Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

          шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч *********

хохирогч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000002552 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 04-нд, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа англи хэл заадаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 2-122 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 18 дугаар хороо 35а байрны 39 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ШД85010416/, *********. 

                            Шүүгдэгчийн  холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ********* 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 39 тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг *********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи уусан үедээ болчимгүй үйлдэл гаргасан байна. Миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүйг хичээж амьдарна. Цаашид аав, ээжээс тусдаа амьдрана гэсэн бодолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх гурван хүүхэдтэй. ********* манай хамгийн том хүү юм. Хүүхэд маань нөхцөл байдлыг ойлгож уучлалт гуйж, бүгдийг ойлгож байгаа учраас надад хэлэх зүйл алга байна. Хөгшин эцэг, эх рүүгээ дахиж ийм үйлдэл гаргахгүй байлгүй дээ. Би хүүдээ итгэж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Хавтаст хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ийн хохирогчоор өгсөн: “Би Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35а байрны 39 тоотод эхнэр, хүү, зээ охины хамт амьдардаг. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой ********* гэрт согтуу байж байгаад гэнэт уурлаж эхнэр, зээ охин хоёр руу янхан, пизда гэх мэтээр хараагаад байхаар нь би очоод яах гэж архи уудаг юм бэ, яах гэж ээж, дүүгээ элдвээр хэлдэг юм бэ, болиод өгөөчээ гэхэд намайг элдвээр хэлээд миний нүүрэн тус газарт, хамарт, тархи толгой руу гараараа цохисон, дэвссэн, өшиглөсөн. Мөн хоолойг фодволкоор боосон. Эхнэр, зээ охин нар салгаж авах гээд түүнийг огт дийлэхгүй байсан. Цагдааг иртэл арай гэж *********ыг гэрээсээ гаргаж хаалгаа түгжиж байгаад амь аврагдсан. ********* нь миний төрсөн хүү. ********* нь 1984 онд төрсөн. Эхнэр, хүүхэд байхгүй, бидэнтэй хамт амьдардаг юмаа. Сүүлийн үед байнга архи ууж, агсам согтуу тавьдаг болсон. Би эмнэлэгт үзүүлсэн. Сэтгэлзүйчид үзүүлэх шаардлагагүй, хамгаалах байранд ормооргүй байна. Би хамраас цус гарсан байдалтай, толгой тархи эргэсэн, өвдсөн, хамаг бие чичирсэн байдалтай байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********н насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “Би өөрийн өвөө *********, нагац ах ********* нарын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би эмээ *********, өвөө *********, нагац ах ********* нарын хамт амьдардаг. Өмнө нь ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Ээж маань одоо БНСУ-д суралцаж байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ы гэрчээр өгсөн: “Би нөхөр, хүүхдийн аль алины эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Мөн нөхөр *********, хүү *********ын зан аашны талаар бас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Нэг нь миний нөхөр, нэг нь миний төрсөн хүү. Би алийг нь гэхэв дээ, ямар ч талаар мэдүүлэг өгмөөргүй байна. Зээ охин ********* нь 15 настай, ээж нь БНСУ-д сурч амьдардаг. Аавтай нь холбоогүй байдаг. Энэ хүүхэд бидэн дээр төрснөөсөө хойш өсөж өдийг хүрч байна. Зээ охин *********гаас мэдүүлэг авахад надаас өөр хүн байлцах боломжгүй юмаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

 

 4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бэгэр-115 чиглэлд дэд ахлагч Улаанхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэгэр-10-аас Баянгол дүүргийн 18-р хороо 35а байрны 39 тоотод гэртээ, өөрийн төрсөн хүүд зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу хаягаар очиж шалгахад 64 настай эрэгтэй ********* нь өөрийн төрсөн хүү *********д зодуулсан, нүүр, хамар нь гэмтсэн, өмссөн фодволка нь урагдсан, цус болсон, шал нь дүүрэн цус болсон байдалтай байсан. Хүү ********* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, орцны шатан дээр сууж байсан. Ингээд *********ыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч *********ийг 103 дуудаж үзүүлэн мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Тухайн айлд *********ын ээж болон насанд хүрээгүй охин байсан. *********ийн эхнэр болон гэрт байсан охин *********ыг аав *********ийг зодож цохисон, байнгын архи ууж агсам тавьдаг болсон, айдас түгшүүртэй байна, энэ хүнийг аваад яваач гэсэн байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15079 дугаартай “*********ийн биед хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацрын дээд хэсэг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хацрын дээд цус хуралт, зүүн нүдний дотор буланд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

 

 6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 45 дахь тал)
 

7.  Мөрдөгчөөс “...********* болон түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд халдахаар заналхийлбэл эрүүгийн хариуцдлага хүлээлгэх талаар *********д бичгээр урьдчилан сануулан гарын үсэг зуруулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдэв.” гэжээ. (хавтаст хэргийн 46 дахь тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *********ын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой гэртээ ганцаараа байхдаа 400мл Хараа архи ганцаараа уусан. Ингээд орой аав, ээж ажлаасаа ирсэн. Би унтахын өмнө ариун цэврийн өрөөнд орж аав ээжээсээ нууцаар 200мл хэмжээтэй Хараа архийг нууцаар уусан. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд гэрлээ унтраагаад унтах гэтэл ээж намайг загнаад хэрүүл өдсөн. Ээж намайг архи дарс уулаа гээд үглээд байсан. Би уурлаад аавтайгаа маргалдаж баруун гараа зангидаж байгаад аавыгаа 2-3 удаа, нүүр, хамарт нь цохиж зодсон. Би нэг мэдэхэд босоод хувцаслаад та нар цагдаагаа дууд гэж хэлээд үүдэнд хүлээж сууж байгаад цагдаа ирэхээр хамтдаа цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд ирсэн. Би архи уусныхаа халуунд уур хүрч аавыгаа гараараа нүүр, хамар, толгой хэсэгт 2-3 удаа цохиж зодсон. Өшиглөж дэвссэн зүйл байгаа эсэхийг би санахгүй байна. Би согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ********* нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 39 тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий өөрийн төрсөн эцэг 64 настай *********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

          *********ийн хохирогчоор өгсөн: “Би Баянгол дүүргийн 18 дугаар хороо 35а байрны 39 тоотод эхнэр, хүү, зээ охины хамт амьдардаг. 2022 оны 11 сарын 02-ны орой ********* гэрт согтуу байж байгаад гэнэт уурлаж эхнэр, зээ охин хоёр луу янхан, пизда гэх мэтээр хараагаад байхаар нь би очоод “яах гэж архи уудаг юм бэ, яах гэж ээж, дүүгээ элдвээр хэлдэг юм бэ, болиод өгөөч ээ” гэхэд намайг элдвээр хэлээд миний нүүрэн тус газарт, хамарт, тархи толгой руу гараараа цохисон, дэвссэн, өшиглөсөн. Мөн хоолойг фудволкоор боосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), *********ийн гэрчээр өгсөн: “...64 настай эрэгтэй ********* нь өөрийн төрсөн хүү *********д зодуулсан, нүүр, хамар нь гэмтсэн, өмссөн фудволка нь урагдсан, цус болсон, шал нь дүүрэн цус болсон байдалтай байсан. Хүү ********* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, орцны шатан дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15079 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дэх тал), *********ын яллагдагчаар өгсөн: “...Би унтахын өмнө ариун цэврийн өрөөнд орж аав ээжээсээ нууцаар 200мл хэмжээтэй Хараа архийг нууцаар уусан...ээж намайг загнаад хэрүүл өдсөн. Ээж намайг “архи дарс уулаа” гээд үглээд байсан. Би уурлаад аавтайгаа маргалдаж баруун гараа зангидаж байгад аавыгаа 2-3 удаа, нүүр, хамарт нь цохиж зодсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч ********* нь шүүгдэгч *********ын төрсөн эцэг байх бөгөөд нэг гэрт хамт амьдардаг болох нь тэдгээрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж ойлгоно. 

 

Шүүгдэгч ********* нь өөрийн төрсөн эцэг  64 настай *********ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч *********ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ********* нь хохирогчийн нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж дэвсэж, толгой гар руу гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ********* нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 39 тоотод өөрийн төрсөн эцэг *********ийг “яах гэж архи уудаг юм бэ, яах гэж ээж, дүүгээ элдвээр хэлдэг юм бэ, болиод өгөөч ээ” гэж хэлснээс үүдэлтэйгээр зодож, цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан ( архидан согтуурч 64 настай төрсөн эцгийгээ зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан) гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа зөрчлийн тухай хуулиар баривчлагдаж байсан  атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй  (хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Тав: Бусад асуудлын талаар.

Хохирогч ********* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч *********ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хэрэгт ********* нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон      

          

ТОГТООХ нь:         

1. *********ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

 

2. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт ********* нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ