Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2019/00493/И |
Дугаар | 183/ШШ2019/01070 |
Огноо | 2019-05-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2019/01070
Дугаар 183/ШШ2019/01070 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч : Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, ... тоотод байрлах Ч ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... Ж ХХК д холбогдох,
Гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 66 342 642 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Ч ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016/ЗТЗХА/ дугаар ажил гүйцэтгэх гэрээг Ж ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу *******,******* тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг ЦНТ ХХК-д гүйцэтгэсэн 40/15 щифр бүхий ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцож, захиалагч тал нь нийт 146 142 141 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ж ХХК-ийн зүгээс урьдчилгаа 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1-т “Барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг захиалагч тал хэрэгжүүлээгүй хирнээ гэрээг цуцалсан болно.
Ж ХХК-тай байгуулсан ажлыг хугацаандаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 100 хувь шугамаа захиалан авсан. Гэтэл Ж ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг хугацаандаа эхлүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй бөгөөд манай компани Т ХХК-д төлбөрөө төлж чадаагүй учир шүүхийн шийдвэрээр алданги 21 861 860 төгрөгийг манай компани төлөхөөр шийдвэр гарсан. Уг алдангийг Ж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани 21 861 860 төгрөгөөр хохирч байна.
Мөн Ж ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материалуудыг татсан бөгөөд одоогийн байдлаар 23 606 600 төгрөгийн үнэ бүхий бараа материалууд байна. Дээрх бараа материалуудыг зөвхөн Ж ХХК-тай хамтарч ажиллах гэрээнд тавьсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн тул цаашид өөр зориулалтаар ашиглах боломжгүй болно. Иймд хохиролд төлсөн 21 861 860 төгрөг, үлдэгдэл бараа материалын үнэ 23 606 600 төгрөг, нийт 45 468 460 төгрөгийг Ж ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Ч ХХК-иар *******, Махатма гандигийн гудамж-33 тоот хаягтай “Романа ресиденс” барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш бид ажлыг эхлүүлэхийн тулд Т ХХК-иас зөвшөөрөл авахаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа хандсан тухай гүйцэтгэгч тал болох Ч ХХК мэдэж байсан бөгөөд талуудын төлөөлөл уулзалдаж, газар эзэмшигчээс зөвшөөрөл авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр протокол үйлдсэн байдаг тул Ж ХХК-ийг дангаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Гүйцэтгэгч Ч ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж манай компаниас 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компанийн зүгээс Ч ХХК-ийн Хас банкин дахь ******* тоот төгрөгийн харилцах дансанд 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. Ч ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас дээрх үнийн дүн бүхий төлбөрийг авсныхаа дараа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Т ХХК-тай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 21 861 860 төгрөгийг огт хамааралгүй манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 6 дугаар сард М ХХКнь энэхүү шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар хийхээр болсон тул бид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр Ч ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/305 тоот албан бичгээр “Худалдан авалт хийсэн агуулахдаа байгаа бараа материалын үзүүлэлт, үнийн саналыг манайд ирүүлж, тооцоо нийлэх” саналыг Ч ХХК-д хүргүүлсэн боловч тухайн үед манайд ирүүлсэн бараа материалууд нь манай хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдахааргүй материал байсан тул бид хүлээн зөвшөөрөхгүй.
Харин манай компани тус шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэхээр болсон******* ХХК-д тухайн ажлыг гүйцэтгэхдээ Ч ХХК-иас бэлэн байгаа материалыг авахыг санал болгосны дагуу тус компани нь худалдан авалт хийсэн байдаг. Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 45 468 460 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :
Манай компани Ч ХХК-иар *******, Махатма гандигийн гудамж-33 тоот хаягтай “Романа ресиденс” барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч Ч ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж гэрээний урьдчилгаа төлбөрт 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компанийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ч ХХК-ийн Хас банкин дахь ******* тоот төгрөгийн харилцах дансанд 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэрээт ажлыг гүйцэтгэх байршилд “Х”, “М” ХХК, “Т” ХХК зэрэг хэд хэдэн газар эзэмшигчид барилга барьж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газар эзэмшигчдээс “М” ХХК нь өөрийн зардлаар гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр болж, ажлаа эхлүүлснээр бид Ч ХХК-иар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн.
Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл дээр дурдсан зөвхөн Ж ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн гэх шугам хоолойг М ХХК нь манай компанийн санал болгосноор Ч ХХК-иас худалдан авч, шугам хоолой өргөтгөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд манай компани шилжүүлэн авсан урьдчилгаа төлбөрөө буцаан шилжүүлэхийг гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш Ч ХХК-иас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй биднийг хохироож байна. Иймд Ч ХХК-иас 66 342 642 төгрөгийг гаргуулан, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Ж ХХК-нд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ч ХХК нь шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2016.02.29-ний өдөр №0229-1/2016 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч компанитай байгуулсан, гэрээний нийт үнэ 146 142 141 төгрөг, гэрээнд заасан ажлаа хугацаандаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан тул Т ХХК-иас зээлээр нийт 65 076 000 төгрөгийн үнэ бүхий шугамыг захиалан худалдан авсан, ажлыг эхлүүлэх бололцоогоор хариуцагч компани хангаагүйгээс гэрээний үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй, үүний улмаас Т ХХК-нд алдангид 21 861 860 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан, бидний гэрээгээр хийх ажлыг М ХХКгүйцэтгэх болж, Ж ХХК уг компанитай холбон өгч нийт 41 694 400 төгрөгийн шугмыг манайхаас М ХХКхудалдан авсан, үлдэгдэл 23 606 600 төгрөгийн бараа нэхэмжлэгчид үлдсэн. Иймд алданги, барааны үлдэгдэл төлбөр нийт 45 468 460 төгрөг нэхэмжилж байна.” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ж ХХК нь тухайн ажил гүйцэтгэх байршилд*******, Т ХХК, М ХХКзэрэг хэд хэдэн газар эзэмшигчид барилга барьж, үйл ажиллагаа явуулдаг ба Т ХХК-иас газрын зөвшөөрөл авах байсан, зөвшөөрөл өгөхгүйн улмаас ажил эхлүүлэх зөвшөөрлийг манайх гаргах боломжгүй тул гэрээнд заасан хугацаанд ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд 2016.02.29-ний өдөр №0229-1/2016 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх гэрээт ажлыг М ХХКөөрийн зардлаар хийхээр болсонг 2018 оны 6 сард мэдсэн, 2016.10.13-ны өдөр Т ХХК-иас нэхэмжлэгч зээлээр бараа худалдан авсан гэрээ уг маргаанд огт хамааралгүй, нэхэмжлэгч компанид 2016.02.29-ний өдөр байгуулсан №0229-1/2016 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах саналыг 2018.06.28-ны өдөр хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч Ч ХХК Хан-Уул дүүргийн 15 хороо, Махатма Гандийн гудамж-33 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг 2016 оны 04 дүгээр сард хөрсний гэсэлтийн байдлаас үүдэн талууд харилцан тохиролцсон хугацаанаас эхлэн хуанлийн 30 хоногт, ажлын нийт төлбөр 146 142 141 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний урьчилгаа төлбөрт 66 342 642 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х-ийн 6-8 дугаар тал/
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай ... ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх”, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д “... ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх”, мөн хуулийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хан-Уул дүүргийн 15 хороо, Махатма Гандийн гудамж-33 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг талуудын хооронд байгуулсан №0229-1/2016 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сард хөрсний гэсэлтийн байдлаас үүдэн талууд харилцан тохиролцсон хугацаанаас эхлэн хуанлийн 30 хоногт гүйцэтгэхээр, мөн гэрээний 4.1.1-д “Барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл хариуцагч Ж ХХК нь ажил гүйцэтгэх барилга угсралтын талбай, ажлын байрыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлаа урьдчилан тооцоололгүй нэхэмжлэгч компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Захиалагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүсчээ. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид үүрэг хүлээлгэсний улмаас нэхэмжлэгч ажлаа эхлүүлэх бэлтгэл ханган бараа худалдан авсанг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч ХХК 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээг Т ХХК-тай байгуулан гэрээний дагуу нийт 65 076 000 төгрөгийн бараа худалдан авч, 23 606 600 төгрөгийн барааны үлдэгдэлтэй байгаа болох нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 05/2018 тоот албан бичиг, 2018.08.15-ний өдрийн 06/2018 тоот албан бичиг, хавсралтаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Т ХХК-иас авсан барааг бүгдийн М ХХК-нд худалдсан гэж маргаж байх боловч энэ талаар няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу татан нийлүүлсэн барааны үлдэгдэлтэй байгаа талаарх саналаа хүргүүлж байсан үйл баримтыг үгүйсгэж нотлоогүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ч ХХК 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээг Т ХХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу алданги төлсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1057 дугаар шийдвэр зэргээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн15-19, 25-29 хуудас/
Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд нийт 45 468 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016.02.29-ний өдөр байгуулсан №0229-1/2016 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 66 342 642 төгрөгийг авсан ба нэхэмжлэгчид 45 468 460 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул үлдэх 20 874 182 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчээс 20 874 182 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 468 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК-иас 45 468 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-иас 20 874 182 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 468 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489 663 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280 921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О