Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар  2023/ШЦТ/118   

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,   

хохирогч Ж.Б,

шүүгдэгч: Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Д-нд холбогдох эрүүгийн ************ тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Б-ын Д /РД:************/,

Монгол Улсын иргэн,**************-ны өдөр Х аймгийн М суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Тоосгон 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хамбын 0 дугаар гудамж 0тоотод оршин суух Ж.Б-ын гэрээс Хаан банкны картыг хулгайлан авч, түүний Хаан банкны ******** тоот данс дахь мөнгө /эд хөрөнгийг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хамбын 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух Ж.Б-ын гэрээс Хаан банкны картыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр өөртөө авч, түүний Хаан банкны ******** тоот данс дахь мөнгийг нь*****ээс гарган авч, хохирогчид 760,500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний бие Сонгинохайрхан дүүргийн ************* тоот гэртээ 16-18 цагийн хооронд унтаж байгаад сэрээд утасныхаа кейсэнд хийсэн байсан ******банкны ******** дугаартай картаа үзэхэд карт маань алга болсон байсан. Картаа хайгаад байж байтал 18 цаг 16 минутад 500.000 төгрөгийн зарлага гарсан, мөн 18 цаг 17 минутад дахин 200.000 төгрөгийн зарлага гарсан, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цаг 24 минутад ******* мини маркет гэх дэлгүүрээс 10.000 төгрөгийн, ...09 цаг 52 минутад 50.500 төгрөгийн зарлага******* гэх газраас зарлага гарсан, нийт 760.500 төгрөгийн зарлага гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

-Хохирогч Ж.Б-ын Хаан банкны ******** тоот дансны хуулга, /хх-ийн 13-14-р хуудас/,

-Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******** тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хархорин үйлчилгээний төвийн гадна хаягт байрлах АТМ-аар зарлагын гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлэв” гэсэн 29/6110 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 17-р хуудас/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-24-р хуудас/,

-Гэрч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бэстбаарны зүүн талд байрлах Хаан банкны АТМ рүү ороод Ц нэг карт хийгээд тухайн картнаасаа бэлнээр 500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний бие Б  ах, Т , А Т  бид хэд З-гийн гэрт архи ууж байсан юм тэгтэл Б  ах гэр рүүгээ яваад өгсөн тэгээд Б  ахаас бусад нь З-гийн гэрт хоноод үлдсэн. Тэгээд маргааш өглөө Б  ах, Б-ын эхнэртэй хамт орж ирээд шөнөжин архи нэхэж загнасан ба бид нар З-гийн гэрээс гараад явсан тэгээд Т  бид хоёр гараад дошоогоо 1-р хороолол руу явж байхдаа АТМ-н орж Б ын картнаас 500.000 төгрөг, 200.000 бэлнээр АТМ-ээс гаргаж авсан тухайн үед Т  нь хамт явж байсан юм. Тухайн АТМ-ээс бэлэн 700.000 төгрөг авчихаад Т  бид хоёр 3,4-р хороолол руу очиж нэг буудалд орсон тухайн буудалдаа хоол идэж архи ууж тухайн буудалдаа хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өглөө тухайн буудлын доод талд байсан дэлгүүр орж 10.000 төгрөгөр архи аваад буцаж буудал руугаа ороод тооцоогоо төлчихөөд гараад ирсэн. Тэгээд Т  бид хоёр өлсөөд юм авч идэхээр болж 50,500 төгрөг ахиад Б ын картнаас уншуулсан. Миний бие Б  ахын картнаас мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлж байсан.

Хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 73-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 74-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 76-р хуудас/, / төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 77-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 78-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79-р хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ мөнгийг нь өгөхгүй биш өгнө гэж байгаа. Одоохондоо боломжгүй байгаа ч гэсэн сар болгон өгч байсан бол боломж байсан. Би хэвтрийн хүүхэдтэй, бага насны хүүхэдтэй тул боломжгүй байсан. Би энэ мөнгийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлнө гэсэн бодолтой байгаа. Хохирлын хэмжээг зөвшөөрч байгаа, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирол 760,500 төгрөгөөс 150.000 төгрөгийг энэ хүнтэй цуг явсан хүн төлсөн. Одоо 610,500 төгрөгийн асуудал байгаа. Энэ хүн манай дүүгийн найз, манайхаар ирдэг байсан. Хүн чанар гаргаад манайхаар ирсэн бол би ингэж явахгүй байсан. Гэтэл над дээр огт ирээгүй. Нэг мөрдөгч яриулаад мөнгийг чинь цувуулж өгнө гэсэн. Би энэ хүүхдийг юманд оруулах сонирхол алга. Хохирлыг минь барагдуулах юм бол хамаагүй болно гэж хэлсэн. 150.000 төгрөгийг Т  гэж найз нь өгсөн. Одоо 610,5000 төгрөгийн асуудал байгаа. Энэ хүүхэд өөрөө учраа олоод цувуулаад миний гомдлыг барагдуулах юм бол надад гомдол байхгүй гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Д-гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу картан дахь 760,500 төгрөгийг хариу төлбөргүйгээр, нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзнэ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д-нг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ж.Б  нь 150 төгрөгийг найзаас нь бэлнээр авсан одоо шүүгдэгчээс 610,500 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. 

Шүүгдэгч Б.Д-нг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар хохирогч Ж.Батжаргалд учирсан хохирол болох 610,500 төгрөгийг шүүгдэгч Б.Д-гээс гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Д хохирогч Ж.Б-ын данснаас 760.500 төгрөгийн гүйлгээ хийсэн буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга, АТМ-ын бичлэг, гэрч н.Т ийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ял оногдуулах санкцтай юм байна. Энэ хүн эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй тул нийтэд тустай ажил хийх боломжгүй. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах гэхэд энэ ял хэрэгжихэд учиртай байдаг. Зорчих эрх хязгаарлах багаж төхөөрөмжийг 700.000 төгрөгөөр холбогдогч өөрөө авдаг. Энэ хүн хохирлоо төлөөгүй, гав авах боломжгүй байна. Иймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах саналтай байна. Түүний бусдад төлөх төлбөрийг хохирогчийн мэдүүлгийг үндэслэж 610.500 төгрөгөөр тогтоож, 150.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэв.

Шүүгдэгч: Миний ял шийтгэлийг хойшлуулж өгнө үү. Би хохирлыг төлнө гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Д-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч Б.Д-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-нд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

          Харин шүүгдэгч Б.Д нь 3 хүртэлх насны 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь хүүхдүүдийн төрсний лавлагаа, хорооны тодорхойлолтоор тогтоогдсон тул түүнийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж зааснаар шүүгдэгч Б.Д-нд хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийн хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана. 3-т “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.” гэж тус тус заасан байгааг шүүгдэгч Б.Д-нд мэдэгдэж мөн үүн дээр шүүхээс үүрэг хүлээлгэсэн байгааг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д овогт Б-ын Д-нг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-нг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-нд хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т зааснаар дээрх хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 610,500 төгрөг гаргуулан хохирогч Ж.Б-т олгосугай.

 

          7.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА