| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
2023 01 05 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 2029 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлснийг Баянхонгор аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-ээр өршөөлд хамрагдсан.
/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо *** тоотод Р.Отай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1477 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.Э.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо ***тоотод хохирогч Р.Отай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Р.Оын “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо “Бөөн төв” гэх эхнэр Дуламсүрэнгийн ажил дээр ундаа буулгаж байхад надтай хамт ажилладаг С.Э над руу залгаад танайд очъё гэхээр нь би Эыг бөөн төв дээр дуудаж уулзаад ***, Э бид гурав манай гэр лүү явахаар болж 0.75 литрийн Хараа архи нэг шилийг авсан юм. Тэгээд манай гэрт ирээд Э бид хоёр л хувааж уугаад сууж байтал Э ажлын газрын ***гэх залууг муулаад сууж байгаад намайг дээрэлхдэг гэж хэлээд Эт хийж өгсөн байсан цуйванг гараараа базаж миний нүүр лүү шидээд миний дээр гарч суучхаад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодсон. Энэ үед эхнэр ***болиулах гэхэд Э ***нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед ***гэрээсээ гараад цагдаад дуудлага өгөхөд Э гараад явчихсан юм. С.Э 2022 оны 8 дугаар сард манайд ажиллаж эхлэх болсноор таньдаг болсон. ...Би гомдолтой байна. ... гэмтлийн эмнэлэгт очиж толгойны томографын зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Өөрөөр ямар нэгэн баримттай хохирол нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх8/, А.***“...шөнийн 02 цагийн үед манай нөхөр нөгөө ажлын газрын залуутайгаа маргалдаад эхэлсэн ...дахин маргалдаж байгаад нөгөө залуу манай нөхрийн нүүр рүү нь хэд хэдэн удаа цохитол манай нөрийн шүд, хамраас цус гарсан тэгээд манай нөхрийн дээр нь гарчхаад зодоод байхаар нь би ...цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх13-14/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 15298 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 15298 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Р.Оын биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх25/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрийнх нь хоолойг боосон учраас биеэ хамгаалах хариу үйлдэл хийж нүүр рүү нь цохисон гэсэн тайлбар гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Учир нь шүүгдэгч өөрөө хохирогчийн нүүр рүү түрүүлж идэж байсан хоолоо цацаж маргаан эхлүүлсэн, энэ талаар хэн аль нь эсрэг мэдүүлээгүй, мөн шүүгдэгч С.Эыг хохирогч Р.Оын дээр гарч суугаад дээрээс нь цохисон талаар хохирогч, гэрч нар тодорхой мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж нэхэмжлээгүй, компьютер томографын зураг авхуулсан 120.000 төгрөгийн баримт гаргаж өгчээ. /хх135/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Тиймээс шүүгдэгчээс 120.000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулан, хохирогч нь гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
8. Шүүгдэгч С.Э нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба түүнийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч хэн аль согтуугаар хоорондоо маргалдсанаас гэмт хэрэг гарсан, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
10. Иймд шүүгдэгч С.Эын хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдгийг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Р.Оюунбаатарт олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР