Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/ШШ2024/0042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар анхан шатны журмаар С.М нэхэмжлэлтэй Мбанд холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч С.Маас “2005-2012 оны хугацаанд Мб түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушааж буй иргэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байсан болохыг тогтоолгож, хууль бусаар суутган авсан 428,200,327 төгрөгийн хохирлыг Мбнаас буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Мбинд холбогдуулан гаргажээ.

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гэрч С.Б, гэрч Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

Хэргийн индекс: 221/2023/0062/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Маас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

             1.С. М би 2005-2012 оны хооронд Улаанбаатар хот, 21 аймгийн томоохон зах худалдааны төвүүд дээр ажилладаг иргэд болон ломбардуудаас алт, монетан эдлэлүүд бэлэн мөнгөөр худалдан авч цуглуулж, бөөгнүүлэн Мбны эрдэнэсийн санд тушааж орлого олдог байсан. Дээрх хугацаанд Мбны эрдэнэсийн санд тушаасан алтандаа нийт 428,200,327-(дөрвөн зуун хорин найман сая хоёр зуун мянга гурван зуун хорин долоон)- төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) гэж суутгуулсан байдаг.

             2.Хариуцагч Мб нь миний тушаасан алтны үнийг тогтоохдоо, тухайн өдрийн алтны дэлхийн зах зээлийн үнийг тэр өдрийн төв банкны ам долларын ханшаар үржүүлээд төгрөгт шилжүүлэн нийт үнийн дүнгээс АМНАТ-г шууд суутган авч үлдэгдэл мөнгийг иргэний тушаасан алтны үнэ, мөнгөний үнэ гэсэн гүйлгээний утгаар Голомт, Хаан банк дахь миний эзэмшдэг данснууд руу шилжүүлэх замаар арилжааг хийдэг байв. Гэтэл 2019.03.26-ны өдөр Улсын Их Хурлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа тухай ТВ-ээр гарч байгааг миний бие үзээд, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээд л АМНАТ төлдөг, хувь хүн төлөх ёсгүй, тэр тусмаа над шиг алт, үнэт эдлэл худалдан аваад банканд тушаасан иргэнээс авах ёсгүй болохыг мэдсэн юм. Ингээд би Мбинд хандаж АМНАТ суутгаж авсныг илт хууль бус гэж төлсөн мөнгөө буцааж авахаар өргөдөл, гомдол гаргасан боловч Мбны зүгээс 2022 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн Б-10/24 тоот албан бичгээр "Монгол улсын нутаг дэвсгэрээс ашигт малтмал олборлосон, худалдсан, худалдан авсан аль ч этгээд байгалийн нөөц ашигласны төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны албан татварыг улсын төсөвт төлөх асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан байдаг, Мб нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-ын дагуу Мбанд алт, мөнгө тушаасан иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хуульд заасан татварын хувь хэмжээний дагуу татвар ногдуулж, Татварын ерөнхий газрын төрийн сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг хийдэг тул нөөц ашигласны төлбөрт суутгагдсан төлбөрөө буцаан авах асуудлыг Татварын ерөнхий газарт хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Уг хариунд бичсэн Засгийн газрын 220 дугаар тогтоол нь миний алт тушааж байсан хугацаанаас даруй 2 жилийн дараа гарсан байдаг тул Мбинд дахин хандаж өргөдөл гомдол гаргасан.

             3.Гэтэл Мбны зүгээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б-10/193 тоот албан бичгээр "... Өргөдөлд дурдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасантай холбоотой харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байх тул 2022 оны Б-10/24 дугаар албан бичгээр хүргүүлсэн өргөдлийн хариу нь үндэслэлтэй бөгөөд дор дурдсан нэмэлт тайлбарыг хүргүүлж байна. Мб нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгийн дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээдэг болно. Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь хууль тусгайлан заасан эсхүл Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэн нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг 2005-2012 оны хооронд алт тушаасан иргэнд буцаан хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй болно" гэсэн хариуг ирүүлсэн. Гэсэн атлаа АМНАТ суутгасан мөнгийг яагаад буцааж өгөхгүй байгаа болон Мбнаас АМНАТ суутгаж авахаар гаргасан тухайн үеийн шийдвэр тогтоолоо өгөөч гэхээр тодорхой хариу өгдөггүй юм.

             4.Нэхэмжлэгч миний хувьд 2005-2012 оны хооронд Мбинд алт тушааж байсан ба банк надаас иргэнээр үү эсхүл аж ахуйн нэгжээр алт тушааж байгаа тухай асууж тодруулж байгаагүй шууд л суутгаад авчихдаг байсан. Хариуцагч Мб нь хууль буцаан хэрэглэхгүй гэх тайлбар, хариу өгч байгаа атлаа хуулиа буцааж хэрэглээд миний банканд тушаасан алтнаас АМНАТ-гэж шууд суутгал хийж 428,200,327 төгрөгийн хохирол учруулж, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Монгол Улсын иргэн хуулиар хориглосноос бусад ажил үйлчилгээ эрхэлж орлого олох эрхтэй байдаг. Миний эрхэлсэн ажил бол хуулиар хориглоогүй болно. Хариуцагч Мб хуулиар олгогдоогүй эрх эдэлж, хуульд заасан үндэслэл байхгүй байхад иргэн миний 2005 2012 оны хооронд тус банканд тушаасан алтнаас АМНАТ тооцож суутгасан нь илт хууль бус үйлдэл юм. Мбны энэхүү илт хууль бус үйлдэл нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй ба нөгөө талаар илт хууль бусаар суутгал хийж 428,200,327 төгрөгийн хохирлыг иргэн надад учруулсан тул Мбны илт хууль бус үйл ажиллагааны үр дагавар болох 428,200,327 төгрөгийг буцааж авах эрхтэй гэж үзэж байна.

          5.Мбанд суутгагдсан татвараа буцаан авах тухай удаа дараа хүсэлт гаргаж байхад надад татварыг буцаан олгохгүй байгаа нь банк эс үйлдэхүйгээрээ мөн миний эрхийг зөрчиж байна. Тодруулж хэлбэл, захиргааны байгууллага дээрх илт хууль бус үйлдэл, үйл ажиллагаагаар надад Үндсэн хуулиар олгогдсон хөрөнгө шударгаар олж авах эрхийн зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

          Нэхэмжлэгч С.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          6.Мбны юуг нь хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулаад байна гэж үзээд байна гэвэл 2019 оноос хойш Мбанд албан бичгээр би танайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг удаа дараа их хэмжээгээр төлж байсан юм байна. Гэтэл энэ нь ямар үндэслэл, хууль, журмын дагуу авагддаг байсан юм бэ, Мбны ерөнхийлөгчийн тушаал юм уу ямар нэг шийдвэрээр авдаг бол тэрийгээ хэлээд өгөөч гэхэд тодорхой бус хариу өгдөг байсан. Би Мбнаас бичгээр 3, 4 хариу авсан байгаа. Энэ материал хавтаст хэрэгт байгаа. Сүүлд нь юу гэж тайлбарладаг вэ гэвэл та өөрөө арилжаа наймаа хийж байгаа хүний хувьд тодорхой хуулийг мэдэж байгаа байх гэж бодож байна. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д зааснаар бид танаас суутгаж авдаг гэж тайлбарладаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг харахад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрлийг Монгол Улсад зөвхөн аж ахуйн нэгжид олгодог юм байна. Хувь хүн тусгай зөвшөөрөл авах боломжгүй учраас би хувь хүн гэдгээр тус төлбөрийг төлөх ёсгүй байжээ, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар авах ёсгүй байсан юм биш үү гээд Мбанд дахин ханддаг.

            7.Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг үндэслээд Засгийн газрын 272 дугаар тогтоол гарсан юм. Тогтоолоор ашигт малтмалтай холбоотой энэ төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам гарсан. Үүнд иргэн гээд нэг үг орчихсон байгаа юм, энийг үндэслээд авсан гээд Мб тайлбарлачихдаг. 272 дугаар тогтоолыг миний эрх, ашгийг зөрчсөн байна, иргэн гэж оруулж болохгүй. Үүний дараа 288 дугаар тогтоол гараад өмнөх тогтоол хүчингүй болчихсон байжээ.

8.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж үзээд хүчингүй болгосон юм байна. Тэгэхээр миний маргаад байгаа мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх асуудал, иргэн тус төлбөрийг төлөх нь Үндсэн хууль зөрчсөн юм байна гэдэг агуулгаар эрх ашгаа зөрчигджээ гэж үзээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан юм” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.”...Эхнийх нь Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байгаа. Тайлбар хэсгийн 7, 8 дугаар хэсгүүд дээр ашигт малтмалын нөөц ашигласантай холбоотой, нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлууд гарч байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан нөхцөл байдалтай холбогдуулаад тайлбарлах зайлшгүй шаардлагатай байна гэдэг үндэслэлээр Улсын дээд шүүхийн дүгнэлт хийсэн байгаа. Манай үйлчлүүлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа хэсэг дээр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэдэг агуулга байгаа. Энэ нь ямар үр дагавартай вэ гэвэл нэгдүгээрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг нь өөрөө ямар агуулгатай юм гэдэг дээр шүүхээс дүгнэлт өгөөсэй.

10.Нэхэмжлэгч С.М энэ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ашигт малтмалын нөөц ашиглаад байгаа эдгээд мөн юм уу, хуульд тусгайлан заасан субъект мөн үү, биш юм уу. Энэ нөөц ашигласны төлбөрийг Мб өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2006 оны 272 дугаар тогтоол байгаа анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх Мб 272 дугаар тогтоолд заасны дагуу бид төлбөр авч байсан гэсэн тайлбар өгдөг. Гэвч сүүлд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт зааснаар бол өөрөө хувь хэмжээгээ тогтоогоод буюу тухайн анх нэхэмжлэгчийн маргаж байсан 272 дугаар тогтоолоор иргэнээс ийм тохиолдолд аваа гэж тусгайлан заагаагүй байхад Мб өөрөө хуулиар болон ямар нэгэн журмаар олгогдоогүй, мэдээж татвар ногдуулах харилцааг журмаар тогтоох боломжгүй, зөвхөн хуулиар л татвар оногдуулах ёстой гэж Үндсэн хуульд заасан. Тэгэхээр ингэж тусгайлан заагаагүй байхад иргэдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авч байсан үйл баримтууд хэрэгт тодорхой тусгагдсан байгаа.

11.Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулаад тухайн эрх зүйн харилцаа байсан уу, үгүй юү гэдэг дээр Мбны зүгээс тайлбар ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн харилцааг байгаагүй, авч байгаагүй ээ гэдэг юм уу, эсхүл энэ харилцаа байсан боловч ийм шаардлагатай байсан гэсэн дүгнэлт, тайлбар хэлээгүй. Өмгөөлөгчийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ёстой. Нэгэнт эрх зүйн харилцаа тогтоож байгаа үйл баримтын хүрээнд Мбны зүгээс тухайн үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгаад, иргэн С.Маас 428 сая төгрөг буюу нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр төлбөр суутган авсан гэдэгтэй урьд өмнө нь хэзээ ч маргаж байгаагүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол ач холбогдол бүхий эрх зүйн харилцаа байсан, энэ харилцаа үүсээд үүрэг оногдоогүй байтал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авчихсан энэ үйл явдлыг л тогтоогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 30 дугаар тогтоолд дурдаад байгаа энэ нэхэмжлэлийн үндэслэл болон агуулгыг харах юм болбол 30 дугаар тогтоолд заасан чиг үүрэгтэй харилцаа байсан, энэ үүрэг оногдоогүй байхад төлбөр суутган авч байсан гэдэг нь хангалттай нотлогдох юм байна гэж үзэж байна” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

          12.УИХ-аас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уул уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Уг хуулийн 4.1.7 дахь заалтад “"ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ.” гэж тодорхойлсон бөгөөд ашигт малтмалыг олборлохоос гадна бүтээгдэхүүн бий болгож борлуулахыг мөн адил ашигт малтмал ашиглах ажиллагаанд хамааруулжээ.

          13.2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дахь хэсэгт "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална." гэж заасны дагуу 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг Засгийн газрын 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталж, АМНАТ-ын хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах төлөх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Энэ журмын 2 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалын үнэлгээнээс тооцно." гэж заасан бөгөөд мөн журмын 5 болон 7 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл бүхий алт олборлогч" болон "иргэн, хуулийн этгээд" гэх субъектийг ялгаатай байдлаар тусгаж, алт тушаасан субъектээс үл хамааран төлбөрийг суутгах зохицуулалттай байна.

          14.Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт журам батлах эрхийг олгож, хууль болон хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн баталсан дээрх журмын 7 дугаар зүйлийг Мб тус хэргийн маргаан бүхий харилцаанд мөрдөж ажилласныг буруутгах үндэслэлгүй болно. Мб нь Засгийн газрын 272 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэн холбогдох суутгалыг тухай бүр Улсын төсвийн данс руу шилжүүлэн ажиллаж байсан бөгөөд Мб уг суутгалтай холбоотой аливаа үүрэг, хариуцлага хүлээх этгээд биш юм.

          15.Иймд, Мб нь холбогдох цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгаж төсөвт шилжүүлсэн нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          16.“...2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гээд хувь хүн гэж тодорхой зааж өгсөн. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж тодорхой заасан. Тиймээс Мбхууль бусаар нэхэмжлэгчээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суулгаж өөртөө авсан үйлдэл харагдахгүй байна.

          17.Уг төлбөрийг Мбнаас гаргуулж авна гээд байна. Нэхэмжлэгч Мб түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаахдаа баримт үйлдэж, төсвийн татвар гэж авсан гэж байна. Төсвийн татвар гэдэг нь Мб өөрөө дур мэдэж, эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрөө тогтоосон татвар биш. Энэ нь маргаан бүхий хугацаанд мөрдөгдөж байсан Монгол Улсын хуульд заасан, хуулийн шаардлага биелүүлж, татварыг суутгаж өөртөө авалгүйгээр зохих байгууллагад шилжүүлэх ажиллагааг хийдэг. Энэ шилжүүлэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч Мб өөрөө дур мэдэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгаж авчхаад захиран зарцуулдаг гэдэг байдлаар үзээд байна. Төсөвт шилжүүлсэн мөнгийг Мбнаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Мб жил бүр УИХ-д санхүүгийн тайлангаа тайлагнаж, УИХ-аас удирдлагууд нь томилогдож явдаг. Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага жил бүр гэрээний дагуу бүх үйл ажиллагаанд байнга аудит хийж явдаг. Аудит хийх явцад Мб хууль зөрчсөн, илүү татвар нэмж суутгаж, хууль бус татвар иргэн, аж ахуйн нэгжээс хураан авсан бол маш том асуудал үүснэ. Мб хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь олон улсын байгууллагын тайлан, зөвлөмжүүдээр нотлогдоно” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Маас Мбинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасны дагуу Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхээс анхан шатны журмаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

Маргааны үйл баримт, маргаж буй зүйлийн тухайд:

1.Нэхэмжлэгч нь 2005-2012 оны хугацаанд алтны борлуулалтын үнээс 428,200,327 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутгуулан төлсөн төлбөрийг буцаан авахаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Мбинд хүсэлт[1] гаргажээ.

2.Мбны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б-10/24 дүгээр албан бичгээр[2] “...Мб  нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын дагуу Мбинд алт, мөнгө тушаасан иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хуульд заасан татварын хувь хэмжээний дагуу татвар ногдуулж, Татварын ерөнхий газрын төрийн сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг хийдэг тул нөөц ашигласны төлбөрт суутгагдсан төлбөрөө буцаан авах асуудлыг Татварын ерөнхий газарт хандан шийдвэрлэнэ үү” гэх хариу өгчээ.

3.С.Маас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дахин Мбанд хандан “...Миний хувьд алт, мөнгө худалдаж, шууд төлбөрийн тооцоог Мбанд хийсэн. Иймд нөөц ашигласны төлбөрийг буцаан авах боломжгүй бол хууль зүйн үндэслэл бүхий тайлбар өгнө үү” гэх хүсэлт гаргасан.

4.Мбны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б-10/193 дугаар албан бичгээр[3] “...Мбны Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгийн дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээдэг болно. ...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийг 2005-2012 оны хооронд алт тушаасан иргэнд буцаан хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй болно” гэх хариу өгсөн байна.

5.Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газрын тосны газарт “...С.М нь өөрийн нэр дээрх компаниуд дээр уул уурхай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байсан эсэх одоогоор тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаар лавлагаа гаргаж өгнө үү” гэх хүсэлт[4] гаргажээ.

6.Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8/1567 дугаар албан бичгээр[5] “...Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн бүртгэлд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн ..нэр бүхий хуулийн этгээдүүд бүртгэлгүй байна” гэх хариуг ирүүлжээ.

7.Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Татварын ерөнхий газарт “...холбогдох хууль тогтоомж, төлбөр суутгагдсан асуудлыг судлан үзэж Мбинд алт тушаагч иргэн С.Маас нөөц ашигласны төлбөрт суутгагдсан 293,720,702 төгрөгийг С.Мын ...тоот дансанд тушааж өгнө үү” гэх хүсэлт[6] гаргасан байна.  

8.Үүнд Татварын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09/1033 дугаар албан бичгээр[7] “...Хүсэлтэд дурдсан хугацаанд хамрагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Төрийн өмчийн газар, газрын хэвлийгээс эрдэс баялаг /-ийн / нөөц ашиглуулсны ...төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж заасан заалтыг үндэслэн өөрөө газрын хэвлийгээс олборлоогүй ч, өөр бусад этгээдийн олборлосон алтыг худалдан авч, банкинд худалдсан нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон эрдэс баялгийн нөөцийг ашигласны төлөө төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх, нөөц ашигласны төлбөр тооцогдохгүй байх үндэслэл болохгүй. Иймд таны 2005-2012 онд төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буцаан олгогдохооргүй байна.” гэх хариу өгчээ.

9.Мбны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б-10/1021 дугаар албан бичгээр[8] “...С.Мын 2005-2012 оны хооронд Мбны эрдэнэсийн санд тушаасан алтны мэдээ[9]”-ний дэлгэрэнгүйг ирүүлжээ.

10.Улмаар нэхэмжлэгчээс Мб, Татварын ерөнхий газарт холбогдуулан “Мб 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ашигт малтмалын лиценз эзэмшигч, олборлогч аж ахуй нэгжтэй адилтган 2005 оноос 2012 оны хооронд алт тушаагч иргэнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг банканд худалдсан алт, мөнгөний үнийн дүнгээс 5-10 хувиар тооцон шууд суутган авч байсан нь хууль бус үйл ажиллагаа болохыг тогтоолгох, Мб алт тушаагч иргэнээс АМНАТ суутган авахдаа Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулиудад нийцэж байгаа эсэхийг нягтлаагүй, улсын төв банк өөрийн дотоод нэгж эрдэсийн сангийн үйл ажиллагаагаа хуульд нийцүүлээгүйн улмаас хууль бусаар суутгуулсан 293,720,702 төгрөгийн хохирол учирсныг тогтоолгож, хохирлоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу Мб, Татварын ерөнхий газраас буцаан гаргуулж авах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6321 дугаар шүүгчийн захирамжаар[10] захиргааны хэрэг үүсгэжээ.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1314 дугаар захирамжаар[11] “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр УИХ-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх бөгөөд тус нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Мбнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байна. Иймд, хуулиар шүүхийн харьяаллыг өөрчилсөн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Мбанд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

12.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 881 дугаар захирамжаар “иргэн С.Маас 2005-2012 оны хооронд тушаасан алтнаас АМНАТ суутгаж авсан Мбны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, АМНАТ гэж хууль бусаар суутгаж авсан 428,200,327 төгрөгийн хохирлыг Мбнаас буцааж гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр Мбинд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.      

13.Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мбинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2005-2012 оны хугацаанд Мб түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушааж буй иргэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байсан болохыг тогтоолгож, хууль бусаар суутган авсан 428,200,327 төгрөгийн хохирлыг Мбнаас буцаан гаргуулах” гэж өөрчилжээ.

14.Нэхэмжлэгч С.М нь 2005-2012 оны хооронд Улаанбаатар хот, 21 аймгийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажилладаг иргэд болон ломбардуудаас алт, монетан эдлэлүүд, шороон алт зэргийг бэлэн мөнгөөр худалдан авч цуглуулаад Мбны Эрдэнэсийн санд тушааж, орлого олдог байсан, тэрээр 2005-2012 онд Мбны Эрдэнэсийн санд 5,328,171,049.94 үнийн дүн бүхий алтыг тушаасан, уг тушаасан алтнаас 329,844,308.29 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээр Мб суутган авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт[12], гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

15.Нэхэмжлэгчээс “Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоол нь хуулиар эрх олгогдсон байх, хууль болон эрэмбийн эрх зүйн актад нийцсэн байх шаардлагыг зөрчсөн. Үндсэн хуульд хуулиар ногдуулсан албан татварыг иргэн төлөхөөр заасан, Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд АМНАТ төлөхөөр заасан, нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул АМНАТ төлөх үүрэггүй, шүүхээс 2005-2012 оны хугацаанд  Мбинд алт тушааж байсан нэхэмжлэгч иргэн АМНАТ-ийг төлөх үүрэггүй байсан, Мб нь нэхэмжлэгчээс тухайн үед АМНАТ авах эрхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаснаар иргэн С.Мын 2005-2012 онд төлсөн  428,200,327 төгрөгийг буцаан гаргуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх юм. Мб хуулиар олгогдоогүй эрх эдэлж, хуульд заасан үндэслэл байхгүй байхад иргэн миний 2005-2012 оны хооронд тус банканд тушаасан алтнаас АМНАТ- тооцож суутгасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

16.Харин хариуцагч талаас “Мб аливаа хууль бус, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй, Татварын ерөнхий хуулийн 5.7-д төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг ашигласны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс төлбөр авч улсын төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлэхээр заасан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д татварын хуулийн татвар ногдох зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүргийг хувь хүн, хуулийн этгээдэд хүлээлгэж, татвар төлөгч гэж тодорхой заасан, УИХ-иас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д зааснаар баталсан Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор баталсан журмын 5 болон 7-д “алт олборлогч иргэдийн тушаасан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авч, улсын төсвийн дансанд шилжүүлэхээр  заасны дагуу Мб төлбөр авч байсан, Мб дур мэдэн, эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрөө тогтоосон татвар биш” гэж тайлбарласан.

Маргааны тохиолдолд хамаарах хууль хэрэглээний тухайд:

17.Хэргийн оролцогчдоос 2005-2012 онд үйлчилж байсан хууль тогтоомжоор Мбаас алт тушаасан иргэдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хураан авч, төсөвт төвлөрүүлэх бүрэн эрхтэй байсан эсэх, алт тушаасан иргэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй байсан эсэх, ийм эрх зүйн харилцаа байсан эсэхтэй холбоотойгоор маргаж байх тул тухайн маргааны үйл баримтад холбогдох хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, эрх зүйн зохицуулалтыг судлав.

18.Мбны АМНАТ-ийг суутган авахтай холбоотой хуулиар олгосон бүрэн эрхийн тухайд:

18.1.УИХ-аас 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мб үнэт металл, эрдэнийн чулууг худалдан авч, төлбөр хийхдээ дэлхийн зах зээлийн үнийг баримтална.” гэж заасан. Мөн УИХ-аас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн (2006-2012 онд мөрдөгдөж байсан өөрчлөлт ороогүй хувилбар Төрийн мэдээлэл, 2006 он, Дугаар 30)  46 дугаар зүйлийн 46.3-д “Мб үнэт металл, эрдэнийн чулууг худалдан авч, төлбөр хийхдээ дэлхийн зах зээлийн үнийг баримтална.” гэж мөн заажээ.

18.2.УИХ-аас 1994 онд баталсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “"үнэт металл" гэж алт, мөнгө, ...ийг хэлнэ”, 4 дэх заалтад "эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Мб эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрдэнэсийн санг Мб эрхэлнэ.”, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрдэнэсийн сангийн орлого нь ..., иргэдээс улсад худалдсан...түүнчлэн хууль тогтоомжийн дагуу хураасан, ...хадгалуулсан, тушаасан эрдэнэсээс бүрдэнэ.”, Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мб энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:”, мөн хэсгийн 6-д “гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах” гэж тус тус заажээ.

            18.3.Мөн УИХ-аас 1992 онд баталсан Монгол Улсын Төсвийн тухай хуулиар 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ:”, татварын орлого Татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ. УИХ-аас 2002 онд баталсан Монгол Улсын Нэгдсэн Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улсын төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:”, 9.1.6.-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь” гэж зохицуулсан.  

 

18.4.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Мб нь Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн хуримтлалыг бүрдүүлэх зорилгоор үнэт  металл болох алтыг иргэд, хуулийн этгээдээс худалдан авах үйл ажиллагааг эрхэлдэг.

Иймээс нэхэмжлэгч иргэнээс алтыг худалдан авахдаа хуульд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авч, уг төлбөрийг улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг татварын орлогын дансруу тухай бүр шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг нэхэмжлэгчийн маргаж буй “Мб хуулиар олгогдоогүй эрх эдэлж, хуульд заасан үндэслэл байхгүй байхад иргэн миний 2005-2012 оны хооронд тус банканд тушаасан алтнаас АМНАТ тооцож суутгасан” гэх үндэслэлээр “хууль бус” гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

19.“Алт тушаагч иргэн АМНАТ төлөгч биш” гэх маргааны үйл баримтад холбогдох 2005 оноос-2006 оны 07 сарын 08-ний хугацаанд (Ашигт малтмалын тухай 2006 оны хууль мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд) хүчин төгөлдөр дагаж мөрдөж  байсан эрх зүйн  зохицуулалтын хувьд:

19.1.Тухайн үед мөрдөгдөж байсан УИХ-аас 1992 онд батлагдсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын үндэсний татварын тогтолцоо албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ:” мөн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад “төрийн өмч /иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг/ ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар “Монгол Улсын иргэн” нь  хуулийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө эзэмшин ашиглаж байгаа бол татвар төлөгч байхаар, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр “татвар ногдох зүйлд орлого, ...байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц” хамаарахаар, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Улсын татварт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” хамаарахаар тус тус зохицуулжээ.

19.2.УИХ-аас 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагааг хамтад нь хэрэглэхээр заасан. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь ашигт малтмалын лицензээр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.” гэжээ.

19.3.Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэвэл, тухайн цаг хугацаанд газрын хэвлийгээс гаргаж ирсэн “ашигт малтмалын нөөцийг ашигласан иргэн” нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүргийг хуулиар ерөнхийлөн зохицуулсан, тодруулбал, уг харилцаатай холбоотой ерөнхий агуулгыг хуульд заасан бөгөөд ийм харилцааг хуулийн хэм хэмжээгээр зохицуулсан байсан гэж үзэхээр байна.

Харин “ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч”-ийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүргийг Ашигт малтмалын хуулиар нарийвчлан зохицуулсан байжээ.

19.4.Энэхүү тухайн үеийн хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэн С.М нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, өөрөө газрын хэвлийгээс ашигт малтмал олборлоогүй хэдий ч өөр бусад этгээдээс олборлосон алтыг худалдан авч, Мбинд худалдсан нь Монгол Улсын газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын нөөцийг ашигласны төлөө хуульд заасан төлбөрөөс чөлөөлөгдөх, түүний худалдсан алтанд ашигт малтмалын төлбөр тооцогдохгүй байх үндэслэл тогтоогдсонгүй.

20.“Алт тушаагч иргэн АМНАТ төлөгч биш” гэх маргааны үйл баримтад холбогдох 2006 оны 07 дугаар сарын 08-наас 2012 оны  хугацаанд үйлчилж байсан эрх зүйн  зохицуулалтын талаар:

20.1.Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Төрийн өмчийн газар, газрын хэвлийгээс эрдэс баялаг /-ийн / нөөц ашиглуулсны ...төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.” 12 дугаар зүйлийн 12.1-т “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, ...аас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.” гэж заасан.

20.2.Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална.” гэжээ.

Хуулийн энэ заалтаар эрх олгосны дагуу Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 7 дахь хэсэгт “Мб болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алтны борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт тушаасан тухай бүр хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлнэ” гэж зохицуулсан.

20.4.Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, тухайн цаг хугацаанд газрын хэвлийгээс гаргаж ирсэн эрдэс баялаг, ашигт малтмалын нөөцийг ашиглуулсны төлөө иргэнээс төлбөр авч, уг төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан, тодруулбал, ашигт малтмал ашигласан иргэн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй, мөн хуулиар эрх олгосны дагуу баталсан Засгийн газрын тогтоолоор Мб нь иргэд, хуулийн этгээдийн тушаасан алтны борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт тушаасан тухай бүр хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байхаар хуульд тодорхой нарийвчлан зохицуулсан байна.

20.5.Иймээс иргэн С.М нь бусад этгээдээс олборлосон алтыг Мбинд худалдахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Мбнаас өөрт нь хуулиар олгосон үүргийн дагуу түүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт тушаасан тухай бүрт нь хуульд заасан хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлж байсан хариуцагчийн үйлдэл, төлбөр суутгасан харилцааг хуульд нийцээгүй байсан, мөн маргааны үйл баримтад холбогдох цаг хугацаанд алт тушаасан нэхэмжлэгч иргэн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байсан гэж шүүхээс үзэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл шаардлага, түүний үндэслэлд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Н.Нандинчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны өмнө шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй талаар мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч, хариуцагч талуудаас түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Татварын ерөнхий  (1992 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Маас Мбинд холбогдуулан гаргасан “2005-2012 оны хугацаанд Мб түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушааж буй иргэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байсан болохыг тогтоолгож, хууль бусаар суутган авсан 428,200,327 төгрөгийн хохирлыг Мбнаас буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                           

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ

 

 

                           ШҮҮГЧ                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

 

 

 

[1] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[2] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 7 дахь тал

[3] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 9 дахь тал

[4] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 23 дахь тал

[5] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 24 дахь тал

[6] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 21 дахь тал

[7] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 79 дахь тал

[8] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 124-250 дахь тал

[9] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 125-126 дахь тал

[10] Нотлох баримтаар авагдсан хэргийн 1-р хавтас 89-92 дахь тал

[11] Нотлох баримтаар авагдсан хэргийн 2-р хавтас 231-234 дахь тал

[12] Нотлох баримтаар авагдсан хэргийн 2-р хавтас 144-222 дахь тал