Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Э.***,

хохирогч ***э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 220500002567 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***ХХК-д хүргэлтийн ажилтан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэг 8 дугаар хороо *** дүгээр байр 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ын ***. /РД:***

 

Шүүгдэгч Э.*** нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Свэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “сандал түлхэж, тооцоогоо нэхлээ” гэсэн шалтгаанаар ***ийн нүүрэн тус газар нь ууж байсан пивоны шилээрээ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*** мэдүүлэхдээ: “Бааранд уух зүйл авахдаа эхлээд тооцоогоо хийдэг. Гэтэл энэ хүн тооцоогоо өгсөн байхад 2 удаа ирж нэхсэн тэгээд би дансныхаа хуулгыг харуулсан. Мэдээж жоохон согтолттой байсан. Би түлхэх гэсэн чинь амсар нь тэгээд таарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***э мэдүүлэхдээ: “Манай зөөгч тооцоогоо авах гээд очиход өгөхгүй байсан. Тэгээд би очоод та тооцоогоо хийгээч ээ гэсэн. Намайг түлхээд, би больчих юм уу гээд байсан. Та хажуу тийшээ болчих оо гэж хэлсэн. Сандалтай нь түлхээд хажуу тийшээ болгоход намайг пивоныхоо шилээр цохисон. Тэгээд миний үүдэн 2 шүд хугарсан. Хохирол төлбөрийн хувьд шүдээ хийлгэж байж төлбөрийн баримт өгнө гэсэн болохоор одоогоор мөнгөн дүн тодорхойгүй байна. Баруун шүд 2,500,000-3,500,000 төгрөг болсон. Нийт 5,000,000 төгрөг өгөөч гэсэн” гэв.

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Свэй бааранд зөөгчөөр ажилладаг юм. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 4 залуу орж ирээд сууцгаасан бөгөөд 8 ширхэг пиво захиалсан.

Ингээд манай нэг зөөгч тооцоог нь авах гээд очиход байж байгаад өгье гээд өгөхгүй байна гээд хүрээд ирсэн. Тэр залуучуудын нэг нь хүн зорчих хэсэгт сандал тавьчихсан сууж байхаар нь би очоод хажуу тийшээ болчих гэсэн чинь мөнгийг чинь өгөхөө больчих юм уу гэсэн. Тэгэхэд нь та наанаа сууж бай, би сандалтай чинь түлхээд байрлуулаад өгье гээд сандлыг нь түлхээд зэрэгцээ сандалны хажууд байрлуулсан чинь ширээн дээрээс пивоо авч нэг балгаад миний ам руу шууд пивоны амсраар цохисон. Тэгээд хамгаалагч нар ирээд цагдаад дуудлага өгсөн.

Би шүдээ янзлуулах мөнгөө нэхэмжлэх болно. Хэдэн төгрөг болохыг судалж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14810 дугаартай:

“1. ***ийн биед тархи доргилт, нэг шүдний булгарал, хоёр шүдний эмтрэл, гурван шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвыг 5%-иар тогтонги алдагдуулна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 9-10 дахь тал/

 

Э.***ын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед би шоудаж явж байгаад хорооллын Свэй бааранд орсон. Тооцоогоо хийчхээд пиво уугаад сууж байхад зөөгч залуу ирээд сууж байсан сандлыг түлхээд байхаар нь би цаашаа гээд цээж рүү нь түлхэх гэхэд гартаа барьсан пивоны шилээрээ ам руу цохичихсон. Ийм зүйл болсон.

... Би хохирлыг төлж барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Э.*** нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Свэй баараар үйлчлүүлжээ.

Улмаар уг бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тус бааранд зөөгчөөр ажиллаж байсан ***ийг “сандал түлхэж, тооцоогоо нэхлээ” гэсэн шалтгаанаар ***ийн нүүрэн тус газар нь ууж байсан пивоны шилээрээ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.*** нь ***ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14810 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***э нь ажилгүй байсан хугацааны цалин, биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарах зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.*** нь 1,850,000 төгрөгийг төлсөн бөгөөд бусад хохирол, хор уршиг нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Шүүх хохирогч ***ийн шүүх хуралдаанд гарган өгсөн Санко мичид ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №04 дугаартай тодорхойлолтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцох боломжгүй байна.

Учир нь хохирогч А.******* нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх зэрэг асуудалтай холбоотой гаргасан эмнэлгийн магадлагаа, нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг гаргаж өгөөгүй болно.

Гэхдээ тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч Э.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт сайн дураараа 1,850,000 төгрөг төлсөн, бусад хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал, шүүгдэгч Э.***ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд нэг шүдний булгарал, хоёр шүдний эмтрэл, гурван шүдний сулрал буюу олон шүдний гэмтэл учирсан тул шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.***ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.***ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.***ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ***э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ