Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

 

 

 

  2023         01         23                                  2023/ШЦТ/120

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Б.Н , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Д.Б, ..... овогт Б.Н нарт холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

....... овогт Б.Н /РД: ********/.

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

..........овогт Д.Б  /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н , Д.Б  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Американа” гэх нэртэй баарны гадна 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 05 цагийн орчимд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Т.М  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           

Шүүгдэгч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би найзуудтайгаа “нью ворлд” гэх караокед сууж байгаад Б-тай “Америкона” бааранд ороод нэг нэг пиво уугаад гарч байхад М  нэг найз болон охинтой хамт гарч байсан. Тэгээд гараад нөгөө охин нь орилоод байсан чинь Б  наад охиноо хүчээр авч явах гээд байгаа юм биш үү та нар болиоч гэсэн. Эхлээд нэг муудалцаад салсан. Тэгээд такси барих гээд Б-аас зайдуу зогсож байсан. Ахиад нөгөө охин нь орилсон чинь манай найз Б  хажууд нь очоод наад охин чинь болохгүй юм биш үү гэсэн чинь М  Б-г түлхсэн. Тэгээд Б  цохисон чинь хажууд нь байсан найз нь Б-ай ирээд зодолцоод тэгсэн чинь араас нь М  очоод Б-г зодох гээд байхаар нь би жоохон зайтай зогсож байсан болохоор М-тай очоод зодолдсон.  Яг бүлэглэж зодоогүй. Унагааж байгаад дэвсэлж барьсан зүйл байхгүй. Б  найзтай нь зодолдоод “Американо” баарны хажуу талын засварын газрын доошоо уруудсан. М бид хоёр тэр зам дээр зодолдсон. Тэгээд Б  найзтай нь зодолдож дуусангуутаа салгаад тэгээд явсан. Нийлж М-ыг зодоогүй. М  найзтайгаа явж байсан. Хоёулаа уусан байсан учраас нэгийн эсрэг нэг байсан. Би бол М-ыг цохиж гэмтэл уруулсандаа харамсаж байгаа” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би түрүүлж зүүн гараараа М-ын цохисон. М-ын найз нь найзыгаа өмөөрөөд надтай ирээд зодолдсон. Ийм л юм болсон” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2

дахь тал/,

 

  • Хохирогч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..шөнийн 04

цагийн орчимд уг баарнаас гараад такси бариад суух гэж байсан юм. Тэгээд манай эмэгтэй найз болох Б  суухгүй гээд бид хоёр хоорондоо яриа өрнүүлж байтал хажуу талаас танихгүй хоёр залуу ирээд “хөөе наад охин чинь та хоёртой хамт явах дургүй байгаад юм биш үү” гэсэн тэгэхээр нь “би чамд ямар хамаатай юм бэ, би найзтайгаа юм ярьж байна, чи хэн юм” гэсэн чинь тэр хоёр залуу хэрүүл өдөөд шууд намхан залуу нь миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд манай найз Эрхэмбаяр салгах гэж оролдоход тэр хоёр залуу намайг нэлээд зодчихсон. Нүүр хэсэг рүү цохиод байсан. Би газар унасан байсан бас өшиглөөд байсан. ...Зүүн талын нүд хөхөрч хавдсан, хамрын зүүн талын салст хугарч гэмтсэн, уруул сэтэрч хавдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын гаргасан: 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн    дугаартай: 1.2. Т.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд сэтэрсэн шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дарааллыг тогтоох боломжгүй. 4.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/,

- Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан баарны гадаа хоёр залуутай маргалдаж зодоон болж гэмт хэрэг үйлдэх болсон. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дэх тал/,

- Яллагдагч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би найз Д.Б-тай хамт гадуур явж байхдаа үл таних хүнтэй маргалдсанаар манай найз эхэлж түүнийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиж дараа нь би түүний нүүрэн хэсэгт цохисон. ..хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дахь тал/,

- Гэрч О.Б-ийн “...манай найз М-тай нөгөө хоёр залуу маргалдаад манай найзыг хоёулаа зодсон. Ингээд нүүр лүү цохиод газар унагаад дээрээс нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дахь тал/

 

Гэрч Б.Э-ын “Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой ажлын газрын най М  Б бид гурав Амеркина баар луу орж үйлчлүүлсэн. Тэр үед нэрийг нь санахгүй байна архи авч хувааж уусан. Хэсэг хугацааны дараа баар нь хаах цаг болж Б , М  бид гурав гарч такси барих гээд зогсож байтал үл таних хоёр залуу хөөе эмэгтэй бид хоёртой хамт явчих наад хоёроо үлдээчих гэж хэлсэн. Энэ үед М  чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд нэг залуутай нь маргалдаж байгаад ноцолдож эхэлсэн. Би Мө ыг өмөөрч хажууд байсан залуутай нь маргалдаж ноцолдож түүнийг газарт унагааж М-ыг хартал үл таних залуу дээр нь гарсан зодож байсан. Би түүн рүү очиж М-ын дээр байсан залууг цааш түлхэж унагааж түүнтэй маргалдаж ноцолдсон.  ...Би тухайн үед тэр хоёр залуугийн биед бэртэл гэмтэл учруулаагүй миний биед гэмтэл учирсан зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Н , Д.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Американа” гэх нэртэй баарны гадна 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 05 цагийн орчимд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Т.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

Шүүхийн Шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан: 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн    дугаартай: 1.2. Т.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд сэтэрсэн шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дарааллыг тогтоох боломжгүй. 4.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Н  Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Америкона” гэх нэртэй баарны гадна 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 05 цагийн орчимд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Т.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд хохирогч М-аас анх цагдаагийн байгууллагаас баарны гадна хүмүүст зодуулчихлаа гэсэн мэдүүлэг, хохирогч М-ын анх өгсөн: нийлээд намайг зодоод газар унагаагаад өшиглөөд байсан гэх мэдүүлэг, гэрч Б-ийн “хоёулаа нийлээд зодсон” гэх мэдүүлэг, мөн гэрч Э-ын өгсөн: эхлээд нэг нь зодсон. Дараа нь дахиад нэг нь зодсон. Салгах явцад эргээд зодсон гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдэж анх хохирогчийн эрх чөлөөнд Б  нь халдаж зодож улмаар салгах гэж очсон найз Э нь салгах явцад зөрүүлээд Н  нь очиж М-ыг зодож үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн хэрэг болсон цаг хугацаанд, нэг орон зайд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хэдийгээр өнөөдрийн шүүх хурал дээр шүүгдэгч нар нь М-ын биед учирсан гэмтлийг дан ганц Но  учруулсан гэж өгч байгаа ч гэсэн шүүгдэгч нар нь өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй. Эдгээр шүүгдэгч нар заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас хууль сануулан мэдүүлэг авсан. Тэгэхэд хохирогч, гэрч нар нь анхнаасаа дуудлага мэдүүлэг өгөхдөө бүлэглэж зодуулсан гэх олон тоон дээр дуудлага мэдээлэл өгч байсан. Хоёулаа нийлээд зодсон гэх мэдүүлэг өгсөн. Шинжээч эмчийн дүгнэлтээр олон тооны шарх гэмтэл үүссэн. Энэ нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн ийм дүгнэлт гарсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр Н  нь би ганц удаа нүүр лүү нь цохисон гэж мэдүүлж байгаа нь шинжээч эмчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Олон тооны гэмтэл үүсгэгдсэн. Мөн шүүгдэгч нар нь мэдүүлэг өгөхдөө ч гэсэн Б  эхлээд М-ыг зодсон дараа нь Н тонгорч унагаасан гэсэн ийм мэдүүлэг өгсөн. Хохирогч М-ын эрүүл мэндэд шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран бүлэглэж учруулсан үйл баримт тогтоогдож байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Б  “би хохирогч М-ын биед гэмтэл учруулаагүй” гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Б.Н  Д.Б  нарыг бүлэглэж хохирогч М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэргийн улмаас хохирогч М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч М  нь энэ хэрэгтээ холбогдуулаад 1.087.212 төгрөгийг нэхэмжилсэн энэ талаар холбогдох баримтыг шүүх хуралдаан дээр өөрөө гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаан дээр ирээгүй байгаа учраас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.Б  Б.Н  нар нь хохирогч Т.М-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Д.Б  Б.Но  нар нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Б , Б.Н  нарын үйлдэл нь бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б  нь хохирогч М  нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг л удаа цохисон. Миний үйлдлийн улмаас түүнд гэмтэл учраагүй, бүлэглэж зодоогүй гэж,

шүүгдэгч Н нь хохирогчид учирсан нүүрний гэмтлүүд зүүн талдаа үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Б  зүүн гараараа цохисон. Б-ийн үйлдлээс гэмтэл учраагүй. Би л гэмтэл учруулсан. Бид хоёр бүлэглэж зодоогүй. Б  тусдаа найзтай нь барьцалдсан зодолдсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М ....тэр хоёр залуу хэрүүл өдөөд шууд намхан залуу нь миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд манай найз Э салгах гэж оролдоход тэр хоёр залуу намайг нэлээд зодчихсон. Нүүр хэсэг рүү цохиод байсан. Би газар унасан байсан бас өшиглөөд байсан гэж,

Гэрч Б . манай найз М-тай нөгөө хоёр залуу маргалдаад манай найзыг хоёулаа зодсон. Ингээд нүүр лүү цохиод газар унагаад дээрээс нь өшиглөөд байсан гэж,

Гэрч Э ...Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой ажлын газрын най М   Б бид гурав Америкона баар луу орж үйлчлүүлсэн. Тэр үед нэрийг нь санахгүй байна архи авч хувааж уусан. Хэсэг хугацааны дараа баар нь хаах цаг болж Б , М  бид гурав гарч такси барих гээд зогсож байтал үл таних хоёр залуу хөөе эмэгтэй бид хоёртой хамт явчих наад хоёроо үлдээчих гэж хэлсэн. Энэ үед М  чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд нэг залуутай нь маргалдаж байгаад ноцолдож эхэлсэн. Би М-ыг өмөөрч хажууд байсан залуутай нь маргалдаж ноцолдож түүнийг газарт унагааж М-ыг хартал үл таних залуу дээр нь гарсан зодож байсан. Би түүн рүү очиж М-ын дээр байсан залууг цааш түлхэж унагааж түүнтэй маргалдаж ноцолдсон.  ...Би тухайн үед тэр хоёр залуугийн биед бэртэл гэмтэл учруулаагүй миний биед гэмтэл учирсан зүйлгүй гэж,

Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан баарны гадаа хоёр залуутай маргалдаж зодоон болж гэмт хэрэг үйлдэх болсон. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж,

Яллагдагч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би найз Д.Б-тай хамт гадуур явж байхдаа үл таних хүнтэй маргалдсанаар манай найз эхэлж түүнийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиж дараа нь би түүний нүүрэн хэсэгт цохисон. ..хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, бие биенээ нотолсон, эргэлзээгүй байна.

Түүнчлэн Шүүхийн Шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн ... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн   дугаартай дүгнэлтэд: 1.2. Т.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд сэтэрсэн шарх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дарааллыг тогтоох боломжгүй. 4.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэгдсэн бөгөөд дүгнэлтээс харахад хохирогчид учирсан гэмтлүүд олон тооны гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэн нь эхэлж цохьсон эсхүл аль гэмтэл нь түрүүлж үүссэн гэдэг дараалал тогтоох боломжгүй нөхцөл байдалтай байсан байх ба  шүүгдэгч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, хэргийн материалтай танилцаад мөн санал хүсэлт гаргаагүй баримттай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.

3 дахь хэсэгт: гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт  хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нар нь хохирогчийг цохиж зодохоор урьдчилан тохироогүй боловч тухайн цаг хугацаанд үйлдлээрээ нэгдэж  Б  хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж түүнийг гэрч Э  салгахаар Н  нь хохирогчийг цохиж зодож байгаа үйлдэл нь гэмт хэргийг хамтран бүлэглэж үйлдэж байгаа шинжийг агуулж байна. Иймээс шүүгдэгч нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б , Б.Н  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Н  Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах санал гаргаж байна. Энэхүү торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэргийн улмаас хохирогч Мөнхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. Хохирогч нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Баримтаар тогтоогдож байгаа 150.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Б , Б.Н  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Хэрэгт хохирогчийн толгойн зураг авхуулсан эмчилгээний зардал 150000 төгрөг төлсөн баримт авагдсан байх ба шүүгдэгч Д.Б , Б.Н  нар нь хохирол төлбөр төлөөгүй, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа бүлэглэн оролцсон тул хохирлыг адил тэнцүү хариуцуулах нь зүйтэй.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  Б.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Б , Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   овогт Д.Б ,   овогт Б.Н нар нь “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н Д.Б  нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н  Д.Б  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н , Д.Б  нараас тус бүр 75.000 төгрөг гаргуулан хохирогч ...... тоот хаягт оршин суух ........ овогт Т.М /РД:******/-т олгож хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н  Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ