Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 04

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг, улсын яллагч Р.Энхтуяа, хохирогч Б.Ууганцэцэг, шүүгдэгч Ц.Цэгмэд, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1043), шүүгдэгч О.Сувд нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас;

- Шарнууд овогт Цэцэгдэлгэрийн Цэгмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Бөөгүүд овогт Отгоны Сувдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1786 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шарнууд овогт Цэцэгдэлгэрийн Цэгмэд, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар баг Төгөл гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар 60 айлын 00 тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар рх95032123, урьд нэг удаа ял шийтгүүлсэн,

1.1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2.Бөөгүүд овогт Отгоны Сувд, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, дүү, ахын хамт Увс аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Хулст нуур гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42-5 тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар ои96101801, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Цэгмэд нь яллагдагч О.Сувдтай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг 19 дүгээр хороо, 3 дугаар 60 айлын орон сууцны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Ууганцэцэгийг хүч хэрэглэн зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан,

Шүүгдэгч О.Сувд нь яллагдагч Ц.Цэгмэдтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг 19 дүгээр хороо, 3 дугаар 60 айлын орон сууцны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Ууганцэцэгийг хүч хэрэглэн зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Цэгмэд: Улсын яллагчаас уншиж сонсгосон яллах дүгнэлтийн агуулга, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна гэв.

Шүүгдэгч О.Сувд: Улсын яллагчаас уншиж сонсгосон яллах дүгнэлтийн агуулга, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье гэв.

Хохирогч Б.Ууганцэцэг: 2016 оны 7 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө найз нартайгаа байрны гадна салхинд сууж пиво ууж байгаад өглөөний 5 цагийн үед таксигаар хоёр найзыгаа Саппород гэрт нь хүргэж өгчихөөд, гэрийнхээ гадна ирээд, таксины хөлс болох 5000 төгрөг төлөх гээд сууж байх үед шүүгдэгч Ц.Цэгмэд нь машины цонхоор шагайж надаас тамхи асуусан. Би тэр үед цочоод түүнд хандаж “хүн цочоочихлоо” гэхэд тэрээр “юу гэнээ, комиссын бүдүүн авгай минь, буугаад ир” гээд байсан. Шүүгдэгч Ц.Цэгмэд өөрийнхөө өмсөж явсан гутлаа ориг гутал гэх мэт учир нь ойлгогдохгүй, ямар ч авцалдаагүй зүйл яриад байсан. Мөн 5000 төгрөг үзүүлээд “1000 төгрөгт нь тамхи өгчих, 4000 төгрөгийг хариулж авъя” гээд байсан. Тэгэхээр нь “би ямар шөнийн дэлгүүр юм уу, надад тамхи байхгүй” гэж хэлсэн. Дараа нь би таксины жолоочид хандан “энэ эмэгтэй салахгүй юм шиг байна жаахан явж байгаад ирье” гэж хэлээд нэг байр тойроод буцаад иртэл шүүгдэгч Ц.Цэгмэд хоёулаа болсон байсан. Хамт байсан эмэгтэй нь шүүгдэгч О.Сувд мөн байна. Тэр хоёрыг хараад таксины жолооч “нөгөө эмэгтэй чинь хоёулаа болсон байна” гэхэд би “зүгээрээ би гэр рүүгээ гүйгээд орчихъё” гэж хэлсэн. Гэтэл таксины жолооч “наад эмэгтэй чинь гартаа гялалзсан нэг зүйл барьсан байна, арай зүсчих юм биш биз дээ” гэхэд нь би “гайгүй байлгүй дээ” гэж хэлээд сууж байтал шүүгдэгч О.Сувд над дээр ирээд юу болсон талаар асуухаар нь “найз чинь асуудал үүсгээд байна” гэж хэлсэн. Тухайн үед шүүгдэгч О.Сувд найзыгаа салгах гэж ирсэн гэж хэлж байсан. Гэтэл Ц.Цэгмэд над руу орилоод дайрах үед О.Сувд түүнтэй нийлж над руу дайрсан. Тэгээд тэр хоёр намайг манай байрны орцонд оруулж, газар унагаж байгаад, миний дээрээс дэвсэж эхлэсэн. Тэр үед би таксины жолоочийг гуйж, гэрээсээ хүн дуудуулсан. Манай гэрээс ээж, дүү хоёр гарч ирэх үед шүүгдэгч Ц.Цэгмэд, О.Сувд хоёр зугтаасан. Дараа нь манай ээж тагтан дээр тамхи татаж байхдаа шүүгдэгч Ц.Цэгмэдийг гадаа явж байхыг нь хараад надад хэлсэн. Тэгээд би Ц.Цэгмэдийг барьж аваад, цагдаа дуудсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст очсоны дараа тэрээр намайг хэл амаар доромжилж байсан. Шүүгдэгч нар миний эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт:

Хохирогч Б.Ууганцэцэгийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үүрээр 05 цагийн үед гэрийнхээ гадна ирсэн. Тэгээд таксины жолооч 5000 төгрөг гарсан гээд мөнгөө өгөх гээд байж байтал машины баруун талын цонхоор нэгэн эмэгтэй шагайгаад “тамхи байна уу” гэж асуусан. Гэтэл би цочсондоо “чи хүн цочоочихлоо” гэсэн чинь тэр эмэгтэй “юу гэнээ комиссын авгай минь, бүдүүн авгай чинь” гээд байсан. Тэгэхээр нь би жолоочийг “чи хөдөлчихөө, би өөр газар буугаад алхаад орчихъё” гэтэл таксины жолооч “чи гэр рүүгээ яаж орноо” гэхээр нь би “за тэгвэл орцны үүдэнд буулгачих, би гэр рүүгээ гүйгээд орчихъё” гэсэн. Тэгээд намайг орцны үүдэнд авчиртал нөгөө эмэгтэй өөр нэгэн эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгээд дөхөөд очтол машины цонхоор хутга оруулж ирээд нүүр рүү чичлээд байсан. Яг намайг зүсэх гэж байхад машины жолооч хөдлөөд явчихсан. Гэтэл тэр үед машины хаалгыг нэг нь өшиглөсөн. Тэгэхээр нь жолооч буугаад “яаж байгаа юм бэ” гэтэл тэр хоёр эмэгтэй “наад гичийгээ буулгаад ир” гээд байсан. Тэгээд шар үстэй эмэгтэй нь хаалга онгойлгоод, над руу дайраад, хэл амаар доромжлоод байсан. Тэр үед би машинаас буугаад бид хоёр барьцалдаж авсан. Тэгтэл нөгөөх өндөр эмэгтэй нь ирээд найзтайгаа нийлж намайг зодсон. Харин би зодуулж байхдаа таксины жолооч залуугаар гэрээсээ хүн дуудуулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),

...Машинаас буугаад орцны үүд хүртэл хоорондоо зууралдаад явцгаасан. Энэ хооронд намайг газар унагаагаад чирээд, цохиод байсан. Тэр хоёр эмэгтэй хоёулаа цохиж байсан. Тэгээд орцонд орох үед тэр хоёр миний дээрээс дэвсээд, өшиглөөд байсан. Тэгж байснаа хар үстэй өндөр эмэгтэй нь доошоо подваль руу буусан. Тэгээд хаалгаа нээхгүй цаанаас нь татаад байсан. Тамхи нэхсний дараа таксины жолооч машинаа хөдөлгөөд булан тойроод эргэх гэтэл шар үстэй жижиг эмэгтэй нь өөдөөс ирж байсан. Тэгтэл таксины жолооч “наадах чинь гартаа нэг зүйл барьчихсан байна, зүсчих вий дээ” гэж байсан. Тэгээд ойртоод иртэл таксины жолооч надад хандан “гартаа хутга барьсан байна” гэж хэлээд бид хоёр машинтайгаа ухраад, машинаа түгжсэн. Харин цонхоо хааж байтал цонхны завсраар гараа оруулж ирээд, нүүр рүү чичээд байсан. Тэгсэн чинь таксины жолооч уурлаад, болиоч гээд тэр эмэгтэйг цааш нь түлхсэн. Тэр хутга нь шар эрээн өнгийн иштэй, 20 орчим см урттай байсан. Миний биед хүрээгүй, хатгаж зүсээгүй. Тэгээд удалгүй хар үстэй өндөр эмэгтэй нь гарч ирсэн. Намайг цонхоо хааж байх үед машины хаалга руу өшиглөсөн тул жолооч уурлаад, машинаасаа буутал, нөгөө хоёр эмэгтэй миний талын хаалгыг онгойлгоод, намайг буулгасан... гэх мэдүүлэг (хх-ийн 86-87 дугаар хуудас),

Гэрч Я.Даваадугарын өгсөн: Тэгээд 21 дүгээр хорооллын байрны гадна ирж, мөнгөө авах гээд зогсож байтал нэгэн хүүхэн ирээд, миний машинд байсан эмэгтэйгээс “тамхи байна уу” гэж асуусан. Тэгсэн машинд сууж байсан эмэгтэй цочоод “намайг айлгачихлаа” гэж хэлсэн. Харин нөгөө хүүхэн нь цаашаа явж байснаа эргэж ирээд, машины цонхоор “хөөе гичий минь буугаад ир, ална шүү” гэхээр нь би “ахын дүү боль” гээд урагшлаад зогссон. Гэтэл нөгөө эмэгтэй араас ирэнгүүтээ машины цонхоор хутгатай гараа оруулаад, миний машинд сууж байсан эмэгтэйн нүүрийг зүсэх гээд байсан. Тэгээд би машинаа хөдөлгөөд байрыг нь тойроод буцаж ирэхэд, нөгөө хутга гаргасан хүүхэн хоёулаа болчихсон зогсож байсан. Тэгээд хоёулаа машины урд зогсоод явуулахгүй байсан. Хутга гаргасан охины найз нь гэх охин ирээд, эхлээд эвтэйхэн ярьж байснаа гэнэт миний машинд сууж байсан хүүхний нүүр рүү алгадаад, үсдэж чирээд машинаас буулгасан. ...нөгөө хоёр хүүхэн миний машинаас буусан хүүхнийг хоёр талаас нь алгадаад, үсдэж унагаад, өшиглөж зодсон. Хутга гаргасан эмэгтэй 160 см орчим өндөртэй, шар үстэй, шар царайтай охин байсан, нөгөөх нь бор царайтай, хар үстэй, өндөр охин байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас),

Гэрч Б.Билгүүний өгсөн: Хэрэг гарах үед би 3 дугаар байрны гадна байсан болохоор юу болсныг мэдээгүй. Тэр үед Цэгмэд гэрээсээ гэрийнхээ түлхүүр, савтай цэвэр ус, тэр жижиг хутгыг аваад гарсан гэж байсан. Тэр үед би Цэгмэдээс “тэр зүйлсээр яах гэж байсан” талаар асуухад, түлхүүрээр гэрээ онгойлгоно, архи уучихсан байсан болохоор ам нь цангаад ус уух гэж байсан гэсэн. Тэр хохирогч гэх хүүхэн Цэгмэдийг мөнгөгүй, подвальд амьдардаг гээд доромжлоод байхаар нь айлгах гэж жижиг хутгаа авч гарсан гэж надад хэлж байсан. Яаж айлгасан талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 91-93 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9405 дугаартай: “Ууганцэцэгийн биед тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хүзүү, шууны зулгаралт дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас),

Шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн томографийн зурагт хамрын таславч зүүн тийш муруйлттай гэж гарсан байсан. Харин би тухайн өдөр Ууганцэцэгийг үзэхэд хамарт ямар нэгэн шарх өөрчлөлтгүй байсан юм. Тиймээс дээрх гэмтэл хэзээ үүссэн талаар тогтоох боломжгүй. Тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан өдөр үүссэн байх боломжтой тухайн цаг хугацааг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 94-95 дугаар хуудас),

Ц.Цэгмэдийн сэжигтнээр өгсөн: Тэгтэл орцны үүдэнд машинтай ах, эгч хоёр сууж байсан. Тэгэхээр нь би машины баруун талаар тойрч очоод, машины урд сууж байсан эмэгтэйгээс “мөнгөөр нь хоёр ширхэг тамхи өгчих” гэж асуугаад 5000 төгрөг өгсөн. Би архи уусан байсан болохоор түүнээс хойш хэсэг хугацаанд ямар нэгэн зүйл санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн тэр эгчтэй машины гадна, дотроос хэрэлдэж байсан. Тэр эгч 100 төгрөг барьчихаад яагаад хүн доромжлоод байгаа юм, тийм л баян юм бол дансаа шалгуулчих гэх зэргээр хэрэлдэж байснаа машинаас гарч ирээд миний хөхрүү гараараа цохисон. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод найз Сувдааг дуудаж, хамт гарсан. Манай найз охин тэр эгч бид хоёрыг салгах гээд дундуур орж иртэл, тэр эгч манай найз охиныг “чи хэн юм” гээд гэдэс рүү нь цохичихсон. Тэгсэн чинь манай найз охин тэр эгчийг давраад байгаарай гээд нүүр рүү нь мангасдаад унагаачихсан. Тэгээд манай найз тэр эгчийг уначихсан байхад нь хэд хэдэн удаа цохиод байх шиг байсан. Би тэр цохиж байгааг нь сайн хараагүй. Тэгж байгаад бид хоёр айгаад зугтаачихсан. Тэгээд гэртээ ороод гутлаа өмсчихөөд, буцаж гараад явж байтал нөгөө эгч ээж, дүү хоёрынхоо хамт байрны хоёр талаас гараад ирсэн. Тэгээд тэр эгчийн ээж нь намайг барьж аваад багалзуурдаад нөгөө эгч намайг үсдээд авсан. Би гартаа ямар нэгэн зүйл барьсан үгүйгээ санахгүй байна, гэхдээ манай гэрт байсан бор шаргал өнгийн жижиг хутга алга болсон байсан. Би тэр эгчийг тийм аймар зодоогүй хоёроос гурван удаа нүүр рүү нь алгадсан, үсдсэн. Манай найз охин мөн түүнийг зодсон. Гэхдээ яаж зодсоныг нь би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 45-46 дүгээр хуудас),

Ц.Цэгмэдийн яллагдагчаар өгсөн: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөв ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Гэхдээ би тухайн үед хутга барьснаа санахгүй байгаа. Тэр эгч эхлээд миний гар руу цохиод, тэгэхээр нь би зөрүүлээд бас гар руу нь цохисон. Тэгээд зодолдож эхэлсэн. Би зодолдож байгаад гэр рүүгээ ороод Сувдааг дуудаж гаргаж ирсэн. Би тэр эгчтэй хэрэлдэж байгаад, сүүлдээ зодолдож эхэлсэн, гэхдээ бид хоёр нийлж зодоогүй. Би хутга гаргаснаа санахгүй байна. Сувд хутга бариагүй. Би тэр эгчийг үсдээд алгадсан бусдыг нь санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас),

...Би хохирогч Ууганцэцэгийг машинаас бууж ирэхэд нь үсдээд нүүр рүү нь алгадсан. Түүнээс өөрөөр нэг их зодсон зүйл байхгүй. Орц руу орох гэж байсан чинь Сувдаа гарч ирсэн. Би үсдсэн, харин Сувдаа тэр эмэгтэйн хаана нь цохисныг мэдэхгүй. Тэгээд гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Сувдаа бид хоёр тэр эмэгтэйг зодчихоод, айсандаа орцноос гараад зугтаасан. Тэгээд би хөл нүцгэн байсан болохоор гэртээ эргэж ирээд, гутлаа өмсчихөөд буцаж гартал Ууганцэцэг гэх тэр эмэгтэй, ээж болон дүүтэйгээ ирээд, нэг нь үсдээд нэг нь боогоод байсан. Би хутга гаргасан эсэхээ санахгүй байна. Ямартай ч Ууганцэцэгтэй маргалдахаасаа өмнө найз залуутайгаа муудалцаад амиа хорлоно гээд бор иштэй жижиг хутга авч гарсан... гэх мэдүлэг (хх-ийн 96-97 дугаар хуудас),

О.Сувдын яллагдагчаар өгсөн: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би анх Цэгмэдийг зодолдож байхад нь байгаагүй, түүний гэрт байсан. Харин гаднаас Цэгмэд орж ирээд “зодуулчихлаа найзыгаа аваад гараад ир гээд байна” гэсэн. Тэгэхээр нь дагаад гартал нөгөө зодолдсон хүн нь байхгүй явчихсан байсан. Гэтэл нөгөө машин булан тойроод буцаад гарч ирсэн. Тэгэхээр нь Цэгмэд очоод жолоочийн хаалгаар нь “тэр эгчийг буугаад ир” гэтэл жолооч нь “та нар одоо больцгоо, бүгд согтуу байна” гэсэн. Тэгээд би нөгөө эгч дээр очоод “манай найз согтуу байгаа юм аа, уучлаарай одоо ороод унтуулчихъя” гэж хэлээд байж байтал Цэгмэд тэр эгчтэй муудалцаад, зодолдъё гээд байсан. Тэгэхээр нь би буулгалгүй хорьсон. Тэгтэл тэр эгч Цэгмэдтэй мөнгөний талаар хэрүүл хийгээд байсан. Харин би “та одоо больчихооч” гэтэл тэр эгч “чи наад комиссын хувцас өмссөн охиноо өмөөрлөө, цаашаа бай” гээд миний гэдэс рүү цохисон. Энэ үед Цэгмэд “манай жирэмсэн найзын гэдэс рүү цохилоо” гэхээр нь миний уур хүрээд тэр эгчийг алгадсан. Тэгтэл тэр эгч машинаас бууж ирээд, хэрэлдэж байгаад би гэр рүү ортол, Цэгмэд орж ирээгүй. Тэгэхээр нь эргээд гартал Цэгмэд тэр эгчтэй орцонд зодолдож байсан. Тэгээд би салгах гэтэл тэр эгч намайг маажихаар нь би хэд хэдэн удаа цохисон. Дараа нь Цэгмэд бид хоёр ард талын байр руу зугтаасан. Тэгээд удаагүй байж байгаад цагдаа ирсэн. Цэгмэд хутга гаргасныг цагдаа дээр ирээд л харсан... гэх мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар хуудас),

...Би Ууганцэцэгийг машинд сууж байхад нь нэг удаа, машинаас бууж ирэхэд нь нэг удаа, орцонд Цэгмэдтэй зодолдож байх үед дундуур нь орж нэг удаа цохисон. Би цохихдоо дандаа гараараа цохьсон. Эхлээд машинд байхад нь нүүр рүү нь цохисон, машинаас бууж ирэхэд нь гуя руу нь өшиглөсөн байх, орцонд байхад нь гуя руу нь өшиглөсөн байх сайн санахгүй байна. Ууганцэцэг эхлээд машинд сууж байхдаа миний нүүр рүү цохисон, дараа нь машинаас бууж ирээд гэдэс рүү цохисон. Дараа нь өшиглөөд байсан. Хэн хутга гаргаж ирснийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 101-102 дугаар хуудас),

Хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 10-11), эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол (хх-ийн 12), гэрч Б.Ганбаатарын мэдүүлэг (хх-ийн 20-21), гэрч Б.Чулуунбатын мэдүүлэг (хх-ийн 22-23), гэрч Л.Мөнхбаярын мэдүүлэг (хх-ийн 24-25), гэрч Э.Хатанбаатарын мэдүүлэг (хх-ийн 88-89) зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Цэгмэд, О.Сувд нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Ц.Цэгмэд нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний үүрээр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол дахь 3 дугаар 60 айлын орон сууцны гадна “тамхи асуух” нэрийдлээр өдөөн хоргоож, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн шүүгдэгч О.Сувдтай бүлэглэн хохирогч Б.Ууганцэцэгийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, хутга хэрэглэн танхайрсан,

- Шүүгдэгч О.Сувд нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний үүрээр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол дахь 3 дугаар 60 айлын орон сууцны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн шүүгдэгч Ц.Цэгмэдтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэж, хохирогч Б.Ууганцэцэгийг бүлэглэн зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа шар иштэй 20 см урт хутгыг хэн, хэзээ, хаанаас, яаж хураан авсан нь тодорхойгүй” хэмээн тайлбарлаж, мэтгэлцсэн боловч энэхүү өмгөөлөл нь хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт буюу хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 10-11), эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол (хх-ийн 12), гэрч Э.Хатанбаатарын мэдүүлэг (хх-ийн 88-89)-ээр бүрэн няцаагдаж байна. Нөгөөтэйгүүр, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эд мөрийн баримтад үзлэг хийхэд шүүгдэгч Ц.Цэгмэд “хэрэг гарах үед хэрэглэсэн, манай гэрийн хутга мөн байна” гэж мэдүүлснийг, мөн хохирогч Б.Ууганцэцэг өөр рүү нь довтлох үед хэрэглэсэн хутга мөн болохыг давхар баталсныг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос Ц.Цэгмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3., О.Сувдыг мөн зүйлийн 181.2.1., 181.2.5. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлуудыг нотолсон, зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Харин прокурорын яллах дүгнэлтэд иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх хүчин чадалтай хэрэгсэл буюу хүйтэн зэвсгийг зэвсгийн чанартай бусад зүйл гэх хууль зүйн агуулгаар дүгнэсэн нь буруу байна. Шүүх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр энэ гэмт хэргийн үйл баримт бүрэн бодитойгоор нотлогдсон, мөн яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг өөрчлөгдөхгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын зүйлчлэлийн агуулгын алдааг зөвтгөн дүгнэсэн болно.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Цэгмэд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугцаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Тэрээр хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1. дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг мөн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Сувд нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд (хх-ийн 61) ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Цэгмэдийг бусадтай бүлэглэж, хүч хэрэглэн догшин авирлаж, зэвсэг хэрэглэн танхайрсан гэм буруутайд тооцож, түүний зэвсэг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, түүний догшин авирласан, бүлэглэсэн үйлдлүүдэд оногдуулах ял шийтгэл дээрх зүйлчлэлд багтсан хэмээн ойлгоно.

 Шүүгдэгч О.Сувдыг бусадтай бүлэглэж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Цэгмэд, О.Сувд нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн шүүгдэгч Ц.Цэгмэдийн хувийн байдал, дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэж, хуульд зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид уг ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч О.Сувдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5. дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг шүүгдэгч О.Сувдын байнга оршин суух буюу Увс аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Хулст нуур гэх хаягийн харьяаллаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт, түүний түр оршин суух буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42-5 тоот гэх хаягийн харьяаллаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн дугаар хэлтэст тус тус даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Ууганцэцэг нь мөрдөн байцаалтын үед шүүгдэгч нараас хохирол төлбөрт 120.000 төгрөг авсан болох нь хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, Б.Ууганцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Цэгмэд, О.Сувд нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтуудыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 см ажлын хэсэгтэй, 10 см бор шаргал өнгийн иштэй, нийт 20 см урт хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Цэгмэдэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч О.Сувдад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Цэцэгдэлгэрийн Цэгмэдийг бусадтай бүлэглэж, хүч хэрэглэн догшин авирлаж, зэвсэг хэрэглэн танхайрсан гэм буруутайд,

- Шүүгдэгч Бөөгүүд овогт Отгоны Сувдыг бусадтай бүлэглэж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Цэгмэдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар, шүүгдэгч О.Сувдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5. дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар;

- шүүгдэгч Ц.Цэгмэдэд оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг,

- шүүгдэгч О.Сувдад оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сувдад оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн харьяалах газар, хэлтэст даалгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 см ажлын хэсэгтэй, 10 см бор шаргал өнгийн иштэй, нийт 20 см урт хутгыг устгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Цэгмэд, О.Сувд нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, мөн хохирогч Б.Ууганцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Цэгмэдэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Цэгмэдэд авсан цагдан хорих, О.Сувдад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

 

                                                  ШҮҮГЧИД                                      Л.БААТАР

 

                                                                                                          Г.МӨНХЗУЛ