уйлж байхад годон гуталтай эмэгтэй ирээд хаалга онгойлгоод учиргүй гараараа миний дээрээс толгой руу нүдсэн. Би тухайн үед дээшээ харж чадаагүй байсан, Тэгтэл нөхөр нь болох Б.Б одоо болно наадахаа гэр бүл үймүүлсэн гээд шууд цагдаад өг, наадах чинь бид хоёрыг цагдаад өгнө тэгэхээр нь чи зөрүүлээд их ууртай хүүхэн байна лээ өөрөө машины хаалга мөргөсөн гэж хэлээрэй гээд эхнэртээ хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
мөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Б.Б бид хоёр маргаад Б.Б арагшаа харж миний зүүн хацар болон дух руу гараараа 2-3 удаа цохиод үснээс зулгаасан, тэгээд би өвдөөд доошоо болоход хайрцагыг мөргөсөн, Тэгээд миний зүүн нүд рүү авгай нь цохиж дух нүүр рүү самардсан. Тэр годон гуталтай эмэгтэй нь Б.Бгийн эхнэр нь байсан..., ...би машинд нь тонгойгоод куртикнийхээ малгайг өмсөж доошоо тонгойгоод сууж байхад эхнэр нь гарч ирээд машины хаалга онгойлгож над руу хэрүүл хийгээд миний толгой руу үсдээд цохисон. Би түүний өмнөөс ямар нэг үйлдэл хийгээгүй. А.У дандаа толгой руу цохиж байсан ба нүд рүү цохиод миний нүдийг хөхрүүлсэн” гэх /хх-ийн 21-23/ мэдүүлгүүдээр хохирогч Б.Чыг Б.Б, А.У нар нь бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Мөн хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийн утга хэсэгт хохирогч Б.Чаас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авахдаа “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг Түйн гол дээр намайг Б.Б гэгч намайг авч яваад зодсон” гэж гомдол гаргасан, Шүүх эмнэлгийн шинжээчийн 86 дугаар дүгнэлтэд хохирогч Б.Чын “биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулгаралт гэмтэл тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хохирогчийн өмнө мэдүүлсэн Б.Бгийн цохьсон гэмтэл хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна. Мөн хавтаст хэргийн 46 дугаар талд 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэсгийн байцаагч Б.Төмөрсүх шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд “86720407 дугаарын утсаар холбогдоход хохирогч Б.Ч Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх ба дүгнэлтийг уншиж холбоо мэдээллийн хэрэгслээр танилцуулав” гэж бичсэн байгаа бөгөөд хавтаст хэрэгт хохирогч Б.Чын өвчний түүхийн хуулбарыг хавсаргаагүй байгаа тул уг өвчний түүхийн хуулбарыг хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Б.Б цохиж зодоогүй эхнэр А.У нь машинд сууж байхад үсдэж дараад толгой руу цохьсон” талаар өмнөх мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд хэрэв хохирогч Б.Ч нь өмнө нь Б.Бг зодож цохьсон гэж мэдүүлж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзвэл хохирогч Б.Чимэддмаамыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагад татах нь зүйтэй байна.
Иймд яллагдагч А.Ут холбогдох хэрэгт Б.Б, А.У нарын үйлдэл оролцоог нарийвчлан шалгаж гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоосоны дараа зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бичсэн 33 дугаар эсэргүүцэлдээ: Хохирогч Б.Чын эрүүл мэндэд учирсан гэх тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун бугалга, алганы ар, гуя, зүүн мөр, бугалга, алганы хэсэгт цус хуралт, дух, баруун чамархай, зүүн гуяны зулгаралт зэрэг гэмтлүүдийг хэн хэний буруутай үйлдлийн улмаас хохирогчид ямар хохирлыг хэн учруулсныг сайтар тодруулж тогтоосон төдийгүй яллагдагч А.У, гэрч Б.Б нар нь хохирогч Б.Чын эрүүл мэндэд бүлэглэн буюу үйлдлээр нэгдэн хохирол учруулаагүй болох нь хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бичмэл нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Чын “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би 2 дугаар сургуулийн орчимд явж байхад өмнө нь надад өртэй байсан Б.Б машинтай явж байсан. Тэгээд хашааны гадаа очоод зогссоноо Б.Б хашаа руугаа явж ороод удалгүй авгайгаа дагуулаад гарч ирсэн. Би машин дотор нь арын суудал дээр куртикний малгайгаа өмссөн доошоо хараад уйлж байхад годон гуталтай эмэгтэй ирээд хаалга онгойлгоод учиргүй гараараа миний дээрээс толгой руу нүдсэн. Би тухайн үед дээшээ харж чадаагүй байсан. Тэгээд миний зүүн нүд рүү авгай нь цохиж дух нүүр рүү самардсан. Тэр годон гуталтай эмэгтэй нь Б.Бгийн эхнэр нь байсан..., ...би машинд нь тонгойгоод куртикнийхээ малгайг өмсөж доошоо тонгойгоод сууж байхад эхнэр нь гарч ирээд машины хаалга онгойлгож над руу хэрүүл хийгээд миний толгой руу үсдээд цохисон. Би түүний өмнөөс ямар нэг үйлдэл хийгээгүй. А.У дандаа толгой руу цохиж байсан ба нүд рүү цохиод миний нүдийг хөхрүүлсэн. Би А.Утай зодоон хийсэн өөр хүнтэй зодоон хийгээгүй, тэр миний толгой руу үсдэж аваад цохиод байсан, гуя, алганы ар, зүүн мөр зэрэгт учирсан гэмтэл бол өөрийгөө тухайн үед хамгаалах гэж байх үед учирсан байх гэж би бодож байна, тухайн үед өөрийгөө хамгаалах үйлдэл хийж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23-р тал/,
Гэрч Б.Бгийн “...тухайн өдөр би 2 дугаар сургуулийн байрны орчимд байсан чинь Б.Ч хүрээд ирсэн. Тэгээд машины арын суудалд суусан. Тэгээд “эхнэр чинь утсаа авахгүй хашаа юм гээд танайд очъё” гэсэн. Тэгээд бид 2 хамт миний машинаар хорооны хажуугаар гараад засмалаар голын захын засмалаар тойроод манайх руу явсан тэгээд бид 2 манайд очоод эхнэрээ дуудаадах гэхээр нь би гэртээ ороод эхнэрээ дуудаж, Б.Ч руу гаргасан. Би гэртээ байж байхад гадаа хэрэлдээд байх шиг орилолдоод байхаар нь гараад очиход Б.Ч болон манай эхнэр 2 үсдэлцсэн бололтой аль алиных нь үс нь арзайчихсан байсан. Тэгээд гэрийн гадаа орилоод яахав гээд тэр хоёрыг аваад урагшаа онгоц буудлын засмал руу орж байхад тэр 2 дахиад барилцаад авсан. Тэр 2 машины арын суудал дээр сууж байсан. Тухайн үед машинд манай эхнэр болон Б.Ч бид гурав л байсан. Тэгээд зогсоод тэр хоёрыг салгаад би эхнэрээ урд суудалд суулгаад Баян-Ойтын арын ёотонгын урд засмал зам дээр Б.Чыг буулгасан. Тэгээд эхнэр бид 2 гэртээ харьсан. Б.Чын үс нь л арзайсан болохоос нүүр аманд нь гэмтэл учраагүй байсан..., ...үсдэлцсэн байхад нь би ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р тал/,
Яллагдагч А.Уын “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Б.Б орж ирээд гадаа Б.Ч хүрээд ирлээ уулзмаар байна гэж байна гэж хэлсэн тэгээд би гэрээсээ гарч Б.Чтай уулзсан тэгээд хэрүүл хийсэн тэгтэл Б.Б ойр орчмын айл хүмүүсээс санаа зовж голын зах тийш авч явсан тэр хооронд би Б.Чтай хэрүүл хийж үсдэлцэж явсан. Б.Б явсан Б.Б бид хоёрыг салгаад байсан тэгж Б.Чыг ёотон цагаан гэх байрны гадаа буулгаж явсан тийм зүйл болсон гэх /хх-ийн 92-94-р тал/ мэдүүлгүүдээр тогтоогддог.
Мөн яллагдагч А.Уын хохирогч Б.Чыг зодсон гэрч Б.Бгийн машиндаа суулгаад хэл амаар доромжилсон үйлдэл нь тус тусдаа болсоныг хохирогч болон гэрч, яллагдагч нараас мэдүүлсэн төдийгүй гэмт хэрэгт хамтран оролцсон бүлэглэн гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар яллагдагч, гэрч нар нь үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх ажиллагаанд хохирогч Б.Чыг биечлэн оролцуулан болсон үйл явдлын талаар тодруулан асууж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан хохирогч болон яллагдагч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр няцаагдсан байгаа. Б.Б болон яллагдагч А.У нарын үйлдэл нь тус тусдаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлгүй болно. Мөн шинжээч эмч нь хохирогчийг өөрийн биеэр нь үзэж дүгнэлтээ гаргасан тул өвчний түүхийг хэрэгт хавсаргах шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Чын өгсөн мэдүүлгүүд болон хохирогчоос анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл тухайн хэргийг Б.Б, А.У нар нь бүлэглэн үйлдсэн гэж үзэхээр байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх, мөн хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийг хэрэгт хавсаргаагүй нь буруу, түүнчлэн хохирогч Б.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өмнө нь өгч байсан мэдүүлгүүдээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгах нь зүйтэй хэмээн үзэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.
Хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан хохирогч Б.Ч 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “...тэгээд би цүнхээрээ цохьсон чинь миний цүнхийг татаад бариул нь урагдаад цүнхний хажуу хэсгээр урагдсан...” хэмээн мэдүүлжээ.
Дээрх мэдүүлгээс үзвэл хохирогч нь тухайн хэрэг учрал болох үед ямар цүнхтэй явж байсан, мэдүүлэгт дурдагдсан уг цүнх нь урагдсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна.
Мөн хохирогч нь шинжээчид 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр үзүүлсэн байх бөгөөд /шинжээчийн дүгнэлт хх-ийн 49-50-р тал/ хохирогч нь эмнэлэгт хэзээ хэвтсэн, анх эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд биеийнхээ аль, аль хэсэгт ямар гэмтэлтэй байсан, хэд хоног эмчилгээ хийлгэсэн зэрэг нь тодорхой бус байх тул түүний өвчний түүхийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах зүйтэй юм.
Түүнчлэн Б.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгүүдээ эрс үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг нэгтгэн шалгах нь зүйтэй бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотлож чадаагүй байна гэж үзнэ.
Иймд хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Хэдийгээр прокуророос хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн хэдий ч шүүгчийн захирамжийн хохирогч Б.Ч нь “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулах талаар дурдсан шүүгчийн захирамжийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЗ/766 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2019 оны 33 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
М.МӨНХДАВАА