| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Бүжинлхамаар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 2224000530098 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 29 настай, эрэгтэй, *, малчин, ам бүл ганцаараа * байнга оршин суух хаягтай, урьд *байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******ын *******, /РД:*******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Халуун усны боом гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 7 тооны үхрийг хулгайлж, өөрийн эзэмшлийн халтар зүсмийн /нас гүйцсэн, ширээтэй дөл тамгатай/ мориор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хэц гэх газар руу тууж, хохирогч *******од 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******ын 7 тооны үхрийг хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би, Монгол улсын Прокурорын газрын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хуулийн 2224000530098 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Халуун усны боом гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 7 тооны үхрийг хулгайлж, өөрийн эзэмшлийн халтар зүсмийн нас гүйцсэн, ширээтэй дөл тамгатай мориор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хэц гэх газар руу тууж, хохирогч *******од 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******од 8,400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 5 тооны үхрийг зүсээр нь буцаан өгч, 2 тооны үхрийн үнэ болох 2,600,000 төгрөгийг бэлнээр төлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг, Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд нь бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар уг гэмт хэрэг төгсдөг ба шүүгдэгч ******* нь малын бэлчээрээс шунахайн сэдэлтээр нууцаар олон тооны малыг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д олон тооны малыг хулгайлсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Иймд шүүгдэгч *******ыг олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн олон тооны мал хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон түүний шүүх хуралдаанд өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тайлбараар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн байсан хэдий ч одоогийн гэмт хэрэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байдал түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөхөөр заасан байдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тус хэргийн эрүүгийн хариуцлага нь 2-8 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. Улсын яллагч нь 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Миний хувьд шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны мал хулгайлсан хэдий ч хулгайлсан гэх малаа бусдад зарсан болон алга болгосон зүйлгүй. Зөвхөн 2 үхэр нь үрэгдсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулж, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой. Шүүгдэгчийн хувьд бага насандаа эцэг эхээ алдаж ах эгчийнхээ асрамжид байж байгаад гэр бүлтэй болсон хэдий ч гэр бүл нь салсан. Одоо дахин гэр бүл зохиох гээд байж байгаа хүн юм. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээг тавин хувь хөнгөрүүлэх боломжтой үзэж байна. Энэ хүний тухайд нийгэмшиж амьдралаа зохиож явах боломжтой. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирлоо барагдуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байгаа нь шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлтэй гэж дүгнэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн материалаас:
-Хохирогч *******ын "...2021 оны 11 дүгээр сард манайх үхрүүдээ Тосонцэнгэл сумын Рашаант багт мал малладаг гэх залуугийнд түр тавьсан юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэх хүн манай эхнэр болох утас руу залгаад 7 тооны үхэр алга болчихсон байна гэж хэлсэн юм. Тэр талаар тодруулж асуухад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө үхрээ саачхаад бэлчээр рүү нь туусан тэгээд оройдоо үхрүүд хүрээд ирдэг болохоор тоогоогүй юм. Тэр оройдоо үхрүүд ирчихсэн тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өглөө үхрээ саах гээд гарахад шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээ, мухар бор тарлан үнээ, сартай бор дөнжин үнээ, мухар хар үнээ, сартай халтар гунжин үнээ, мухар алаг үнээ нийт 7 тооны үхэр байхгүй болчихсон байна гэж хэлж байсан. Би тухайн үед нь үхрээ хайхаар Тосонцэнгэл сумаас Рашаант багийн Халуун усны боом гэх газар луу явсан юм. Тухайн үедээ туусан гэх газруудаар яваад хайгаад олоогүй. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын эхээр Тосонцэнгэл сумд техникийн үзлэг болоод тэр үед гэх хүн манай эхнэрийн утас руу залгаад танай хоёр үхэр чинь Рашаант багийн Ганга элсний булан гэх газар байна гэж хэлэхээр нь би тухайн гэх хүнтэй яваад Рашаант багийн Шарилын булан гэх газар нутаглаж байсан гэх айлын гадна манай алдсан үхрүүдээс 5 тооны үхэр нь байсан. Харин шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээнүүд байхгүй байсан. Одоо хүртэл хайгаад олохгүй байгаа. Тэгээд би тухайн үед гэх хүнээс энэ үхрүүдийг хаанаас авсан, яагаад танай гадаа байж байдаг юм гэж асуухад Их-Уул суманд суманд амьдардаг манай цэргийн онжав түр хариулж байгаач гэж авч ирж өгсөн. Би түүнээс сайн мэдэхгүй байна гэж надад хэлж байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн үхрүүдээ өмнө нь байсан Халуун усны боом гэх газраа тууж авч ирсэн...2022 оны 08 дугаар сард ирж уулзаад 2 тооны үхрийг чинь төлж өгье гэж хэлж яриад явсан. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ы өдөр надад 2,600,000 төгрөгийг бэлнээр авчирч өгч, миний хохирлыг бүрэн барагдуулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 20-р хуудас/,
-Гэрч *******гийн “...2021 оны 11 дүгээр сарын үед манайх үхрүүдээ Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Б. гэх айлд байлгаж хариулуулж байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед үнээнүүдээ саачхаад бэлчээрт нь туусан орой нь үхрүүд нь гэрийнхээ гадаа ирээд хоносон. Харин маргааш өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө үнээнүүдээ саах гэж гарахад шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээ, мухар бор тарлан үнээ, сартай бор дөнжин үнээ, мухар хар үнээ, сартай халтар гунжин үнээ, мухар алаг үнээ гэх нийт 7 тооны үхэр байхгүй байсан гэж надад утсаар хэлсэн юм.Тэгээд 2022 оны 06 дугаар сарын эхээр гэх хүн миний утас руу залгаад танай хоёр үхэр Рашаант багийн нутаг Ганга элсний булан гэх газар байна гэж хэлсэн юм. Утсаар хэлсний маргааш нь гэх хүнтэй хамт манай нөхөр болох нь цуг явж байсан гэх газраар хайгаад олоогүй, тэгээд тухайн газраас зүүн зүг рүү гол гараад Шарилын булан гэх газарт нутаглаж байсан гэх залуугийн гэрийн гадна сартай бор дөнжин үнээ, мухар бор тарлан үнээ, мухар алаг үнээ, сартай халтар гунжин үнээ, мухар хар үнээ зэрэг нийт 5 тооны үнээ үхрийн зэлэн дээр нь байх үед нь манай нөхөр олоод тууж ирсэн гэж надад хэлж байсан. Харин одоо бол шийр цагаан халтар үнээ, хар хөх үнээ хоёр сураггүй алга болчихсон байгаа тухайн алга болсон цаг үеэс хойш олдохгүй байна. гэх залуугаас манай нөхөр энэ үхрүүдийг хэн авсан талаар асуухад гэх залуу Их-Уул суманд амьдардаг цэргийн онжав хэдэн үхэр хараад өгөөч гэж авч ирж өгсөн юм гэж хэлсэн тухай манай нөхөр надад хэлж байсан. Тухайн үед манай нөхөр тэр хүнтэй чинь яаж холбогдох вэ? дугаарыг нь өг гэхэд мэдэхгүй гээд тэр цагаас хойш гэх хүнтэй холбоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
-Гэрч *******ын "... Би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 2022 оны 06 дугаар сарын эхээр би Тосонцэнгэл сумын Рашаант багийн төвөөс Тосонцэнгэл сумын төв рүү орох гээд Ганга элсний буланд явж байхад үхэр явж байхад нь харахад *******ын алдсан гээд байсан сартай бор үнээ, мухар бор тарлан үнээ, сартай халтар 3 тооны үхэр нь явж байгааг таниад сумын төв рүү орж утсаар хэлсэн. Тэгээд маргааш нь бид хоёр сумын төвөөс гарч замд таарсан үхэр болгоныг харж явсаар байгаад *******ын үхрийн зэлэн дээр очиход тэдний үхэр дотор нөгөө үхрүүд байхлаар нь ноднин алдсан үхэр маань мөн байна гэж хэлээд үхрээ салгаж туугаад гэртээ авчирцгаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
-Гэрч ийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүл үеэс эхэлж *******ын 40 гаруй тооны үхрийг маллаж эхэлсэн юм...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай хотноос 7 тооны үхэр алга болчихсон. Би тэр өдөр бэлчээрээр үлдсэн юм байх гэж бодоод хайгаагүй. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хайгаад 7 тооны үхрээ олоогүй. Тэгээд л ахын эхнэр эгч рүү утсаар ярьж үхэр алга болсон талаар хэлсэн... Манай үхэр Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Халуун усны боом, Зулзаган ташуу гэх газруудаар бэлчээрлэдэг байсан юм...Би *******ын эхнэр эгчид утсаар хэлсэн, мөн ойролцоо нутаглаж байсан гээд бүх айлуудаар явж сураглаж, захиж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
-Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын байдлаар сарлагийн 7 тооны үнээний үнэлгээ 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,
-Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 233 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын байдлаар яллагдагч *******ын эзэмшлээс битүүмжилсэн 1 тооны адууны үнэлгээг 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 -р хуудас/,
-Шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн гэх АТМ-ийн гүйлгээний баримт /хх-ийн 11-р хуудас/,
-Гэрч гийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33,34-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын рашаант багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/106 дугаартай тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/,
-Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ий 64-р хуудас/,
-Хохирогч ******* нь шүүгдэгчээс 2,600,000 төгрөгийг хохиролд авсан талаарх баримт /хх-ийн 77-р хуудас/,
-Хохирогч *******оос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөн *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур л байсан байх яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Халуун усны боом гэх газар 7 тооны үхэр явж байсныг нь туугаад өөрийн гэрийн ойролцоо буюу Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хэц гэх газар авчирсан, гэрийнхээ гадаа авчирчихсан хариулж байхад 2 үхрийг чоно идсэн байсан. Үлдсэн 5 тооны үхрийг маллаад байж байтал 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэх хүн ирээд энэ миний хулгайд алдсан үхэр байна гэж хэлсэн. Харин 2 тооны үхэр нь хаана байгаа болохыг асуухад нь би чоно идчихсэн гэж хэлсэн. Мухар бор тарлан үнээ, сартай бор үнээ, мухар хар үнээ, сартай халтар үнээ, мухар алаг үнээ, хар хөх үнээ, сартай шийр цагаан халтар үнээ гээд нийт 7 тооны үхэр байсан бөгөөд бүх үхэр нь оно имтэй байсан. Мухар бор тарлан үнээ, сартай бор үнээ, мухар хар үнээ, сартай халтар үнээ, мухар алаг үнээ нийт 5 үхрийг нь би гэгчид буцааж өгсөн. Харин хар хөх үнээ, сартай шийр цагаан халтар үнээнүүдийг нь чоно идчихсэн юм...” гэсэн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.
Мал хулгайлах гэмт хэргийн объект нь иргэний өмчлөх эрх, халдлагын зүйл нь мал, объектив тал нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэхүү гэмт хэрэг нь бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгсдөг.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн *******ын өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөлийн 7 тооны үхрийг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авсан үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуульд олон тооны мал гэдэгт 2 бод түүнээс дээш тооны малыг ойлгохоор хуульчилсан бөгөөд олон тооны мал хулгайлсан тохиолдолд тухайн зүйлийн хүндрүүлэх шинжид тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын 7 тооны үхрийг хулгайлсан нь нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн прокурорын шийдвэр хуульд нийцжээ.
Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 5 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хорих ялын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *******од учруулсан хохирол буюу 2 үхрийн 2,400,000 төгрөг, үхрээ эрж хайх зардалд гарсан 200,000 төгрөг, бүгд 2,600,000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд дурдахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *******од учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнд оногдуулах хорих ялыг 2 дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халтар зүсмийн 1 тооны морь битүүмжлэгджээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд улсын орлого болгохоор хуульчилсан ба *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халтар зүсмийн морь нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* ******* овогт *******ын *******ыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, *******ыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халтар зүсмийн морийг улсын орлого болгосугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН