Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0174

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр                       Дугаар                               Улаанбаатар хот

                                                 128/ШШ2021/0174

                                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/308 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

“... Монгол Улсын иргэн Г.Б миний бие Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу суулт хийх талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан энэ талаарх мэдэгдлээ 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичгээр өгсөн.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3/308 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг ирүүлсэн байх бөгөөд үүнд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай тушаалын 14 дэх заалтын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг тус тус хангаагүй байх тул бүртгэн авахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж бүртгэж авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Миний бие 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичгээр өгсөн мэдэгдэлдээ Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу суулт хийх зорилго нь Цагдаа, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэж, шударга ёсыг баримталж ажиллахыг шаардах, тэдний ёс зүйн зөрчил гаргасан асуудалд хариуцлага хүлээлгэхийг шаардах.

Суултын эхлэх, дуусах хугацаа 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 07:00 цагаас зохих байгууллага миний шаардлагыг хүлээн авах хүртэл.

Оролцогчийн тоо нэг, хэрэглэх техник, хэрэгсэл цагаан хоолой, дуус өсгөгч, майхан, ширээ болон сандал, самбар.

Суулт хийх гудамж, талбай нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хэлмэгдэгсдийн хөшөөний урд гэж хуульд заасан шаардлагын дагуу тодорхой бичиж хүргүүлсэн байхад дээрх үндэслэлгүй хариуг ирүүлсэн шийдвэр нь өөрөө иргэн надад Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хуулийн хүрээнд эдлэхэд хууль бус хязгаарлалт болж байна.

Мөн уг хариуд “Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай тушаалын 14 дэх заалтын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг хангаагүй” гэсэн байх боловч “Ямар тусгай, нөхцөл шаардлагыг хэрхэн хангаагүй гэж үзэж байгаа талаараа огт дурдан тайлбарлаагүй” байгаа нь иргэн миний мэдэгдэлд үндэслэл бүхий хариу өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бөгөөд ийм үндэслэлгүй, ойлгомжгүй хариуг өгч байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Учир нь аливаа төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэний хүсэлт, гомдол, шаардлага, мэдэгдлийг хүлээн аваад “Тодорхой, ойлгомжтой, үндэслэл бүхий хариуг өгөх ёстой” бөгөөд түүнийг иргэн хүлээн авч ямар арга хэмжээг авах уу зэрэг байдлаар өөрийн хүрээнд засаж залруулах боломжтой болох юм.

Гэтэл дээрх байдлаар ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй хариуг ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул түүний шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд хариуцагчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/308 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

... Хууль хэрэглээний хувьд ямар нөхцөл байдал үүссэн нь тодорхой боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т хууль дээдлэх зарчмыг заасан. Жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байгаа бол Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиа баримтална. Хавтаст хэрэгт авагдсан Г.Бийн мэдэгдэлд тодорхой заасан. Хариуцагчаас татгалзаж байгаа үндэслэлээ 9.2-г гэж заасан. Хугацаа заасан байхад хугацаа заагаагүй байна. Хэзээ эхлэх, хэзээ дуусахыг тодорхой заах ёстой гэж мэтгэлцэж байгаа. Хугацаатай холбоотой татгалзах үндэслэлийг заасан бол хуульд ийм зохицуулалт байхгүй. 9.2-т заасан тусгах ёстой зүйлийг тусгаагүй бол Засаг дарга мэдэгдлийг хүлээж аваад татгалзах үндэслэл болно гэж 10-р зүйлд заагаагүй байна. 9.2-т заасан заалтыг 10 дугаар зүйлд хүчээр аваачаад байгаа нь ойлгомжгүй. Хуульд маш тодорхой заасан байхад хуульд заагаагүй зүйлийг гаргаж ирээд баримтлаад байгаа нь хууль бус. Иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн асуудал гаргаж болохгүй. Мэдэгдэлд хавсаргах ёстой байсан гэсэн зүйл хариу тайлбарт л гарсан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд огт байхгүй. Эрхийг хязгаарлалаа гэхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу л хязгаарлана. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан үндэслэл бий болсон бол хүний эрхийг хязгаарлаж болно.” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт /Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглаа, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана/ гэж заасан байх бөгөөд иргэний мэдэгдэлд жагсаал, цуглаан дуусах хугацааг зохих байгууллага миний шаардлагыг хүлээн авах хүртэл” гэж дурдсан нь тодорхой хугацаа биш тул үндэслэлгүй гэж үзсэн.

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын 14 дэх заалт /Жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага:

Жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход энэхүү журам болон дараах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөнө.

1.Эрүүл мэндийн байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тухайн шатны Онцгой комиссын дүгнэлт гаргуулсан байх,

2.Хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих,

3.Оролцогчдыг “ПГУ” /PCR буюу полимеризийн гинжин урвал/шинжилгээнд хамруулах, хариу гарсан байх/,

4.Амны хаалт зүүх, бээлий өмсөх, гар халдваргүйжүүлэх,

5.Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг 1 цаг тутам солих,

6.Жагсаал цуглаанд ашиглах, техник, эд зүйлсийг халдваргүйжүүлэх.

 гэж заасан байх ба нэхэмжлэгч мэдэгдэлдээ тухайн шатны Онцгой комиссын дүгнэлт, жагсаал, цуглаанд оролцох иргэдийн шинжилгээнд хамруулсан, хариу гарсан тухай баримт ирүүлээгүй мөн жагсаал цуглаанд ашиглах эд зүйлсийг халдваргүйжүүлэх талаар дурдаагүй тул мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан болно.

... Эхлээд мэдэгдлээ хүргүүлэхдээ нөхцөлүүдийг заасан. Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бол дэглэмээ барина. Бүртгэсний дараа шаардлагуудаа хангана гээд байгаа нь 14 дүгээр заалт дээр Эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслээд тухайн шатны онцгой байдлын комисс дүгнэлт гаргана. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.1-т Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана гэсэн байгаа энэ огт ирээгүй. Үндсэн хуулийн 19.2-т заасан Шашин шүтэх, амьд явах эрхийг хязгаарлаж болохгүй. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, бүгд хууль журамтай. Манай татгалзсан үндэслэл хууль тогтоомжид нийцсэн...

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/308 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Г.Б Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021  оны 3 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг дарга жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзсан тухайгаа Засаг даргын тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/308 дугаар албан бичгээр мэдэгджээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан газар, 8 дугаар зүйлийн 1-д зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглосон зохицуулалтыг тус тус зөрчөөгүй тохиолдолд жагсаал, цуглааныг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.”,

10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:

1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол;

2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол;

3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол.” гэж тус тус зохицуулсан байна.

Хариуцагчаас Г.Бийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021  оны 3 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгүүлэх хүсэлтэд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн жагсаал, цуглааны дуусах хугацааг тодорхой заагаагүй, мөн Улсын онцгой комиссын даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаалын 14-т заасан “Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Г.Бийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021  оны 3 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтэд жагсаал, цуглааны зорилго, шаардлага, жагсаал, цуглаан хийх маршрут, эхлэх хугацаа зэргийг тодорхой дурдсан боловч дуусах хугацааг тодорхой заагаагүй нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, ... зэргийг тодорхой заана.” гэснийг зөрчсөн байна.

Харин Улсын онцгой комиссын даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаалын 14-т заасан “Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг биелүүлээгүй гэх үндэслэлээр жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзах зохицуулалт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд байхгүй байна.

Гэхдээ энэхүү жагсаал цуглаан нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа тул Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн

11.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана:

11.1.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;

11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;

11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;

11.1.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх;

11.4.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна. гэсэн зохицуулалтын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна.

Тодруулбал, хариуцагчаас Г.Бийн Жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасан “ Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй.” гэсэн зохицуулалтын хүрээнд жагсаал, цуглааны дуусах хугацааг тодруулах, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаалын 14-т заасан “Жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцоход тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг хэрхэн биелүүлэх талаар зохицуулалт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Г.Бийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгүүлэх хүсэлтийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу дахин шийдвэрлэх хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/308 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгүүлэх хүсэлтийг хуульд заасны дагуу дахин шийдвэрлэх хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/308 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/308 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН