| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0068/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Цагаан гэрүүд овогт **************д холбогдох эрүүгийн 2224000720081 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:Улсын иргэн, төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай Цагаан гэрүүд овогт **************.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 1100 тоотод байрлах гэрт согтуугаар хамтран амьдрагч *******ийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн талд шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 20 цагийн орчин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 1100 тоотод байрлах гэрт согтуурсан үедээ хамтран амьдрагч *******ийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж хөнгөн хохирол санаатай учуурлсан гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд би Нацагдоржийнд , нөхөр******* нарын хамт очсон юм. Бид нарыг очиход гадаа бүрэнхий болж байсан бөгөөд Нацагдоржийнх байрандаа нүүж орлоо гээд гэрэлгүй байсан. Тэднийд очоод хоол болохын өмнө архи, пиво гаргаж ирж ууцгаасан. Тэгээд байж байтал ын нөхөр нь ирээд түүнийг дагуулаад явсан. Тэгсэн манай нөхөр нэлээн согтоод байх шиг байхлаар нь харъя гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Би Нацагдоржийн том өрөөнд нь ороод сууж байтал Нацагдорж хойноос орж ирээд найз нь хүүхдүүдийнхээ орыг засаадахъя гээд намайг газраас татаад босгож байтал хойноос нь манай нөхөр******* орж ирээд та хоёр юу хийгээд байгаа юм гээд миний нүд рүү нэг удаа, уруул руу нэг удаа цохисон. Тэгээд миний уруулаас цус гараад би доошоо тонгойж суугаад чи яаж байгаа юм бэ, цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд нүүр нүд чинь хавдчихсан чи яаж гэртээ харих юм бэ гээд Амраа, Нацагдорж хоёрыг хэлэхээр нь би хүүхдүүд рүүгээ утсаар ярьчхаад Нацагдоржийнд хоносон. Тэгээд би өдөр гэртээ хариад байж байтал манай ах Мянганбаатар хөдөөгөөс ирээд юу болсон юм бэ, уруулаа эмнэлэгт үзүүл гэж хэлсэн тэгэхлээр нь би эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэг дээр хонож уруулдаа 2 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-9/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэзээ гэдгийг сайн санахгүй байна, 2022 оны 9 дүгээр сарын эхээр байхаа манай гэрт Отгончимэг,*******, нар архи, пиво аваад ороод ирсэн. Тэрийг манай гэрт манай нөхөр Нацагдорж, найз , Отгончимэг,******* бид нар уусан. Бид нар хоол хийж идээд нөгөө авч ирсэн архи пиво уусан. Тэгж байгаад гараад явсан. Манай гэрт манай нөхөр Нацагдорж, найз Отгончимэг,******* бид нар үлдсэн. Манай нөхөр Нацагдорж ороо засах гээд том өрөөнд ороод Отгончимэгийг гараас нь татаад босготол араас нь******* орж ирээд “чи ингэж байдаг байхгүй юу, ингэж явдаг шүү дээ” гэж хэлээд эхнэр Отгончимэгийнхээ нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр салгаад******* манай гэрээс гараад явсан. Харин Отгончимэгийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд манай найз Отгончимэг миний нүүр царай ийм болчихсон яаж гэртээ харих вэ танайд хоноод маргааш явъя гэж хэлээд манайд хоносон. Маргааш өглөө нь манай гэрт******* орж ирээд эхнэр Отгончимэгээ хараад “хүүш наад нүүр ам чинь яачихсан юм бэ” гэж асуухаар нь Отгончимэг хариуд нь “чи намайг цохичихоо биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл******* “өө тийм үү, хайрыгаа уучлаарай” гэж хэлээд тэр 2 манай гэрээс хамт гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ******* ******* нар нь эхнэр нөхөр байгаа юм. Хамт амьдардаг болоод удаж байгаа дундаасаа хүүхэдгүй, одоо эхнэр ******* нь жирэмсэн гэж байсан. *******ийн хаашаа хэдэн удаа юугаар цохисон талаар би хараагүй. Нүүрэн тус газар нь 2 удаа цохчихлоо гэж манайд тэгж байсан. ******* эхнэр м.Отгончимэгээ манай нөхөр Нацагдоржтой хардаад цохисон юм шиг байна лээ. Манай нөхөр гараас нь татаад босгож байгааг хараад хардсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын эхээр байхаа манайх давхрын байранд нүүж ороод удаагүй байтал манай гэрт Отгончимэг,*******, нар архи, пиво аваад ороод ирсэн. Тэрийг манай гэрт манай эхнэр Амаржаргал, найз , Отгончимэг,******* бид нар уусан. Тэгж байгаад гараад явсан манай гэрт манай эхнэр Амаржаргал, найз Отгончимэг,******* бид нар үлдсэн. Тэгээд би ороо засах гээд том өрөөнд ороод газар хэвтэж байсан Отгончимэгийн гараас нь татаад босготол араас нь нөхөр******* орж ирээд чи ингэж байдаг байхгүй юу, ингэж явдаг шүү дээ гэж хэлээд эхнэр Отгончимэгийнхээ нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон, тэгээд******* гараад явсан. Тэгээд Отгончимэг миний нүүр царай ийм болчихсон яаж гэртээ харих вэ танайд хоноод маргааш явъя гэж хэлээд манайд хоносон. Маргааш өглөө нь манай гэрт******* орж ирээд эхнэр Отгончимэгийг хараад хүүш наад нүүр ам чинь яачихсан юм бэ гэж асуухаар нь Отгончимэг хариуд нь чи намайг цохичихоо биз дээ гэж хэлсэн. Тэгтэл******* өө тийм үү, хайрыгаа уучлаарай гэж хэлээд тэр 2 манай гэрээс хамт гараад явсан...Отгончимэгийг гараас нь татаад босгож байгааг хараад хардсан юм шиг байна лээ. Отгончимэг*******, нар танай гэрт орж ирэхэд Отгончимэгийн биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан, харин******* цохисны дараа Отгончимэгийн зүүн нүд нь байхаа хөхөрсөн, дээд уруул нь сэтэрсэн байсан…” /хх 17-18/ мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 000000479 дугаартай: “...Иргэн *******ийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулын зүүн талд шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. *******ийн биед учирсан гэмтлүүд дангаараа болон хавсарч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 28-29 / шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******гийн: “...2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байхаа би эхнэр Отгончимэг, бид 3 нэг шил архи, нэг том пиво аваад найз Нацагдоржийн гэрт очсон. Тэр үед Нацагдоржийнх давхрын байранд нүүж ороод удаагүй байсан. Бид нар Нацагдоржийн гэрт очиход гэрт нь Амаржаргал, Нацагдорж нар байсан. Тэгээд Нацагдорж, Амаржаргал, манай эхнэр *******, бид нар архи пиво уусан. Тэгээд архи ууснаа санаж байна. Өөр юм санахгүй байна. Маргааш өглөө нь би гэртээ ганцаараа сэрсэн. Би яаж гэртээ харьсан талаараа мэдэхгүй байсан. Сэрээд утас малгай байхгүй болохоор нь гэрээсээ гараад Нацагдоржийн гэрт очиход манай эхнэр ******* нь Нацагдоржийн гэрт байсан. Зүүн талын нүд нь хөхөрсөн, доод уруул нь сэтэрсэн байхаар нь гайхаад эхнэрээсээ юу болсон талаар асуухад чи намайг цохисон биз дээ гэж хэлсэн. Нацагдорж, Амаржаргал нар бас чи өчигдөр эхнэрээ хардаад цохисон гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээсээ уучлалт гуйгаад бид гэртээ хариад байж байгаад орой эмнэлэг ороод эхнэр уруулдаа 2 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч *******ийг зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******гийн хохирогчийн нүүр лүү цохисон үйлдэл нь хохирогч *******ийн биед учирсан дээд уруулын зүүн талд шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...Миний бие ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн нөхөр болох *******д зодуулсан хэрэгт хохирогчоор оролцсон. Би одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт **************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ