Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ө.Н,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц-ын Гт холбогдох эрүүгийн 2235002120237 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны .... дугаар сарын 31-нд Увс аймгийн .......суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын .... дүгээр багийн 13-09 тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Ц-ын Г, /регистрийн дугаар: ............/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............ сумын 1 дүгээр багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хадам эх А.Эийн зүүн гарын тохой хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ц.Г нь хохирогч А.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн гарын тохой хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч А.Эыг шүүгдэгч Ц.Г нь хувийн таарамжгүй харилцааны улмаас чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн мөн шүүгдэгч, хохирогч нар нь хадам эх, хүргэн гэх гэр бүлийн хамааралтай хүмүүс, нэг хашаанд амьдардаг. Ц.Г нь 2 айлыг тэжээн тэтгэж амьдардаг. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш дахиж архи уугаагүй. Түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Ц.Гын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Ц.Г нь хөлсний ажил хийж, олсон мөнгөөрөө 2 айлыг тэжээн тэтгэж амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хадам ээжтэйгээ хувийн таарамжгүй харилцаатай байгаагүй. Урьд хэрэлдэж, маргалдаж байгаагүй, хашаандаа эхнэртэйгээ маргалдаж байх үед хадам ээжийнхээ хэлсэн хашаанаас зайлцгаа гэдэг үгэнд эмзэглэж, чулуу авч шидсэн байдаг. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ц.Гын дээрх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235002120237 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч А.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал хашааны гадна чанга дуу гараад хүмүүс орилолдоод байсан. Тэгээд би хашааны гадна гараад очиход манай хашаанд байдаг охин А өөрийн нөхөр Ц.Гтай маргалдаж байсан, тухайн үед А аймгийн төв орно гэхэд нөхөр нь явуулахгүй гээд мөн Гыг архи уучихсан байсан гээд чанга, чанга дуугараад маргалдаж байсан. Ингээд би та нар энэ гудамжны хүн амьтнаас ичээч гэж хэлээд загнахад охин Агийн нөхөр Г чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд газраас чулуу аваад над руу шидчихсэн. Тухайн шидсэн чулуу миний зүүн гарын тохой хэсэгт оноод тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-42 дахь тал);

2. Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн орчмын үед нөхөр Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тухайн үед би уурлаад яагаад архи уучихав гэснээс болоод хэрүүл маргаан үүссэн. Тэгээд хашааны гадна бид хоёр муудалцаж байтал миний ээж А.Э гарч ирээд та хоёр яагаад гудамжинд хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлэхэд нөхөр Ц.Г танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд газраас чулуу авч шидсэн. Тухайн шидсэн чулуу ээжийн зүүн гарын тохой хэсэгт оночихсон. Тэгээд ээж цагдаагийн байгууллагад дуулага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дахь тал);

            3. Шинжээч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 512 тоот шинжээчийн дүгнэлтийг миний бие гаргасан. Тухайн дүгнэлтэд үзүүлэгч А.Эын биед үүссэн зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн тохойн үений гадна ард дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн 1-2 хувийг хамарч байгаа тул хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Тухайн гэмтлүүд нь хэрэг учрал болсон өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл бөгөөд бүгд нэг үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Хохирогч А.Эын мэдүүлгээр чулуу 1 удаа шидсэн гэх бөгөөд тухайн чулуун нь зүүн тохойн үений гадна хэсэгт онож тухайн хэсэгт зулгаралт үүсэж тухайн зүүн гарыг хамарсан цус хуралтууд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал);

4. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 512 дугаартай “...Үзүүлэгч А.Эын биед зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн үений гадна ар дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн үений гадна ар дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-2 хувь орчим талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал);

5. Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хадам ээж Э нь гарч ирээд яагаад гудамжинд хэрүүл хийгээд байгаа юм бэ хүн амьтнаас ичдэггүй юм уу, хашаанаас нүүж зайл гэж хэлэхээр нь би газраас зангидсан гарын атга шиг хэмжээтэй чулуу аваад шидчихсэн. Тухайн чулуу нь хадам ээжийн зүүн гарын тохой хэсэгт оночихсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н хэргээс:

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 512 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал);

2. Хохирогч А.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-42 дахь тал);

3. Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дахь тал);

4. Шинжээч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М хэргээс:

1. Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.Г гэх хүнийг танина. Тухайн хүн манай хорооллын таньж мэддэг хүн байгаа юм. 1985 онд Увс аймгийн .......... суманд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа хойш эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн гэх талаар сонсож байсан. Мөн ямар нэгэн сургууль цэцэрлэгт сурч байгаагүй, боловсрол эзэмшээгүй, одоогоор эхнэр хүүхдийн хамтаар Увс аймгийн ............ сумын 1 дүгээр багийн нутагт, 6 ханатай Монгол гэрт амьдардаг. Ц.Г нь өөрөө хувиараа мод хөрөөдөөд, барилга, байгууллага дээр зунд туслахаар ажлаад хувиараа ажиллаж харагддаг, нэг охинтой, охин нь дунд сургуулийн сурагч гэж сонсож байсан чухам аль сургуульд, хэддүгээр анги гэх талаар мэдэхгүй байна. Ц.Гын эхнэр А нь тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй, гэртээ байж байдаг. Г нь хадам ээж А.Эын хашаанд амьдарч байгаа түүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл байхгүй, биеийн байдлын хувьд эрүүл ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Зан байдлын хувьд хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, хүн болгонд туслаад, хар бор ажил хийж явж харагддаг. Урьд өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 47-48 дахь тал);

2. Гэрч Н.Э-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Г нь өөрөө хувиараа мод хөрөөдөөд, барилга, байгууллага дээр зунд туслахаар ажиллаад хувиараа ажиллаж харагддаг, ...зан байдлын хувьд хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, хүн болгонд туслаад, хар бор ажил хийж явж харагддаг. Урьд өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

3. Увс аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвд Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 46-3/1527 дугаартай “Ц-ын Гт холбогдох эрүүгийн 2235002120237 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар өмгөөлөгч томилж ирүүлнэ үү” гэх албан тоот (хавтаст хэргийн 64 дэх тал);

4. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 65-67 дахь тал);

5. Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Г нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар Увс аймгийн ............ сумын багийн 1 дүгээр багийн 13-09 тоотод байрлах өөрийн  хашааны гадна эхнэр Э.Атай маргалдаж байх үед түүний хадам эх болох хохирогч А.Э “...Та нар энэ гудамжны хүн амьтнаас ичээч” гэж хэлэхэд шүүгдэгч  Ц.Г уурлан “...чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд газраас чулуу аваад хохирогч уруу чиглүүлж шидсэний улмаас уг чулуу хохирогч А.Эын зүүн гарын тохой хэсэгт онож,  хохирогчийн эрүүл мэндэд зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн үений гадна ар дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Гын үйлдлийн улмаас хохирогч А.Эын эрүүл мэндэд зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн үений гадна ар дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учирсан байх бөгөөд зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн үений гадна ар дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-2 хувь орчим талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч А.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-42 дахь тал), гэрч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дахь тал), шинжээч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 512 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал), шүүгдэгч Ц.Гын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Э, гэрч Э.А, шинжээч Н.О, яллагдагч Ц.Г нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч А.Эын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч А.Э, гэрч Э.А, шинжээч Н.О нарын мэдүүлэг, 512 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч Ц.Г нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний зүүн гарын тохой хэсэгт чулуугаар цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Ц.Гын хохирогч А.Эыг цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

5. Иймд шүүгдэгч Ц.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Ц.Г нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ц.Гын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

8. Шүүгдэгч Ц.Гын үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Ц.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Эын биед зүүн гарын бугалга, тохойн үе, шуу хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн үений гадна ар дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Г нь хохирогч А.Эын эмчилгээний зардалд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаснаар хохирогч А.Э нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн нь хавтаст хэргийн 42 дахь талд авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Ц.Гаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”  дүгнэлтийг,

3. Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Ц.Гын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Ц.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 73 дахь тал), 

-Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршигт 200.000 төгрөг төлснөөр хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь хувийн байдлын хувьд 1985 оны 8 дугаар сарын 31-нд төрсөн, 37 настай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн гэрч Ц.Н, Н.Э-О нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулж үнэлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Гт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, хохирол, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ............ сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адууч овогт Ц-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт 270 (хоёр зуун далан) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ............ сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА