Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, ерөнхий шүүгч Г.Мөнхтулга, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

         Иргэдийн төлөөлөгч Б.Цэенхүү,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

         Улсын яллагч Б.Билэгсайхан,

         Хохирогч О.М,

         Шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

         Гэрч З.М, Б.Нямб, Б.Нямг, Д.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Зд холбогдох 2216000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, 47 настай, барилгын өрлөгчин мэргэжилтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялын хөнгөнийг хүндэд багтаан нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/970 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 (Долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, Б овогт Д.З.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 01-02 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны төвд сургуулийн баруун талд байсан монгол гэрт Д.Лтай маргалдаж улмаар Д.Л нь барилгын зургаар цохих үед түүний цээжний зүүн дээд талд 1 удаа хутгалж амь насыг хохироож алсан хэмээн үзэж, тухайн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэрч Б.Нямг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би сайн хараагүй. Гарч ирээд дүү надад хэлсэн. Тухайн үед юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Ухаан санаа үймэрсэн байгаа. Тэр үедээ сонин болсон болохоор. Д.З ах  миний баруун талд байсан. Хаашаа харж сууж байсныг анзаараагүй. Баруун талын баганын хажуу талд сууж байсан. Талийгаач Д.З ахыг зургаар цохихыг би анзаараагүй. Талийгаач баруун урд талд нь сууж байсан. Дунд нь хүн байгаагүй...” гэв.

Гэрч Б.Нямб шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед хараагүй З.М болсон процессыг ярьсан. Би тэр өдөр сандраад орж гараад ухаан санаа балмагдаад байсан. Санахгүй байна. Юу ярьснаа санахгүй байна. З.Мгээс асуухад болно. Б.Нямг бид хоёр хараагүй. ...Өглөө босоод ажилдаа гараад каркасаа угсарч байсан Д.З ах үдээс хойш ирсэн. Каркасаа угсарч байхад 2 тарваганы мах замаасаа хүнээс худалдаж авсан гэсэн. Махаа чанаад идээд талийгаач нүд өвдөөд байна ах ганц юм аваад өгчих гэсэн. Д.З ах ганц юм гэж байхаар эм аваад уучих гэхэд эмээр өвчин намдаахгүй байна ганц юм аваад өгчих гэсэн. Эхлээд 0.75 литрийн “Хараа” авсан. Дахиад 0.5 граммтай архи авсан. Д.З ах тэрнээс хоёр татсан. Бид нар гадаа юм яриад сууж байсан. Тэгээд Д.З ах гарч ирээд ор гэхээр нь орж ирээд тарваганы махны үлдэгдэл идээд сууж байсан. Талийгаач босож ирээд энэ тэр гэсэн. Тэгээд тарваганы махыг идэж байхад талийгаач Д.З ахыг үгээр идээд байсан. Д.З ах хэлэхдээ ахын дүү хүний нутагт ирчхээд ах нь чамд тодорхой хэмжээний өгнө гэсэн мөнгөө өгнө гэхэд пизда минь, чи лалраа гээд байсан. Бид нар тухайн үед тоогоогүй махаа идээд бөөнөөрөө инээлдээд сууж байсан. Тэгээд босож ирээд бие заслаа гээд босохдоо нэлээд согтуу хутган дээр нь дараад унасан. Тэрнээс хойш түргэн дуудахад нэг цаг орчим эмч олдохгүй, хажуу талын сургууль билүү нийтийн байр руу гүйж ороод жижүүрээс нь сувилагчийн дугаар аваад ярихад 40-д минутын дараа ирсэн. Ирээд тариа тариад, дахиж эм өгсөн. Эмч ирсэн байхад талийгаач өөрөө хэлж байсан. Миний ахын буруу байхгүй шүү, би хутган дээр нь дараад уначихлаа гэж хэлсэн. ... Д.З ах талийгаачийг хутгалсны дараа яадаг балай пизда вэ, хутга руу яваад ороод ирэх юм гэсэн. Бид нар түргэн дуудсан” гэв.

Гэрч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...энэ хоёрын хоорондын харилцаа маш сайн, барагтаа бол хэрэлдэж маргалдаад байдаггүй. Манай дүү жоохон ааштай. Гэхдээ манай ах дүүгээ тэр бүр загнаж аашлаад байдаггүй. Ажил төрөл хийгээд энд тэнд зөндөө явж байсан. Д.Згийн ааш зан даруухан...” гэв.

Гэрч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед өдөр талийгаач ах гагнуур хийж байсан. Гагнуур хийхээр нүд нь өвдөөд байдаг. Орой аавыг ганц шил архи аваад өгөөч нүд өвдөөд байна гэхээр нь би аавтай хамт явж дэлгүүрээс архи авч ирж өгсөн. Тэрийгээ хүргэн ах, аав гурав хувааж уучхаад дахиад архи аваад ир гэхээр нь Б.Нямб, Б.Нямг, манай дүү бид дөрөв яваад архи авч ирж өгсөн. Бид хэд гадаа юм яриад сууж байхад аав гарч ирээд орж ирж унт гэсэн. Орж ирээд сууж байсан. Хүргэн ах гадаа гарч толгой, хөлөө угаалаа гээд гарсан. Бид хэд ажлаа яриад сууж байсан. Манай 2 ах мах идэж сууж байсан. Аав ирэх замдаа замын хүнээс тарваганы мөндөл авсан тэрийг чанаад идээд сууж байсан. Талийгаач ах идэхгүй өглөө идье гэсэн. Бид хэд идээд сууж байхад талийгаач ах түрүүлээд идчихлээ гэсэн. Талийгаач ах өнөөдөр зөндөө ажил амжуулсан та яагаад оройтож ирэв гэсэн. Замдаа төөрөөд саатчихлаа гэсэн. Тэгээд ах ажлын холбогдолтой юм ярьж байгаад маргаашаас ажлаа хийгээрэй би маргааш ажиллахгүй нэг өдөр амарна гэсэн. Тэгээд аав хэдүүлээ бөөндөө ажиллаад мөнгөө хувааж авах учир нэг өдөр ингээд яах юм бэ бөөндөө ажиллая гэхэд тэгвэл би явна шүү гэсэн. Тэгээд аав мах идэж сууж байгаад ахын дүү хэдхэн боолт боочиход яасан сүртэй юм гэсэн. Тэгээд талийгаач ах надад ажлын зураг өгөөд ажлын зургаа ав та хоёр маргааш өөрсдөө ажлаа хийгээрэй гэсэн. Ажлын зургийг шидээд босож ирсэн. Аймаар согтсон сүүлд авч ирсэн архийг бараг ганцаараа уусан. Тэгээд босоод барилгын зургийг шидэхдээ урд байсан төмпинтэй маханд тээглээд аав руу налаад унасан. Аав мах идэж байсан гараараа хаасан. Босож ирээд гэнэт цээжнээс нь цус гараад өнгөрсөн. Аав талийгаач хоёрын хооронд маргаан болоогүй. Аав үүдээр ороод баруун талд зүүн тал руу хараад сууж байсан. Талийгаач аавын дээд талд хэвтэж байгаад босож ирээд суусан. Унинд байсан барилгын зургийг авч өгөөд хажууд сууж байгаад шидэхтэйгээ зэрэгцээд босоод ирсэн...” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож байна. Архи гэдэг зүйлийг битгий хэрэглээч. Хор гэр бүлийн найман хүүхэд нэг нь аавгүй, нөгөө нь аавтай байж аавгүй юм шиг амьдрахаар нөхцөл байдал үүссэн байна. Хохирогчтой ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй байсан. Ах дүү нартаа дэмтэй явж байсан хүн байна. Хохирогчийн ар гэрийнхэн гомдолгүй гэж байгаа учир та бүхэн шийдвэр гаргахдаа дээрх зүйлийг харгалзан үзээрэй. Ямар нэгэн байдлаар өс хонзон байхгүй байсан учир санамсаргүйгээр гэж үзэж байна гэв.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.З нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шөнийн 01-02 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны төвд сургуулийн баруун талд байсан монгол гэрт амь хохирогч Д.Лтай маргалдаж түүний цээжний зүүн дээд талд 1 удаа хутгалж амь насыг хохироосон болох нь:

      1. Гэрч Б.Нямг-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим талийгаач “...гагнуур хийсэн нүд өвдөөд байна ганц шил юм аваад өг...” гэж хэлсэн... Талийгаач Д.З ахыг шаналгасаар байгаад архинд явуулсан... Бид нар махаа идэж байхдаа “...талийгаачийг махаа идээч...” гэхэд “...би идэхгүй та нар ид...” гэж хэлсэн. Тэгээд юу болсон юм ажил яриад өгсөн. Тэгэхэд Д.З ах “...хэдэн боолт боочхоод юун сүртэй юм бэ, мөнгөө адилхан хуваагаад авна шүү дээ...” гэж хэлсэн... “...Чи энэ зургаа хар пизда минь...” гэж Д.З ахад хэлээд “...чиний хүүхэд шиг өндөр сурлага байхгүй гэхдээ хүүхдээс чинь дутахааргүй барилгыг мэднэ...” гэж хэлээд талийгаач Д.Л мөлхөж Мягмарсүрэнгийн хажууд очоод “...аавынхаа авсан ажлыг хар даа танай аав өөрөө хийхгүй алга болчихсон...” гэхэд Мягмарсүрэн “...би мэдэж байна агаа томчуудын асуудалд орохгүй...” гэж хэлсэн. Талийгаач Д.Л барилгын зургийг харж суугаад “...алдаатай барилга...” гэж хэлээд Д.З ах руу дөхөж суугаад хэлэхэд Д.З ах “...маргааш хэдүүлээ янзалчихна ш дээ...” гэж хэлэхэд талийгаач Д.Л ах сууж байгаад зургаараа Д.З ахын гуя руу нэг удаа цохичхоод “...би маргааш өглөө явлаа. Энэ новшийн ажилтайгаа зууралдаад үлд...” гэхэд Д.З ах “...гэрээ хийхэд хоёулаа хийсэн балай юм яриад бай...” гэсэн. Д.З ахын хажууд Д.Л ах сууж байгаад барилгын зургаар нүүр рүү нь цохиход Д.З ах гартаа байсан хутгаар Д.З ахын цээжин хэсэгт хүрчихсэн. Тэгээд Д.З ахын гарт байсан хутга цус болчихсон байсан. Д.Л ахын цээжнээс цус гарчихсан босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 57, 80, 83 дугаар талууд/

 

       2. Гэрч Б.Нямб-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаачийг “...мах идээч...” гэхэд “...үгүй би идэхгүй...” гэж уурлаж хэвтээд Д.З ах руу үг хаяад “...би маргааш явлаа чи энэ ажлаа өөрөө аваарай пизда минь...” гэж хэлэхэд Д.З ах “...хэн хэн нь амьдрах гэж л зүтгэж байгаа адилхан хэдүүлээ хэдэн боолт боож байгаа...” гэж хэлсэн... Талийгаач Д.Лгийн зүүн хөлний доохон талд байсан ширээн дээрээс барилгын зургийг өөрөө аваад нэг харахад Мягмарсүрэнгийн хажууд суугаад “...надаас илүү мэдлэг боловсролтойгоороо энэ зургийг уншаад ажлаа хийчих би сураагүй ч гэсэн барилгыг мэднэ...” гэж хэлж байсан. Би тэр хооронд мах идэж байхад Д.З ах руу дөхөж ойртож барилгын зургаа барьж суугаад “...маргааш өөрөө барилгаа хий, би явлаа...” гэсэн юм яриад байсан. Д.З ах “...хэдэн боолт боочхоод яасан сүртэй юм бэ...” гэхэд Д.Л ах “...хэдэн боолт оо...” гэж уурлаж байсан. Тэгээд Д.Л ах Д.З ах руу барилгын зургаараа толгой руу нь цохиход Д.З зөрүүлээд хутгатай гараараа Д.Л ахын цээжний хэсэгт хүрсэн. Д.Л ах унаад ирсэн. Босож ирэхэд Д.Л ахын цээжнээс цус гарсан. Д.З ахын гарт байсан хутга цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 64, 85 дугаар талууд/

      3. Гэрч Р.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 сарын 06-ны өдрийн 01 цаг 49 минутад Болормаа залгаад дуудлагад очсон. Тухайн үед хэрэг учрал болсон гэх газарт гэрийн хойд хэсэгт юм түшүүлээд хэвтүүлчихсэн байсан. Тухайн хүнийг үзэхэд биеийн байдал маш хүнд шокын байдалтай, асуусан асуултад ойлгомжгүй авиа гаргаад байсан. Юу өвдөж байгаа талаар асуухад зүрх гэж хэлсэн. Тэгээд 02 цаг 10 минутад тухайн хүн өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 53 дугаар тал/

 

       4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаартай “...Талийгаач Д.Лгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн дээд талд 2, 3 дугаар хавирганы завсраар дээрээс доош чиглэлтэй үнхэлцэг хальсыг гэмтээж зүрхний баруун тосгуур руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хутгалсан гэх хутганы ажлын хэсэг нь талийгаачийн цогцсонд үүссэн шархны хэмжээтэй ижил хэмжээтэй байна. Д.Л нь цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс зүрхийг гэмтээсэн шархны улмаас үнхэлцэгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаач Д.Лгийн цогцосноос авсан цусанд 2.8 промилли спиртийн зүйл илэрлээ. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 124-126 дугаар талууд/

 

      5. Шинжээч эмч Д.Даваахүүгийн “...талийгаач Д.Лгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн дээд талд 2, 3 дугаар хавирганы завсраар дээрээс доош чиглэлтэй үнхэлцэг хальсыг гэмтээсэн нь зүрхний баруун тосгуур руу нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдсон. Энэ нь хүний биеийн бүтцийн хувьд баруун тосгуур хэсэг нь 3, 4 дүгээр хавирганы орчим байрладаг. Орсон шарх нь 2, 3 дугаар хавирганы завсраар орсон нь дээрээс доош чиглэлтэй гэдгийг нотолж байна. Уг шарх нь 2.2 см гүн нэвтэрсэн байна. Гэхдээ зүрхний тосгуурыг нэвтэрсэн шарх хүртэлх хэмжээ юм. Тосгуур нь өөрөө анатомын бүтцийн хувьд хөндий учир цааш хир явсныг тогтоох боломжгүй. ...тухайн шарх авсан үедээ ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 110 дугаар талд/

 

      6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтасны 2-7 дугаар талууд/

      7. Цогцост хийсэн “...цээжний зүүн талд 4-р хавирганы орчим 2.3смх0.7см хэмжээтэй хөндлөн зах ирмэг тэгш нэг талын үзүүр хурц нөгөө талын үзүүр мохоо шархтай уг шарх руу зоонт хийхэд 1.5см нэвтэрсэн байна...” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтасны 11-18 дугаар талууд/

      8. Шүүгдэгч Д.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд намайг зургаар цохихоор нь цочихдоо мах идэж байсан хутгаар ингэхэд нэг харсан цээжинд хутга орсон байсан. Миний урд Б.Нямгтэй юм яриад тарваганы мах идээд сууж байсан. Зургаар цохихоор нь цочоод цээж рүү нь хутга орсон байсан. Тэгээд түргэн дуудсан. Хоромхон зуур юм болсон. Санаандгүй мах идэж сууж байгаад нэг гэж хэлэхийн хоорондгүй тийм юм болсон. Д.Лгийн амь насыг Дамдиндорж овогтой Д.З би хохироосон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө боломжоор ар гэрт нь тусламж өгсөн. Бага насны 3 хүүхдийн сургууль соёлын асуудлыг бүгдийг нь даана. Эхнэр нь надтай хамт тогооч хийж явдаг. ...Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Төрсөн дүүгээ ийм болгочхоод хоол ч орохгүй, нойр ч хүрэхгүй. Нойр хүрэхгүй цагдан хорихын эмч нар эм өгч унтуулсан. Яах ч учраа олохгүй байна. Олон хүний амьдралыг сүйрүүлж байна. Том хүүгээ япон хэлний сургалтад явуулна гээд инээгээд явж байсан хүн ганцхан секундийн хооронд ийм зүйл болж байна. Миний дүү миний өмнөөс миний ажлыг хийдэг. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

     9. Хохирогч О.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сар өдрийг санахгүй байна. Өглөө 6 цаг өнгөрөөгөөд ажилдаа явлаа гэсэн. Над руу өдөр бүр ярьж байсан. Хэд хоногийн дараа яриад Д.З ах ирсэн тарваганы мах идэх гэж байна гэсэн. Хоёр бага хүүхэдтэйгээ нэлээд ярьсан. Тэгээд утас нь тасарсан. Маргааш өглөө 4 цаг өнгөрч байхад хадам эгч Чимгээ манайд ороод ир эгч нь юм хэлэх гэсэн юм гээд манай хадмын талын эхнэр, нөхөр хоёр ирсэн байсан. Д.Л өнгөрсөн байна эгч нь мэдэхгүй байна гэж хэлсэн. ...Д.З ах 1 сая төгрөг өгсөн. Эндээс 10 сар гаргаад очсон. 30 шуудай нүүрс, хоол хүнс авч өгсөн. Дахиж тусалж дэмжинэ гэж хэлсэн. Санамсар болгоомжгүй байдлаас ийм юм болсон гэж бодсон. ...Одоо тэгээд босоод ирэхгүйгээс хойш нэгийн аваад үлдье гэсэн бодолтой байна. Энэ хүнийг харж үзээд хамгийн бага ялыг өгөөд шийдэж өгнө үү. Өөр хүнийг амьдралыг үрмээргүй байна. Дахиж 4 хүүхдийг өнчрүүлмээргүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 

      10. Хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай талийгаач нөхөр Д.Л барилгын ажлыг ах Д.Зтайгаа хамтарч хийдэг. ...2022 оны 09 сарын 05-аас 06-нд шилжих шөнө 04 цагийн орчим манай нөхрийн эгч Саранчимэг манай гэрт орж ирээд гэртээ оруулаад танай нөхөр Д.Л нас барсан байна гэж хэлсэн. Яагаад нас барсан талаар асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Говь-Алтай аймагт 2022 оны 09 сарын 08-ны өдөр ирэхэд Б.Нямг, Б.Нямб, Гэрэлээ нар Д.З нь санаандгүй тохиолдлоор Д.Лг хутгалж амь насыг нь хохироосон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 47-48 дугаар талууд/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

     Шүүгдэгч Д.Згийн амь хохирогчийн цээжин тус газар хутгалсан санаатай үйлдлээс шалтгаалан амь хохирогч Д.Л нас барсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Тодруулбал “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэгдсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барснаар төгсдөг бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүх гэм буруугийн дүгнэлт гаргадаг. Бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдсээр байж хутгыг хэрэглэн хүний амь насанд халдсан, шүүгдэгч, хохирогч нар нь согтуурсан үедээ ажлаас үүдэлтэй маргаан хийсэн зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх үзэн шүүгдэгчийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн: “...энэ хүмүүсийн хооронд маргаан үүсээгүй байгаа. Мах идээд бүгд тойроод сууж байсан. Энэ хүн мах идэж байсан. Амь хохирогч зураг шидсэн, цочихдоо гар өргөхөд ийм зүйл болсон гэдэг нь бүхий л гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна... Иймээс шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан байх тул цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзлаа.

 

1. Гэм буруу бол гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас бий болох хор уршигт хандах сэтгэхүйн харилцаа бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь оюун санааны хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулыг ухамсарласан, учирч болох хор уршгийг урьдчилан мэдсэн боловч уг хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг. Харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдаг. Дээрх гэм буруугийн хоёр хэлбэр хоёулаа үгүйсгэгдсэн буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй, учирч болох хохирол, хор уршгийг мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж үзнэ. Гэтэл шүүгдэгч, амь хохирогч нар нь хийх ажлаасаа үүдэлтэйгээр маргалдсан, уг маргаанаасаа болж амь хохирогчийг хутгалсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд болон “...дээрээс доош чиглэлтэй хутгалагдсан...” талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг баримтуудаар гэм буруугүйгээр хохирол учруулсан нөхцөл байдал болон болгоомжгүй хэлбэр үгүйсгэгдэж байна.

 2. Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч, шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг дүгнэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг тогтоогдог. Энэ гэмт хэргийн шүүгдэгч, гэрчүүд, амь хохирогч нар нь ойрын төрөл садангийн хүмүүс тул тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд зарим талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, болсон үйл явдлыг зөөлрүүлэх хандлагаар өгөгдсөн тул үүгээр нь хэргийн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл амь хохирогч Д.Л нь босоогоос согтуу байснаасаа шалтгаалан шүүгдэгчийн барьж байсан хутга руу унаж нас барсан гэх үйл баримтыг хөдөлшгүйгээр тогтоох, түүнчлэн шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биеэ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж, үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 1-р хавтасны 205-206 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/970 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1 хавтасны 203-204дугаар тал/, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогч О.Мын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй харин хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байлалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүнийг алах гэмт хэргээс өөр бүлэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй гэж шүүх үзлээ.

Хохирлыг нөхөн төлсөн, хохирол нэхэмжлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хүний амь нас хохирсон, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заажээ.

Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардахаас гадна мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзсэний үндсэн дээр хэрэглэхээр зохицуулжээ. Иймээс шүүх уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд 8 жил 2 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.З нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ЦХШЗ/14 дугаартай захирамжаар цагдан хоригдож, 2022 оны 10 дугаар 07-ны өдрийн 2022/ЦХШЗ/16 дугаартай захирамжаар суллагдаж, мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШТ/02 дугаартай тогтоолоор тус шүүх хуралдаан хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литртэй ерөөл, 0,75 литртэй хараа нэртэй архины шил тус бүр 1 ширхэг, 24,3 см урттай хутга 1 ширхгийг тус тус устгаж, барилгын зураг, үзлэгийн бичлэг бүхий ди ви ди /DVD/-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зг 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Зд оногдуулсан 8 жил 2 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Згийн цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литртэй ерөөл, 0,75 литртэй хараа нэртэй архины шил тус бүр 1 ширхэг, 24,3 см урттай хутга 1 ширхгийг тус тус устгаж, барилгын зураг, үзлэгийн бичлэг бүхий ди ви ди /DVD/ 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Зд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                        Г.МӨНХТУЛГА

                                                                                                                  А.ЭНХБААТАР