| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/1047/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1108 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1108
2022 11 23 2022/ШЦТ/1108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: ...
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Э.Уранчимэг,
шүүгдэгч Б.Ө /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, .. оны 5 дугаар сарын 03-ны өдөр .. аймгийн .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт УлаанБ. хот, Чингэлтэй дүүрэг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, СүхБ. дүүрэг .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ..., .. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №..дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хулгайлах гэмт хэрэгт 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан Б.Ө /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ө нь Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ......тоотод 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Л.Ч-н Самсунг-А71 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугийн талаар маргахгүй, миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 455.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн бөгөөд хохирогч одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичиж өгсөн....” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Л.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үүрээр 04 цагийн үед СүхБ. дүүргийн ..-р хороо ... тоотод байрлах багын найз Б-н гэрт ирсэн юм. Тэдний гэрт ирэхдээ би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Б-тэй юм ярьж байгаад утсаа оролдоод хэвтэж байхад Б үүрээр гарч 2 хүн дуудаж оруулж ирээд үлдэгдэл архиа ууж байхад би утсаа оролдож хэвтэж байгаад унтсан байсан. Тэгээд би өглөө 8 цагийн үед сэрэхэд миний гар утас байхгүй Б. бид 2 унтаж байсан. Тэгээд утас алга болсныг мэдээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд тэр дээд айлын Г, М гэдэг 2 хүнийг дуудаад асууж байсан. Тэр үед намайг унтсанаас хойш манай хуучны танил Н.Х, Б.Ө нар орж ирээд гарсныг би мэдэж авсан. Ингээд тухайн 2 хүн миний гар утсыг авсан байна гэж бодоод цагдаад мэдүүлгээ өгчихөөд өөрөө тэр өдрөө тэр хавиар Б.Ө, Х хоёрыг хайж байгаад Б.Ө үдээс хойш Ахмадын хотхоны тэнд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би очоод миний утсыг гаргаж өг гэхэд Б.Ө надад тэр утсыг чинь Н.Х барьж явсан, цүнхтэй хувцсандаа хийгээд аваад явсан, би гэрчилж чадна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
Гэрч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 04-ний өдрийн өглөө СүхБ. дүүргийн .... байдаг найз Б.ын гэрт очиж тэр өдөртөө хувцсаа угаагаад өнжсөн. Тэр өдрийн орой би өөрийнхөө утсыг байрны доод талын дэлгүүрт тавьж архи аваад Б. болон Г. гэж хүнтэй гурвуулаа архи уусан. Тэгээд орой нь Б. надтай хэрэлдээд би 14 давхарт өөр айлд орж унтаж байгаад үүрээр Б. орж ирээд Галаа, Б.Ө, бид гурвыг дуудаад Б.ын гэрт ороход Ч, Б.Ө, Б., Г, М нар архи ууж байсан. Тэгээд Б. дахиад намайг хөөхөөр нь би 13 давхарт байдаг Галаа ахынд ороод унтаж байхад өглөө 5 цаг өнгөрч байхад Б.Ө, М хоёр орж ирсэн, Б.Ө нэг утастай орж ирсэн. Би тэгэхээр нь ямар учиртай утас юм гэхэд Б.Ө дүү нь мэдэж байна, хоёулаа явья гэхээр нь цуг бид 2 Теди төв ороод Б.Ө буугаад тэр утсыг зарсан. Тэгээд би хэдээр зарсан юм гэхэд 100.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Би тухайн үед машинаас буугаагүй сууж байсан. Би дахиад тэр утасны учрыг лавлаж асуухад Б.Ө Б.ын гэрт тасраад унтаж байсан залуугийн утсыг авчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн утас гэж мэдсэн. Бид 2 тэр мөнгөнөөс таксины мөнгө өгөөд хэдэн шил архи аваад Зүүнсалаанд байдаг манай нэг найзын гэрт очиж ууж байгаад би тасраад босоод ирэхэд Б.Ө явчихсан байсан. Тэрнээс хойш Б.Өтэй уулзаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 884.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Б.Ө-н яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр СүхБ. дүүргийн ... тоотод байдаг Б.ын гэрт байхдаа хамт архи ууж байсан Ч-н Самсунг-А71 загварын гар утсыг хулгайлан авч өөрийн танил Х хамт Теди төв дээр очиж, 100.000 төгрөгөөр зараад хамт Зүүнсалаанд байдаг Х-н танил хүнийд очиж архи ууж байгаад гарч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Ө нь согтуугаар 2021.11.05-ны өдрийн 04-08 цагийн хооронд Сүхаатар дүүргийн ..., ....... тоотод хамт архи ууж байсан хохирогч Л.Ч-н Самсунг-А71 маркийн 884 600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Ө-н хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлан авч амар хялбар аргаар мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй шунахай гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Л.Ч нь “2022.11.07-ны өдөр Б.Өийн ар гэрийнхэн миний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдолгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ө-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргажээ.
Шүүгдэгч Б.Ө-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд улсын яллагчаас гаргасан ялын саналын хүрээнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас Б.Ө-н энэ гэмт хэрэгтээ 2022.09.08-ны өдрөөс эхлэн 2022.10.08-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасаж, Б.Ө-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 160 /нэг зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 160 /нэг зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР