Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

 

2023         01            10                                          2023/ШЦТ/72  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын төлөөлөгч Х.О,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00468 0584 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,

- НАХЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийн 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 134 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ар гүнтийн давааны замд Дуурь бүжгийн эрдмийн театрын эзэмшлийн “Hyundai’ маркийн “Соuntry" загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Бэын жолоодон явсан” Маzdа” маркийн “Titan” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар онхолдож, зорчигч Ц.Т, Д.Од нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол, зорчигч А.Од, П.От, Б.Э, Ц.Б, О.О нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол, О.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 618 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Д.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ар гүнтийн давааны замд Дуурь бүжгийн эрдмийн театрын эзэмшлийн “Hyundai’ маркийн “Соuntry" загварын **** улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Бэын жолоодон явсан” Маzdа” маркийн “Titan” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар онхолдож, зорчигчдоос хохирогч Ц.Т, Д.Од нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол, А.Од, П.От, Б.Э, Ц.Б, О.О нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол, О.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх7-13/,

- хохирогч Д.Одын “...Ар гүнтийн даваа давж байсан. Түүнээс хойш би юм санахгүй байгаа. Нэг мэдэхэд л гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Би өөрийн эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод байна. Осол болсноос хойш жолооч огт холбогдоогүй. Осол болсноос хойш 3 сар эмнэлгээр явж байна. Одоо хүртэл ажилдаа орж чадаагүй байна...яг одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх40/,

- хохирогч Ц.Тгийн “...автобус араагүй болчихлоо гэж хэлсэн. Хэн тэгж хэлснийг санахгүй байна. Би нэг юмны завсар толгойгоороо хавчуулагдсан байсан. Тэгээд амь авраарай гэж хашхирсны дараа манайхнаас нэг нь ирж татаж гаргасан. Ослын улмаас толгой хагарсан, хүзүүний хоёр сэртэн хугарсан, сээрний 5 дугаар үе хугарсан ба хагалгаанд орж хадуулсан. Одоо надад удаан суухаар ар дал руу хатгуулж зовуурилж байгаа. Би гомдолгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх31/,

- хохирогч С.Одын “...Гүнтийн даваан дээр гарлаа гэж автобусны жолооч бид нарт хандан хэлсэн. Тэгээд буцаад буухдаа автобусны жолооч бид нарт хандан автобусны тоормос ажиллахгүй, араандаа орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Нэг ухаан ороод хартал газар хэвтэж байсан. Автобус хажуу талаараа газар унасан байсан. ..ангийнхнаас би яасан юм бэ гэж асуутал манай ангийнхан Од та хоёр автобусны цонхоор шидэгдсэн байна лээ гэж хэлж байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх  зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх26/,

хохирогч П.Отын “...Гэнэт тоормос болохоо байлаа гэж жолооч хэлсэн. Төд удалгүй хашлага мөргөсөн. Би хашлага мөргөхийг л харсан. Гүнтийн даваа гэдэг газар осолдсон ба өөр болсон явдлыг санахгүй байна. Надад гомдол байхгүй. Эм, тариа эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх36/,

- хохирогч Б.Эын “...Даваа уруудаад явж байхад автобус огцом хурдалсан. Хүмүүс хашхиралдаад цаашаа юу болсныг мэдэхгүй. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч их өр төлбөрт орж байгаа байх. Түүнийг бодоод ямар нэг зүйл нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх47-48/,

хохирогч Ц.Бы “...ангийн уулзалтад манай ангийн нийт 30 гаруй хүн ирсэн байсан. Үүний 24 нь ***улсын дугаартай, “Hyundai Соuntry" маркийн цэнхэр өнгийн автобусанд суугаад явж байсан. 6 хүн нь автобусанд багтахгүй байсан учраас тусдаа машинаар араас дагаад явж байсан. ...Тэгээд ар гүнтийн даваа руу аажуухан өгсөж гараад уруудаад явж байхад автобус гэнэт хүчээ аваад хурдлаад эхэлсэн. ...цонхоороо толгойгоо гаргаад харахад автобус урдаа яваа нэг машиныг мөргөөд замын хажууд талын хашлага болон том блокыг мөргөөд л замаас гарч онхолдох шиг болсон. Цаашаа яг юу ч мэдэхгүй байна. Ослын улмаас баруун гарын шуу хугарсан, баруун хөлийн өлмийн хэсгээр шивнүүр яс хугарсан, баруун гар атгаж болохгүй байна. Эмчилгээнд нэлээн хэдэн төгрөгийн зардал гарсан. Улсын эмнэлэг бол эрүүл мэндийн даатгалын сангаас тал хувийг нь гаргаж байгаа. Бусад зардлыг би өөрөө хувиасаа гаргасан, эмчилгээ эм тарианы мөнгөө баримтаар гаргаж байгаад нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх18/,

- хохирогч О.Оийн “...жолооч тоормосгүй болчихлоо гэхэд хажууд нь явсан хүмүүс карданаа татаач гэхэд араагаа оролдоод байх шиг байсан. Тэгээд болохгүй автобус эрчээ аваад хурдлаад эхэлсэн. Жолооч дуут дохиогоо дараад л яваад байсан. Урд нь олон жижиг машинууд байсан бөгөөд зам тавьж өгөөд явж байтал замын эргэдэг хэсэг харагдсан бөгөөд тэгэхээр нь би энэ дээгүүр гарах юм байна гэж бодоод нүдээ аньчихсан. Тэгээд ямар ч байсан замаас гарч байсныг л мэдэж байна. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй. Одоо хоёр суга таягтай ойр зуур явж байна. Ослоос хойш хоёр сар хэвтрийн дэглэмтэй байсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх43/,

- иргэний нэхэмжлэгч О.Цээгийн “...Ослын улмаас баруун, зүүн хөлийн өвдөгний үеийн доод хэсэг, нүүрэнд зүүн хөмсөгний дээд талд шарх авсан. Нурууны суулт авсан. Ослоос хойш гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал баримтаар 1.5 сая төгрөг болоод байна...” гэсэн мэдүүлэг /1хх56/,

- иргэний нэхэмжлэгч Д.Бэын “...тойрог эргэхэд араас ирж явсан цэнхэр өнгийн автобус миний унаж явсан машины арын тэвшний хаалганы баруун хойд хэсэгт мөргөөд машин баруун хажуу талаараа зүүн тийш харж эсрэг урсгалд хөндөлсөж зогссон. Тэвшний хэсэг урагш харсан, ачиж явсан моднууд зам дээр унасан байдалтай байсан бөгөөд машины баруун хойд буюу автобус мөргөсөн хэсэгт дотогш хонхойж, тоормосны улаан гэрэл унасан байсан. Тухайн жолооч тоормос ажиллахгүй, дотроо 24 зорчигчтой явж байсан гэсэн. Намайг яг тойрог дээр эргэх үед тас хийж мөргөөд л миний машин онхолдсон...” гэсэн мэдүүлэг /1хх67/,

- иргэний нэхэмжлэгч Г.Жын “...зам тээврийн осол гарч, манай байгууллагын хариуцдаг замын хажуугийн төмөр хайс, бетон эмтэрч гэмтсэн байсныг засварлаж янзалсан. Жолооч Д.Д уг хайс болон бетоныг засварлахад гаргасан мөнгийг төлж барагдуулсан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх72/,

- гэрч Д.Чийн “...автобусны хурд улам нэмэгдээд жолооч дуут дохиогоо дараад хоёр тийш дайвалзуулаад байсан. Урдуур сууж байсан хүмүүс хоорондоо тоормос нь болохгүй болчих шиг боллоо гээд байсан. Манай ангийнхны нэг нь жолоочоо тайван гээд байх шиг байсан. Би айгаад доошоо тонгойчихсон. Тэгээд л юу болсны мэдэхгүй. Тэгээд зогсоход миний дээрээс аймар их ачаа дарчихсан байсан. Тэгэхээр нь би авраарай, үхлээ гээд хашхираад байсан. Тэгэхэд миний дээр байсан ачаа бага багаар хөнгөрөөд байсан. Тэгж байгаад намайг нэг нь татаад гаргасан. Гараад харахад автобус замын баруун талд баруун хажуу талаараа уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх81/,

- гэрч Х.Гын “...Болдбаатар урд сууж явж байгаад манайхан тайван байгаарай, автобусны тоормос барихаа больчихлоо гэж хэлээд хүмүүс яачхав аа гэхэд л түс тас гээд онхолдох шиг болсон. Нэг мэдэхэд би хүмүүсийн доор дарагдчихсан байсан. Тэгээд автобусны урд талын цонхоор гараад ирэхэд автобус замын баруун талд баруун хажуу талаараа уначихсан, хүмүүс орилолдож хашхираад бөөн цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 83/,

- гэрч Н.Оын “...нэг мэдэхэд би хүмүүсийн дээр нь уначихсан, доор байсан хүмүүс авраарай Оаа гэхээр нь би босоод дээшээ гарах гэтэл арын цонх хагарсан байхаар нь тэрүүгээр гараад дотор байсан хүмүүсээ татаж гаргасан” гэсэн мэдүүлэг /1хх 85/, болон хэрэгт авагдсан гэрч Д.***, Т.Б, Ш.***, М.***, Ш.***, Х.***, Ч.***, Ш.***, С.***, Д.***, М.Э, Д.***, Л.***нарын мэдүүлэг, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлсон магадалгаа, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...автобусны тоормос ажиллагаагүй болсны улмаас замаас гарч онхолдон зорчигч нарын мэрүүл мэндэд хохирол учирсан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь жолооч миний буруутай үйлдлээс болсон...” /2хх8/ гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

            4. Осол болох үед автобусанд нийтдээ жолоочоос гадна 24 зорчигч сууж явсан байх ба 2 хүний эрүүл мэндэд хүнд, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, бусад зорчигч нарт гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй байна.  Тодруулбал,

Иргэний нэхэмжлэгч О.Цээгийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “О.Цээгийн биед хөмсөг, хоёр шилбэний шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх 136/,

Хохирогч С.Одын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “С.Одын биед бүсэлхий нурууны 2, 3, 4-р нугалам шахагдсан хугарал бүсэлхийн цус хуралт, толгойн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /1хх144/,

 Хохирогч П.Отын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “П.Отын биед хүзүүний 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, хоёр талын ламинагийн хугарал, зүүн бугалга, баруун дээд, доод, зовхи, зулайд цус хуралт, баруун шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /1хх149/,

Хохирогч Ц.Тгийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Ц.Тгийн биед хүзүүний 1-р нугалмын зүүн, баруун талын нумны зөрөөгүй, хүзүүний 2-р нугалмын зүүн хөндлөн нүх, сэртэн, дээд үений гадаргуу, баруун нугалмын арын сэртэнгийн зөрөөтэй хугарал, сээрний 4-р нугалмын их бие шахагдсан хугарал, зүүн 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, цээжний хөндийн зүүн талд хийх хуралт, духанд шарх, хоёр зовхинд цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, баруун өвдөгт, шилбэний цус хуралт, зүүн шилбэний урд зулгаралттай, баруун дух, зулай, зүүн зулайн хуйханд доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /1хх156/,

Хохирогч Д.Одын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Д.Одын биед тархины баруун ба зүүн хажуу ховдолд 3,4-р ховдлуудын цус харвалт, хоёр талын зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн уушгины доод дэлбэн няцрал, уналт, цээжний хөндийн зүүн талд цус хуралт, үнхэлцгийн хөндийн цус хуралт, зүрх чихэлдэлт, баруун нүдний зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун талын 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /1хх162/,

Хохирогч Б.Эын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Б.Эын биед бүсэлхий нурууны 1-р нугалмын хугарал, баруун 7, 8, 11, 12-р хавирганы хугарал, баруун мөр, цээж, гуянд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /1хх213/,

Хохирогч Ц.Бы биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Ц.Бы биед баруун шуу болон богтос ясны далд хугарал, баруун тавхайн 2, 3, 4-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /1хх 217/,

Хохирогч О.Оийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “О.Оийн биед зүүн умдаг, суудал ясны далд хугарал, бүсэлхийн 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун талын 4,5-р хавирганы хугарал, баруун ташаа, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1хх 222/ гэжээ.

5. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2505 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Country” маркийн, *** улсын дугаартай автомашины хойд тэнхлэгийн тоормос осол болохоор өмнө ажиллахгүй байсан тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автомашины хойд тэнхлэгийн тоормос ажиллахгүй байсан байна. Автомашины хойд тэнхлэгийн тоормосны гэмтэл нь хуучин байна. Осолд нөлөөлнө. Ослын үед үүссэн гэмтлүүд осолд нөлөөлөхгүй” гэжээ. /1хх189/, мөн “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч 22/190 дугаар дүгнэлт гаргасан байх ба тус дүгнэлтэд ““Hyundai Country” маркийн, *** улсын дугаартай автобусны жолооч Д.Д нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. /1хх209/,

6. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс нь осол гарчээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Дийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Шүүгдэгч Д.Дийн жолоодож явсан “Hyundai Country” маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын эзэмшлийн /1хх 57/ болох нь тогтоогдсон, мөн тэрээр тус байгууллагад жолоочоор ажилладаг болох нь /2хх26/ холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Тус хэрэгт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон байх ба байгууллагын төлөөлөгч Х.О мэдүүлэхдээ “...Үйлчилгээ, аж ахуйн даргын хувьд би шууд тэр хүнд хяналт тавих үүрэгтэй юм. Яагаад дур мэдэн зөвшөөрөлгүйгээр автобусыг байгууллагын гражаас авч гарсан талаар асуухад манай байгууллагын слесарь Ганбаатарын ангийн нийллэг болж байна гээд гуйгаад байхаар нь би унаад явчихсан юм. Явахдаа зөвшөөрөл аваагүй, өөрөө дур мэдэн авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн өдөр баасан гараг байсан бөгөөд байгууллагаас авч гарахдаа харуул хамгаалалтын ажилтанд байгууллагын ажлаар гарлаа гэж хэлээд өглөө 7 цагт гарсан байсан. Автобусанд үнэлгээгээр 18.570.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ”, иргэний хариуцагчаар гаргасан “...“Hyundai’ маркийн “Соuntry" загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл Дуурь бүжгийн эрдмийн театрын өмч юм. Манай байгууллага уг автобусанд болон байгууллагын бусад тээврийн хэрэгсэлдээ эд хөрөнгийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг хийлгэдэг. Үнэхээр төлөх шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд даатгалаар хүмүүсийн хохирлыг төлж барагдуулах боломжтой” гэжээ. /1хх61, 64/,

Мөн шүүгдэгчийн хувьд байгууллагын эрх бүхий албан хаагчийн зөвшөөрөлгүйгээр автобусыг жолоодон гарсан, улмаар осолд орсон болохоо хүлээн зөвшөөрсөн болно.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн байгууллагын автобусыг авч яван зорчигч тээвэрлэлт хийсэн байх тул ослын улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг шүүгдэгч хариуцан нөхөн төлөх нь зүйтэй байна. 

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

10. Хохирогч Д.Од, Ц.Т, С.Од, Б.Э, О.О, Ц.Б нар нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /1хх40, 1хх31, 1хх26, 1хх48, 1хх43, 1хх18/ байна.

Хохирогч П.От, иргэний нэхэмжлэгч О.Цээ, Д.Бэ, А.Од нараас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч Д.Д нь бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргажээ. Мөн иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын захирагчийн албанд учирсан 398.896 төгрөгийг /1хх74/ төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

11. Ослын улмаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын эзэмшлийн “Hyundai Country” маркийн, ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 18.570.000 төгрөгийн хохирол учирчээ. /1хх175/

Байгууллагын төлөөлөгч Х.О тус тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн бүрэн даатгалтай, даатгалын байгууллагаас хэдэн хувиар нөхөн төлбөр төлөгдсөнөөс хамаарч үлдэх хохирлыг нэхэмжлэх талаар тайлбар гаргасан. 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно”, 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заажээ.

Эд хөрөнгийн даатгал хийгдсэн талаар төлөөлөгч тайлбар гаргасан ба хуульд заасны дагуу даатгалын байгууллага нөхөн төлбөрийн асуудлыг тэргүүн ээлжид шийдвэрлэх, дараа нь буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг өөртөө шилжүүлэн авахаар байна. Тиймээс Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын эзэмшлийн “Hyundai Country” маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсантай холбоотой асуудлыг хэлэлцэхгүйгээр орхих нь зүйтэй гэж үзлээ.

12. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Тус хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч С.**** иргэний нэхэмжлэл гаргахдаа “...хохирогч Д.****, Ц.Т, С.Од, П.От, Б.Э, Ц.Б, О.О, О.Цээ нарын эмчилгээний зардалд зарцуулсан 31.835.750 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэжээ. /1хх 129/,

Тус иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн баримт болох /2хх120-124/ даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл гэсэн хүснэгтэд даатгуулагч О.Оийн нэр, тусламж үйлчилгээний дүн давхардуулан оруулсан, осол 8 дугаар сарын 05-н гарсан байхад 7 дугаар сар гэсэн үйлчилгээ оруулж бичсэн, нэр бүхий даатгуулагч нарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан цаг хугацааг нарийвчлан гаргаагүй буюу 8 дугаар сард тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэсэн байдлаар ерөнхийлөн оруулснаас тусламж үйлчилгээнүүд давхардсан эсвэл нэг хүнд нэг үйлчилгээг хэд хэдэн удаа үзүүлсэн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэжээ. Тиймээс уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүйгээр үлдээж, иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

13. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

14. Иймд шүүгдэгч Д.Дийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

15. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

16. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх санал гаргасан.

17. Шүүгдэгч Д.Д нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Харин хохирогч нарын эмчилгээний зардлыг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

18. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа. 

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

20. Иймд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

22. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

23. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, түүний В, Д ангиллын 22293 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэрэгт хавсарган ирүүлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

24. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

25. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 5 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний В, Д ангиллын 22293 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР