Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/070

 

Х.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бын гаргасан давж заалдах гомдлоор Х.Бт холбогдох эрүүгийн 1914001380292 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х.Б, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Х.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид мужаанаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн албанаас зайлсхийж, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Быг цэргийн алба хаагч цэргийн анги, байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг ахлагч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Х.Быг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Бт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Баас дөрвөн зуун нэг мянга долоон зуун төгрөг гаргуулж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 2019 оны 9 дүгээр сарын 5-ны дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Х.Б миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа боловч эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Х.Б миний бие уг шийтгэх тогтоолоор нэг жилийн хорих ял авсан юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин хохирогч байгууллагаас анхан шатны шүүх хуралдаан дээр 401700 /дөрвөн зуун нэг мянга долоон зуун/ төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн юм. Би үүнийг шүүх хуралдааны дараа өөрийн сайн дураар нөхөн төлж барагдуулсан. Х.Б миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ойлгож байна. Мөн цэргийн анги байгууллагаа дур мэдэн орхиж явсан нь үнэн гэдэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Би цэргийн алба хааж байх хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сард Улаанбаатар хот Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын Монгол цэргийн музейн хашаанд офицер ахлагч нарын орон сууцны барилга барьж байгаад 3 давхараас доош унаж нуруу нугасандаа болон тархи мэдрэлдээ хүнд гэмтэл авч сар гаран эмнэлэгт хэвтэж цаашид цэргийн нэгдсэн эмнэлэг мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэх гэж Улаанбаатар хот орж явж байгаад сар гаруй ажилдаа очоогүй тул одоо ажлаас халсан байх гэж бодоод айгаад цэргийн анги байгууллагдаа очоогүй 8 сар гаруй болсон нь үнэн юм. Би өөрийн биеийн байдлаас болж ажлаа өөрчлөх, ажлаас гарах, шилжих гэж өргөдөл өгч байсан боловч ангийн удирдлага хүлээж аваагүй юм. Би ажилдаа очилгүй удсан учир халсан байх гэж бодоод хөнгөмсөгөөр хандсан нь миний буруу болсон байна гэж гүнээ харамсаж гэмшиж байна. Би цаашид өөртөө дүгнэлт хийж дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ ухамсарлан ойлгож мэдлээ. Одоо цагдан хорих байранд миний нуруу, нугас байнга өвдөж зовиурладаг болж байна. Миний дээрх байдлыг тал бүрээс дүгнэж надад оногдуулсан хорих ялыг өөрчилж тэнсэж өгөхийг шүүхээс хичээнгүйлэн гуйж байна. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт болон хохирол нөхөн төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр дамжуулж гаргаж өгөхийг зөвшөөрнө үү. Мөн намайг давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр хуульч, өмгөөлөгч *******ыг өөрөө сонгон авсан тул биечлэн оролцуулж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Би ийм үйлдэл хийсэндээ туйлын их харамсаж, цэргийн анги байгууллагаас уучлалт хүсэж байна гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

Өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, тэнсэх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Бын гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Х.Б нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид дэд ахлагч, мужаанаар ажиллаж байхдаа 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн анги байгууллага, алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж байгууллагад 401700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Б нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/159 тоот тушаалаар зэвсэгт хүчний 339 дүгээр ангид барилгачнаар болон ахлагчийн албанд дэд ахлагчаар томилогдсон байна. /хэргийн 111 дүгээр тал/

Дээрх үйл баримт нь хохирогч байгууллагын төлөөлөгч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Г.Бын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Б нь байгууллагад учруулсан хохиролд 401700 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шатанд төлж хохирол төлбөргүй болсон байх ба анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-д заасан төрөл хэмжээний хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөргүй зэрэг байдлыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг баримтлан шүүгдэгч Х.Бт оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Х.Бын гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Х.Быг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Х.Бт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Б нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй...” гэж,

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай...” гэснийг “... шүүгдэгч Х.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай...” гэж,

Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4,6 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, 1-9 гэж дугаарласныг 1-7 болгон тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээрсарын 24-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                              Б. БОЛОР-ЭРДЭНЭ