Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01061

 

2019 оны 05 сарын 03 өдөр

   Дугаар 183/ШШ2019/01061

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дугаар байр, 7 тоотод байрлах, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... зочид буудалд байрлах, З ХХК /РД:.../-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний барьцаа төлбөр 124 352 640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, З ХХК нь Б ХХК-д холбогдуулан засвар үйлчилгээ, эд хөрөнгө эвдэрсний төлбөр 114 052 785 төгрөг, тавилга эд хөрөнгө худалдан авсны төлбөр 60 227 400 төгрөг, цагаан хэрэглэл худалдан авсны төлбөр 9 900 500 төгрөг нийт 184 180 685 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.           

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З ХХК болон Б ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 тоот үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатад байрлалтай П  зочид буудлыг 5 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд тус гэрээний 1.11 дэх заалтын дагуу П  зочид буудлын 2 давхрын баар, 304 тоот өрөөг 00 өрөөний хамт оффисын зориулалтаар, 303 тоот өрөөг агуулахын зориулалтаар 1 давхрын дэлгүүрийн зориулалттай 18 метр квадрат талбайтай түрээслэгч нь өөрийн эзэмшилдээ авч үлдэх ашиглахаар тохирсон. Түрээсийн гэрээний 3.1 дэх заалтын дагуу түрээсийн сөрын төлбөр 20 000 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээний 3.2 дахь заалтаар түрээслэгч нь гэрээ байгуулах өдрөө эхний 2 сарын түрээсийн төлбөр болох 40 000 ам.доллар, эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор хүлээлцэх бөгөөд хүлээлцсэн өдрөө 4 сарын түрээсийн төлбөр болох 80 000 ам.доллар, гэрээний 3.3 дахь заасан барьцаа төлбөр 50 000 ам.доллартай тэнцэх монгол төгрөгийг түрээслэгчид төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Б ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 17-нд 65 000 ам.долларыг З ХХК-д бэлнээр тушаасан, 2015 оны 8 дугаар сарын 08-нд 105 576 000 төгрөг буюу 53 000 ам.доллар, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 27 000 ам.долларыг тус тус  шилжүүлсэн. Б ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 17-нд түрээслүүлэгчээс түрхүүр гардан авч П  зочид буудалд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг хариуцан төлж барагдуулж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Гэвч Түрээслэгч нь өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч зочид буудлын үйл ажиллагаагаа үр ашигтай тогтвортой явуулахыг хичээж ажилласан боловч түрээсийн жилийн хугацаанд бизнесийн үр ашиггүй байдлаас улбаалан цаашид буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлж барагдуулах санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал нэгэнт үүссэн тул 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс түрээсийн гэрээний 1.5 болон 1.6 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний зүйлүүдийг харилцан хүлээлцэх комисс ажиллуулж түрээсийн байр, түүний эд хөрөнгө, тоног төхөөрөмж, тоноглолууд болон холбогдох баримтуудын хамт 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр багтаан хүлээлгэн өгөх болсон тухай болон барьцаа хөрөнгийг түрээслэгчид буцаан олгохыг хүссэн тухай 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №42/16 тоот албан бичгийг түрээслэгч талд хүргүүлсэн. Үүний дагуу түрээсийн объектыг хүлээн авах ажиллагааг эхлүүлэх шаардлагатай цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болон 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг Түрээслүүлэгч З ХХК нь Б ХХК-д хүргүүлсэн. Үүний дагуу зочид буудлын объектыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн. Хариуцагчтай цэвэрлэгээний компаниар объектыг цэвэрлүүлсэн зардал 2 000 ам.долларыг барьцааны төлбөрөөс тооцуулахаар тохирсон тул үлдэгдэл 48 000 ам.долларыг буюу 124 352 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 08 дугаар сард “Пийс бридж” зочид буудлын 3734 метр квадрат бүхий талбайг тавилга эд хөрөнгийн хамтаар хүлээлгэн өгсөн. Үүнд 29 өрөө, 4-7 давхрын вестибюль, саун, дулаан граж, угаалгын өрөө, агуулахын өрөө, биллиардын өрөө, үзлийн өрөө, агуулах, цахилгааны шийдний өрөө гэх зэрэг иж бүрэн тавилгатай, ашиглалтын 1 дүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн хамт нийт 712 465 676 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Ингээд Б ХХК-ийн ерөнхий захирал******* нь үйл ажиллагаа явуулах боломжгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай санал хүргүүлсэн бөгөөд буудлын эд хөрөнгийг дутуу хүлээлцэж, компанид учруулсан хохирлыг төлөхгүй явсан. Тухайн үед буюу 2016 оны 09 дүгээр сард буудлын эд хөрөнгийг хүлээн авах коммис гаргасны дагуу эд хөрөнгө бүрийн нэг бүрчилсэн жагсаалт гарган тоолж, үнэлгээг гарган хохирлыг тооцоход тавилга эд хөрөнгийн эвдрэл гэмтэлд 114 052 785 төгрөг, цагаан хэрэгсэл даавуунд 9 900 500 төгрөг гэх зэргээр ихээхэн хэмжээний хохирол учруулж үргэлжлүүлэн ашиглах боломжгүй байдал үүсгээд явсан. Бид компанид учруулсан хохирлыг тухайн үед нь танилцуулж төлбөрийг төлж хохирлыг барагдуулахыг шаардсан боловч Б ХХК-ийн ерөнхий захирал******* нь манай хохирлыг барагдуулна гэж гарын үсэг зурсан боловч төлбөрийг төлөлгүй явсан. Бид удаан хугацааны хамтын ажиллагаатай байсан болохоор шинэ тавилга авах шаардлагатай байгааг хэлж төлбөр тооцоог хийж хохирлыг барагдуулах талаар утсаар ярьж холбогдож байсан. Ингээд түүн төлбөрийг төлнө, шинэ тавилга авахдаа хэлээрэй гэсэн тул бид зээлээр шинээр тавилга худалдан авч буудлын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжтой болсон боловч төлбөрийг******* төлөөгүй биднийг хохироосоор байна. Мөн Б ХХК нь буудлыг ажиллуулж байхдаа буудлын байр талбайд маш их хэмжээний хохирол, эвдрэл гэмтэл учруулсан, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийж компаний нэр төрд халдахаар нууц далд үйлчилгээ явуулдаг байсан бөгөөд ихээхэн хэмжээний засвар. цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн. Бид буудлын үйл ажиллагааг хэвийн явуулж, бизнесийн нэр төрийг сэргээх, алдагдсан цаг хугацааг нөхөх шаардлагатай байсан тул “*******” ХХК-ийн хохирлыг мөнгийг хүлээлгүйгээр ерөнхий захирал*******анд мэдэгдсэний үндсэн дээр шинээр 60 227 400 төгрөгийн тавилга эд хогшлыг худалдан авсан. Хэдийгээр бид бодит хохирол болон эвдрэл гэмтлийг засаж болох боловч манай компаний нэр төрийг сэвтээсэн үйлчилгээ, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм. Иймд манай компанид учруулсан хохирол болох засвар үйлчилгээ, эд хөрөнгө эвдэрсний төлбөр                  114 052 785 төгрөгтавилга эд хөрөнгө худалдан авсны төлбөр 60 227 400 төгрөг. цагаан хэрэглэл худалдан авсны төлбөр 9 900 500 төгрөг нийт 184 180 685 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭН НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр 48 000 ам.доллар буюу                 124 352 640 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь эд хөрөнгөнд учируулсан хохиролд    184 180 685 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчдын хооронд 2015 оны 07 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 120 мянгатад байрлалтай П  зочид буудлын байрыг бүхлээр нь 2015 оны 09 сарын 01-ны өдрөөс 2020 оны 09 сарын 01-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, түрээсийн төлбөр сарын 20 000 ам.доллартой тэнцэх хэмжээний Монгол төгрөг байхаар тус тус тохиролцжээ. /хх-5-12/

 

            Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний дагуу зочид буудлын зориулалттай объектыг хүлээн авч нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж улмаар ашиггүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч түрээсийн гэрээний зүйл болох зочид буудлыг хүлээн авч, түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болжээ.

 

            Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б ХХК-ийг гэрээний зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр, гэрээний 3.3-т  заасан барьцаа төлбөрт 50 000 ам.долларыг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр боловч түрээсийн гэрээний харилцаанд гэрээний талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр талуудад эрх, үүрэг үүсч гэрээ хүчин төгөлдөр болдог.

 

Ийнхүү хэлбэржээгүй хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хуульд заасан хүчин төгөлдөр байх нөхцөл, шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцогдох ба түүнээс гарах үр дагавар нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч, хариуцагчийн харилцан шаардах эрхтэй харьцуулахад өөр байдаг.

 

Зохигчид нь хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах талаар нэхэмжлэл гаргасан эсэхээс хамаарахгүйгээр дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзлээ. /хх-180/

 

Улмаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй тул түрээслүүлэгч нь уг хэлцлийн үндсэн дээр буюу түрээсийн гэрээний 3.6, 5.8-д зааснаар түрээсийн байр, эд хөрөнгө тоноглолын элэгдэл хорогдолтой холбоотой зардал, шаардах эрх үүсэхгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх тул мөн зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Ийнхүү хүчин төгөлдөр бус болсон гэрээний үр дагаврыг буюу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн барьцаа төлбөр гэх 124 352 640 төгрөгийг хариуцагч Зүүнбаян рафайнери ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч зочид буудлын объектыг хариуцагчид шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар маргаагүй тул Б ХХК-д гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс буцаан шилжүүлэх зүйл байхгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр 48 000 ам.доллар буюу 124 352 640 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эд хөрөнгөд учруулсан хохиролд 184 180 685 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 780 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 078 854 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зүүнбаян рафайнери ХХК-иас 780 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Зүүнбаян рафайнери ХХК-иас                  124 352 640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, 184 180 685 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 780 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 078 854 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зүүнбаян рафайнери ХХК-иас 780 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ