| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2019/0221/Э |
| Дугаар | 00039 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00039
2019 10 16 2019/ДШМ/39
Э.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Л.О,
Шүүгдэгч: Э.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.М,
Нарийн бичгийн дарга: П.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолтой Э.А-д холбогдох 1938002190218 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.С-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С овогт Э-ийн А, ... оны ... дугаар сарын 0...-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....................../.
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 3 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух гэрт нь иргэн Т.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С овогт Э-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э-ийн А-г 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.А-г хохирогч Т.О харилцах, архи согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хязгаарлаж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгчид тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.А нь энэ хэргийн улмаас учирсан хор уршиг 2,370,370 төгрөгийн хохирлыг шүүх хуралдааны шатанд төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогч Т.О-ийн 5,215,001 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А-с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмэгтэй хүний хөх өнгийн дотоож 1 ширхэг, бор өнгийн ноосон малгай 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч Э.А-г учруулсан хохирлыг төлж, хохирогчоос “...уучлалт гуйсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо...” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Э.А хохирлыг бүрэн гүйцэт төлөөгүй болно. Нийт 7,585,371 төгрөгийн хохирол Т.О-т учирсан бөгөөд анхан шатны шүүх үзэхдээ зөвхөн эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан, зарим замын зардлыг бодит хохирол гээд бусад нь бодит хохирол биш гэж үзсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Э.А хохирлыг цаашид төлөхийг илэрхийлээгүй, шүүх хурал дээр хохирогчоос уучлалт гуйсан нь албан ёсоор уучлалт гуйсан гэж ойлгохгүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Э.А-д оногдуулсан 5 жилийн тэнсэн харгалзах ялыг хорих ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Э.Алтантулга нь 2019 оны 3 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух Т.О-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, хохирогч Т.О, гэрч Б.Б, Э.Ү, С.Б нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны 127 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Э.А-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.А-г хохирогч Т.О харилцах, архи согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хязгаарлаж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Шүүгдэгч Э.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Сийн “...Э.А хохирлыг бүрэн гүйцэт төлөөгүй. Нийт 7 585 371 төгрөгийн хохирол Т.О-т учирсан бөгөөд анхан шатны шүүх зөвхөн эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан, зарим замын зардал бодит хохирол бусад нь бодит хохирол биш гэж үзсэнд гомдолтой байна. Ялтан Э.А хохирлыг цаашид төлөхийг илэрхийлээгүй, хохирогчоос шүүх хурал дээр уучлалт гуйсан нь албан ёсоор уучлалт гуйсан гэж ойлгохгүй байна. ...тэнсэн харгалзах ялыг хорих ялаар шийтгэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь шүүгдэгч Э.А хувьд тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2 370 370 төгрөг гэж анхан шатны шүүх үзсэнийг шүүх хуралдааны шатанд 2 375 000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үздэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн өмгөөлөгч Д.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Н.БАЯРХҮҮ