Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

    2023          01           17                                   2023/ШЦТ/101

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэргийг 2022.12.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан суманд 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “Б” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 0 дугаар баг, Сахиул гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Боса худалдааны төвийн хажуу талын нийтийн байранд амьдарч байгаа гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Б овогт Бын Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” караокед иргэн Ш.Бтай маргалдан цохиж зодсоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Бын “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...Сын найз бид хоёр Сынхоос гараад Баянхошууны шинэ эцэст байрлах “Стар" караоке орж үйлчлүүлсэн юм. Бид хоёр үйлчлүүлээд байж байхад бүжгийн талбай дээр нэг танихгүй залуу, бүжиглэж байсан залууг дээрэлхээд байхаар нь ...тухайн залуу дээр очоод “ахын дүү яагаад байгаа юм бэ? ганц согтсоноо яагаад дээрэлхээд байдаг юм бэ?” гэж хэлсэн чинь “уучлаарай ахаа, та буруу бодож байна. Хоёулаа гарч тамхилъя” гэж хэлэхэд нь “тэгье” гэж хэлээд бид хоёр караокеноос гараад байж байтал тухайн залуу миний нүүрэн тус газар цохиод газар унагаасан. Тэгээд миний дээрээс хөл гараараа олон удаа цохиод байсан. ...Намайг ямар шалтгааны улмаас цохиж, зодсон талаар мэдэхгүй байна. Бодвол хүн дээрэлхээд байхаар нь “боль” гэж хэлэхэд тэрэнд л хорссон байх гэж бодож байна. ...Миний нүүр болон толгой хэсэг рүү л цохиж зодоод байсан. ...Миний баруун нүд хөхөрч хавдсан байна. Толгойны орой хэсэгт жижиг, бага зэрэг язарчихсан байна” гэх мэдүүлэг /х.х-8-9/,

- Гэрч Д.Хын “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз Шгийн хамт ...“Стар” караокед орж ууж идэцгээсэн юм. ...Найз Ш маань караокеноос гараад орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гараад очтол Ш нэг залуутай маргалдаад зогсож байснаа тухайн залуу Шгийн зүүн талын шанаа хэсэг рүү цохичихсон. Зөрүүлээд Ш цохиж байгаа харагдсан. ...Шгийн зүүн хацраас цус гарчихсан байсан. Гэхдээ өмнө нь бас хүнд зодуулаад 8 оёдол тавиулчихсан байсан болохоор цохиулаад оёдлынх нь завсраар цус гарсан байна лээ. Оёдол нь задраагүй. Харин тухайн залуугийн баруун нүд нь хавдчихсан байна лээ” гэх мэдүүлэг /х.х-24-25/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14945 дугаартай “Ш.Бын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд уруулд цус хуралт, няцарсан шарх, зулайн урд хэсэг, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-28-29/,

- Яллагдагч *******гийн: “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз Хын хамт ...“Стар” караокед орж сууцгаасан юм. Караоке дотор нэг залуутай маргалдаад байж байтал хажуу талаас өөр нэг танихгүй залуу хүрч ирээд “болио хөгшөөн” гэх мэтээр ярьж байгаад бид хоёр караокеноос гарахаар болсон. Караокеноос гараад бие засаад байж байтал намайг тухайн залуу нэг удаа зүүн талын шанаа хэсэгт цохихоор нь би зөрүүлээд тонгорч унагаагаад дээрээс нь нүүр рүү нь цохиж зодсон. Бид хоёрыг манай найз Хүрэлням ирээд салгасан. ...Би тухайн залуутай ямар шалтгааны улмаас муудалцсан талаараа мэдэхгүй байна. Бодвол намайг хүнтэй маргалдлаа гэсэн байх. ...Би тухайн залуугийн баруун талын шанаа, нүд хэсгүүд рүү нь цохисон” гэх мэдүүлэг /х.х-61-63/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” караокед иргэн Ш.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд уруулд цус хуралт, няцарсан шарх, зулайн урд хэсэг, баруун чамархайд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Ш.Бын “...миний нүүр, толгой хэсэг рүү цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг /х.х-8-9/, хүний биед хийсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.11.03-ны өдрийн 14945 дугаартай “Ш.Бын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд уруулд цус хуралт, няцарсан шарх, зулайн урд хэсэг, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-28-29/, гэрч Д.Хын “зөрүүлээд ******* цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /х.х-24-25/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь урьд үл таних Ш.Бтай маргалдан түүнийг гараараа болон хөлөөрөө цохиж зодсон, улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ш.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******гээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Ш.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 2021.05.04-ний өдөр биелүүлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-39/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-49-53/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2014 онд шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон, мөн 2021 онд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлсэн ялын тооцоогүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

 

Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх саналыг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Дээрх нөхцөл байдал болон *******гийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бээ овогт Бын Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Бын Шд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 700000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ш.Б нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ