Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

      2023         01            10                                      2023/ШЦТ/70

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1634 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, ял биелэгдсэн /хх86/,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны орчим “манай дүү О.Эыг авч явлаа” гэх шалтгаанаар хохирогч Н.Ш,  М.Г нарын нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1289 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч О.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.  

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны орчим “манай дүү О.Эыг авч явлаа” гэх шалтгаанаар хохирогч Н.Ш, М.Г нарыг нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Н.Шын “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн үүрээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “West” бааранд орж найз Г болон Батсайхан нарын хамт 0.5 граммын архи ууж байгаад тухайн газар хаахаар болоод бид гурав гарахаар болсон. Тухайн баарнаас гараад машинаа зогсоолоос унаж гараад төв зам руу ороод эргэж байтал олон хүн дундаас нэг залуу гүйж гарч ирээд гараа өргөхөөр нь хүн амьтанд зодуулсан байж магадгүй гэж бодоод зогссон. Тухайн залуу ч өөрөө машины хойд хаалга онгойлгоод орж ирээд суусан. Тухайн залуу суусны дараа хөдлөх гэж байтал хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй 4, 5 эмэгтэйтэй залуу гараад ирсэн. Тухайн залуучууд миний жолоо барьж байсан талаар гарч ирсэн ба тухайн үед эрээн өмдтэй залуу ямар нэгэн зүйл надад хэлэлгүй миний нүүр рүү цохиод ахиад миний нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед миний хамраас цус гараад нүүрээ жолооны хүрд дээрээ дараад хамгаалсан. Тухайн үед замаас суусан залууг машиндаа зодож байна гэж ойлгосон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх6-7/,

хохирогч М.Ггийн “...Тухайн залуучууд жолоо барьж байсан талаар гарч ирсэн ба эрээн өмдтэй залуу нь Шыг өшиглөөд зодож эхэлсэн. Үргэлжлүүлээд тойроод над дээр ирээд миний толгой болон нүүр рүү цохисон. Тэгэхээр нь өөдөөс нь хутга байгаа шүү гэж айлгаад машинаас гартал тухайн эрээн өмдтэй залуу хаанаас ч юм нэг мод гаргаж ирээд миний нүүр рүү цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад би гараа нурууныхаа ардаа аваад хутга байгаа шүү гээд айлгатал больсон. Тэгээд төд удалгүй цагдаа нар хаанаас юм гарч ирээд зодоон дууссан. Тухайн үед тэр эрээн өмдтэй залуу миний толгой нүүр рүү цохиж модоор миний нүүр рүү цохисон. Юунаас болж зодох болсныг мэдэхгүй байна. Машинд суулгасан залуугаас болсон байх...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,  

гэрч О.Эын “...баарнаас гараад тамхилах гэтэл хэсэг бүлэг хүмүүстэй маргалдаж байгаад салаад машин явахаар нь нөгөө хүмүүсээс салах гээд машинд суусан. Гэтэл тухайн залуус бас согтуу байсан санагдаж байна. Тэгтэл араас Мөнхзул болон Б ах, Соёлмаа эгч нар гарч ирээд тухайн машинд байсан хүмүүстэй маргалдаж зодолдож эхэлсэн. Б ах жолоочоос нь түлхүүрийг нь авах гээд ноцолдож маргалдсан ба зөрөөд бас жолоочийн хажууд байсан хүнтэй маргалдаж зодолдоод байсан. ..ямар нэгэн маргалдаж муудалцсан талаараа мэдэхгүй байна. Сүүлд Б ах, Мөнхзул нарыг ирсэн хойно л замбараагүй байдал бий болсон. Би бас яаж явж байгаад тухайн машинд орсноо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх18-19/,

шүүгдэгч О.Бын яллагдагчаар өгсөн “...тухайн машины урд сууж явсан хоёр залуутай маргаж, жолоочийг нь нүүр рүү нь цохиод үргэлжлүүлээд нүүр рүү нь өшиглөсөн. Харин жолоочийн хажууд байсан залууг модоор цохисон. Тухайн үйлдлээ миний бие хүлээн зөвшөөрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх51/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 11893, 11894 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11893 дугаар дүгнэлтээр Ш.Шын биед учирсан хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх29-30/, 

Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11894 дугаар дүгнэлтээр М.Ггийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж тогтоосон /хх34-35/ байх ба уг гэмтлийг шүүгдэгч О.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч нарын нүүр рүү цохиж зодсон үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            4. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч О.Б нь өөрийн дүү О.Эын согтуу байдлыг далимдуулан бусад хүмүүс машиндаа суулган авч явж байна гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлөн хохирогч нарын эрүүл мэндэд халдсан гэж үзэхээр байна. Улмаар тус гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзсэн нь зөв байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч нар тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

7. Хохирогч нар нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

9. Шүүгдэгч О.Б нь урьд санаатай гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин нөхцөл байдлыг буруугаар төлөөлж андуурсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Тиймээс түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд 2021 онд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч О.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР