| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 221/2024/0047/З |
| Дугаар | 221/ШШ2024/0043 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 221/ШШ2024/0043
“О-И” ББСБ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О-И” ББСБ
Хариуцагч: Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х тоот “Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О, Н.А, иргэдийн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0047/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О-И” ББСБ нь Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х тоот “Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нэхэмжлэгч “О-И” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:
2.1. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х тоот “Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим арга хэмжээний тухай” тушаал гаргасан. Уг тушаал нь үндэслэлгүй, холбогдох хууль, журмуудыг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар хандаж байна. Үндэслэл нь:
2.1.1. Зээлийн мэдээллийн тухай хууль болон Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн (цаашид ЗМС гэх) журамд Монголбанк өөрийн санаачилгаар ЗМС-ийн мэдээллийг өөрчлөх ямар нэг заалт байхгүй, өөрөөр хэлбэл энэ талаар ямар нэг эрхийг хууль болон журмаар Монголбанканд олгоогүй байна. Харин ч эсрэгээрээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5.1-д “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд дараах зарчмыг баримтална.” гэсэн байх бөгөөд 5.1.1-д “хараат бус байх”, 5.1.4-д “мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх.”, 7.2-д “... төрийн байгууллага (уг хуулийн 4.1.11-д төрийн байгууллага гэдэгт Монголбанкыг оруулсан болно.) зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг ХОРИГЛОНО.”, 28.1-д “Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн сантай байна.” гэж тус тус заасан байна. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч нь дээрх хуулийн зарчмыг алдагдуулж, ЗМС-ийн зорилгыг үгүйсгэсэн, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх (санхүүгийн сахилга бат, хариуцлага муу зээлдэгчийн мэдээлэл нь сайн зээлийн түүхтэй мэт харагдах тул зээлдэгчийн судалгаа бодит бус хийгдэж эргээд зээл олгогч нар санхүүгийн эрсдэлд орох муу нөлөөтэй) үр дагавар бүхий тушаал гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
2.1.2. Монголбанкны ЗМС-ийн журмын 3.2.4-3.2.7-д зээлийн мэдээллийг засварлах тохиолдлуудыг тодорхой заасан бөгөөд эдгээр заалтад цар тахал, байгалийн давагдашгүй хүчин зүйл (зудад нэрвэгдэх) зэргээс шалтгаалж ЗМС-г засварлах, ЗМС-д хамруулахгүй байх талаар ойлголт огт байхгүй. Харин ч дээрх журмын 3.2.14-д “Монголбанкны зээлийн мэдээллийн алба нь зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцүүлэх арга хэмжээг тогтмол авч ажиллуулах.” үүрэгтэй байхаар заажээ. Эндээс харахад Монголбанканд ЗМС-д ямар нэг тохируулга хийх эрх олгогдоогүй байна. Ийн холбогдох хууль, журмыг зөрчсөн тушаалыг Монголбанкны ерөнхийлөгч дур мэдэн гаргаж байгаа нь зүй зохисгүй үйлдэл байна.
2.1.3. Маргаан бүхий тушаалд “... нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах,... эдийн засгийн сэргэлтийг дэмжих ...” гэсэн байгаа нь үндэслэлгүй шалтгаан гэж үзэж байна. Харин ч эсрэгээрээ зээлдэгчийн мэдээллийг ЗМС-д үнэн зөвөөр тусгаж явах нь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход үр нөлөөтэй юм. ЗМС-ийн лавлагаанд зээлдэгчийн мэдээллийг бүрэн, үнэн зөвөөр хамруулахгүй байх нь уг ЗМС-г худал, алдаатай ЗМС болгож байгаа үйлдэл болж таарна шүү дээ. Энэ нь эргээд зээл олгогч банк, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, эрсдэлд оруулах, харилцагчийг таньж судлах ажилд зардал нэмэгдүүлсэн үйлдэл болно. Ер нь худал лавлагаа, мэдээлэл өгөх юм бол ЗМС-г хөтлөх, түүнээс мэдээлэл авах шаардлага байхгүй болно гэж үзэж байна. Ингэж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий хамгийн том. төв байгууллага болох Монголбанк нь худал, алдаатай зээлийн мэдээллийг зээл олгогч нарт өгөхөөр тушаал гаргасанд харамсаж байна. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах нэгэн хөшүүрэг болгож ЗМС бий болгосон. Гэтэл энэ ЗМС-г тушаал гарган зориудаар худал, алдаатай болгож байгаа нь эргээд санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх юм.
2.1.4. ЗМС нь нэг талаасаа зээлдэгч нар зээл авахдаа эрсдэлээ тооцон, авсан зээлээ хугацаанд нь эргүүлэн төлдөг байх, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг нь дээшлүүлдэг нэгэн гол хөшүүрэг байтал үүнд өөрчлөлт оруулах тушаал гарснаар энэхүү үр дүнтэй арга замаас ухарсан үйлдэл болсон бол нөгөө талаасаа зээл олгогч нар ч ЗМС-ийн лавлагааг судлан үзээд зээл олгох эсэх талаар шийдвэрийг богино хугацаанд гаргадаг байсан энэ амжилтаас ч мөн ухарч байна.
2.1.5. Зээлдэгч анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн түүхтэй байлаа гээд банк, банк бус санхүүгийн байгууллагууд тухайн зээлдэгчид зээл олгохгүй, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн хууль, журам байхгүй юм. Тийм болохоор зээлийн мэдээллийн түүхийг өөрчилснөөр эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
2.1.6. Тус ББСБ нь Захиргааны ерөнхий Хуулийн 92-94 зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х тоот “Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Я2/24/06* тоот албан бичгээр хандсан бөгөөд Монголбанкны ХЭЗГ-ын дарга Д.А нь “... тус тохируулга нь... Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллүүдэд өөрчлөлт оруулсан шийдвэр биш болно.”, “... Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулсан тохируулгыг Танай албан бичгийн дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.” гэж хариу ирүүлсэн. Уг хариуг тус ББСБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.
2.1.7. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-д “зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл” гэж тодорхой заасан байхад Монголбанкнаас тохируулга хийж зээлийн ангиллыг харагдахгүй болгож байгаа нь Зээлийн мэдээллийг өөрчилж, зээл олгогч нарт худал, ташаа мэдээлэл өгч зээл олгогч буюу тус ББСБ-ын үйл ажиллагаанд эрсдэл учруулж бидний эрх ашгийг зөрчиж буй үйлдэл юм. Монголбанк нь худал, буруу зээлийн мэдээлэл өгснөөр тус ББСБ-ын зээл судлах, зээл олгох ажиллагааны цаг хугацаа нэмэгдэж, үүнийг даган зардал өсөж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд үнэн, бодит зээлийн мэдээлэл авах эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ү нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А-7* тоот тушаал гаргасан бөгөөд уг тушаал нь холбогдох хууль, журмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс тухайн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн мэдээллийн тухай хууль болон Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журамд Монголбанк өөрийн санаачилгаар зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг өөрчлөх талаар хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг өөрчлөх эрх Монголбанканд олгогдоогүй.
3.2. Монголбанк зээлийн мэдээллийн санд тохируулга хийх ажиллагааг 2017 оноос хойш буюу 2017, 2018, 2021, 2022 онуудад хийсэн гэх баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн. Тус баримтаас үзэхэд Монгол улсын хэмжээнд нийт шийдвэр гүйцэтгэл дээр байгаа холбогдолтой ажиллагаа 3-4 жилийн хугацаа болдог. Энэ хугацаанд муу зээлийн ангиллаа сайжруулсан зээлдэгч нар дахиад аль нэгэн санхүүгийн байгууллагаас зээл авч, урт хугацааны хувьд хүү төлөхгүй байдлыг ашиглаж буй байдлыг Монголбанк өөхшүүлж байна. Үүнээс шалтгаалж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үнэ цэнгүй болж байгаа бөгөөд зээлийн хүү буурахгүй байгаа нэг шалтгаан юм. Учир нь зээлдэгч болгон санхүүгийн хариуцлагатай байвал банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Харин Монголбанкны хууль бус үйлдлээс болоод санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлийг тооцох, тухайн зээлдэгчийг ямар зээлдэгч гэдгийг мэдэхгүйгээс зээлийг олгосноос үүдэж хохирол буюу зээлийн хүүг өндрөөр тогтоож, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг биелүүлэхэд саад учруулж байна.
3.3. Мөн танилцуулгад Монгол улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Ковид-19 цар тахал мөн зудад нэрвэгдсэн иргэд гэж дурдагдсан. 2023 онд болсон зудад нэрвэгдсэн иргэд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зээлээ төлөх гэдэг бол боломжгүй асуудал. Мөн Ковид-19 цар тахлын нөлөөнөөс үүдэж, худалдаа аж үйлдвэрийн хүмүүс хүнд байдлын гэрчилгээ авсан эсэх асуудал яригдана. Монгол улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж иргэдийн муу зээлийг харагдуулахгүй байх нь ямар нөлөөтэй вэ гэдгийг олж тогтоосны дараагаар тус гурван үндэслэлийг баримтлан шийдвэрийг гаргах ёстой. Нийт муу зээлдэгчийг хамрагдуулаад тус шийдвэрийг гарсан бол үндэслэлгүй юм. Мөн эдийн засгийг хүнд байдалд оруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Өмнөх шийдвэрүүдэд анхаарал хандуулаагүй бөгөөд олон нийтэд зарлаагүй тул мэдээгүй. Харин маргаан бүхий тушаалыг 2024 оны 04 дүгээр сард Монголбанкнаас мэдэгдэл хийсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.М-О нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Монголбанкны шийдвэр гаргах бүрэн эрхийн тухай: Зээлийн мэдээллийн тухай хуулийн зургадугаар бүлгээр Монголбанкны зээлийн мэдээллийн санг, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрхлэх зээлийн мэдээллийн сангаас ялгамжтайгаар тодорхойлсон. Төв банк /Монголбанк/-ны тухай 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад Монголбанк Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ эрхлэх үйл ажиллагаанд “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.1 дэх хэсэгт “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна” гэж тус тус заасан. Ийнхүү Монголбанкны зээлийн мэдээллийн санг Зээлийн мэдээллийн тухай хуульд тусгайлан заасан мэдээлэл нийлүүлэгчээс хууль болон мэдээлэл өгөх, авах гэрээний үндсэн дээр бүрдүүлдэг бөгөөд Монголбанк болон нэхэмжлэгч “О-И” ББСБ нар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1720/668 дугаартай “Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээ”-г мөн байгуулсан. Дээрх “Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээ”-ний 2.1.1 дэх заалтад зааснаар Монголбанк нь “Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах” эрхтэй бөгөөд энэхүү нөхцөл нь бусад мэдээлэл нийлүүлэгчтэй байгуулсан гэрээнд мөн ижил тусгагдсан байдаг. Тиймээс Монголбанк хууль, гэрээний дагуу бүрдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг боловсруулж, түүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах эрхтэй.
4.2. Монголбанкны зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэлд хийсэн тохируулгын тухай: Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.12 дахь заалтад зааснаар зээлийн мэдээллээс бүрдүүлэх эцсийн бүтээгдэхүүн нь зээлийн мэдээллийн лавлагаа болдог. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х дүгээр тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд гэрээний дагуу нийлүүлж, бүрдүүлсэн зээлийн мэдээллийг боловсруулж, лавлагаанд зарим мэдээллийг хамруулахгүй байх тохируулга хийсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Монголбанкны үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүргийн хүрээнд иргэд, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл үзүүлсэн шийдвэр юм. Түүнчлэн тус тохируулга нь Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн сантай солилцсон эсхүл нийлүүлсэн мэдээлэл болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн бүрдүүлсэн, цуглуулсан аливаа Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллүүдэд өөрчлөлт оруулсан шийдвэр биш болно.
4.3. Шийдвэрийн үндэслэл бодит нөхцөл байдлын тухай: Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг тус тус хүлээдэг. Ийнхүү судлан тогтоосон бодит нөхцөл байдал нь захиргааны байгууллагаас гарах шийдвэртэй шууд хамаарал бүхий, зайлшгүй ач холбогдолтой байхыг шаардана. Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Монголбанк гагцхүү санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн сантай байхаар хууль тогтоогчоос зохицуулсан. Ийнхүү нэг талаас санхүүгийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн чадавхыг сайжруулах, иргэд, хуулийн этгээдэд үүссэн бодит байдлыг зөвөөр үнэлэх нөгөө талаас Монголбакны Зээлийн мэдээллийн сангийн ач холбогдол, банк санхүүгийн салбарын зээлийн эрсдэлд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан иргэдийн зээлийн зарим хэсгийг хамруулахгүйгээр тохируулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн болно. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.6.1 дэх хэсэгт зааснаар Монголбанкны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.” гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монголбанк зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийж, муу зээлдэгчийн мэдээлэл ил тодорхойгүй учраас нэхэмжлэл гаргасан байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч “О-И” ББСБ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн ““Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим арга хэмжээний тухай” 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х дүгээр тушаал нь холбогдох хууль, журмуудыг зөрчсөн тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “Зээлийн мэдээллийн тухай хууль болон Монголбанкны зээлийн мэдээллийн сан /цаашид ЗМС гэх/-ийн журамд Монголбанк өөрийн санаачилгаар ЗМС-ийн мэдээллийг өөрчлөх ямар нэгэн заалт байхгүй, хууль болон ЗМС-ийн журмаар Монголбанканд энэ талаар ямар нэг эрхийг олгоогүй байна. Харин ч эсрэгээрээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:”, 5.1.2-т “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх;”, 5.1.4-т “мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх;”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг хориглоно.” гэж заасан тул Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй” гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Монголбанкны шийдвэр гаргах бүрэн эрхийн тухай тайлбарлахдаа Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна.” гэж заасан. Тиймээс Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, ААН-ийн зээлийн зарим хэсгийг хамруулахгүйгээр тохируулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн болно. Иймд Монголбанкны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэсэн тайлбар гаргажээ.
Хоёр. Хууль хэрэглээний талаар:
2.1. Хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч дээр дурдсан хуулийн заалтуудад Монголбанкны Ерөнхийлөгч Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан зээлийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд “иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийг лавлагаанд хамруулахгүй байх шийдвэр гаргах эрх олгосон” зохицуулалт байхгүй байна.
2.2. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны А-7Х дүгээр тушаалын зорилгыг “...зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих” гэсэн байх боловч хэдэн оны зудын асуудал болох, мөн тус зудад нэрвэгдсэн хэдэн /малчин/ иргэд зээлтэй байсан эсэх, санхүүгийн хүндрэлтэй байдалтай байгаа болох нь тодорхойгүй, энэ талаарх судалгаа баримт байхгүй, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.-д “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.” гэж зааснаар хуулийн үйлчлэл хэдийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон зэрэг нь дээрх тушаалын зорилго агуулгатай зөрчилдөж байна.
2.3. Түүнчлэн маргаан бүхий тушаалын хавсралтад “Монголбанкны зээлийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох хүрээнд дараах нөхцөлтэй зээлийн мэдээллийг лавлагаанд хамруулахгүй. Үүнд
1/-д “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан байх.”
2/-т “2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан байх.” гэжээ.
2.4. Ийнхүү 2 нөхцөлтэй зээлийн мэдээллийг лавлагаанд хамруулахгүй байхаар журамласан байгаа нь:
а/ Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалт,
б/ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т “зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл;”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг хориглоно.”, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “зээлийн мэдээллийн санд зөвхөн энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулах;” гэсэн заалтуудыг зөрчжээ.
2.5 Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээллийг цахим болон бичгийн хэлбэрээр гаргаж өгөх лавлагаанд хамруулахгүйгээр тохируулга хийсэн шийдвэр нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;”,
4.1.2-т ““зээлийн мэдээллийн сан” гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг;”,
4.1.4-т ““зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх” гэж зээлийн мэдээллийн санд хууль, гэрээнд заасан үндэслэлээр мэдээлэл цуглуулах, өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах замаар зээлийн мэдээлэл боловсруулахыг;”,
4.1.12-т ““зээлийн лавлагаа” гэж зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээллийг;”,
4.1.13-т ““зээлийн түүх” гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг.” гэж заасан хуулийн нэр томьёоны утгыг буруу тайлбарлан хэрэглэж, Монголбанкны Ерөнхийлөгч зээлийн мэдээлэлд тохиргоо хийх, лавлагааг хамруулахгүй байх эрхтэй мэтээр тайлбарлаж байгаа нь хууль бус байна.
2.6. Маргаан бүхий тушаал нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Энэ хуулийн зорилт нь зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийг боловсруулах, хадгалах, хамгаалах,ашиглах, хэрэглэгчдэд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан хуулийн зорилт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““хараат бус байх”, 5.1.3-д “мэдээллийг хууль болон гэрээний үндсэн дээр солилцох”, 5.1.4-д “мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх” гэж заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмуудтай нийцээгүй байна.
3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны А-7Х дүгээр тушаалын агуулгыг дүгнэж үзэхэд уг тушаалын хавсралт 1, 2-т дурдсан “анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээлдэгч нар тушаалын хавсралтад дурдсан хугацаанд зээлээ бүрэн төлсөн бол тухайн зээлдэгч нарын зээлийн ангиллын талаарх мэдээллийг лавлагаа хэлбэрээр бусдад дамжуулахгүй байх тохируулга хийсэн нь дараах хуулийн зохицуулалтыг зөрчжээ.
3.1. Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно.” гэсэн заалтыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайдын 2019 оны А-15513* дүгээр тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.1 дүгээр зүйлд “Активыг дараах байдлаар ангилах”-аар заажээ. Үүнд: 2.1.1.1.Хэвийн
2.1.1.2.Анхаарал хандуулах;
2.1.1.3.Чанаргүй ангилал, үүнээс: “а.Хэвийн бус; б.Эргэлзээтэй; в.Муу” гэж тусгажээ.
3.2. Дээрх хууль, тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд зээлээ төлсөн иргэн, ААН-ийн дээр дурдсан зээлийн ангиллыг өөрчлөх асуудлыг Банкны тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан журмаар зохицуулахаар байхад “Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан зээлийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж, зээлийн мэдээлэлтэй холбоотой лавлагаа гаргаж өгөхгүй байхаар тохируулга хийсэн” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
3.3. Мөн иргэдийн төлөөлөгчийн “...Монголбанк зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийж, муу зээлдэгчийн мэдээлэл ил тодорхойгүй учраас нэхэмжлэл гаргасан байна” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно.
4. Иймд дээрх үндэслэлээр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал нь хууль бус байх бөгөөд уг шийдвэрийн улмаас зээлийн мэдээллийн сангийн хэрэглэгч болох нэхэмжлэгчийн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “зээлдүүлэгч нь зээлийн эрсдэлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглах,”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан “зээлийн лавлагаа үнэн зөв байх, бодиттой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардах”, мэдээллийг хууль болон гэрээний үндсэн дээр солилцох хэрэглэгчийн эрх хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.13, 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О-И” ББСБ-аас Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-7Х дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ