Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2224000000067 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1999 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай Хулууд овогт Баттөрийн Нямсүрэн.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Нарангийн 10-1004 тоотод байрлах ******* гэрт согтуугаар хохирогч ******* цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Нарангийн 10-1004 тоотод хохирогч ******* нүүр лүү өшиглөж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай ангийн Даваадорж гэдэг залуу хуримаа хийж байгаа гээд тэдний гэрт ангийн найзууд болох Алтангэрэл, Бямбасүрэн, Ёндонжамц, Баасандорж, Сэрчин бид нар очсон. Тэдний гэрт бид нар сууж байгаад 19 цагийн орчим гарч яваад найз Баасандоржийн гэрт би, Баасандорж, түүний эхнэр Зүмпээ, Нямсүрэн, Сэрчин бид нар очсон. Баасандоржийн гэрт бид 5 юм яриад 2 ширхэг сэрүүн нэртэй том пиво уусан. Тэнд сууж байгаад Баасандорж эхнэртэйгээ унтаад Нямсүрэн, Сэрчин бид 3 суугаад үлдсэн. Тэгээд унтах гээд би газар зассан орон дээр хэвтэж байтал манай найз Нямсүрэн гэнэт босож ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна, өглөө босоод иртэл нүүр ам хавдчихсан, хоёр нүд хөхөрсөн байдалтай байхаар нь Нямсүрэнгийн хамт гараад эмнэлэг орсон. Эмнэлэгт үзүүлээд толгойны зураг авхуулаад эмч хэд хоног хэвтэх хэрэгтэй гэхээр нь шууд эмнэлэгт хэвтсэн. Манай найз Нямсүрэн өглөө босоод надаас уучлалт гуйгаад, би их согтсон байна, чамайг яаж зодсон талаараа санахгүй байна гэж хэлсэн. Бид нар хурим хийсэн найзынхаа гэрт нэлээд их архи уусан. Тэндээсээ гараад Баасандоржийн гэрт очоод 2 ширхэг пиво уусан. ******* миний зүүн тал руу 1 удаа өшиглөсөн гэдгийг мэдэж байна. Өөр мэдэх зүйл байхгүй. Баруун талын нүд бас хөхөрсөн тэгэхээр бас цохисон юм шиг байна. Миний шанаа хавдсан, чих урагдаж гэмтсэн, 2 нүд хөхөрсөн, хамар хавдсан зэрэг гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-17/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим манай ангийн хэсэг хүүхдүүд уулзаад хуримаа хийсэн найз болох Даваадоржийн гэрт очсон, тэдний гэрт бид нар хэсэг байж байгаад орой болоод гараад ангийн найз болох Баасандоржийн гэрт очсон. Баасандоржийн гэрт эхнэр Зүмпрэлмаа, манай ангийн найзууд болох Нямсүрэн, Эрдэнэбулган, Гэндэнжамц бид нар очоод хэсэг юм яриад пиво уугаад суусан. Тэгж байгаад Зүмпрэлмаа унтлаа гээд босоод явсан. Дараа нь Эрдэнэбулган, Баасандорж, Гэндэнжамц бид нар ар араасаа цувраад унтсан. Хамгийн сүүлд Нямсүрэн ганцаараа суугаад үлдсэн. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Унтаад маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад сэрхэд Эрдэнэбулганы нүүр, хоёр нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай ангийн хэсэг хүүхдүүд уулзаад хуримаа хийсэн найз Даваадоржийн гэрт очсон. Тэднийхээс гараад ангийн Баасандоржийн гэрт очсон. Баасандоржийн гэрт эхнэр Зүмпрэлмаа, манай ангийн Эрдэнэбулган, Нямсүрэн, Сэрчин бид нар очсон. Тэнд бид нар хэсэг юм яриад зарим нь пиво уугаад, зарим нь архи уугаад суусан. Тэгж байгаад эхлээд Зүмпрэлмаа, дараа нь Баасандорж, дараа нь Сэрчин унтсан байхаа сайн санахгүй байна. Тэгээд би унтлаа гээд Баасандоржийн том өрөөнд буйдан дээр нь унтаад өгсөн. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь босоод ирэхэд манай ангийн Эрдэнэбулганы 2 нүд нь хөхөрч нүүр нь хавдсан байдалтай байсан. Тэр шөнө бид нарыг унтсаны дараа Нямсүрэн, Эрдэнэбулган нар хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Намайг унтахаар Нямсүрэн, Эрдэнэбулган нар гал тогооны өрөөнд суугаад үлдсэн...Тэр өдөр уулзахад Эрдэнэбулганы нүүрэнд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай хүү гэрээсээ гараад хуримаа хийсэн найзынхаа гэрт очихоор явсан. Тэгээд тэр шөнө гэртээ ирээгүй. Тэгээд байж байтал манай охин Эрдэнэсувд хотоос залгаад ах хүнд зодуулсан байна. Та эмнэлэг дээр яваад оч гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол манай хүү байхгүй байсан. Би хэсэг хүлээж байтал манай хүү ангийн хүүхэд болох Нямсүрэнгийн хамт 2 нүд нь хөхөрч хавдсан, зүүн талын шанаа нь хавдсан, зүүн талын чихнээс нь цус гараад хатчихсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь би хүүгээ аваад эмнэлэг орж үзүүлээд эмч хэвтэх хэрэгтэй гэхээр нь эмнэлэгт хэвтсэн. Тосонцэнгэл сумын эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлээд дараа нь Улаанбаатар хот яваад хувийн эмнэлэгт очиж томографикийн зураг авахуулаад төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн 3 эмчид үзүүлээд зүүн шанааны яс цуурсан, хамар яс, нүдний доод талын яс цуурсан яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтэж 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон. Одоо биеийн байдал арай гайгүй зүүн талын шанаа мэдээ байхгүй байгаа. Манай хүү ******* ангийн хүүхэд Нямсүрэн зодсон цохисон гэж хэлж байсан. Манай хүүхдийг нүүр рүү нь өшиглөсөн тэгээд ухаан алдсан гэсэн. Тэгээд ухаан алдсан хойно нь дахиад өшиглөсөн юм шиг байна лээ. Шанааны яс нь цуураад үүрсэн байсан. Эмч нар яс нь үүрсэн байна гэж хэлсэн. Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор, хоногийн мөнгө болох 203,000 төгрөг бэлнээр, Улаанбаатар хот явах зардал 500,000 төгрөг Эрдэнэбулганы дансаар, Улаанбаатар хотод байх хугацаанд 3,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Нийт 3,703,000 төгрөгийн хохирол Нямсүрэн гаргаад байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 000000413 дугаартай: “...Иргэн ы биед гэмтэл учирсан байна. 2 талын духны хөндийн өмнөд ялтасын дайран 2 талын ухархайн дотор хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын хацрын хянга ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн талын ухархайн гадна хананы цөмөрсөн шинэ хугарал, уг хэсгээс дээш зүүн талын fronto-maxillary заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, уг хугарлаас үргэлжлэн зүүн талын хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн, зүүн талын хоншоорын хөндийн ар хананы цөмөрсөн шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 талын элхэг, дух болон хоншоорын хөндийн салст зузаан, зүүн талын хоншоорын хөндийн цус хуралт, 2 талын зулайн орой болон ар, зүүн нүдний эргэн тойрон, зүүн талын хоншоор хэсгийн арьсан доор зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, зүүн шанаа хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний урд, ар хэсэг, духны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 39-40/, дүрс оношилгооны шинжилгээний хариу, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгээс гарах үеийн эникфиз /хх 60-62, өвчний түүх /хх 65-79/ зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******гийн: “...2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай ангийн найзууд Гэндэнжамц, Сэрчин, , Баасандорж болон түүний эхнэр Зүмпрэлмаа нар уулзаад Даваадоржийн гэрт очсон. Даваадоржийнхоос нэлээн орой болсон хойно гараад Баасандоржийн гэрт очоод пиво уусан. Пиво ууж байгаад манай найзууд босоод унтаад байсан. Хамгийн сүүлд Эрдэнэбулган бид хоёр суугаад үлдсэн. Бид хоёр сууж байгаад юунаас болсон нь бүү мэд муудалцсан. Энэ талаар би бүдэг санаж байгаа. Би их согтсон байсан. Нэг мэдэхэд өглөө болсон бид нар бөөндөө Баасандоржийн гэрт сэрсэн. Тэгтэл Эрдэнэбулганы 2 нүд болон хацар, хамар нүд нь хавдсан. Би Эрдэнэбулганыг хараад цохичихсон юм байна даа гэж мэдсэн. Тэгээд босоод манай найзууд гэр рүүгээ явсан. Харин би Эрдэнэбулганыг эмнэлэгт хүргэж өгчхөөд гэр рүүгээ явсан. Бид 2 Баасандоржийн гал тогооны өрөөнд маргалдаад би ******* гараараа нүүр хэсэгт нь болон нүд рүү нь нэг нэг удаа цохисон. Өөр зүйл би санахгүй байна. Би шанаа руу нь өшиглөсөн гэж Эрдэнэбулган надад маргааш нь хэлсэн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч ы нүүр лүү өшиглөж цохиж зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******гийн хохирогчийн нүүр лүү өшиглөж цохиж зодсон үйлдэл нь хохирогч ы биед учирсан 2 талын духны хөндийн өмнөд ялтасын дайран 2 талын ухархайн дотор хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын хацрын хянга ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн талын ухархайн гадна хананы цөмөрсөн шинэ хугарал, уг хэсгээс дээш зүүн талын fronto-maxillary заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, уг хугарлаас үргэлжлэн зүүн талын хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн, зүүн талын хоншоорын хөндийн ар хананы цөмөрсөн шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 талын элхэг, дух болон хоншоорын хөндийн салст зузаан, зүүн талын хоншоорын хөндийн цус хуралт, 2 талын зулайн орой болон ар, зүүн нүдний эргэн тойрон, зүүн талын хоншоор хэсгийн арьсан доор зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, зүүн шанаа хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний урд, ар хэсэг, духны зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...******* нь хохирогч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол, санал байхгүй учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хулууд овогт Баттөрийн Нямсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ