| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01053/И |
| Дугаар | 183/ШШ2019/01107 |
| Огноо | 2019-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2019/01107
| 2019 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2019/01107 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би В.Эд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөгийг Нарантуул зах дээр бараа авах гэсэн юм гээд 25 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг мөнгийг В.Эгийн Хаан банкан дахь 5 тоот дансаар шилжүүлсэн. Гэтэл В.Э нь 2018 оны 9 дүгээр сард 3 удаа цувуулан нийт 80 000 төгрөг өгснөөс хойш дахин нэг ч удаа мөнгөө өгөхгүй намайг хохироож байна. Би удаа дараа мөнгөө өгөхийг шаардахад 2 удаа 2018 оны 12 дугаар сард мөнгө зээлсэн нь үнэн гэж В.Эгаас гарын үсэг зуруулж авсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.А би хариуцагч В.Эд
2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 500 000 төгрөг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дансаар 400 000 төгрөг, бэлнээр 100 000 төгрөг нийт 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 400 000 төгрөг бэлнээр 100 000 төгрөг нийт 500 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дансаар 500 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 750 000 төгрөг дансаар, 250 000 төгрөгийг бэлнээр нийт 1 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 740 000 төгрөг дансаар, 260 000 төгрөгийг бэлнээр нийт 1 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 500 000 төгрөгийг бэлнээр нийт 1 500 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 960 000 төгрөг дансаар, бэлнээр 40 000 төгрөг нийт 1 000 000 төгрөгийг буюу нийт 6 500 000 төгрөгийг тус тус 25 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Дээрх мөнгийг В.Эгийн Хаан банк дахь 5 тоот дансанд шилжүүлж байсан. Хариуцагч В.Э нь надаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй байсан ба нийтдээ Л.А миний Хаан банкны 6 дугаартай дансанд 5 631 500 төгрөг шилжүүлсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш В.Э нь нэг ч төгрөг төлөөгүй тул 2018 оны 12 сард уулзаж, үлдэгдэл 1 850 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн гэж тооцоо бодоод гарын үсэг зурж өгсөн. Ингээд Л.А би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 1 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг В.Эгаас нэхэмжилсэн байсан. Одоо Л.А нь үлдэгдэл 1 880 000 төгрөгийг төлнө гэсэн 2018 оны 12 дугаар сард В.Эгийн өгсөн баримтаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж багасгаж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч Л.Аээс 15 хувийн хүүтэй мөнгө зээлж авч байсан нь үнэн. Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг дансаар, бэлнээр 100 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 400 000 төгрөг дансаар, бэлнээр 100 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 500 000 төгрөг дансаар, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 750 000 төгрөг дансаар, 250 000 бэлнээр нийт 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 740 000 төгрөг дансаар, бэлнээр 260 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг дансаар, 500 000 төгрөг бэлнээр нийт 1 500 000 төгрөг авсан. Энэ мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 92 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 79 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 92 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 92 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 92 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 92 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 92 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 50 000 төгрөг нийт 1 725 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 520 000 төгрөг болгож өгч дуусгаад 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 960 000 төгрөг дансаар, нийт 1 000 000 төгрөг авсан. Энэ мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 25 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 75 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 46 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 25 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 71 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 46 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 25 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 45 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30 000 төгрөг нийт 434 000 төгрөг дансаар болон бэлнээр өгсөн. Би энэ хүнээс 2 000 000 төгрөг авч байгаагүй. 1 000 000 юм уу 500 000 төгрөг авдаг байсан. 2018 оны 10 дугаар сараас зах дээр зардаг барааны худалдан авалт муудаж би хоног алдан өгч байсан. Гэтэл энэ хүн намайг загинаж миний аваагүй мөнгийг нэхэх болсон. Би гэртээ 87 настай хөгшин ээж, элэгний өвчтэй нөхөр охины хамт амьдардаг. Гэтэл энэ хүн миний аваагүй мөнгийг нэхэж байхгүй хойгуур очиж нөхрөөс 2 000 000 төгрөг нэхсэн байсан. Намайг байхад 2-3 удаа ирж байсан. Би ч гэсэн үлдэгдэл цөөхөн мөнгөө одоо өгч чадахгүй болчихлоо, та хойшлуулаад өг гэтэл за гэж хэлээд намайг ороход цаасан дээр гарын үсэг зуруулсан. Харин би энэ хүнээс 2 000 000 төгрөг нэг өдөр авч байгаагүй. Би гэртээ ганцаараа хөдөлмөр эрхэлж байгаа болохоор энэ хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж авсан. Миний ээж шиг хүн намайг ингэж гүтгэж байгаад би гомдож байна. Цагаан сарын дараа ажил дээр нь очиж амар мэндийг нь асуухад урдаас олон хүний дэргэд 2 000 000 төгрөг өг зальтай луйварчин минь надтай харьцах хэрэггүй, чамайг шүүхэд өгсөн гэж хэлсэн. Би юу ч хэлэлгүй гарсан. Дараа нь АТМ дээр таарчихаад зальтай луйварчин юу хийж байна гээд бас л олон хүмүүсийн дэргэд хэлсэн. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай хашааны гадаа нэг хүүхэнтэй очоод мөн л 2 000 000 төгрөг нэхэж манай нөхөрт танай эхнэрийг шүүхээс эрэн сурвалжилж байгаа гээд баахан загнаж байгаад явсан байсан. Тэр бие муутай хүн тийм зүйл сонсоод хямраад хэцүү байдалд орсон. Би энэ хүнээс нийт 6 000 000 төгрөг 15 хувийн хүүтэй зээлж авсан ба нэмэгдэл хүү 975 000 төгрөг тооцсон. Би энэ хүнээс өндөр хүүтэй мөнгө авч, хугацаанаас нь өмнө хүртэл хүүтэй нь төлж дуусгаж байсан. Миний энэ байдлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа 6 000 000 төгрөг авснаа андуурч 6 500 000 гэж бичсэн байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.А анх шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахаар хариуцагч В.Эгаас шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед үндсэн зээл 1 880 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч В.Э зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд, Л.А, В.Э нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 8 удаа хэсэгчилсэн хэлбэрээр зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 6 500 000 төгрөгийг тухай бүрд нь 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж, хариуцагч нийт 6 000 000 төгрөгийг зээлдсэн, зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж маргаж байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч зээлийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэж тайлбарлаад Л.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 6 дугаар дансны хуулга, хариуцагч зээлийг бүрэн төлсөн гэж маргаад В.Эгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5 дугаар дансны хуулгыг тус тус ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг дурдсан хугацаанд зээлдэн авсан тухайд маргаангүй бол 2018.08.13-ны өдөр дансаар 1 000 000 төгрөг авсан боловч бэлнээр 500 000 төгрөг аваагүй гэж, нэхэмжлэгч тухайн мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж маргасан ба нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул шүүх, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгснөө нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарна гэх үндэслэлээр талуудын хооронд 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан хариуцагч В.Эгийн дансны хуулгаас үзэхэд, тэрээр 2018.04.30-ны өдрөөс 2018.10.14-ний өдрийг хүртэл хугацаанд Л.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 6 дугаар дансанд 6 698 259 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч, 2018.12.19-ний өдөр “хүүтэй мөнгө 25 хоног хугацаатай 15 хувь хүүтэй 1 880 000 төгрөг зээлдэв” гэсэн гар бичвэрээр болон, хариуцагчаас зээлийн хүү төлж байсан үйл баримтаар зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон болох нь нотлогдоно, нөгөө талаас үндсэн зээлийн үлдэгдэлд 1 880 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч шүүх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд 1 880 000 төгрөгийн гар бичвэр бүхий баримтын дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй бөгөөд тухайн баримтыг хожим нөхөж үйлдсэн тухайд зохигч маргаангүй байна.
Нөгөө талаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийхээр, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ зээлдэгч алдахаар зохицуулсан ба талууд аман хэлцэл хэлбэрээр зээл олгохоор тохиролцсон болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул зээлдэгчийг хүү шаардах эхргүй гэж дүгнээд хариуцагчаас төлсөн төлбөрийг үндсэн зээлийн үүрэгт тооцсон болно.
Түүнчлэн, зээлийн хүүг хариуцагч хүлээн зөвшөөрч төлж байсан нь зээлдэгч хуульд заасан хүү шаардах эрхээ алдах зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд, хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлснээр үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 1 880 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 880 000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ