Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

    2023         01            10                                      2023/ШЦТ/71

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.М даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 2043 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2022 оны 11 дүгээр сарын 07-аас 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунгалаг центр” худалдааны төвийн гадна зогсоолд байсан хохирогч Ц.Мын эзэмшлийн *** улсын дугаартай, Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг санаатай хагалж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1505 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч У.А.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-аас 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунгалаг центр” худалдааны төвийн гадна зогсоолд байсан хохирогч Ц.Мын эзэмшлийн *** улсын дугаартай, Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг санаатай хагалж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Ц.Мын “...Би “Тунгалаг центр” худалдааны төвийн захирлын ажлыг хийдэг бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны үүрийн 06 цагийн үед Говьсүмбэр аймаг явах гээд ажлаасаа хөдлөхөөр бодоод 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед худалдааны төв дээрээ ирж хоноод 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цагийн үед ажлаасаа гараад “Тунгалаг центр” худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлах *** улсын дугаартай, Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл дээрээ очтол урд талын салхины шилийг босгоод худалдааны төвийн үүдэнд байдаг төмөр хогийн савыг урд талын шилэн дээр нь байрлуулсан байхаар нь хогийн савыг нь авч үзтэл урд талын салхины шил цуураад хагарчихсан байсан юм. Тэгээд хяналтын камерын бичлэгээ үзтэл үл таних хүн төмөр хогийн савыг урд талын салхины шил рүү шидэж байгаа харагдахаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх14/,

- гэрч Э.Бын “...манай захирал 08 цагийн орчимд худалдааны төвийн В1 давхраас гарахад Тунгалаг төвийн гадна ертенцийн зүгээр хойд зүг рүү харуулж тавьсан байсан /*** улсын дугаартай, Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг төмөр хогийн саваар хагалаад шил арчигчид нь хогийн савыг хавчуулаад тавьчихсан байсан. Тэгээд манай захирал салхины шилийг нь ямар хүн хагалсан байна вэ гэдгийг нь шалгахаар хяналтын камер шүүж үзэхэд 05-06 цагийн хооронд караокены цонхны төмөр хаалтыг эвдэж орж ирсэн хүн 04 цагийн орчимд манай захирлын машины цонхыг хогийн саваар хагалж байгаа бичлэг байсан. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 03 цагийн орчимд ажлаа тараад Тунгалаг центр худалдааны төвөөс гарч ирэхэд нөгөө шил хагалсан хүн манай ажлын газрын гадаа хүнтэй маргалдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх6/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх29-31/, шүүгдэгчийн мөрдөн байцаалт /хх70/ болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...камерын бичлэгийг үзсэн ба тухайн машины урд талын салхины шилийг би хагалж байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг солиход 4.000.000 төгрөг болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2246 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх19-20/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлжээ.

4. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж байгаагаа мэдэж, зориуд, хүсэж гэмтээн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байна. 

            5. Иймд шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Шүүгдэгч нь хохирогчид 4.128.000 төгрөгийн хохирол төлсөн /хх76/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч У.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож байна, торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч У.А нь хохирогчид учруулсан хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон хэмжээнд төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, учирсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч У.Аын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аыг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.М