Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0192

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2021/0192

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н э гХХК /РД:******/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.С

Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Снарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н э гХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Б миний бие 2014 оны 12 сарын 30-нд ****** тоот регистрийн дугаартай А т п г ХХК-ийг ОХУ-ын иргэн С Р  Агэгч этгээдээс шилжүүлэн аваад нэрийг нь Н э гХХК болгон өөрчлөөд 2015 оноос үйл ажиллагаа явуулсан юм. С Р  АМонголд хэд хоноод нутаг буцлаа энд мөнгөө ч дууслаа ойр зуурын зардлын мөнгө өгөөд А Т П ГХХК-ийг шилжүүлээд аваач гэсэн санал тавихаар нь татварын албанаас лавлагаа авахад ямар нэгэн өргүй гэсэн тодорхойлолт өгсөн тул тус компанийг өөр ийм нэр дээр шилжүүлэн авсан болно.

С Р А нь Монголын хэд хэдэн компаниас онц их хэмжээний мөнгө хөрөнгө залилан, мэхэлж авсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд миний бие ч мөн адил хохирогч болоод байна.

Бид Татварын албанаас өр төлбөргүй гэсэн тодорхойлолт өгсөнд үндэслэн тухайн компаний эрхийг шилжүүлэн авсан бөгөөд түүний компаниа бидэнд өгсөн энэ үйлдэл нь өөрийн гэмт үйлдлээс бултан зайлах далд санаатай байсан байна гэж үзэж байна.

Бид энэ байдлыг мэдээгүй бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа эрхлэн явуулсан хугацаандаа хууль журмын дагуу тайлан мэдээгээ тогтмол гарган, татвараа зохих ёсоор төлөн хуулийн дагуу ажиллаж байгаа билээ.

Хэрэв бид энэхүү нууц дансан дахь нөхцөл байдлыг мэдэж байсан бол “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд тайлагнаж ийм байдалд орохгүй байсан болно.

Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Снарын гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 232018006 тоот шийтгэлийн хуудсаар шийдвэр гаргахдаа Н э гХХК-ийн төлөөлөх эрх бүхий Т.Бын гаргасан зөрчилд шийтгэл ногдуулах тухай заасан байна. Аливаа сахилга хариуцлага алдсан. зөрчил гаргасан этгээд нь тухайн гэмт үйлдэлд гэм бууртай байх субъектив тал байх атал Т.Б миний биед энэхүү зөрчилд ямар нэгэн байдлаар гар бие оролцоогүй гэм буруугүй юм.

Мөн түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын харъяа Мөрдөн байцаах газраас ОХУ-ын иргэн С Р  Анарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хандан “Манай газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн С Р А-т 201525020405 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ****** тоот регистрийн дугаартай Н э гХХК /хуучин нэрээр АТ п г ХХК/-ний эрхийг бусдад шилжүүлсэн болон шилжүүлэхээс өмнөх үеийн татварын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй үйлдэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, бусдад учруулсан хохиролтой шууд хамааралтай байх үндэслэлтэй байна." Гээд мэдээллээр хангаж хамтарч ажиллахыг хүсэж 2017 оны 1 сарын 5 ны өдрийн 14/4-87 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Гэтэл тус Татварын хэлтэс 2017-оны 6 сарын 17-ны өдөр 230001231 тоот дүгнэлт бичин Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар өгсөн бөгөөд тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Х/ч Б хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан надаас хэд хэдэн удаа байцаалт авч, хэрэгт авагдсан материалыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчээр шинжлүүлэн уг хэрэгт Т.Б гэм буруугүй байна гэж үзэн Мөрдөн байцаах газарт хэргийг нэгтгэн шалгуулж хэргийг хаах саналтай прокурорт шилжүүллээ гэж хэлж байсан юм. Харин прокуророос хянаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан түл хэргийг хаахаар шийдвэрлэсэн байсан юм. мөрдөн байцаагчийн санал, шинжээчийн дүгнэлтийг иргэн ААН-д гаргаж өгөхгүй гэсэн болно.

Уг Шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан тус компаний дансаар орж гарсан мөнгөнүүд нь компаний үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар зарцуулагдаагүй бусдыг залилан мэхэлж ашиглан шамшигдуулсан мөнгө гэж үзэж байгаа бөгөөд хохирсон иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирлоо гаргуулахаар цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа юм.

Уг компаний захирал байсан ОХУ-ын иргэн С Р  Ань тус компаниар ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй нуусан дансаараа гэмт хэргийн мөнгөө оруулаад бэлнээр авч байсан байна.

ЦЕГ-ийн харьяа Мөрдөн байцаах газарт уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй шалгагдаж байгаа, татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг бусдад учруулсан хохиролтой шууд хамааралтай байна, мэдээллээр хангаж, хамтран ажиллана уу хэмээн мэдэгдсээр атал огт мэдээлэл өгөөгүй зөвхөн акт торгууль тавих зорилго тавин ажилласан байна гэж үзэж байгаа бөгөөд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож уг зөрчлийн асуудлыг Мөрдөн байцаах газарт үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй нь нэгтгэн шалгуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу.

...Тухайн компанийг анх шилжүүлэн авахдаа Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тодорхойлолт авсан. Энэ компанитай холбоотой өр авлага, бусад холбогдох материал байна уу гэсэн тодорхойлолт хүсэхэд ямар нэгэн татварын өр төлбөр байхгүй гэж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 23147851 дугаартай н.О, н.Б гэсэн хоёр хүний гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй тодорхойлолт ирсэн. Тодорхойлолтыг үндэслээд ямар нэгэн өр авлагагүй, худалдаж авахад ямар нэгэн асуудалгүй гэж бодон шилжүүлж авсан. Татварын хэлтсээс өр авлагагүй гэж тодорхойлолт өгөөгүй бол бид нар энэ компанийг шилжүүлж авахгүй байсан.” гэжээ.

         Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Сбид Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, ****** регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2013 оны 6 сарын 20-ны өдрийн 9011521122 тоот гэрчилгээтэй Н э гХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд захирал ********** регистрийн дугаартай *** овогтой Б /Утас:********/-д Татварын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 3 сарын 20-ны өдрийн А/65 тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 сарын 22-ны өдрийн А/102 тоот тушаал “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ын дагуу олгосон хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 4 сарын 04-ний өдрийн 23170400167 тоот томилолтоор 2013 оны 8 сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 230001231 тоот дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Б хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж шалгаад, 2017 оны 11 сарын 21-ний өдөр хэргийг хаах тухай санал гаргаж, прокурорт ирүүлснийг Хан Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.М хянаад 2017 оны 12 сарын 05-ны өдөр 328 тоот прокурорын тогтоолоор тус Н э гХХК-ийн 2013-2014 онд харилцах дансаар орсон орлогоо тайлагнаагүй зөрчлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт: “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн хэргийг хаасугай гэж тогтоосон байна.

Иймд 2018 оны 02 сарын 27-нд 232018006 тоот шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд 35.3Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8, 9 дэхь заалтыг баримтлан 2008 оны 07 сарын 01-ний өдрийн шинэчлэн найруулсан Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.1 “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.1.3 “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхих...”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд 74.1 “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд 17.2 “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” 17.1. ...уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ: 17.1.1. нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх 17.1.2. нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж тус тус заасны дагуу нийт 823,139,353.92 төгрөгийн зөрчилд 30,562,552.83 төгрөгийн нөхөн татвар, 14,977,340.33 төгрөгийн торгууль, 303,936.08 төгрөгийн алданги, 87,128.62 төгрөгийн хүү, нийт 45,930,957.86 төгрөгийн төлбөр ногдуулсан.

...Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлд компанийг шилжүүлж авсан бол тухайн компаний эрх, үүрэг, хариуцлага шинэ хувьцаа эзэмшигч Т.Б буюу нэхэмжлэгчид үүснэ. Өр төлбөргүй байсан ч тухайн аж ахуйн нэгжид хуулийн дагуу хяналт шалгалт хийдэг. Прокурорын тогтоолыг дурдаж байгаа нь иргэний журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсан байдаг. Тухайн компаний төлбөр шилжсэн дансыг өөрөө шалгаж үзэх ёстой байсан.

Н э гХХК-ийн татвар төлсөн талаар санхүүгийн тайланд шинжээч томилон шинжилгээ хийж дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 177 дугаартай дүгнэлтээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын иргэн С Р  АТ.Бтой компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан дүрмийн сангийн 100 хувийн эрх үүргээр шилжүүлсэн. Энэ компаний Голомт банкинд байрших  1805032775 тоот валютын дансаар 2013 болон 2014 онд тайланд тайлагнаагүй орлогууд орж ирсэн нь энэ хавтаст хэрэгт авагдсан Голомт банкинд байрших  1805032775 тоот валютын данс, санхүүгийн тайлан болон холбогдох татварын тайлангуудаар тогтоогдсон байх бөгөөд нийт 532 710 629 төгрөгийг тайлагнаж татвар төлөөгүй гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Компанийн захирал хэн байхаас үл хамааран компани хариуцлага хүлээнэ. Татварын тодорхойлолтоор зөвхөн татварын өртэй эсэхийг тодорхойлдог. Хяналт шалгалтаар зөрчил байгаа үгүй нь харагддагүй.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Снарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Снар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Н э гХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 45,930,957.86 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги, хүү ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ “...С Р А нь Монголын хэд хэдэн компаниас онц их хэмжээний мөнгө хөрөнгө залилан, мэхэлж авсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд миний бие ч мөн адил хохирогч болсон. ...Татварын албанаас өр төлбөргүй гэсэн тодорхойлолт өгсөнд үндэслэн тухайн компаний эрхийг шилжүүлэн авсан бөгөөд түүний компаниа бидэнд өгсөн энэ үйлдэл нь өөрийн гэмт үйлдлээс бултан зайлах далд санаатай байсан байна гэж үзэж байна. ...шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан тус компаний дансаар орж гарсан мөнгөнүүд нь компаний үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар зарцуулагдаагүй бусдыг залилан мэхэлж ашиглан шамшигдуулсан мөнгө гэж үзэж байгаа бөгөөд хохирсон иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирлоо гаргуулахаар цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа” гэж,

Хариуцагчаас “...Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлд компанийг шилжүүлж авсан бол тухайн компаний эрх, үүрэг, хариуцлага шинэ хувьцаа эзэмшигчид үүснэ. Өр төлбөргүй байсан ч тухайн аж ахуйн нэгжид хуулийн дагуу хяналт шалгалт хийдэг. Тухайн компаний төлбөр шилжсэн дансыг өөрөө шалгаж үзэх ёстой байсан. Компанийн захирал хэн байхаас үл хамааран компани хариуцлага хүлээнэ.” гэж маргажээ.

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан.

Хариуцагч нар дээрх зохицуулалтын дагуу Н э гХХК-ийн зөрчлийг 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Татварын ерөнхий хуулийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.2-т зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан зөрчилд  Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8, 9 дэхь заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2013-2016 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд Шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45,930,957.86 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүү ногдуулсан 232018006 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор “...Оросын холбооны улсын Альянс компанийн захирал Оросын Холбооны улсын иргэн С Р А, худалдааны захирал М Р Р нар нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар ... залилсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан ... сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих Оросын Холбооны улсын иргэн С Р А ... Монгол Улсын хилээр гарч явсан, хаа байгаа болох нь тогтоогдохгүй” гэж үзэж уг эрүүгийн 201525020450 дугаартай хэргийг түдгэлзүүлж,

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 124 дүгээр “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” тогтоолоор Оросын Холбооны улсын иргэн С Р Аид холбогдох дээрх эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаар прокурорын тогтоолоор хэргийг харьяаллын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах, хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н э гХХК нь 2013-2014 онд их хэмжээний буюу 532.710.629.88 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар төлөхөөс зайлсхийсэн татварт ноогдох орлогоо бууруулсан гэх хэрэг бүртгэлт явуулж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.С , Б.Б нарын 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн 000171000134 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 328 дугаар прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж үзэж уг эрүүгийн 000171000134 дугаартай хэргийг хаасан.

Улмаар 2008 оны Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэсэн заалтын дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар шийтгэлийн хуудсаар Н э гХХК нь:

2013 онд 242,281,905.84 төгрөгийн, 2014 онд 290,428,724.04 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Аж ахуйн нэгжийн  орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд  7.3-т дараах төрлийн орлогод албан татвар ногдоно. 7.3.1.үйл ажиллагааны орлого...”, 8 дугаар зүйлд 8.1.1 “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг,

2014 онд 290,428,724.04 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, татвар ногдуулан төлөөгүй зєрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1 “...бараа...нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн  бараа...”, 8 дугаар зүйлд: 8.1 “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна:” 8.1.1. “бараа...-г...борлуулсан бол тухай бүрт...” гэж заасныг тус тус зєрчсєн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь зааснаар шийтгэл оногдуулжээ.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.1.3-т “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” 17.1-т “...уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ” 17.1.1-т  “нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх 17.1.2. нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Н э гХХК-ийн 2013 онд 242,281,905.84 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд холбогдох өртөг, зардал болох 235,013,448.66 төгрөгийг хасч, 7,268,457.20 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 218,053.72 төгрөгийн торгох шийтгэл,

2014 онд 290,428,724.04 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд холбогдох өртөг, зардал болох 281,715,862.32 төгрөгийг  хасч, мөн 2014 оны жилийн эцсийн алдагдал 784,514.65 төгрөгийг хааж, 7,928,347.07 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 237,850.41 төгрөгийн торгох шийтгэл,

2014 онд 290,428,724.04 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 29,042,872.40 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 50 хүртэлх хувьтай тэнцэх 14,521,436.20 төгрөгийн торгох шийтгэл, нийт 14,977,340.33 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж,

Уг оногдуулсан шийтгэлийн 14,977,340.33 төгрөг, хохирлын 30,562,552.83 төгрөг, нөхөн төлбөрийн 391,064.70 төгрөг, нийт 45,930,957.86 төгрөгөөс хохирлын 29,042,872.40 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Голомт банкин дахь 2105004120 тоот дансанд, хохирлын 1,519,680.43 төгрөгийг Голомт банкин дахь 2105004119 тоот дансанд, нөхөн төлбөр, шийтгэлийн 15,368,405.03 төгрөгийг Улаанбаатар  хотын банкан дахь 2603004745 тоот дансанд төлөхөөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж зааснаар шийтгэл оногдуулсан үндэслэлтэй байна.

Н э гХХК нь Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 5 дугаар зүйлийн 5.1-т “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.”, 5.3-т ”Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:,”,  5.3.1-т ”Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж” гэж зааснаар Н э гХХК нь албан татвар төлөгч юм.

Иймээс нэхэмжлэгч Н э гХХК нь 2013-2014 оны харилцах дансаар орсон орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөх үүрэг нь тодорхой зохицуулагдсан байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6. 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8, 11.19 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 5 дугаар зүйлийн 5.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН