Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 80

 

 

 

 

             Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

             Нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

             Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

              Хохирогч: А.Гантөмөр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

            Шүүгдэгч: Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Норовсамбуугийн Очирбатад холбогдох 201620000203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД: ПЮ78122334, Олхонуул овогт Норовсамбуугийн Очирбат.

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Очирбат нь 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг “Тээлийн бургас” гэх газарт иргэн А.Гантөмөрийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

            1. Хохирогч А.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр Борын ангийнхан хэсэг хүмүүс "Тээлийн бургас" гэх газар луу явж зугаалахаар болоод би тэд нартай хамт 2 машинаар явсан. Тухайн үед Тээлийн бургас явахад 8 хүн байсан ба манай эхнэр Бор түүний найзууд болон Сайхнаа Сараа Батчимэг, Монхоо нартай хамт явсан юм. Үлдсэн 2 хүний нэрийг мэдэхгүй байна. Бид нар тэнд шөнийн 1 цагийн орчим очоод 3 шил архи уугаад сууж байгаад би эхнэртэйгээ хамт бие засах санаатай босоод бид хоёр голын хөвөөн дээр очоод би эхнэрийгээ бие засаж байхад голын цаана гарч бие засчихаад ирье гээд ус гараад бие засаж байтал манай эхнэр гэнэт хашгираад Гантөмөр усанд урсаад явчихлаа гээд орилсон. Тэгээд би бие засаад эргэтэл 2 хүн миний өөдөөс хүрээд ирсэн юм. Миний өөдөөс ирсэн хүн Монхоо Хажуудаа Батчимэгийн нөхөртэй хамт ирээд Монхоо надруу хандаж чи яагаад жүжиглээд байгаа жүжигчин бэ гээд миний цээж рүү гараараа нэг удаа цохиж намайг унахад бос гэж хөлөөрөө хавирга руу өшиглөөд татаж босгоод миний зүүн дээд уруул руу нэг удаа гараараа цохиход миний уруул сэтэрч цус гарсан юм..."

            Тэгтэл Батчимэгийн нөхөр намайг салгаад аваад явсан. Миний уруул руу Монхоо юугаар цохисныг би мэдээгүй. Тухайн үед Монхоо бид 2-лаа архи уучихсан халамцуу байсан ба Монхоо бид хоёрын хооронд урдны өс хонзонгийн асуудал байхгүй. Би Монхоод гомдолтой байна эмчилгээнийхээ зардалыг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг, / хх-ийн 7-8-р тал /,

         2. Гэрч Т.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал 01:00 цагийн үед манайд манай найз болох Сарантуяа, Батчимэг, Батсүх, Бор, Гантөмөр, Сайхнаа, Батсүхийн найз болох Монхоо буюу Очирбат нар ирцгээсэн. Тэгээд манай найз Сарантуяа маргааш нь хот явах гэж байсан тул бид нар гадагш гарцгаахаар болоод Сарантуяа, Сайхнаа нарын машинд хуваагдаж суугаад гашууны голын постоор гараад Тээл рүү явцгаасан тэгээд Тээл дээр очоод бид нар 0.75 граммын архи 1 шил нэрийг нь санахгүй байна. Мөн 2.5 литерийн Боргио нэртэй пиво-1 ширхэгийг ууцгаасан бөгөөд Батчимэг Сайхнаа хоёр машин барьж байсан тул архи уугаагүй. Тэгээд бид нар юм ярьж байгаад машиныхаа хөгжим тавиад бүжиглэж байтал манай найз Бор гэнэт "манай нөхөр алга болчихлоо, хувцас нь голын хажууд байна" гээд орилсон тэгээд бид нар Борын нөхөр болох А.Гантөмөрийг хайгаад голын хажуугаар явж байтал голын цаад талд харганы хажууд үзэгдсэн тэгээд Батсүх, Очирбат хоёр голруу гүйж ороод голын цаад талд гарч Гантөмөр дээр очсон тэр гурав 5 орчим минутын дараа бид нараас нилээн доогуурхан гол гаталж гарч ирсэн. Тэгээд манай найзууд Гантөмөр дээр очицгоосон ба би араас нь очиж явтал Гантөмөр дахиад гол руу гүйж орсон. Тэгтэл араас нь дахиад Батсүх, Очирбат хоёр голруу орсон тэгээд бид нар тэр гурав учраа олчих байх гэж ярилцаад машин руу явсан тэгээд машин дээрээ очоод байж байтал 2 минутын дараа Батсүх, Н.Очирбат хоёр түрүүлж ирээд усанд норсон хувцасаа тайлаад байж байтал А.Гантөмөр ирээд "намайг зодчихлоо шүү дээ" гээд бид нар дээр ирсэн бөгөөд бид нар яваад очтол А.Гантөмөрийн уруул нь сэтэрчихсэн цус гарч байсан ба цээжин дээр цохичихлоо гээд цээжээ дараад байсан. Тэгээд би Н.Очирбат руу харахад өмсөж байсан цагаан өнгийн фудволк нь цус болчихсон байсан. Тэгээд Бор уурлаад Батсүх, Н.Очирбат хоёрт "хүн зодоод байхдаа яадаг юм, аргалаад аваад ирж болоогүй юм уу?" гэж хэлээд бид нар А.Гантөмөрийг аваад бүгдээрээ Нэгдсэн эмнэлэг дээр ирээд А.Гантөмөрийн урууланд оёдол тавиулсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10-р тал /,

            3. Гэрч  М.Борын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт манай найз Сарантуяа ирсэн. Тэгээд гадагш гаръя гэхээр нь би өөрийн нөхөр А.Гантөмөр, өөрийн найз Батчимэг, Батсүх, Сарантуяа нартай хамт 22 цаг орчмын үед Улаангом сумын 05 дугаар багт байрлах Ритм бүжгийн клубд очсон. Тэгээд бүжгэн дээр Батсүх өөрийнхөө найз Монхоо \Очирбат\-тай тааралдсан тэгээд тэр залуу бид нартай хамт бүжиглэсэн. Тэгээд 23 цаг 50 минутын орчим Ритм бүжгийн клуб хаасан тэгээд бид нар салхинд гарахаар болсон бөгөөд Н.Очирбат нь бид нартай хамт явахаар болсон тэгээд бид нар найз Энхжаргалыг гэрээс нь очиж аваад Сарантуяагийн машиныг Батчимэг барьсан, Сайхнаа өөрийнхөө машиныг бариад бид нар хоёр машиндаа хуваагдаж суугаад манай гэрийн хажуу талын дэлгүүрээс 0,5 литерийн 2 шил архи, 2.5 литерийн боргио нэртэй пиво нэгийг авсан тэгээд бид нар Улаангом сумын урд талын Гашууны голын постоор урагш гарч Тээлийн бургас гэх газарт очсон. Тэгээд бид нар гал түлээд юм яриад суунгаа авч явсан 2 шил архиа хувааж ууцгаасан бөгөөд тэр архинаас Батчимэг, Сайхнаа хоёр машин барьж явсан учраас уугаагүй бөгөөд бусад нь бүгд тэр архинаас ууцгаасан. Тэгээд би өөрийнхөө нөхөр А.Гантөмөртэй хамт голын хажууд юм яриад сууж байгаад би бие засахаар босоод явчихаад буцаад эргээд иртэл манай нөхөр хувцасаа тайлаад голын хажууд тавьчихсан байсан, бөгөөд өөрөө алга болчихсон байсан тэгээд нөхрөө алга болчихсон байхаар нь усанд живчихсэн байна гэж бодоод “манай нөхөр ус руу ороод алга болчихсон байна" гэж хэлээд найзуудаа дуудсан. Тэгээд бид нар А.Гантөмөрийг хайж байтал Батсүх, Н.Очирбат хоёр нь А.Гантөмөр голын цаад тал дээр зогсож байна шүү дээ гэсэн тэгээд хартал А.Гантөмөр голын цаана байсан тэгээд А.Гантөмөр гол гаталж байтал Батсүх, Монхоо буюу Н.Очирбат хоёр тосч авахаар урдаас нь голруу орсон бөгөөд тэр гурав бид нараас нилээд доогуур гарч ирсэн тэгээд зогсож байснаа А.Гантөмөр дахиад голруу гүйгээд орчихсон юм. Тэгтэл Батсүх Монхоо\Очирбат\ хоёр араас нь голруу ороод А.Гантөмөрийг тэр хоёр голдоо сугадчихсан голоос гарч ирсэн. Тэгээд би урдаас нь тосоод очтол манай нөхөр "намайг цагаан подвольктой Монхоо буюу Н.Очирбат зодчихлоо" гэсэн тэгээд би нөхрийгөө хартал уруул нь сэтэрчихсэн цус гарч байсан. Тэгээд би Монхоо\Н.Очирбат\ руу харахад Н.Очирбатын өмсөж байсан цагаан өнгийн подволк нь цус болчихсон байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад нэгдсэн эмнэлэг рүү явсан аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд А.Гантөмөрийн уруулыг оёулсан юм. Тухайн үед би цагдаа дуудах гэтэл Батчимэг хэл амаараа ойлголцсон дээр Монхоо \Н.Очирбат\ нь тэнсэнтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаагийн байгуулагад дуудлага өгөөгүй юм" гэх мэдүүлэг / хх-ийн 11-12-р тал /,

          4. Гэрч Х.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн нөхөр Батсүх найз Сарантуяа, Бор, Гантөмөр, Сайхнаа нартай хамт Ритм бүжгийн клубд уулзацгааж бүжиглэж байтал манай нөхрийн найз Н.Очирбат ирээд нөхөр бид хоёртой гар бариад бид нартай хамт бүжиглэж байсан юм. Тэгээд 23 цаг 50 орчим минутын үед бүжиг тарсан бөгөөд бид нар салхинд гарахаар болоод найз Энхжаргалыг гэрээс нь очиж авцгаасан тэгээд А.Гантөмөр гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс архи авсан яг хэдэн шил архи авсныг би мэдэхгүй байна. Тэгээд би найз Сарантуяагийн приус-11 маркын машиныг барьсан бөгөөд Сайхнаа бид хоёр тэр архинаас нь уугаагүй бөгөөд бусад хүмүүс нь тэр архийг хувааж уусан. Тэгээд бид нар машиныхаа хажууд бүжиглэж байсан ба Бор нөхөр Гантөмөртэйгээ голын хажууд юм яриад сууж байсан тэгээд бид нар бүжиглэж байтал гэнэт Бор "манай нөхөр алга болчихлоо, хувцасаа голын хажууд тайлаад тавьчихсан байна" гэж хэлсэн тэгээд бид нар бүгдээрээ Гантөмөрийг хайцгаасан тэгээд байж байтал нэг нь А.Гантөмөр голын цаана байна гэж хэлсэн. Манай нөхөр Батсүх А.Гантөмөрийг авахаар голруу ороод голын цаанаас А.Гантөмөрийг дагуулаад ирж байтал А.Гантөмөр Батсүхийн гарыг нь цохиод дахиад голруу орсон. Тэгээд Багсүх, Н.Очирбат хоёр А.Гантөмөрийг голоос дагуулаад гараад ирэхэд Гантөмөрийн уруул нь сэтэрчихсэн байсан тэгээд А.Гантөмөр "Очирбат намайг зодчихлоо" гэж хэлсэн. Тэндээс бид нар бүгдээрээ нэгдсэн эмнэлэг дээр ирж А.Гантөмөрийн уруулыг оёуулсан юм" гэх мэдүүлэг, / хх-ийн 13-р тал /,

          5. Гэрч Л.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал 21 цагийн үед манай эхнэр Х.Батчимэг надруу утсаар залгаж "чи бүжгэнд явах уу, манай ангийхан нийлчихсэн байна" гэсэн тэгээд намайг манай эхнэр Х.Батчимэг нь найз А.Гантөмөр, Сарантуяа нартайгаа хамт ирж авсан. Тэгээд бид нар Улаангом сумын 05 дугаар багийн нутагт байрлах Ритм бүжгийн клубд очицгоосон бөгөөд А.Гантөмөр, Сарантуяа, Бор .Батчимэг, Сайхнаа бид нар тэнд байтал би өөрийн найз Н.Очирбат \Монхоотой\ таарсан юм. Бид нар хамт бүжиглэж байгаад 23 цаг 50 минутын үед клубээс гарцгааж салхинд гарахаар болсон Н.Очирбат бид нартай хамт явахаар болсон бөгөөд бид нар Сайхнаа, Сарантуяа нарын машинд хуваагдаж суугаад Сайхнаагийн найз Энхжаргалын гэрт очоод Энхжаргалыг авсан. Бид нар Тээлийн бургас гэх газарт очоод гал түлээд тойрч суугаад юм ярингаа авч явсан 2 шил архиа хувааж ууцгаасан тэр архинаас Батчимэг .Энхжаргал нар уугаагүй. Тэгээд байж байтал Бор "манай нөхөр алга болчихсон байна" гэсэн тэгээд бид нар А.Гантөмөрийг хайгаад голын хажуугаар орилоод явж байтал А.Гантөмөр нь голын эсрэг талд нүцгэн зогсож байсан тэгээд бид хувцастайгаа голруу ороод А.Гантөмөрийг дагуулаад усны голд орж явтал А.Гантөмөр миний гарыг мулжчихаад гараа сугалаад гол руу орчихсон тэгэхээр нь би өөрийн найз Н.Очирбатыг дуудаад "хүн үхлээ араас нь ороо" гэж хэлсэн. Н.Очирбат гол дагаж гүйж байгаад гол руу орсон бөгөөд голоос гарсан тэгээд би голын эрэг дээр хөнжил нөмрөөд сууж байтал Н.Очирбат "бариад авчихлаа" гэхээр нь би гүйж очоод голын хажуу талаас Н.Очирбат, А.Гантөмөр нарыг татаж гаргасан. Би яваад очтол А.Гантөмөрийн уруул нь сэтэрчихсэн байсан тэгээд бид нар эмнэлэг рүү явцгаасан юм." гэх мэдүүлэг / хх-ийн 14-р тал /,

            6.Гэрч П.Сайханбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын 05 дугаар багт байрлах Ритм бүжгийн клубд байж байтал манай найз Батчимэг, Батсүх, Бор, А.Гантөмөр нар бүжгийн клубд орж ирж бүжгэлцгээсэн тэгээд 23 цагийн үед тэндээсээ гараад бид нар Энхжаргалын гэрт очиж түүнийг аваад дэлгүүр орж 0,5 литрийн 2 архи аваад Тээлийн бургас гэх нэртэй газар очисон юм. Бид нар гал түлээд архиа тойруулаад сууж байтал Бор гэнэт “А.Гантөмөр алга болчихлоо, хувцас нь голын эрэг дээр байна гээд орилсон” тэгээд бид нар хайж байтал А.Гантөмөр голын цаана байж байсан түүнийг Н.Очирбат, Батсүх нар голоос дагуулж гарч ирсэн. Тэгтэл А.Гантөмөр дахиад гол руу орчихсон түүнийг Н.Очирбат, Батсүх 2 араас нь ороод дагуулж гарч ирсэн тэгтэл А.Гантөмөрийн уруул нь сэтэрчихсэн цус гарж байсан тэгээд би машиндаа суулгаад нэгдсэн эмнэлэгийн 103 дээр авчирсан юм. Маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр А.Гантөмөртэй уулзахад намайг өндөр цагаан цамцтай Н.Очирбат цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р тал /,

          7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 417 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч А.Гантөмөрийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулын салстад язарсан шарх, үүдэн нэг шүдний сулрал, цээжний баруун хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал /,

            8. Шүүгдэгч Н.Очирбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 41-42р тал /,

            9. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд. /хх-ийн 43-53-р тал/,

        10. Шүүгдэгчийн мөрдөн байцаах газарт гаргаж байсан хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тогтоол. /хх-ийн 62-63-р тал/

            11. Хохирогч А.Гантөмөрийн “Амбулториор эмчлүүлэгсдийн карт”. / хх-ийн 59-60-р тал /,

            12. Хохирогчийн хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт. 

          13. Шүүгдэгч Н.Очирбатын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Би голын эрэг дээр гаргаж ирэх үед Гантөмөр газарт хэвтчихээд босохгүй байсан мөртлөө зүгээр амьсгалж байсан. Тэгээд би Гантөмөрийн хацарт нь өөрийнхөө баруун гараараа 2 удаа алгадаж чи одоо залуу маяглаад байхгүй сэрэлдээ гэж хэлсэн. Тэгтэл Гантөмөр босч ирээд заа заа найз нь одоо сэргэчихлээ, хоёулаа ийшээ гол гарч нөгөө хэд дээрээ очьео гэсэн бөгөөд гол гатлаад голын эсрэг талд байсан газрынхаа хажууд иртэл бид хоёрын урдаас Батсүх гүйж ирээд Гантөмөрийг сугадаж аваад бид нар анх байсан газар буюу машин дээрээ очсон. Тэгээд байж байтал Гантөмөрийн эхнэр Бор “Гантөмөрийн уруул сэтэрчихсэн байна, оёдол тавиулах хэрэгтэй боллоо” гэж хэлсэн. Гэтэл Гантөмөр намайг зодчихсон юм бишүү гэж хэлсэн. Тэгээд бид нар яаралтай эмнэлэг явъя гээд бүгдээрээ эмнэлэг явцгаасан. ...А.Гантөмөр нь тэр өдөр өөрөө эхнэртэйгээ муудалцаад үхнэ гэж хэлээд үерэлчихсэн байсан гол руу гүйж орсон бөгөөд би тэр хүний амь насыг аварч гол руу орж голоос гаргаж байхад миний урьд өмнө хэрэгт холбогдсон сул талыг далимдуулж надаас мөнгө авах гэж цагдаад өгсөнд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-31 тал/

         Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ритм гэдэг бүжгийн клубийн дэргэд ангийнхаа найзтай уулзаж, түүний машиныг жолоодож өгөхийг надаас гуйсан тул би зөвшөөрч түүний би машин барьж Тээлийн голд шөнө очиж шөнөжин тэндээ байж байгаад өглөө 5 цагийн үед тухайн газарт байсан эмэгтэйчүүд уйлж А.Гантөмөрийг хувцсаа тайлаад алга болсон байна гэхээр Батсүх бид хоёр хайгаад зогсож байтал голын цаана Гантөмөр байсныг хараад гол гатлаад авч ирээд байж байтал дахин голын ус руу ороод Батсүх би дийлэхгүй байна гэсэн тул би түүнийг усанд байхад нь яасан их маяглаад байдаг юм вэ? гээд түүнийг цохисон. Тухайн үед голын ус үерлэсэн ус ихтэй байсан тул түүнийг усанд живэх байх гэж бодоод ямар нэг аргаар уснаас гаргахгүй бол болохгүй гэж бодож байсан. Удалгүй Гантөмөрийн уруулнаас цус гарч байна гээд бид бүгд эмнэлэг орж оёдол хийлгээд маргааш өдрөөс нь би хөдөө хэд хоног яваад ирэх үед цагдаад Гантөмөр нь гомдол гаргасан байсан. Өөрийн анхаарал боломжгүйгээс дахин гэмт хэрэгт холбогдсон, хийсэн алдаандаа харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

        Шүүгдэгч Н.Очирбат нь 2016 оны 8 дугаар сарын 7-нд шилжих шөнө Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг “Тээлийн бургас” гэх газарт иргэн А.Гантөмөрийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Гантөмөр, гэрч Т.Энхжаргал, Х.Батчимэг, М.Бор, Л.Батсүх нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Гантөмөрийн биед хөнгөн /дээд уруулын салстад язарсан шарх, үүдэн нэг шүдний сулрал, цээжний баруун хэсэгт зөөлөн эдийн/ гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 417 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдсон, шүүгдэгч Н.Очирбат нь урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, түүний ялтай байдал арилаагүй байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

       Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Н.Очирбатыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмт учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

          Шүүгдэгч Н.Очирбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, 300.000 төгрөгийг хохирогч А.Гантөмөрт төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. 

         Шүүх шүүгдэгч Н.Очирбатад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч Н.Очирбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Олхонууд овогт Норовсамбуугийн Очирбатыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Н.Очирбатад 340 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Н.Очирбат нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солихыг дурьдсугай.

       4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эл хөрөнгөгүй, шүүгдэгч Норовсамбуугйин Очирбатаас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Н.Очирбатад өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА