Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Давааням,

шүүгдэгч Ю.Отгонжаргал түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Оросууд овогт Юрагийн Отгонжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905043260011 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, Этигал ХХК-д борлуулалт хариуцсан ахлах менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Тамирчин 3 дугаар гудамж 15б тоотод оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Улиастай 10 дугаар гудамж 86 тоотод оршин суух, Оросууд овогт Юрагийн Отгонжаргал. /РД:ТИ87072213/

 

Шүүгдэгч Ю.Отгонжаргал нь Баянгол дүүрэг 8 дугаар хороны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вивека викториа ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу борлуулалтын орлогоос 55,060,960 төгрөгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Отгонжаргал мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргалын “... Ю.Отгонжаргал нь манай Вивека викториа ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны хооронд худалдааны төлөөлөгч албан тушаал дээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд манай компанид 65,076,924 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан. Манай компанийн мөнгө завшсан үйлдлийг нь ажиллаж байх үед нь мэдээд ажлаас халах тушаал гаргасан. Тухайн үед дээр байгууллагуудыг хамтран ажилласан гэж оруулсан байсан боловч шинжээчийн дүгнэлтээр эдгээр байгууллагууд нь хасагдсан. Ю.Отгонжаргалын төлөх ёстой дүнд хамаарахгүй байгууллагууд байгаа. Дээрх байгууллагууд нь Ю.Отгонжаргалтай ямар нэгэн хамаарал байхгүй. Манай байгууллагад тухайн үед аудитын дүгнэлт хийгдэж байгаагүй. Захирлын шийдвэрээр ашиг алдагдлын судалгаа гаргасан. Түүнээс биш компаний ажилтнуудтай холбоотой тайлан тооцоо гаргасан асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/

“... Ю.Отгонжаргал нь манай захирал Б.Мөнхдоржийн данс руу 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 2,500,000 төгрөг төлсөн. Одоо 52,560,960 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/

 

Дабль аксиом аудит ХХК-ны “... Нийт борлуулалтын орлогоос 55,064,140 төгрөгийн орлогыг компанийн дансанд тушаасан нь баримтаар нотлогдохгүй байна.

... 135 байгууллагын авлага 53,261,276 төгрөгөөр нотлогдож аудиторын хяналтаар 11 байгууллагад хамаарах 1,802,864 төгрөгийн авлага, өглөгийн тооцоо нэмэгдсэнээр нийт 55,064,140 төгрөгийг борлуулагчаар ажиллаж байсан Ю.Отгонжаргал нь хувьдаа завшсан байх магадлалтай гэж үзэж байна. ...” гэсэн аудитын тайлан. / 1 дэх хавтаст хэргийн 54-91 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №53 дугаартай:

“1. Дабль аксиом аудит ХХК-ны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн аудитын дүгнэлт үндэслэлтэй байна.

... Шинжилгээгээр борлуулсан барааны төлөгдөөгүй үлдэгдэл 2018 онд 35,871,844 төгрөг, 2019 онд 43,506,413 төгрөг нийт 79,378,257 төгрөг байгаа бөгөөд үүнээс 24,317,297 төгрөгийн төлбөрийг харилцагч нартай тооцоо нийлж авлагаар баталгаажуулсан байна. Үлдэх 55,060,960 төгрөгийг Ю.Отгонжаргал хариуцан төлөхөөр байна. ...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 96-123 дахь тал/

 

Вивека викториа ХХК болон Ю.Отгонжаргал нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ. /1 дэх хавтаст хэргийн 159-162 дахь тал/

 

Шинжээч Д.Мөнхцэцэгийн “... Ю.Отгонжаргал нь борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 405,427,364.04 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч борлуулсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдож байгаа.

... 55,060,960 төгрөг төлөгдөөгүй үлдэж байгаа. Үүнийг Ю.Отгонжаргал хариуцан төлөхөөр байна гэж дүгнэлтэдээ тусгасан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 84-86 дахь тал/

 

Вивека викториа ХХК-ны Захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/29 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/01 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалуудын хуулбар. / 2 дахь хавтаст хэргийн 91-93 дахь тал/

 

Ю.Отгонжаргалын яллагдагчаар өгсөн “... Би ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөрөнгө завшсан гэм буруугаа ойлгож байгаа тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ю.Отгонжаргал нь Баянгол дүүрэг 8 дугаар хороны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вивека викториа ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдож, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллажээ.

Энэ хугацаанд шүүгдэгч Ю.Отгонжаргал нь Вивека викториа ХХК болон тэдгээрийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын байдлын үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан орлогыг буюу 55,060,960 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас Вивека викториа ХХК-д их хэмжээний хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ю.Отгонжаргал нь Вивека викториа ХХК-д борлуулагчаар ажиллах хугацаандаа компаний бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогыг хууль ёсоор хариуцаж байхдаа тус компаниас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн өөртөө авч завшсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ю.Отгонжаргалын дээрх үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Вивека викториа ХХК-д 55,060,960 төгрөгийн хохирол учирсан болох нь Дабль аксиом аудит ХХК-ны аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №53 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ю.Отгонжаргал нь Вивека викториа ХХК-д 2,500,000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргалын мэдүүлгээр тогтоогдож байх тул уг үнийн дүнг хасаж, шүүгдэгчээс 52,560,960 төгрөгийг гаргуулж Вивека викториа ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ю.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Давааням, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Ю.Отгонжаргалын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хасаж тооцов.

Энэ хэрэгт санхүүгийн дүгнэлт гаргасан шинжээч болох Дабль аксиом аудит ХХК-ниас нийт 1,120,000 төгрөгийн зардал гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулж тус компанид олгуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оросууд овогт Юрагийн Отгонжаргалыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ю.Отгонжаргалын энэ хэрэгт цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 405,000 төгрөгийг хасаж, торгох ялыг 11,595,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.Отгонжаргалыг торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Отгонжаргал торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ю.Отгонжаргалаас 52,560,960 төгрөг гаргуулж Вивека викториа ХХК-д олгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Ю.Отгонжаргалаас 1,120,000 төгрөг гаргуулж Дабль аксиом аудит ХХК-д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Отгонжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ